Ц.ХАС
Манай гараг дэлхий дээр хүн төрөлхтөн үүссэнээс хойш олон таагүй үйл явдал тохиож байсан. Гэхдээ хүн төрөлхтөн хөгжлийн өндөр түвшинд хүрээд байсан үед нэг, хоёрхон жилийн дотор 100 сая хүний амийг авч одсон аймшгийн түүх бас бий. Энэ бол испанийн ханиад буюу “ИСПАНКА”. Энэ аймшигт ханиад яг тэр үед гал нь намжих шатандаа орж байсан Дэлхийн нэгдүгээр дайнаас ч олон сая хүний амийг авч одсон. Энэ аймшигт тахал яаж тохиосон бэ.
ХХ зууны энэ тахал, энэ чухам юу байсан бэ...
Одоогоос 100 жилийн өмнө 1918 оны гуравдугаар сарын 11-нд энэ ханиадны анхны тохиолдол бүртгэгджээ. Гурван жилийн хугацаанд энэ аймшигт ханиад бүх дэлхийг хамран 40-100 сая хүний амийг авч одсоноороо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан халдвар болж орсон. Хэдийгээр үүнээс сэргийлэх вакцин гарган авсан, эмчлэх арга бий болсон ч энэ ханиад дахин гарах магадлал байхыг шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм.
Испанийнх биш ч “Испанка”
“Испанийн ханиад”-ны эх орон уг нь Пиренейн хойг биш, харин хожуу ийшээ орж ирсэн. Альфонса XIII-ын эх орон Испанид энэ ханиад анх гарснаас хоёр сарын дараа 1918 оны тавдугаар сард довтолж Мадрид, Барселон хүртэл өргөнөөр тархан олон мянган хүнийг өвчлүүлсэн. Харин “Испанка” нэрийг тэр өдрүүдэд цэргийн хяналт нэг их тавьдаг байгаагүй дэлхийн I дайнд оролцож байсан барууны орнуудаас ялгахын тулд, төв байсан учраас энэ нэрийг өгсөн хэрэг. Шинэ гамшгийн талаар яг ийм нэрээр хэвлэлүүдээр тэр дороо тархсанаар энэ өвчинд нэрвэгдсэн улс орны иргэд энэ аймшигт тахал Европоос, тэгэхдээ бүр Пиренейн хойгоос эхэлж гарлаа гэж итгэцгээсэн юм байна.
“Испанка” ингэж эхэлсэн
Ханиадны анхны тохиолдол 1918 оны гуравдугаар сарын 7-нд, зарим эх сурвалжид 11-нд Канзаст бүртгэгдсэн байна. Канзасын Форт-Райлид алба хааж байсан морин цэрэг Альберт Гитчелл их хүчтэй ханиалгаж байна хэмээн эмнэлэгт ханджээ. Цэргийн эмнэлэг эхлээд түүнийг зүгээр л салхинд цохиулсан гэж үзсэн ч удалгүй хэдхэн цагийн дотор ийм шинж тэмдгээр өвчилсөн хүний тоо зуу давснаар эмч нар энэ бол аймшигт халдвар гэж ойлгоход хүрсэн байна.
Судалгаагаар энэ өвчин бүр 1916 оноос эхлэн Зүүн Азиас эхэлсэн болох нь мэдэгдсэн ч тусдаа өвчин гэж тогтоогоогүй байжээ. Анагаах ухааны түүхч, Баскийн их сургуулийн ажилтан Антон Эркорек сайтар судалсны үндсэн дээр энэ өвчин 1916-1918 онд Энэтхэг Хятадын хойгоос эхлэн Францын колони орнуудаас дайчилсан аннамит цэргүүдийн дунд эхэлж гарсныг тогтоожээ. Эмнэлгийн тайланд ердөө л “аннамитын хатгалгаа” гээд биччихсэн байж.
1917 он гэхэд Хятадын Их цагаан хэрмийн дагуу 500 км үргэлжлэх тосгонуудын иргэдэд тархсан байна. Харин яаж бөмбөрцгийн нөгөө талд гарав.
XIX зуунаас л Умард Америкийн “цагаан ноёд”-д нутгийн индианчууд ажиллах сонирхолгүй байснаас хямд ажиллах хүч дутагдалтай болж Зүүн Азийн хүн ам шигүү ядуу орнууд, ялангуяа Хятадаас ажиллах хүч аваачдаг байсан нь энэ аймшигт өвчнийг тийшээ, бүр Канзаст аваачхад хүргэжээ.
