Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Доржготов: Монголын боловсролын систем сэтгэгч биш гүйцэтгэгч бэлтгэж байна

Олон улсын гэх статустай дунд сургуулиудын зөвлөх багш Т.Доржготовыг “Ярилцах танхим” буландаа урьж, боловсролын салбарын шинэчлэл өөрчлөлт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн хөтөлбөр тэр дундаа “Кэмбридж” болон “Ай Би”-г улсын сургуулиудад хэрэгжүүлэх боломж, гарцын талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Намайг Түүчинтавын Доржготов гэдэг.  Жирийн нэгэн багш. Миний хувьд боловсролын салбар тэр дундаа олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, нутагшуулсан туршлагаа яриач гэсэн учраас танай сайтад зориглон ярилцлага өгч сууна. Монголд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд тийм ч олон байдаггүй. Учир нь боловсролын салбарын хөрөнгө оруулалт зөв зарцуулагддаггүй гэж харддаг. Манайд олон улсын хөтөлбөртэй сургуулиуд арав гаруй жилийн өмнө байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Тэр үеэс би ажилласан. Олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй цөөхөн  мэргэжилтнүүдийн нэг гэж ойлгож болно. Кэмбридж, Ай би зэрэг хөтөлбөрийг одоогоор дөрвөн сургуульд амжилттай хэрэгжүүлээд явж байгаа.

Миний хувьд Москвагийн багшийн их сургуулийг алтан медальтай төгсөж байлаа. 1998 онд ЕБС-иа төгсөөд хаана, ямар мэргэжлээр сурах вэ гэдэг сонголтын өмнө ирсэн. Багаасаа гадаад хэлийг сурахын тулд шамдан хичээдэг хүүхэд байсан учраас аль нэг гадаад улсын сургууль руу л явж сурахсан гэх бодол тархинд суучихсан байж л дээ. Тухайн үед Шинжлэх ухааны академич Б.Чадраа гуай орос хэлний боловсрол байхгүй болох нь ээ гэдгийг хөндсөн юм билээ. Ингээд ШУА-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод Москвагийн багшийн их сургуулийг байгуулсан байдаг. Улмаар тэр сургуульд элсэж, орох аз тохиосон юм.

Эхний жилдээ сурч байтал дараагийн жил Б.Чадраа гуай шалгалт авч, орос хэлний мэдлэг өндөр хүүхдүүдийг Москвагийн багшийн их сургуульд ОХУ-д үргэлжлүүлэн суралцуулах, боломжийг гаргаж өгсөн түүхтэй. ОХУ-д  дөрвөн жил сурч, 2002 онд төгсөж байлаа. Хэдийгээр багшийн сургуулийг төгссөн ч дипломын ажил маань дандаа эдийн засагт чиглэчихсэн. Эдийн засгаа ч ойлгох гэж маш их оролддог, хичээдэг байлаа. 2002 онд ирээд  “Голомт” банкны зээлийн эдийн засагчаар ажилд орсон. Гурван жил эдийн засгийн чиглэлээр сурангаа ажиллаж, туршлага хуримтлуулсан. Ажлын маань  анхны гараа маш зөв, амжилттай эхэлсэн дээ.

-Банкны салбараа яагаад багшийн мэргэжлээр солих болов. Харин ч ирээдүйтэй санагдаагүй гэж үү. Монголд дөнгөж хөгжиж байсан өсөж дэвших боломжтой байсан шүү дээ?

-Үнэн л дээ. Тэр үед үнэхээр Монгол Улсад банкны салбар дөнгөж хөгжиж байлаа. Маш их эрэлттэйгээс гадна зээлийн эдийн засагч гэдэг нь асар их хариуцлагатай ажил. Тэнд ажиллаж байхад үргэлжлүүлээд суралцах юмсан гэж бодогдоод болдоггүй. Ингээд мэргэжлээрээ гурван жил ажилласны дараа “Матемитик статистик” чиглэлээр үргэлжүүлэн суръя гэж шийдээд Европын орныг зорьсон.

Ер нь банкинд гурван жил ажилласны дараа банкны дотоод бүтэц, эдийн засгийн чиглэл нь анхаарал татсан шүү. Намайг банкинд ажиллаж байсан богино хугацаанд судалгаа шинжилгээ хийнэ, эдийн засгийн тооцоолол гаргадаг байлаа. Тэгээд л математик статистикийг гүнзгийрүүлж үзэх, сурах хүсэл төрсөн хэрэг. Эх орондоо ирээд банк санхүүгийн салбартаа эргэж орох хүсэл байсан ч олон улсын хөтөлбөртэй сургуулиуд Монголд маш хэрэгтэй гэдгийг ойлгосон учраас энэ салбарт ажиллаж, монгол хүүхдүүдийг олон улсын түвшинд гаргах хүсэл эрмэлзэлтэй болсон.

Тэр үед Монголд “English School of Mongolia” сургууль дөнгөж байгуулагдсан, англи хэлээр хичээлээ явуулдаг гэж сонсоод, уулзлаа. Гэтэл захирал нь “Та энэ сургуульд та багшлаач” гэсэн санал тавихаар нь хүлээж аваад, анх захирлын туслах менежерээр ажилд орж, дараа нь математик заасан даа.

Үргэлжлүүлээд удирдлагын албаны ажилд ороод өнөө хүртэл боловсролын салбарт ажиллаж байна. Манай сургууль Монголын бүх хүүхдүүдэд Кэмбриджийн боловсролыг олгох зорилго тавьж, Кэмбриджийн IGCSE, AS, A түвшний дипломтой хүүхэд төгсдөг анхны программыг 2013 оноос Монголд хэрэгжүүлсэн.

2016 оноос дэлхийн номер нэг гэж хэлэгддэг “Ай Би - IB” буюу Швейцарийн Женев хотоос гаралтай олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн арван шилдэг дунд сургуулийн наймд нь “Ай Би” хөтөлбөр хэрэгждэг юм. Хүүхдүүдийг Их дээд сургуульд ороход зөв хүмүүжил олгодог, бүрэн цогц хөтөлбөр гэсэн үг. Зөвхөн хичээлийн агуулгыг заадаг юм биш. Хүүхдийн ур чадварыг сайжруулна.

Ингэснээр олон улсын хөтөлбөр ямар чухал болох, хүүхэд залуучууд олон улсад өөрийгөө сорих, гадны шилдэг Их дээд сургуульд дэвшин суралцах давуу тал нь болдог. “International school of Ulaanbaatar” “English school of Mongolia” “Шинэ үе”, “Олонлог”, “Хүмүүн” зэрэг сургууль хэрэгжүүлж эхлээд байгаа. Миний хувьд цаашдаа олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад эрчимтэй хөгжүүлье, дэлгэрүүлье гэдэг зорилго бий. Заавал хувийн сургууль гэхгүйгээр улсын сургуулиудад ч “Ай Би” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нутагшуулах боломжтой.

-Монгол Улсад олон улсын хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлэх ёстой гэж хэллээ. Бид хэрэгжүүлээгүй биш хэрэгжүүлсэн шүү дээ. Үүний алдаа нь юу байв. Дан ганц хувийн сургуульд биш улсын сургуульд хэрэгжүүлж, нутагшуулахын тулд ямар шинэчлэлт өөрчлөлтийг хийх ёстой вэ?

-Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр Кэмбриджийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаж байсан л даа. Тэр үед би хувьдаа маш их баярласан, талархалтай ч хүлээн авч байсан юм.  "Шинэ эрин", "Монгол тэмүүлэл" зэрэг гурван ч сургуульд тус хөтөлбөр хэрэгжээд явсан. Одоо ч явж байгаа. Тэр сургуульд суралцаж буй сурагчид маш азтай. Тэд Английн боловсролын гэрчилгээг аваад төгсөж байна гэсэн үг шүү дээ.

