Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өчигдөр өглөөний 8:00 цагаас эхлэн 38, 51, 73, 141-р сургуулийн ахлах бүлгийн арванхоёрдугаар ангийн 140 гаруй сурагчидтай “Мэргэжил сонголт” сэдвээр чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дэлхийн алдар цуутай зарим хүний хэлсэн эшлэл болон амьдралын түүхийг харуулсан товч видео бичлэг үзүүлсэн юм.
Хүүхэд бүр өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн зарим нэг нь аль хэдийнэ мэргэжлээ сонгосон байдаг бол нөгөө нь хараахан сонгож чадаагүй яваа энэ мөчид тэдэнтэй ярилцаж санал бодлоо солилцохоор зорьжээ. С.Одонтуяа “Хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, ажил хөдөлмөртэй байна гэдэг амьдралын гол зарчим. Зөв хүмүүжилтэй, зөв замтай, сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, эх орон ээж аав, үр хүүхэд, найз нөхдөдөө хүндлэгдэж явна гэдэг сайхан”. Өнөөдөр та нар мэргэжлээ сонгох эхний алхмаа хийх гэж байна. Энэ бол маш том хариуцлага.
Мэргэжил гэдэг маш чухал зүйл. Иймд та бүхэн мэргэжлээ зөв, олон талаас нь бодож тунгааж сонгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүссэн дурласан мэргэжлээ сонгож байж аз жаргал, амжилтад хүрнэ. Мэргэжлээ зөв сайн сонгосон байлаа ч амжилтад хүрэхэд хүнтэй харилцах, ойлголцох, зөв хандлага чухал. Нэгэн алдартай хүний номонд амжилтад хүрэхийн тулд 70 хувь нь харилцаа, 30 хувь нь мэргэжил нөлөөлдөг гэж бичсэн байсан. Тэгэхээр хэчнээн мундаг, мэдлэгтэй хүн байгаад ч харилцааны доголдолтой бол амжилтад хүрдэггүй байх нь гэсэн санаа юм. Иймд ямар ч мэдлэг боловсролтой, ухаантай, мэргэжилдээ сайн хүн байсан ч харилцаа хандлага чухал шүү гэдгийг яриандаа онцолж байв. Зөв сайхан харилцаж сурах, өөрөө өөртэйгөө ажиллах нь маш чухал байдгийг дахин сануулж зөвлөв. Та бүгд сургуулиа амжилттай төгсөөд, хүссэн мэргэжлээ сонгоод гэрэл гэгээтэй, зөв сайхан нийгмийг цогцлоон бүтээгээсэй гэж хүсч байгаагаа энэ дашрамд хэлье гэв. Ингээд асуулт хариултаар чөлөөт ярилцлага үргэлжилсэн. Сурагчид Засаг даргаас та зорилгодоо хүрсэн үү гэж асуухад: “Би бага багаар хүрч байна” гэж хариулж байсан. Зовлон бэрхшээл гэдгийг та нар юу гэж бодож байна вэ гэдэг асуултад сурагчид янз янзаар хариулж байсан. Тухайлбал, бэрхшээл бол хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байх, цаг хугацаа алдах, шантрах, хэн ч намайг миний хүсэл тэмүүллийг ойлгохгүй байх гэх зэргээр хариулсан. Зовлон бол хэцүү орчлонгийн жамаар ээж ааваа алдах, байгалийн гамшиг гэх мэт зүйл нь зовлонд орох байх гэж сурагчид хэлцгээв. Та нар бүгд мэргэжлээ сонгосон уу гэх асуултад мэргэжлээ сонгосон,гэхдээ ганц хоёр хүүхэд бодож байгаа тухайгаа ам уралдан ярьж байна лээ.
Ингээд БГД-ийн 73-р сургуулийн 12-а ангийн сурагч н.Учралын яриаг танд хүргэе.
-Уулзалтаас юу ойлгож авсан бэ?
-Сайхан санагдаж байна. Өөрийн биеэр бидэнтэй уулзаж мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгч байгаад баяртай байна. Анхаармаар бодмоор олон зүйлийг ярилаа.
-Мэргэжлээ сонгосон уу?
