БОЛОВСРОЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ
Монгол Улсад нийт ажиллагсдын тоо 2012 онд 1.05 сая байсан бол 2017 онд 1.18 сая, 2022 онд 1.26 сая хүн амд хүрэхээр таамаглал гарчээ. 2012-2017 онд хөдөлмөр эрхлэлтийн жилийн дундаж өсөлт 2.3 хувь байсан бол 2017 онд 55.8 хувиас, 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 57.8 болж өссөн. 2012-2022 онд жилд дунджаар 1.8 хувь буюу 20,545 ажиллагсдаар ажил эрхлэлт нэмэгдэх төлөвтэй. 2022 хүртэл барилгын салбарын ажил эрхлэлт өсөх хандлагатай, жилийн дундаж өсөлт нь харьцангуй тогтмол зургаан хувьтай байна. Харин үйлчилгээний бусад салбарын ажил эрхлэлт 2022 он хүртэл дунджаар 3.1 хувиар буурна хэмээн 2014 онд Хөдөлмөрийн Судалгааны Институт таамаглажээ. Тус байгууллагаас хөдөлмөрийн зах зээлд гарах голлох өөрчлөлтүүдийг таамагласан хэдий ч хэрэгцээт хүний нөөцийн ур чадварыг тодорхойлоогүй байна.
СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ, АЖИЛ ЭРХЛЭЛТ
Монгол Улсад дээд боловсрол эзэмшиж буй иргэдийн тоог нийт хүн амд харьцуулахад ихээхэн өндөр үзүүлэлттэй. Их, дээд сургуульд нийт суралцагчдын мэргэшиж байгаа чиглэлд 2008–2015 онд хүмүүнлэг 8.6-7.1 хувь болж 1.5 хувиар, нийгэм, бизнес, удирдлага, эрх зүй 37.0-33.0 хувь болж 4.0 хувиар, үйлчилгээ 5.8- 4.0 хувь болж 1.8 хувиар тус тус буурсан байна.
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар хамгийн урт хугацаа зарцуулж ажилтай болж буй мэргэжлийн бүлэгт хууль эрх зүй 48.4 хувь, нийгмийн халамж, хамгаалал 45.7 хувь, хүмүүнлэгийн ухаан 42.9 хувь нь тус тус хамаарч байна.
Харин байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл 23.6-25.8 хувь болж 2.2 хувиар, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал 9.3-11.8 хувь болж 2.6 хувиар, боловсрол 12.7- 13.6 хувь болж 0.9 хувиар тус тус өссөн байна. Эдгээр салбарт ажлын байр харьцангуй эрэлт ихтэй байгаа нь энэ өсөлтийн нэг хүчин зүйл болж байна.
Их, дээд сургуулийг төгсөгчдийн 58.5 хувь нь ажил үүрэг болон мэргэжлийн нийцтэй түвшнээр “тохирдог”, “маш сайн тохирдог” гэсэн үнэлгээ авч, их дээд сургууль төгсөгчдийн талаас илүү хувь нь эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тухайн мэргэжлийн чиглэлийн нийт төгсөгчдийн 70-аас дээш хувь нь мэргэжлийн дагуу ажиллаж байгаа өндөр үзүүлэлттэй мэргэжлийн чиглэлүүдээс дурдвал урлаг 75.7 хувь, мэдээлэл, сэтгүүл зүй тус бүр 75.6 хувь, компьютер, анагаах ухаан тус бүр 74.4 хувь, биологи 72.2 хувь, барилга архитектур 72.1 хувь байна. Ажлын байранд гүйцэтгэж буй ажил үүрэг нь эзэмшсэн мэргэжлээс өөр чиглэлээр ажиллаж буй дундаж нь 20.5 хувь байгаа юм. Ялангуяа дээд боловсролын салбарын нийгмийн халамж-хангамж 42.9 хувь, тээвэр 36.1 хувь, хууль эрхзүй 32.3 хувь, хүмүүнлэгийн ухаан 32.1 хувь, байгаль хамгаалал 31.6 хувийн мэргэжилтнүүд нь мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт өндөртэй байна.
Их дээд сургуулийн өмчийн хэлбэр үл хамааран төгсөгчдийн нийтлэг ур чадварын хомсдол нь ёс зүй харьцаа хандлага, багаар ажиллах чадвар, мэдээллийн технологи ашиглах, суралцах чадвар, гадаад хэлний мэдлэг байна. Ажил олгогчид ажилтандаа тавьж буй шалгуурын талаарх судалгааны эхний тавд (1)бичгийн харилцааны ур чадвар, (2)үнэнч шударга, зарчимч байдал, (3)багаар ажиллах ур чадвар, (4)харилцааны ур чадвар, (5)ёс зүй зэрэг ур чадварууд эрэмбэлэгдсэн бол голч дүн арвангуравдугаарт байна. Харин Global Human Capital Report (WEF, 2017)–д өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд хүүхэд, залуус зохицон амьдрахад:
- Санаачилгатай байх,
- Амаар болон бичгээр өөрийгөө зөв илэрхийлдэг байх,
- Сониуч зантай байх,
-Төсөөлөх чадвар эзэмших боломж олгох талаар онцолжээ.