Ингэж байтал Британийн эзэнт гүрний эрх баригчид умард Америк дахь өөрийн эзэмшилдээ, дэлхийн нэгдүгээр дайны талбарт тулалдаж байсан Антантын цэргийн ар талд хэдэн арван мянган хятад хямд ажилчдыг аваачиж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Канадад зүүн Азийн ажилчдын эхний хэсэг 1918 оны хоёр, гуравдугаар сард очжээ. Ажилчдын зарим нь бүр галт тэргэнд явж байхдаа ханиалгаж байгаагаа хэлж байсан ч канад эмч нар нэг их тоосонгүй, ургамлын тос өгөөд вагонд эргүүлэн ачиж байсан байна.
Ингэж ханиад цэргүүд, хятад ажилчдаар дамжин Умард Америкаас Европ, Франц, Их Британи гээд дайтаж байгаа бусад орнууд руу асар хурдан тархжээ. 1918 оны тавдугаар сар гэхэд энэ халдвараар Испанийн хүн амын 40 хувь нь өвчилж, чөлөөт хэвлэлүүдээр аймшигт шинэ өвчний талаар дэлхий дахин шуугьж, түгшиж эхэллээ.
Үхлийн өвчин
Ойролцоо дүгнэлтээр “испанка” ханиадаар манай гаргийн нийт хүн амын гуравны нэг болох 500 сая орчим хүн өвчилсөн гэдэг. Энэ халдварын улмаас нас барсан хүний тоог хамгийн бодитойгоор 40 сая гэдэг ч сүүлийн үед энэ тоог бүр их байсан гэдэг болсон. 2002 онд түүхч Эиалл Жонсон, Юрген Мюллер нар өөрсдийн судалгааны үндсэн дээр энэ ханиадны улмаас амиа алдсан хүний тоо 50-100 саяд хүрсэн гэж мэдэгдсэн байдаг.
“Испанка” энэ үзүүлэлтээрээ хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан аймшигт халдварт орж байгаа юм. XIV зуунд тархсан тахал л гэхэд манай гаргийн хүн амын 10 хувь болох 30-40 сая хүний аминд хүрч байсан юм шүү дээ.
Амь алдсан хүний тоо нь тухайн улс орны анагаах ухааны хөгжил, амьдралын түвшин, ахуйн нөхцөл, хөл хорио тавьсан байдал зэргээс болоод янз бүр, хүн амын нь дөрөвний нэгийг хөнөөсөн. Өнөөгийн Самоад гэхэд л хүн амын нь 23 хувийн амийг авч одсон бол, Замбигийн 21, Зимбабвегийн 10, Энэтхэгийн хүн амын долоог хувийн аминд хүрсэн.
Европын хувьд Балканы орнууд илүүтэй өртөж бараг хүн амын нь 30 хувийн амийг авч одсон бол Итали, Испани, Португалид үхлийн түвшин 1.4-2.3 хувь байлаа.
Харин Бразил, Франц, АНУ-ын Номхон далай дахь эзэмшлүүд нэгдүгээрт тусгаарлагдсан байдлаасаа болж эх газартай шууд харилцаа багатай байсан, нөгөө талаар хязгаарлалт, хөл хориог сайн авч хэрэгжүүлснээр халдвар хараахан тархаагүй өнгөрсөн.
Далайн орнуудаас Австрали халдварыг нэвтрүүлэхгүй хангалттай тэссэн ч удалгүй дэлхийн нэгдүгээр дайнаас эргэн ирж байгаа цэргүүдээр дамжин халдварлаж “испанка” ханиадаар 12 мянган австрали хүн амь үрэгдсэн байна. “Испанка” ханиадын дараа ХХ, ХХI зуунд ханиадны хэд хэдэн дэгдэлт гарсан. “Азийн ханиад” 1957-1958 онд, “Хонконгийн ханиад” 1968-1969 онд, “гахайн ханиад” 2009 онд дэлгэрсэн. Гэхдээ энэ аймшигт ханиадны үр дагавар хөнөөл нь азаар “испанка” ханиадад хүрэлгүй өнгөрсөн билээ.
“Испанийн” аймшиг
“Испанка” ханиадны халдвар хэд хэдэн шалтгаанаас ийм аймшигт үр дагавар дагуулсан. Түүний шинж тэмдэг нь ер бусын, эхлээд булчин задрах тахал, гэдэсний хижиг, чичрэг ч юм шиг байснаар эмч нар янз янзаар оношилж эхэлж. “Испанка” ханиадны үед өндөр халуурч, ханиалган, салст бүрхэвчээр цус алдаж, биеийн янз бүрийн хэсэгт хүчтэй өвддөг байна. Үүний зэрэгцээ “испанка”-гийн халдвар авсан олон хүнд зүрх судасны болон мэдрэлийн асуудал үүсч байсан байна.
Энэ ханиадад харин дархлаа харьцангуй сайтай залуу хүмүүс эхний ээлжинд илүүтэй өвчилж байжээ. Халдварын хамгийн хүнд үе хүн төрөлхтөнд 1918 оны намар тохиосон бол өвөл бүр ихсэх байх гэж эмч нар болгоомжилж байсан ч харин гайгүй байжээ.
Энэ өвчнийг германчууд үхлийн зэвсэг болгон зориуд тархааж байна гэсэн яриа Антантын орнуудад гарсан ч энэ өвчнөөр герман, австрийн цэрэг, иргэд ч өвдөж байсан болохоор энэ яриаг эмч нар няцаадаг.
Энэ аймшигт халдварын талаар өөр дүгнэлт байдаг.
“Дайн, өлсгөлөн, аймшиг, өвчин, хүйтэн. Энэ бүхэн хүний дархлааг муутган, вирус эсэргүүцэх чадварыг нь сулруулсан байсан нь нөлөөлсөн. Өнөөдөр олон улсын хэмжээнд ажил дээрээ хөмсөг зангидахыг хориглодог нь тохиолдлын хэрэг огт биш... Онгоцны үйлчлэгч, зоогийн газрын үйлчлэгч, зөөгч, угтан авагч... Инээмсэглэл дархлалын системийг сайжруулдаг болоод л тэр...”
Гаргалгаа
Судлаачид “испанка” ханиадны халдварын тухайд нэг чухал зүйлд тун бага анхаардаг. “Испанка” ханиадны нэг гол шинж нь зүрх судасны доголдол гэдгийг. Энэ халдварын улмаас зүрх судасны систем гэмтэж, цусны даралт огцом унан, зарим үед цус алдаж, өмнө нь уушгины асуудалтай байсан хүмүүст гөвдрүү үүсэн, ухаан алддаг.
Түүхээс
Ийм ханиад хүн төрөлхтөнд бүр эртний үед ч тохиож байсан. Зарим түүхчдийн баталснаар манай эриний өмнөх 460 оны орчим төрсөн “анагаахын эцэг” гэдэг Гиппкорат уг ханиадны талаар бичиж үлдээсэн байна. Гэхдээ шинжлэх ухааны ном зохиолд бол ийм вирус манай эриний IX-XII зууны үед тохиож байсан тухай бичсэн байдаг. XVI зууны үеэс л энэ ханиадны халдварын талаар тодорхой бичиж үлдээсэн нь өнөөгийн эрдэмтдэд судалгааны зүйл болж байна. XVIII зууны үед ийм ханиадыг агаараар, эсвэл шумуул, шавжаар халдварладаг байна гэдэг байснаа өнөөдөр баруунд “амьсгалын замаар тархах хурц халдварт өвчин” гэж нэрлэдэг болоод байна.
XIV-XVIII зуунд ийм халдвар байнга л тохиож байжээ. Мэдээж дэлхийн хүн амын өсөлт, тээврийн технологийн хөгжил нь халдвар түргэн тархаж газар авахад нөлөөлж байж. Хүмүүс хотоос хотод, дараа нь далайгаар өөр тивд аялж өвчнийг нэг газраас нөгөөд түгээж байлаа.
XIX зууны хоёрдугаар хагас хүртэл энэ өвчинтэй хэрхэн тэмцэхээ нэг л сайн ойлгохгүй шашны төрөл бүрийн арга, ерөнхий эмнэлгийн аргаар л тэмцэх гэж оролдож байлаа. Зарим нь бүр бариу гутал өмсөхөөс болж байна гэж хориглож байсан явдал ч бий.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"