-Миний хувьд нисгэгчийн мэргэжлийг сонгосон. Энэ чиглэлээр сурахын тулд олон орны хэл үзэж эрүүл мэндийн байдал дээрээ бас анхаарч шаардлагатай мэргэжил сонголтын хичээлүүдийг үзээд явж байна.
-Монголд нисэхийн сургуульд шалгалт өгөх нөхцөл байна уу?
-Байхгүй. Гэхдээ хувийн нэг хоёр сургууль нисгэгчийн ангитай. Хоёр дээр нэмэх нь нэг гэдэг хөтөлбөрөөр явдаг. Хоёр жил Монголд сурдаг сурах хугацаандаа онолын мэдлэгээ аваад тухайн сургуулийн хамтын ажиллагаатай улс орнууд руу явж туршлага судалдаг байгаа. Тухайлбал Орос, Солонгос явж практик мэдлэгээ олж авдаг. Монголд энэ чиглэлээр сурах хэцүү л дээ, орчин байхгүй. Хэрэв сураад төгсвөл хаана төгссөн гээд ажилд авахгүй байх асуудал их гардаг юм шиг байна лээ. Хэлтэй мөнгөтэй бол гадаадад сурах боломжтой. Үнэхээр гоё мэргэжил.
-Үеийнхээ хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна?
-Өөрийгөө сонсоод мэргэжлээ зөв сонго. Сонгосон мэргэжил чинь хэрэв зөв бол чамайг өөрөө хөтөлнө гэж хэлье.
-Суруулиа ямар дүнтэй төгсч байгаа вэ?
-Онц.
73-р сургуулийн 12-а ангийн сурагч н. Ариунтуяа
-Мэргэжил сонголтын талаар түлхүү ярьж байх шиг байна. Мэргэжлээ сонгож чадсан уу?
-Чадсан. Өөрийн хүссэн мэргэжлээ сонгосон. Ингээд бэлтгэл ажилдаа ороод хичээлээ түлхүү үзэж байна. Миний сонгосон мэргэжил онгоцны агаарын бүхээгийн үйлчлэгч.
-Энэ чиглэлээр өрсөлдөхөд ямар чиглэлийн шалгалтууд өгөх вэ?
-Нийтдээ дөрвөн хичээлээр өгнө. Монгол хэл, англи хэл, нийгэм, математик.
-Сургуулиа ямар төгсөж байгаа вэ?
-Сайн төгсч байгаа.
-Өнөөдрийн өсвөр насны охидод хандаж юу хэлэх вэ?
-Өөрийн зөв гэж бодож байгаа зүйлдээ тууштай, зүтгэлтэй байгаарай гэж хэлье. Хэн нэгнийг дуурайхгүй хүссэн сонгосон мэргэжлийг сонгоорой гэж хэлмээр байна. Яагаад гэхээр бидний насан дээр охидын хандлага өөр байдаг. Учир нь найз нь нэг мэргэжил сонгоход дагаж дуурайж сонгох ч юм уу эсвэл өөр хэн нэг хүний мэргэжил таалагдаад дуурайж сонгох явдал их байдаг.
-Мэргэжил сонголтонд ээж аав нар хэр оролцдог бол. Ээж аав нь зөвлөсөн үү?
-Манай ээж аав хоёр хоёулаа надад байнга тусалж, надтай илэн далангүй харилцдаг. Миний хүсэл мөрөөдлийг дэмжиж байгаа. Чи өөрийгөө сайн сонс гэж хэлсэн.
-Танай дүүргийн засаг дарга та бүхэнтэй мэргэжил сонголтын талаар санал солилцож байгаа нь ямар санагдсан бэ?
-Баяртай байгаа. Өнөөдөр хэн нэгэн хүн таньдаг хүндээ битгий хэл танихгүй хүнд зөвлөгөө өгөх нь ховор болсон үе юм болов уу гэж боддог. Яг бидэнд хэрэгтэй зөвлөгөө өгч байна. Яагаад гэхээр бид мэргэжлээ сонгох тэр мөчид ирсэн байгаа. Иймд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, мэргэжил сонголтын ач тусын талаар ярьж зөвлөж байгаа нь сайхан байна.
-Монголын нийгмийг сурагчийн нүдээр харвал?
