Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Чойжамц: Хөгшин хонины насгүй өвгөн би, Төр минь амгалан байг гэж ерөөе

Эгэл буурлын тухай товч өгүүлэхэд гайхалтай түүхтэй нэгэн юм. Тэрээр Төв аймгийн Жаргалантын САА-н Зөөхийн үр, тарианы 10-р бригадад тракторчнаар 45 жил ажилласан. Нэг трактороор хийх жилийн гүйцэтгэлийг 100-250 хувь давуулан биелүүлж, трактораа их засваргүйгээр 14 жил ашиглахдаа 10 жилд 17,5 жилийн ажлыг гүйцэтгэж, тухайн үеийн ханшаар 13878 төгрөгийн сэлбэг, 2617 төгрөгийн шатахуун хэмнэж ажилладаг байж. Салаа ахалж ажиллахдаа тэрээр өдөрт 90-100 га явж, нормоо 240-340 хувь давуулан биелүүлж, 10-13 хоногийн дотор 800-1000 га-д үрэлгээ хийж, зуны уринш хагалгаагаар 30 хоногийн дотор 350-400 га газар хагалж өдрийн нормоо тав дахин давуулан биелүүлж байжээ. Тэр үед Зөөхийн 10-р бригад 3400-4000 гаруй га талбайд тариалалт хийдэг, энэхүү их ажлыг, өдөр шөнийг мартан хийж бүтээхийн хүсэл нь ид оргилсон 20-22 насны хорь гаруй залуучуудаас бүрдсэн бригад хамт олон ажиллаж байсан гэнэ. Ингээд эглээс эгэл, даруухан түүхээ өгүүлэх буурай бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Мижидийн Чойжамц. Түүнтэй хөөрөлдсөнөө танд толилуулъя.


-Та хэдэн онд Хөдөлмөрийн баатар цолыг авч байв. Та аль нутгийн хүн бэ?
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч байхдаа энэ нэр хүндтэй цолыг хүртсэн. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны хоёрдугаар сарын 08 ны өдрийн 38 дугаар зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон доо өвөө нь. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Цагааннуур гэдэг сайхан газар 1941 онд төрсөн.
-Та мундаг ойтой юм аа. Бүүр ном уншиж байгаа юм шиг 44 дөрвөн жилийн өмнөх зүйлийг тод санаж байна. Магадгүй мартахын аргагүй тэр өдрийг тод санах нь.
-(инээвхийлэн) Миний мундаг ой гэж юу байх вэ. Өвгөн би зарим нэг зүйлийг мартдаг болох гээд байна. Тиймээс дэвтэр бас хөтлөх дуртай. Өдрийн тэмдэглэл гэх юм уу даа. Хүн ой санамжаа мартаад уймраад ирвэл амьд яваад яах вэ. Мартах өвчин тусахгүйн тулд их зүйл уншиж байх хэрэгтэй. Сайхан зүйлийг, сайн үйлийг хүн хэзээ ч мартаж болохгүй.
-Шагнал авч байх мөч одоо хэрнээ санаанаас гарахгүй биз?
-Их баярлаж байсан. Олон жил зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх сайхан байлгүй яах вэ. (нүдэнд нь нулимс хурав. Буурай нэг хэсэг чимээгүй болов) Ээж аавдаа, хамт олондоо их баярлаж явдаг. Төрдөө баярлаад баршгүй бурхан минь.
-Танай бригад үнэхээр мундаг залуучууд байжээ. Олон залуус энгэрээ мялаасан байх?
-Монгол Улсын ургацын таван удаагийн аварга бригад болсон. Улсын аварга 13 төрсөн. Монгол улсын Хөдөлмөрийн баатар дөрөв. Монгол Улсын гавьяат механикжуулагч нэг. Их алдартай бригад байсан даа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар М. Бачираа миний төрсөн дүү.
-Та хэчнээн цагийг газар тариалан дээр өнгөрүүлдэг байсан бэ?
- Жирийн нөхцөлд Хөдөлмөрийн хуулиар найман цаг ажиллах ёстой. Ид тариалалт, хураалтын үед чадал байвал 12-16 цаг тогтмол ажиллах ёстой. Ингэж ажиллаж байж л норм төлөвлөгөөгөө улам давуулан биелүүлнэ. Би өөрөөрөө жишихэд хоёр цаг л талбайд унтдаг хүн. Гэртээ ирвэл дөрвөн цаг унтана. Хоёр нарны хооронд байгаль хаашаа эргэх нь үү тэр нөхцөлд ажиллаж байсан. 16- аас доошгүй цагт ажиллаж байж ургацаа сайн хураана шүү дээ. Ер нь механикч нар сунгасан цагаар ажилладаг. Хагас цэргийн зохион байгуулалттай ажиллаж байв, бид. САА-н даргын тушаалаар ажил явна. Бараг өвдөх эрхгүй зүтгэнэ дээ.
-Таны гаргаж байсан амжилтыг одоо гаргах боломж бий юу?
-Одоо газар нь байхгүй болсон. Тэгэхээр их хүнд байх.
-Танайх чинь гэр бүлээрээ баатрууд юм байна. Баатрууд төрүүлдэг мундаг ээж аав нар юм?
-Сайн ээж аавын буянд сайхан өсч хүмүүжсэн. Ээж аавыгаа хүн үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Тэдний минь сургасан сургаал, хүмүүжил, хөдөлмөрийн амтыг мэдрүүлж өсгөсөн чанар мэдээж нөлөөлсөн. Гэхдээ бас тэр үеийн үзэл суртал, арга барил, ажилд хандах хандлага сайн байсан юм шүү. Би зүгээр суугаад байвал хэн над хоол өгч, гэр бүл яаж зохиож, ээж аавыгаа хэрхэн нуруундаа үүрэх билээ. Тиймээс хүн зайлшгүй хөдөлмөрийн боол болдог. Тэгж гэмээнэ амьдрал минь сайн, сайхан явна.


-Жаргалантын САА-аас Октябрын сангийн аж ахуй тасран гарсан гэдэг.
- Том аж ахуй, сайхан газар. Жилд 30 гаруй мянган га тариална. 12 үр тарианы бригадтай. Дотроо ногооны, хадлангийн гээд бас салаална. Гурван том тасагтай. Том аж ахуй байсан.
-Жилдээ зөвхөн нэг сангийн аж ахуй 30 гаруй мянган га-д тариа тарина гэхээр одоо чинь жилд 367.7 мянган га талбайд тариа тариална гэж байх шиг байсан. Зөвхөн энэ жилийнхээр. Ер нь одоо үе, таны үе хоёр өөр болсон биз?
-Бидний үед улс сая шахуу га-д тариулж байсан. Одоо бол гурав дөрвөн зуу мянган га-д тарьж байна. Эрс өөр байгаа биз. Дээр үед га газрыг нэмэгдүүлж байж тэр хэмжээгээр арвин их ургац авдаг. Одоо тэгэхэд 300 га-гаас бидний авч байсан ургацыг авч чадахгүй байх жишээний. Усалгаатай системээс үүнийг авч болно. Усалгаагүй системээр боловсруулсан газраас ургац сайн авахгүй. Их сайндаа 10 центр авбал авах байх. Тэр үеийн газрын шим сайн байсан нь бас нэг талаараа нөлөөлсөн. Газраа их тордож борддог байв. Одоо бол дандаа хувьд шилжсэн газраа бүрэн тордож чадахгүй байна. Үнэ цэнийг нь ч дийлэхгүй байгаа байх. Тийм учраас газрынхаа га-г багасгаад арвин ургац нэг га-гаас авах хүсэлтэй байдаг юм шиг. Усалгаатай систем нь хөгжөөгүй бордолт тордолт нь муу байхаар яг хэмжээндээ авч чадахгүй байна гэж би хардаг. 60, 80 жил эдэлсэн газар салхины эвдрэлд орно. Үржил шим нь дутна. Бордож тордохгүй байна. Тэгэхээр ургац авахад хүнд. Дээр үед жинхэнэ атар эзэмшиж байсан. Атрын тэр үржил шим сайн, их бордоно. Үүнийг улсын хүчээр хийж байж. Одоо бол хувь хүн өөрийнхөө хүчээр хийж, шинэ технологи ашиглаж байгаа. Бидний үед агрономи, агар техникийн үе. Гэхдээ Оросын техникээр ажиллаж байсан. Одоо бол гуравдахь хөршүүдийн техник хүч түрэн орж ирж байна. Бидний үед “ДТ-54”, “МТЗ-5” скаб-3 ажиллаж байсан бол одоо өөр маркийн техник ашигладаг. Бидний үед уринш хийж байж ургац арвин авдаг байсан.
-Уучлаарай уринш гэж юуг хэлдэг юм бол?
-Нэг талбайг хагалаад дараа жилийн ургац автал элдэншүүлэхийг хэлнэ. Ингээд тариагаа үүндээ тарина гэсэн үг. Одоо бол шууд хавж тарьж байна, селкинчик хаваад тарьж байна. Уринш бага хийдэг.
-Та дээр хэллээ. Тариалалтын талбай эрс багассан гэж. Энэ ямар хүчин зүйлээс шалтгаалдаг юм бол?
-Нэгд газраа эзэмших хүчин чадал, хоёрдугаарт эдийн засгийн хүчин чадал нөлөөлж байна. Бидний үед юмны үнэ хямд байсан. Одоо шатахуун үнэтэй бүх хэрэгсэл нь нийгмээ дагаад үнэтэй.
-Газрыг яаж тордвол арвин их ургац авдаг юм бол?
-Газрын гол тэжээл нь бордоо. Бордоо нь дотроо олон. Ногооны газруудыг малын хэвтрийн бууцаар борддог. Услалтын систем хамгийн чухал. Гол мөрнөөс хол бол нуур тогтоогоод уулнаас түүгээрээ услах нэг арга байдаг. Одоо зарим газар хэрэглэдэг байлгүй дээ. Газрын га -г нэмэгдүүлж байж л ургац их авна гэж би дээр хэлсэн дээ. Бага газраас их ургац авах гээд байгаа бол сайн тордож, услах.
-1963 онд Атар газар эзэмших хөдөлгөөн ид өрнөж байсан үе байх аа. Атрын нэг, хоёрдугаар аян, мөн гуравдугаар аяныг 2009 оноос эхлүүлсэн. Атрын аяны талаар та дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Атрын нэгдүгээр аян 1959 оноос хоёрдугаар аян 1975 оноос эхэлсэн. Нэгдүгээр аян ажиллах хүчин бага. Хүчин чадал муу гэхдээ газар бэлэн. Энд тэнд курс нээгдсэн. Тэгж байж механикжуулагчдаа бэлдсэн. Нэгдэлжих хөдөлгөөн гарснаар залуучуудын ажлын байр атрын аян болсон. Малчин байсан улс техникийн хүн болж солигдсон гэсэн үг. Атрын ялгаа их. Хоёрдугаар аян нэгдүгээр аянаас өөр механикжуулагчдыг ТМС-иар бэлдсэн. “ДТ-75”, “МТЗ-50” гэх мэт дугуйт нь өөр өөр болсон. Шинэ САА-нууд бий болсон. 10 жилийн хугацаанд залуучууд өснө, том болно гээд их зүйл өөрчлөгдсөн байсан. Бригад дээрээ нэгдсэн журмаар хооллодог болсон үе. Тарьдаг талбай нэмэгдсэн.
-Атар газар эзэмшснээр улс юу хожсон бэ?
-Хотын соёл хөдөө тийш чиглэсэн. Хөдөө шинэ шинэ тосгон бий болсон. Түүнээ дагаад нүүдэлчин ард түмэн суурьшиж эхэлсэн. САА, тосгонуудыг дагаад дэд бүтэц хөгжсөн. Сургууль соёл эмнэлэг хөдөө тийш чиглэж, хөдөөний суурьшил сайжирсан. Хөнгөн үйлдвэрүүд бий болсон. Үйлдвэрийн ажилчид нэмэгдсэн. Залуучууд Атар газар эзэмшсэнээр техникийн анхны мэдэгдэхүүнийг мундаг олж авсан. Түүний ачаар одоо манай улс гудамдаа багтахгүй машинтай болж. Энэ чинь техникийн суурь тавигдсаны нэг жишээ. Морин дэл дээр суран жолоо атгаад явж байсан залуу ацтай төмөр бариад гархи боолт чангалах хоёрын хооронд өөр биз.


-Хоёулаа ажил хөдөлмөр, ургац, атар гээд олон зүйл ярилаа. Одоо жаахан яриагаа өөрчилье. Төр засаг Хөдөлмөрийн баатруудаа хэр харж ханддаг гэж та боддог вэ?
-Улсын Их Хурал бүх мэдлийг авсан юмаа даа. Засаг төр хараагүй гэж би хэлэхгүй. Бидний үед цолыг дагаж 150 төгрөг авдаг байв. Тэр үедээ болж байсан, манаачийн мөнгө. Юмны үнэ бага байж. Эмнэлэгт оочер дугааргүй бүрэн үйлчилж байсан. Түүний хүчинд өвөө нь нэлээн олон жил эрүүл явсан. Одоо бол эмнэлгийн оочер дугаар ч дийлдэхээ больсон. Жилд нэг үнэ төлбөргүй амраадаг. Жилд орон сууцны хөнгөлөлт гэж 200.000 өгдөг. Сард цолны мөнгө 200.000 төгрөг олгож байна. Энэ бүгдийг Ардчиллын үеэс эхэлж олгосон. Одоо чуулган эхлэхээр одонгийн мөнгө нэмэх тухай нэг жаахан яриад чуулган хаагддаг юм. Би ийм олон эрх, төрөөсөө авч байгаа хүн олон зүйл ярьж гомдоллож болохгүй. (инээв)
-Та төр засагтаа хандаж хэлэх үг байгаа биз?
-Одоо сайхан үйлдвэр барих хэрэгтэй. Залуус гадагшаа явж ажиллах биш гэр бүлийнхээ хажууд амар тайван ажиллах боломж нээгдэнэ. Цалинг нь өндөр өгч яагаад болохгүй гэж. Залуус боловсролтой болж байна. Энэ чадавхыг нь ашигла. Чадавхыг оюун ухаан, хөдөлмөрийн талд ашиглах уу гэдгээ сайн бод. Үйлдвэр л барь. Хэдэн баатар нь хөгшрөөд дууслаа. Сайн цагийг, сайн үеийг бэлд л гэж хэлмээр байна. Төр минь амгалан байг, Түмэн олон минь жаргалтай байг гэж өвөө нь ерөөе дөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com