Харамсалтай нь энэ хөтөлбөрийг цаашаа дэлгэрүүлж, бусад сургуульд яагаад хэрэгжүүлж болохгүй байна вэ. Яагаад гуравхан сургуулиар дуусгачихав. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж үргэлжлүүлэхгүй байна гэх шалтгаан харагдахгүй байгаа юм. Ер нь боловсролын системийг ардчилсан нийгэм бий болсноос хойш чөлөөт системд оруулаагүй нь маш том алдаа. Зөвхөн “Цөм хөтөлбөр” гэдэг зүйлийг хэрэгжүүлэх ёстой гэдгээс илүү гарахгүй байна шүү дээ. Энэхүү хөтөлбөр нь өөрөө илүү цаг гаргах, илүү зүйл судлах боломжгүй.

Гадны бусад орнуудад салбар яам нь өөрийн гэсэн стандарт тогтоочихсон байдаг юм билээ. Тэрхүү стандартыг бүх сургууль дагаж, мөрдөх ёстой. Харин үүнээсээ давуулж, маш сайн хөтөлбөр хэрэгжүүлэх, нутагшуулах эрхийг нь хуулиар зөвшөөрдөг. Тухайлбал, “Ай Би”, “Кэмбридж” зэрэг олон улсын хөтөлбөрийг тухайн сургуулийн багш, эцэг, эх, удирдлагууд хэрэгжүүлэхээр санал нэгдвэл салбар яамнаас эдийн засаг болоод техник, технологийн дэмжлэг үзүүлэх эрхийг нээлттэй болгож өгье.

Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэг сургуулийг сонгож аваад “Ай Би” хөтөлбөр хэрэгжүүллээ гэж бодъё. Тухайн сургуулийн багш, эцэг, эх хүүхдүүд нэгдээд хэрэгжүүлж болно шүү дээ. Энэ нь жишиг болоод бусад дүүргийн сургуулиуд ч хэрэгжүүлж болно. Ингэснээр зах зээлд чанартай боловсролыг эзэмшүүлэх өрсөлдөөнийг бий болгоно. Өрсөлдөөнөөс чанар сайжирна. Боловсролын салбарт өрсөлдөөнийг бий болгохгүй бол БНХАУ, ОХУ-ын стандарт боловсролын системийн хайрцагнаасаа гарч чадахгүй байна.  Уг нь манай улсын сургуулийн бодлого, шалгалт нь Кэмбридж маягийн системтэй болчихсон. Гэхдээ энэ нь ердөө шалгалт. Кэмбридж нь Англи улсдаа Ерөнхий боловсролын сургуульдаа өгдөг шалгалт. Манай ЭЕШ-тай төстэй гэсэн үг. Цогц хөтөлбөр биш. “Ай Би” гэдэг нь харин цогц хөтөлбөр. XXI зууны хүүхдүүд зайлшгүй сурах ёстой хөтөлбөр гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.

-Таны ажилласан цаг хугацаанаас эхлээд боловсролын салбар шат ахиж, дэвжиж чадсан уу. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манайд шинэчлэлт, өөрчлөлт нь бусад оронтой харьцуулахад хурдан явж байгаа. Боловсролын яамнаас ч маш олон санал санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа юм билээ. Гадаадад сурахад Боловсролын зээлийн сан маш их мөнгө гаргаж, дэмждэг байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд сангийн хөрөнгө хэрэгтэй хүмүүстээ хүрч чадаагүй.

Боловсролын яам маань маш их шинэчлэлт, өөрчлөлтийг хийдэг боловч улс төрийн маягаар хийдүүлдэг, орхигдуулдаг. Үнэнч шударга хийдэг хүн байхгүй. Боловсролын яам шударгаар хэрэгжүүлдэг болсон цагт л өөрчлөлт ирнэ. Франц, Унгар, БНХАУ зэрэг олон улсын тэтгэлгүүд Боловсролын яамаар дамжиж явдаг. Манай оюутнууд маш олноор тэнцдэг. Гэтэл тухайн улсаа тэнцсэн ч Монголдоо буюу Боловсролын яамандаа ирээд гацчихдаг. Хүүхэд сургуульдаа тэнцсэн ч яамнаас татгалзсан бичиг ирнэ. Ингээд л тэнцсэн сургуулиас нь “Суралцуулах боломжгүй. Танай яамнаас татгалзсан бичиг ирсэн” гэдэг хариу өгдөг юм билээ. Үүнийгээ өөрчлөөгүй цагт хөгжлийн тухай ярих нь илүүц биз.

-Татгалзсан шалтгаан нь юу байдаг вэ?

-Тухайлбал, манай хүүхэд гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр явъя гэж зориод олон сургуулийн шалгалт, ярилцлага, эссэ бичлэгүүдэд тэнцсэн.  Бид энгийн багш хүмүүс учраас тийм өндөр төлбөрийг нь төлж чадахгүй шүү дээ. Гадаадын гурван ч сургуулиас “Физик, математикийн чиглэлээр манайд сураач ээ” гэж урилга ирсэн.

Гэтэл Боловсролын яамнаас татгалзсан бичиг ирж байгаа юм. Гэтэл яам нь дундаж үзүүлэлтийн шалгуур оноо гэж зүйл тавиад “оноо хүрээгүй” гэдэг тайлбар өгөх жишээний. Тэр онооныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл ч өгдөггүй. Гэтэл тэр улс нь дунд сургуулийн “Ай Би” хөтөлбөрийн гэрчилгээтэй хүүхэд байна гээд 90 хувийн тэтгэлэг олгосон байсан. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд ямар хөтөлбөрөөр суралцсан бэ гэдэг нь хүүхдийн ирээдүйд томоохон нөлөө үзүүлдэг гэдгийг баталсан гэж хэлж болно.

БШУ-ы яамнаас тэнцээгүй хэмээх хариуг ганцхан манай гэр бүл авсан юм биш олон гэр бүлд тохиолдож байгаа асуудал. Тэгэхээр үүнийг маш шударга болгох хэрэгтэй. Яаманд ямар хүмүүс энэ бүхнийг шалгаруулдаг. Онооныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой биз дээ. Боловсролын зээлийн сан яг шаардлагатай хүндээ хүрч чаддаг уу. Ер нь маш битүү, хатуу байдаг юм билээ. Тодорхой улс төр яваад байна гэж харддаг. Аливаа улс орны Боловсролын яам нь хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд рүү маш бага оролцдог.

Хамгийн чухал нь багш нарын цалин хөлс, хангамжийн асуудлыг шийдээд өгчихдөг болъё. Харин хөтөлбөрийг нь багш нар оюун ухаанаараа уралдан зохиож, бүтээдэг байх ёстой. Дээд сургууль нь дунд сургуулийнхаа хөтөлбөр рүү оролцдог, маш их судалгаа хийдэг. Ирээдүйд ийм, ийм мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байна. Дунд сургуулийн хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа өөрчилж, шинэчилье гэх мэтээр. Харин салбар яам нь энэхүү хүсэлтийг хэрэгжүүлдэг л болох ёстой. Яам нь өөрсдөө хөтөлбөр боловсруулдаг газар манайхаас өөр хаана ч байхгүй.

Их, дээд сургуулийн хөтөлбөрийг дунд сургуулийн хөтөлбөртэй уялдуулсан зохиох эрхийг багш нарт олгох хэрэгтэй. Манай монгол багш нар маш өндөр IQ-тай шүү. Тэднийхээ оюун ухаан, хүч хөдөлмөрийг ажиллуулах хэрэгтэй байна. Тэд олон улсын “Ай Би”-г хангалттай нутагшуулж чадна.

Хөтөлбөрөө эргэж нэг харах ёстой гэж хэлээд байгаа юм. Ирээдүйд боловсролын салбар цахим оюунд суурилах нь ээ. Ном сурах бичгийн хэрэгцээ багасч байгаа. Гэтэл манай улсын Боловсролын яам нь өнөө хүртэл ном хэвлэсээр л байдаг. Түүнийхээ оронд багш нартаа боломж олгож, “Ай Би” хөтөлбөр боловсруулах эрхийг нь олгож, салбартаа өөрчлөлт шинэчлэлтийг хиймээр байна.

-Багш нарыг чадавжуулах хэрэгтэй гэж та хэллээ. Чадавхжуулахын тулд англи хэлний мэдлэгээс эхлээд олон асуудал яригдана. Хэлний бэрхшээлийн асуудал тулгарвал хэрхэх вэ?

-Кэмбриджийн хөтөлбөр нь зөвхөн шалгалтад суурилдаг. Багш нар англи хэлийг шууд сураад явах нь бэрхшээлтэй боловч Багшийн сургуулийг англи хэлээр заах чадвартай багш бэлдэхийг хүлээвэл цаг хугацаа их алдана шүү дээ. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд багш ч суралцаад сурагч ч суралцаад хамтдаа бүгдийг давж туулна гэсэн зоригтой мөн зорилготой байх ёстой. “Ай Би” хөтөлбөр нэлээд зохимжтой. Зохицох ч боломжтой.

Учир нь тус хөтөлбөр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Кэмбридж нь Англи болон Европт хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн учраас тухайн хөтөлбөрийг ямар ч хэлээр багш өөрөө хэрэглэх бүрэн боломжтой байдаг. Одоогоор Франц, Испани, Англи хэлээр “Ай Би” хөтөлбөрийг үндсэн хэлээр нь явуулахыг зөвшөөрдөг. Энэхүү хөтөлбөрт таван жилийн өмнө Монголын уран зохиолын хичээлийг оруулж байсан. Багш нар англи хэлний өндөр мэдлэгтэй байх албагүй. Зохих мэдлэгтэй байх ёстой. Англи хэлний мэдлэггүй гээд хойшоо суумааргүй байгаа юм. Гол нь хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Мэргэжлийн хэллэгээсээ эхлээд явах хэрэгтэй. Миний энэ яриад байгаа жишиг “Хүмүүн” сургуульд хэрэгжээд явсан.

Би анх яагаад шантарч байсан гэхээр багш нар маань англи хэлний мэдлэг тааруухан, яаж хичээл заах вэ гэдэг байсан. Гэвч “Ай Би” байгууллагатай харилцаад эхлэхээр тусламж дэмжлэг, сургалтыг онлайнаар өгсөн. Үүнээс үүдэлтэйгээр багш нар маань англи хэл сурч эхэлсэн. Ямар нэгэн зорилготойгоор англи хэлний мэдлэгийг нь өдөр тутамд сайжруулж эхлэхгүй бол болохгүй. Ингэж чадвал багш нар 1-2 жилийн дотор англи хэлийг бүрэн сурах боломжтой.

-Боловсролын салбарт олон янзын шинэчлэл хийгддэг. Ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн боловсролын хөтөлбөрийг байсхийгээд л шинэчилдэг. Уран зохиолоос эхлээд хичээлүүдийг нь хэрэггүй гээд хасдаг. Энэ үнэхээр хэрэгтэй, үр дүнтэй өөрчлөлт болж чаддаг уу?

-Олон улсын хөтөлбөрүүдээс нутагшуулаад, оновчтой хөтөлбөр гаргаж ирэхээр зорьж байгаа бол өөрчлөлт, шинэчлэлт байдаг л зүйл. Харин ч бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс боловсролын систем нэлээд хурдацтай хөгжиж байгаа. Бодлогын түвшинд харин нэлээд удаашралтай. Яам нь мэргэжлийн гэхээс илүүтэй улс төрийн обьект болчихоод байгаа. Хэдийгээр хийж, хэрэгжүүлж байгаа ч наалдацтай, чанартай зүйл алга.

Сайжруулахын тулд багш нараасаа шалгалт авахаас илүүтэй хөтөлбөрт анхаарал хандуулах ёстой юм. Хоёрхон жилийн дараа оюутан болох гэж байгаа хүүхэд 15-16 төрлийн хичээл үзэх шаардлага байхгүй шүү дээ. Иймд 11, 12 дугаар ангидаа хичээлээ сонгож үздэг болгоё. Бүхэл бүтэн 10 жил сурсан хүүхдүүд өөрийнхөө сонгож суралцах мэргэжлээ хэдийнэ сонгосон байдаг тогтолцоо арга зүйд шилжих хэрэгтэй.

Тэгэхээр үлдсэн хоёр жилдээ өөрийнхөө дуртай хичээлээ гүнзгийрүүлж, суралцах боломж үүсгэе. Академик хөтөлбөрөөс илүүтэй хүүхдүүдийн ур чадварыг хөгжүүлэх нь маш  чухал. Ном уншаад, даалгавраа хийгээд явсан хүүхэд зөвхөн гүйцэтгэгч болно, харин сэтгэгч болж чадахгүй. Монголд сэтгэгч нар хэрэгтэй. Сэтгэгч болохын тулд ур чадварын технологийг хичээл болгонд хавсарч авч явах ёстой. Жишээ нь ярих чадвар, бичих чадвар өөрийгөө илэрхийлэх ур чадварууд гэх мэт. Зөвхөн өөрийнхөө олж авсан мэдлэгээ хадгалаад байлгүй бусдад ойлгуулах, бусадтай мэтгэлцэж,  сонсож асуудлыг шийдвэрлэж сурах хэрэгтэй. Энэ ур чадвар манайд дутагдалтай байна.

-Хүүхдийг зургаан наснаас нь сургуульд сургах нь оновчтой шийдэл мөн үү?

-Англид хүүхдүүд дөрвөн настайгаасаа сургуульд ордог. Бусадтай адил ачаалал үүрээд л суралцдаг. Хүүхдийн нийгэмших процесс эрт эхэлдэг гэсэн үг. Багш нь урт хугацаанд хүүхдүүдтэй ажиллаж, хүмүүжлийг олгож байдаг. Хүүхдэд мэдлэгийг өдөр бүр зөв зүйтэй өгч байх ёстой. Хүүхдийн тархи ядарна гэж хэзээ ч байхгүй.

Гагцхүү зохистой түвшинд олгох явдал. Манайхны  хувьд амралт ихтэй. Улирал дундын амралт ч цөөнгүй. Гадны орнуудад бага, дунд, ахлах сургуулиуд нь тус тусдаа байдаг. Тус тусдаа менежмент явуулдаг. Бага сургуулийн багш, захирал зөвхөн бага насны хүүхдэдээ тохирсон менежмент, цагийн механизм хэрэгжүүлнэ гэсэн үг.  Гэтэл манайд бүхэл бүтэн нэг сургуулийн баазад 1-12 жилийн боловсрол авдаг, нэг сургуулийн удирдлагууд түүнийг нь боловсруулдаг байх жишээтэй. Үүнээс эхлээд өөрчлөлт хэрэгтэй байна.

-Бүх нийтийг англи хэлний мэдлэгтэй болгохоор хуульчилсан. Энэ бодлого хөрсөндөө бууж чадах уу?

-Хөтөлбөр аваад хэрэгжүүлж чаддаг гэдгээ олон төслөөр харуулсан шүү дээ. Татвар төлөгчийн мөнгийг гадны төсөл боловсруулдаг компани руу маш их урсгаж байна. Үүний оронд бид өөрсдөө үүнийгээ зохиох ёстой. Одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад монголчуудын англи хэлний мэдлэг дээшилсэн.

Харин эдгээр мэдлэгтэй хүмүүсээ нэгтгээд хөтөлбөр хэрэгжүүлж, шинээр бичих ёстой. Гадагшаа урсгадаг мөнгөө дотоодын багш нартаа өгөх хэрэгтэй шүү. Англи хэлний маш олон сайн төвүүд байгаа. Англи хэлээр хүссэн хүсээгүй хүүхдүүд ярьж байна. Энэ нь өөрөө нийгмийн хувьсгал болчихлоо. Үүнд тохирсон хөтөлбөрийг мэргэжлийн хүмүүсээр зохиолгох хэрэгтэй. Монгол сэтгэхүйд таарсан хөтөлбөрийг багш нар өөрсдөө л зохионо. Хэн нэг гадны компани, гадны багш нар биш. Гадаад суралцаад ирсэн залуус ажлын гараагаа улс төрөөр биш боловсролын салбараас эхлээсэй гэж хүсдэг.

-ЭЕШ удахгүй эхэлнэ. Та багш хүний хувьд мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Дэлхий нийтийн мэргэжил сонголтын чиг хандлага хаашаа эргэж байна вэ?

-Нэг сайн мэдээ гэвэл “Кэмбридж”, “Ай Би” хөтөлбөрийн дүнг ЭЕШ-тай дүйцүүлдэг болсон. Англи хэл дээр хичээлээ үзэж, судалчхаад монгол хэл дээр ЭЕШ-т өгдөг байлаа. Тэгвэл энэ асуудлыг Боловсролын яам өөрчилж чадсан. Энэ бол том боломж шүү дээ. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд гадагшаа боловсрол эзэмших хүсэл сонирхол их болсон.

Үүний хамгийн том шалгуур бол эссэ бичих юм. Хамгийн сайн эссэ бол туулсан бодит амьдрал, түүнээс хуримтлуулсан туршлага, түүнийгээ анализ хийж бичгээр уран сайхан илэрхийлж чадсанд боломж олддог. Сүүлийн үед сошиал орчинд бичигдсэн мэдээллээр хүүхдүүд бодит амьдралаа төсөөлдөг болчихжээ. Гэвч цахимд үнэн бодит гэхээс илүү худал хуурмаг нь их болсон. Иймд хүүхдүүд сошиал орчноос авсан мэдээллээ эссэндээ тусгаж, бичдэг нь алдаа болдог. Үүнээс болж маш их алддаг, тэнцэж чадахгүйд хүрдэг.

Бодит амьдралтайгаа нүүр тулж, цахим ертөнцийн үнэн, худлыг ялгадаг болмоор байгаа юм. Бүхий л шинжлэх ухаан цахим оюун ухаанд суурилж байна. Саяхан АНУ-ын нэг компани захирлаа солиод, зөвхөн менежер удирдлагатай болсон байна лээ. Та нар хоорондоо сууж ярьж, цахим оюун ухаанд суурилсан удирдлага шийдвэр гаргасан гэсэн үг. Энэ шийдлийн төгсгөл нь нэг захирлын шийдвэр харж сууснаас хамаагүй үр дүнтэй байсан гэж гарсан байна лээ. Зарим хөгжилтэй орнууд математикийг хүн бүр зайлшгүй үзэх ёстой гэдэг шаардлагыг тавьж эхэлж байна. Тэгэхээр эдгээрийг дагалдсан мэргэжлүүд ирээдүйд мэргэжил сонголтод давамгайлах нь гэж ойлгож болно.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөх гэж оролддог. Үүнээс үүдэн хүүхдүүд хүссэн мэргэжлээ сонгож чаддаггүй. Эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Хүүхдүүд гэр бүлдээ юу харж байна, юу мэдэж байна түүнээсээ төлөвшлөө авчихдаг. Сургуульд ороод нийгэмшээд ирэхээр маш их ур чадварыг сурдаг байх ёстой. Миний хувьд хүүхэд бүр хүссэнээ хий гэдгийн жаахан эсрэг байдаг хүн. Хүүхэд зураг зурах, хөгжих, жүжиглэх зэрэгт анхаарал хандуулах гээд байдаг юм. Миний бага нас ч ялгаагүй. Иймд их, дээд сургуулиуд судалгаа шинжилгээнд суурилсан хичээлүүдийг судалж, боловсруулж, эрэлт хэрэгцээгээр шинэчлэлт, өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хүүхэд ч уйдахгүй. Хичээл сонирхолтой бол эцэг, эхчүүдээс ачаалал шаардахгүй.