-Нийгэм гоё байж ирээдүй болсон үр хүүхдүүд нь сайн сайхан байх ёстой. Өнөөдрийн нийгэм хэцүү санагддаг. Юу нь хэцүү байна гэхээр хүмүүсийн харилцаа хандлага муу болсон. Бага байхад их гоё байжээ. Хүн болгон бие биетэйгээ ядаж эелдэг харилцдаг байсан. Би автобусанд явж байгаад зүгээр инээж юм ярихад чи яагаад хүн шоолоод байна гэх жишээний. Иймэрхүү нийгэмд амьдарч байгаа болохоор энэ нийгмээ засахын төлөө л бид хичээх байх даа.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа
-Арванхоёрдугаар ангийн сурагчидтай мэргэжил сонголтын талаар санал бодлоо солилцлоо. Хүүхдүүд ер нь мэргэжлээ дийлэнх нь сонгосон юм шиг санагдлаа?
-Мэргэжлээ зөв сонгоно гэдэг их чухал. Хүн өөрөө өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй гэдгийг нэлээд онцолж ярилаа. Өөрөө тэсвэр хатуужилтай уйгагүй байх юм бол хүн амжилтад хүрдэг. Амжилтын 30 хувьд мэргэжил, 70 хувь нь харилцаа хандлага нөлөөлдөг тийм учраас өөрсөдтэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Биеийн тамираар сайн хичээллэж, эрч хүчтэй, цоглог золбоолог байхыг зөвлөлөө. Хүүхдүүд их сонирхож хүлээж авч байна.
-Хүүхдүүдийн чиг хандлага ямар байна?
-Өнөөдөр хүүхдүүдийн үзэл бодол байр суурь их өөр болж. Хүүхдүүд өөртөө маш итгэлтэй байгаа нь сайхан санагдаж байсан. Хүүхдүүдийн асууж байгаа асуулт, ярьж байгаа зүйлүүд нь мундаг байна. Хүүхдүүдээр цагдаа, эмнэлэг гэх мэт газруудад дадлага хийлгэж үзэхэд үр дүнтэй байгаа нь ажиглагдсан. Тиймд сонгох гэж байгаа мэргэжил дээр нь очиж үзүүлээд харилцан ярилцахад хүүхдүүдийн нүд нь гялалзаад сайхан байдаг. Бид аль болох энэ нийгмийг цааш авч явах боловсон хүчнүүддээ сайн анхаарч тэдэнтэй цаг зав гарган чин сэтгэлийн яриа өрнүүлж байх ач тустай болов уу гэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм гэв.
Уулзалтын төгсгөлд Засаг дарга хүүхдүүдэд хандан хэлэхдээ: Энэ цаг үе өөр. Хүн бүр мэдлэг боловсролтой байх ёстой. Тийм болохоор цаг гарвал хэл үзэж сурч байгаарай. Ядаж нэг орны хэлээр төрөлх хэл шигээ ярьж бусад орны хэлийг нь ойлголцоод явах түвшинд эзэмших хэрэгтэй. Бас хүнд зайлшгүй байх ёстой чанар бол байлдан дагуулах чадвар бусдад туслах сэтгэл юм. Үргэлж өөртэйгөө ярьж бай. Би хамгийн гол зүйлдээ цагаа зөв зарцуулж чадаж байна уу гэж өөрөөсөө асууж байх нь хэрэгтэй. Аль нэг асуудлын аль нь илүү чухал вэ гэдгийг сайн бодох. Би юу хүсч тэмүүлж байна гэдгээ дотор хүнээ сайн сонсч, өөрөө өөртэйгөө сайн ажиллах нь чухал. Бусад зүйл бол асуудал биш гэдгийг бас зөвлөөд авна лээ. Тэдэнтэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэхээс гадна, хүний амьдралд мэдлэг ямар ач тустай, хэрэгтэй зүйл болохыг олон жишээ баримт дээр тулгуурлан харилцан ярилцлаа. Өдөр бүр төлөвлөгөөтэй, зорилго мөрөөдөлтэй, зөв замыг сонгон тууштай байна гэдэг нь хүнд маш чухал. Хүссэн мөрөөдсөн зүйлдээ тууштай, шантрахгүй цаг хугацаатай уралдаж амьдрах ёстойг сурагчдад давхар сануулаад авна лээ.