АЖИЛ ЭРХЛЭЛТ БА УР ЧАДВАР
Технологийн дэвшил, хүмүүс хоорондын харилцаа, улс орнуудын хөгжлийн түүх, боломж зэрэгт анализ хийж, ирээдүйг таамагладаг Ирээдүй судлалын олон улсын нийгэмлэг үүсчээ. Энэхүү нийгэмлэгийг үндэслэгч Жон Нэйсбитийн аргачлалд үндэслэж, 2050 он хүртэл дэлхийд юу болох талаар судалсан багийн тайлангийн илтгэлд “Хөгжил Европ, Хойд Америкаас илүү өмнө зүг рүүгээ төвлөрч байна. 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад болно” гэжээ. Бидний хөрш зэргэлдээ оронд дэлхийн баялаг төвлөрөх нөхцөл аль хэдийн бий болжээ. Энэ боломж, нөхцөлийг Монгол Улс ашиглахын тулд ажилчин бэлтгэхээс илүүтэй шинжлэх ухаан, инженер, харилцаа холбооны технологи, судалгаа боловсруулалтын өндөр ур чадвартай дээд боловсролтой иргэдийг бэлтгэхэд онцгой анхаарах учиртай.
Их сургууль төгсөөд, насаараа нэг албан байгууллагатай амьдралаа холбодог байсан үе ард хоцорчээ. Их Британид хүн амьдралынхаа туршид 13 удаа, АНУ-д 10.6 удаа ажил сольж, дөрвөн мэргэжил эзэмших болсон зэрэг өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Япончууд өмнө нь “Тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” ярьж байсан бол өдгөө “урсамтгай ажил”(labor fluidity)-ын тухай онцолж байна.
Энэ цаг үед их, дээд сургуулиуд сургалтын орчин, нөхцөлийн шинэчлэлд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж суралцагчдад олон талын боломжийг олгох вэ хэмээн ухаанаа уралдуулахаас өөр сонголтгүй болжээ. Саяхан болтол хүмүүс ажлаа хөнгөвчлөхийн тулд робот хийдэг байсан. Юуг роботоор хийлгэж болох вэ гэдэг байсан бол өнөөдөр роботоор юу хийлгэж болох, юуг болохгүй гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй болов.
Их дээд сургуульд суралцагчдын академик мэдлэг, мэдээлэл төгсөх үед нь аль хэдийн хуучирсан байх ирээдүй хүлээж байна. Иймээс их дээд сургуулиуд жишээ нь: оюутнуудыг түүхийн тухай зүгээр л унших төдий бус, тухайн түүхэн үйл явдалд өөрөө оролцож байгаа мэт дадлага хийж, олон эх сурвалжаас хайлт хийн, дүгнэлт шийдвэр гаргах боломж олгох зэргээр сургалтын үйл явцад өөрчлөлт хийх нь чухал. Сургалтын агуулга, зохион байгуулалт, арга зүй, үнэлгээ нь алсын хараатай, үр дүнд суурилсан хөтөлбөртэй сургуулийн төгсөгчид ирээдүйд ажил эрхлэлт, орлого нь өндөр үр ашигтай байна.
Дээд боловсролын байгууллагуудын менежмент, соёл, сургалт, үйл ажиллагаа нь хүн болох, зөв дадал, суралцах арга барилд суралцах боломж олгох, сургалтын хөтөлбөрийг сургууль бүр өөрийн онцлог, давуу талд суурилан тасралтгүй хөгжүүлж, мэдээллийн технологийг амжилттай ашиглан, хэрэгжүүлэхээс төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, сургуулийн хувь заяа хамаарна.
Улс төрөөс хэт хараат удирдлага менежменттэй, санхүүжилтийн 90 гаруй хувийг зөвхөн сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг жишиг удаан оршвол ирээдүйд бид тэнцэж амьдрахад бэрх, дээд боловсролын салбарыг хөгжүүлэх, ажил эрхлэлт, хүний нөөцийн хөгжлийн шийдэл гаргах боломж тун хомс.
Ажил олгогчид их дээд сургуулиудын хамтын ажиллагаа бэхжиж, улс төрөөс хараат бус болж, компаниуд бөх, морь байлдаг жишгээрээ сургалт, судалгааны үйл ажиллагаанд хөрөнгө оруулдаг жишиг тогтвол ирээдүйд нийтээрээ хожно.
Баавгайн Насанбаяр Ph.D /Боловсрол судлал/
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН