Б.Эгшиглэн
“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач, редактор Б.Төрмөнх, тус редакийн эрхлэгч Б.Батцэцэг нартай хүүхдийн номын тухай ярилцлаа.
-Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэртээ байгаа. Дандаа зурагт үзэж, гар утас шагайхын оронд ном уншаасай гэж эцэг эхчүүд хүсдэг. Тэдэнд ямар ном санал болгох вэ?
-Хорио цээрийн үед зарим албан газар ажилтнуудаа амрааж байна. Олон ээж, аав гэрээсээ ажиллаж эхэлсэн. Хүүхэдтэйгээ хамт байх, цаг зарцуулах, ойлгох нөхцөл бүрдэж байна. Хамтдаа ном уншиж, ярилцах нь хүүхэдтэйгээ ойлголцох түлхүүр болдог. Хүүхдэд зориулсан телевизийн контентууд хангалттай бус. Үндэсний контент цөөн. Ихэвчлэн гадны кинонууд үзэж байна. Сүүлийн үед үндэсний соёл, уламжлал, түүхээ хүүхдүүддээ мэдүүлэхэд хүмүүс багагүй анхаарах болсон. Монсудрын хувьд ч үндэсний өв соёлоо хүүхдүүдэд таниулах бодлого бий. Монсудар хэвлэлийн газраас “Монгол ардын үлгэр зурагт ном” төсөл эхлүүлсэн. Манайхан үлгэр, тууль, өв соёлоо хэвээр нь байлгах, шүтэх хандлагатай байдаг. Өв соёлыг уламжилж авч явахын тулд цаг үедээ зохицуулж шинэчилж байх учиртай. Тэгэхгүй бол хэдэн зууны өмнөх үлгэр домог, туулийг орчин үеийн хүүхдүүд ойлгож, хүлээж авахад амаргүй болдог. “Монсудар” монгол ардын үлгэрийг өнөө цагийн хүүхдүүдэд тохируулж, ёс суртахууны асуудлыг илүү товойлгож, өнөө цагийн аяст тааруулан зурагт ном бүтээж байна.
Өмнө нь зарим эрдэмтэд “Та нар монгол ардын үлгэрийг эвдээд байна” гэж шүүмжилдэг байсан. Сүүлдээ ойлгож хүлээж авсан. Бид “Монголын нууц товчоо”-г хүүхдэд тохируулж шинэчиллээ, хэдхэн хоногийн дараа хэвлэлтээс гарна. Сурагчид багшийнхаа даалгавраар Нууц товчоог уншдаг. Уншаад ойлгодог нь хэд билээ. Монголын нууц товчоон дахь үнэт зүйлийг бид 20 гаруй бүлэгт хуваагаад, эр зориг, нөхөрлөл зэрэг үнэт зүйлүүдийг товойлгосон, 60 гаруй зурагтай. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад зориулж Монголын нууц товчоог шинээр хүүрнэж байна.
-Түүхэн үйл явдлуудыг нь хадгалсан уу?
-Үйл явдлуудыг нь гажуудуулаагүй, хялбаршуулсан гэж болно. Хүүхэд багачууд маань энэ номоор дамжуулж Нууц товчоог ойлгоод, дараа нь үндсэн эхийг нь судлах сонирхолтой болно. Бид үйл явдлыг ойлгомжтой болгож өгч байгаа юм.
-Зарим зургийг нь харахад хүмүүсийн нүүр царай нь хүртэл их өвөрмөц дүрслэгджээ. Яаж ийм дүр төрхийг олсон бэ?
-Хөөрхөн зурчихвал юу болох вэ гээд төсөөлөөд үзье л дээ. Нар салхинд онгож гандсан, олон дайн тулаанд орсон эрчүүд шүү дээ. Судрын чуулган дээр зургууд байгаа. Хубилайн хааны үеийн зурагнууд байдаг, археологийн олдворууд байдаг. Тэр бүхнийг судалж байгаад ийм дүр төрхийг гаргаж ирсэн.
-Монгол үлгэрүүдэд зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Орчин цагийн өнцгөөс харахад зарим үлгэр хүлээж авахад хүнд өгүүлэмжтэй байдаг?
-Аав нь хүүгээ мангаст өгөөд явуулчихдаг. Шагай шидээд аавыгаа алчихдаг гэх мэтээр шүүмжилдэг. Тухайн үеийнхээ нийгэмд үлгэрийн агуулга таарч байжээ. Өнөө үед бол таарахгүй. Үнэт зүйл, ёс суртахууны асуудлыг өнөө цагт нийцүүлье гэсэн юм.
-Танайхаас эрхлэн гаргасан “Өвгөн бар хоёр” гээд зурагт номыг хүүхдэд авч өгсөн. Маш гоё том зурагтай, агуулга нь ч нэг их өөрчлөгдөөгүй байсан?
-Нэг хэсэг зурагт ном хийж байгаад хэсэг завсарласан юм. Эцэг эхчүүд одоогийнх шиг зурагт номыг хүүхдэд нэг их авч өгдөггүй байсан. Олон үлгэртэй ном авч өгөхийг илүүд үзэж байлаа. Үлгэрийн ном гэдэг саатуулах хэрэгсэл маягтай байсан. Одоо бол ээж, аав нар олон үлгэрээс татгалзаж эхэлсэн. Нэг үлгэрийн агуулгад илүү анхаарал хандуулах, ойлгуулах хэрэгтэй юм байна гэж хандах болсон. Зурагт номуудаа түр зогсоосон шалтгаан нь бас агуулгыг нь орчин үед нийцүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэнтэй холбоотой. Ингээд дахин шинээр хийж эхэлсэн.
-Хэр олон үлгэр, тууль дээр ажилласан бэ?
-Одоогоор 14 зурагт ном бий. Энэ жил 20 зурагт ном хийгээд явж байна. Монгол ардын 600 гаруй үлгэр байдаг. Дээр нь домог үлгэр, туулиуд байна. Монсудар хэвлэлийн газар “Эрийн сайн Хан Харангуй”, “Жангар” тууль гаргасан. Одоо Гэсэрийн тууль дээр ажиллаж байна. Хуучин хэлбэрээр нь бол хүүхдүүд байтугай томчууд ч ойлгохгүй. Ойлгохгүй мөртлөө агуу гээд байдаг. Тэгж болохгүй. Туулиудыг мөн л хялбаршуулж, уншихад амархан болгосон.
Манай эцэг эхчүүд хүүхдээ ухаантай болгох гэж яардаг. Баруун тархийг нь хөгжүүлэх гэж хүсдэг. Гэтэл хүүхэд эхлээд хүн болох учиртай. Хүнийг хайрладаг байх ёстой. Сэтгэл хөдлөлөө зөв мэдэрдэг болох ёстой. IQ хөгжүүлэх ном гээд хайгаад байдаг. Манай номууд сэтгэл, мэдрэмжид зориулагдсан, хүүхдэд хандсан бүтээлүүд байдаг.
-Жангар редакцийнхан хүүхдийн номон дээр олон жил ажилласан туршлагатай. Гэхдээ хүүхдүүдээ судалдаг уу?
Хүүхдийн номын “Жангар” редакийн эрхлэгч Б.Батцэцэг:
-Нар байлаа гэхэд хүүхдүүд нарыг хөлтэй гэж бодож байна уу, хөлгүй гэж бодож байна уу гээд хүүхдүүдийн төсөөлөл, сэтгэлгээг илүү их ажиглаж, судлаад түүндээ тулгуурлаж ажиллахгүй бол захирамжилсан сургамжилсан, гоё сайхан үгээр өхөөрдсөн ном болчих гээд байдаг.
Аав ээж, эмээ өвөө нар хүүхдүүдээ үндэсний өв соёлоо ойлгож, мэддэг байх ёстой гэж хүсдэг. Гэсэн ч хүүхдүүдэд зориулсан үг хэллэгтэй ном зохиол ховор. Үүнийг л дөхөмтэй болгоход бид анхаарсан.
-Монголын нууц товчоог орчин үеийн болгоно, хялбарчилна гэхээр нэлээд зүрх зориг шаардана. Энэ бүхнийг яаж бүтээж болгов?
-Эхлээд хүүхдүүд яг юу хүсч байгааг ойлгохыг хичээсэн. Тэдэнд гар утас, интернэт тоглоом, хүүхэлдэйн кино бий. Тэднээс нь уйтгартай байж болохгүй. Сонирхлыг нь татах хэрэгтэй. Бас Монголын нууц товчоонд дурдагдаж байгаа үеийн аж байдал, соёлыг ойлгож, мэдрэх хэрэгтэй болсон. Орчин үед ёс суртахууны асуудлыг их ярих болсон. Хүүхдийн үнэт зүйлд тулгуурлахыг хичээсэн. XIII зууны үед бусдад тус болохыг юу гэж ойлгож байсан байна. Одоо юу гэж ойлгож байна. Тэр үед шударга байх гэж юуг ойлгож байв. Одоо юу гэж үзэж байна гэх мэтээр үнэт зүйл, үзэл баримтлал талыг нь дөвийлгөж, түшиглэж гаргаж ирэхийг хичээсэн.
Монголын нууц товчоог хүүхдүүдэд илүү ойлгуулж, мэдрүүлэхийг хичээсэн. XIII зууны үеийг ойлгохын тулд тухайн үеийн жуулчдын тэмдэглэл, Монголын нууц товчоог судалсан судлаачдын тэмдэглэлтэй танилцсан. Хүүхдүүдэд зориулсан Монголын нууц товчоо бидний хоёр жилийн хөдөлмөр.
Уран сайхны редактороор зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Дашням ажилласан. Түүнээс гадна бидний бүтээлийг уншиж, санаа оноо хэлсэн олон хүн бий. Залуус, зорилтот бүлэг өсвөр үеийн төлөөлөлд ч уншуулсан.
-Хүүхдүүд хэр ойлгож хүлээж авав?
-Монголын нууц товчоонд дурдагдсан унгас, дутаах гэх мэт хэллэгүүдийг “Энэ чинь юу гэсэн үг вэ” гэж асууж байсан. Цагаан сарын өмнөхөн энэ ном маань хэвлэлтээс гарна. Бид үнэт зүйлээр нь жижиг хэсэг болгосон. Боорчи, Тэмүүжин хоёрын танилцсан түүхийг “Чин сэтгэлийн тус” гэж нэрлээд жижиг эх болгох жишээтэй. Дайн байлдаан, үйл явдал гэхээсээ Чингис хааныг хувь хүн талаас нь харуулахыг хичээсэн юм.