Хүүхдүүтэйгээ маш сайн нээлттэй ярилцаж, ирээдүйд амжилттай байж болох мэргэжлүүдийн талаар сонирхолтой сэдэв өрнүүлэх нь шийдлийн анхдагч алхам болно. Харамсалтай нь ажил, амьдралын шаардлагаар хүүхдүүдтэйгээ тэр бүр тулж ажиллах нь боломж хомс байгаа. Харин багш боловсролын байгууллагууд илүү мэргэжлийн үндэс суурьтай карьер зөвлөхүүдтэй байх шаардлага тулгарч байна. Европ болоод бусад орны ахлах сургуулиудад "Counselor" буюу мэргэжил сонголт, их дээд сургуулийн сонголтын мэргэжилтэн ажиллаж сурагчдад үнэтэй зөвлөгөөнүүдийг аравдугаар анги төгсөх жилээс нь эхлээд өгөөд явдаг юм. Энэ жишиг Монгол Улсын дунд сургуулиудад хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

-Боловсролын салбарт ажилласан цаг хугацаанд хэчнээн шавь бэлтгэсэн бэ. Гадны их, дээд сургуульд таны шавь нараас хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?

-Боловсролын салбарт 14 гаруй жил ажиллаж байна. Гадны сургуулийн тэтгэлэгт тэнцэнэ гэдэг бол маш чанга. Хүүхэд бүр 100 хувийн тэтгэлэг авчихна гэж боддог ч 100 хувь тэтгэлэг авсан нь цөөхөн. Тэтгэлгийг 90-100 хувийн сурлагын дүнтэй хүүхдүүд авдаг гэдэг бол худлаа. Амьдралыг сайтар харж, эргэцүүлж, тунгаагаад эссэгээ сайн бичсэн хүүхдүүд тэнцэх нь элбэг байна. Тэдгээр хүүхдүүд маш тууштай.

Энэ хүүхэд манайд элсэж ороод, нэр хүндийг маань дээш татаад явах уу гэдгийг гадны сургуулиуд маш их хардаг. Мундаг сайн математикч байлаа гээд зарим шаардлагатай ур чадваруудыг суралцаагүй бол татгалзсан хариу авах нь элбэг. Би жил бүр 50-иад сурагчидтай хоёр ангийг төгсгөдөг. Ингээд бодохоор 600-аад хүүхэд төгссөн байна.

Үүний ард 2000 гаруй эцэг, эх, өвөө эмээ нар бий. Тэд дундаас гадны тэтгэлэг авах  нь жирийн л үзэгдэл. Ихэвчлэн хувийн сургуулийн хүүхдүүд тэтгэлэг авч байгаа. Тэгэхээр миний зорилго бол улсын сургуулийн хүүхдүүд ч гэсэн гадны тэтгэлэг аваад явах эрх нь нээлттэй байгаасай гэдгийг хүсэж явдаг. Хувь, хувьсгал гэлтгүй бүх хүүхэд англи хэлээр хичээл үзэж, “Ай Би” хөтөлбөрөөр суралцах юм боломж бий. Гадагшаа сурах эрх нь бүр их нээгдэнэ.

-Өмнө боловсролын зээлийн сангаар л бүх тэтгэлэг дамждаг байлаа. Одоо харьцангуй нээлттэй болж, төрийн өндөрлөгүүд хүртэл өөрсдийн нэрэмжит тэтгэлэгтэй болсон. Энэ олон тэтгэлэг зөв хүндээ хүрч байна гэж боддог уу?

-Судалгаа байдаг юм билээ. Боловсролын зээлийн сангаас сурсан хүүхдүүд буцаж, эх орондоо ирэх нь ховор. Буцаж ирсэн нь улс төрд хүч үзэж байна. Зээлээ төлөхгүй эрээ, цээргүй хандаж байгаа. Боловсролын зээлийн сан ямар ч улс оронд байдаг зүйл. Үүнийг яам шийдэх нь учир дутагдалтай гэдгийг би өмнө хэлсэн шүү дээ. Шийдвэр гаргадаг процесс, удирдлагыг нь шийдэж өгөх ёстой. Яамны хэдэн хүмүүс тойрч суугаад шийддэг байж болохгүй. Тэнцсэнд хариуцлагын гэрээ байгуулж, улс эх орондоо юу хийж бүтээх вэ гэдгээ сайтар бодож, хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Харин манайд хариуцлагагүй хандаж байгаа.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

эх сурвалж: dardas.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com