Эртээ урьдын цагт нэгэн их орныг эзлэн төрсөн Ухаат Тангад хаан аж төрөн амьдран суудаг байжээ. Тэрээр Улаадай мэргэн, Шараадай мэргэн, Хараадай мэргэн гэдэг гурван хүүтэй юмсанжээ. Хоёр их хүү нь гэрлэж, отгон хүү нь хараахан гэрлээгүй байж гэнэ.
Гэтэл Ухаат Тангад хааны нүд юм үзэхээ больж, сайн эмч, домч нарт үзүүлээд засал авсангүйд түшмэд нь зовж “Таны мэлмий эдгэх ямар ч арга алга уу” гэж асуувал, нэг арга бий нь ч бий, гэвч хүүхдүүд маань муу болохоор тусгүй биз дээ гэсэнд түшмэл шалсаар байгаад хэлүүлбэл, хүүхдүүдийн маань хэн нэг нь миний үзээгүй газар очвол миний нүд сая илааршина гэжээ. Их хүү Улаадай мэргэн аян замд базаан бэлдэж мянган шилдэг эр дагуулан явсаар жаран ацтай мод, жаран хэлний хүн оршсон газар хүрээд эргэж ирвэл хаан эцэг нь:
— Тэр газар чинь миний жаран жил хаан суусан нутаг билээ гэж гэнэ.
Дунд хүү Шараадай мэргэн аян замд базаан бэлдээд, явсаар ахынхаа хүрсэн жаран ацтай мод, жаран хэлний хүн оршсон газрыг өнгөрөөд, далан ацтай мод ургасан, далан хэлний хүн суусан газар хүрээд гэртээ эргэж ирвэл хаан эцэг нь:
— Тэр газарт чинь би далан жил хаан суусан билээ гэж гэнэ.
Тэгэхээр отгон хүү Хараадай мэргэн төмөр гутал өмсч, төмөр таяг тулж явсаар тун хол газар хүрч, явсан хоногийнхоо тоог алдаж гэнэ. Гэтэл нэгэн их хонин сүрэг тохиолдож, цаад талд нь хар эрээн аварга могой аргаль эвэртэй хуц залгиад, хуцын аргаль эвэр нь могойн завжинд тээглээд цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болж хоёулаа үхэх гэж байхад хуцыг нь татан гаргавал хуц цойлон давхиж ижилдээ нийлэв гэнэ. Могой ч нүдээ нээж, ухаан орж, хүүг цагариглан ороож
— Чи миний аминд орлоо, чамайг яахин дэмий орхих билээ, манайд оч гээд нуруун дээрээ суулган явсаар нэгэн их ан гаваар газар дор орж гэрийнхээ үүдэнд хүүг буулгаад би могой бус, доод газрын хүн гээд гэрт орвол мөнөөх могой нэгэн өвгөн болжээ.
Өвгөний охин эхтэйгээ хоёул баясан угтаж унд хоол өгч, хүүд тэр охин аминчлан, чамайг явахад аав юу дуртай гурван юмаа ав гэх байх, тэгвэл авдарт байгаа хар билүүгээ өг, адуунд яваа Хамбарын хар морио өг гээд дараа нь юу дуртайгаа хэлээрэй гэжээ. Хүүг явах үест сайх өвгөн дуртай гурван юмаа хэлээд ав гэхэд охины нь хэлснээр гуйвал буруу харж уйлан, зөв харж инээн, аминдаа орсон ачит хүндээ яаж үгүй гэх вэ гээд өгч гэнэ.
Хараадай мэргэн хүү Хамбарын хар морио унаж орж ирсэн ан гаваараа дээшээ гараад нэгэн голын усанд нүүр гараа угааж байгаад алтан шар өнгөтэй өд олбол Хамбарын хар морь нь энэ өд бүү ав гэхэд нь мориноосоо нуугаад алчууртаа боочихжээ. Цаашаа явсаар, шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг харгис хааныг номхруулж тэр хааны хайр ивээлд сууж байгаад, хаанд мөнөөх өдөө өргөжээ.
Гэтэл санаа муут хүмүүс Хараадай мэргэн хүүд атаархаж, хорлох арга зохиож хаанд очоод:
— Хараадай мэргэн, намайг тийм сайхан өд аваачиж өгөхөд шувууг нь олж ир гэхгүй, манай хаан тэнэг хүн гэж хэллээ гэвэл хаан тэр үгийг зөвшөөрч, Хараадай мэргэнийг дуудаж авчраад — Над өгсөн өдтэй адил өдтэй шувуу олж ир гэжээ.
Хүү, би тэр шувуу хаана буйг мэдэхгүй гэвэл ямар ч гэсэн чи олж ир. Хэрэв чамайг зугтвал бид хаа байгаа газраас чинь олж чадна шүү гэж сүрдүүлэхэд Хараадай мэргэн Хамбарын хар мориндоо очиж хэлбэл энэ өднөөс их хэрэг үүднэ. Харин би дараачийнхаас нь айж байна гээд:
— Чи хаанд очиж гурав нэрсэн дарс, дарсаа хийх тэвш гуйж ав, тэгээд явъя гэжээ. Хараадай мэргэн бүх юмаа бэлдээд мориндоо мордож өдөр шөнөгүй явсаар мориныхоо зааснаар алтан шар өдөт шувууг согтоон бариад хаанд өгвөл хаан баясаж, Хараадай мэргэнийг улам хайрлах болжээ.
Муу санаат хүмүүс улам атаархаж, ахин арга зохиож хаанд очоод
— Хараадай мэргэн «Хаан надаар орчлонгийн сайхан гоо хүүхэн авчруулахгүй юм гэж байна гэлээ гэсэнд хаан тэр үгийг нь бас зөвшөөрч Хараадай мэргэнийг дуудаж авчраад тушаавал хүү, би тэр хүүхэн хаа бүхийг мэдэхгүй гэвэл, чи их бардам амтай хүн, олон үггүй явж олж ир гэж тушааж гэнэ.
Хараадай мэргэн бас хар мориндоо очоод арга асууж хэрэгтэй юмаа хаанаас аваад өдрийг өдөр гэлгүй, шөнийг шөнө гэлгүй явсаар мориныхоо заасан аргаар орчлонгийн хүүхнийг аваад ирвэл хаан гарч угтан очиход тэр хүүхэн
— Хэрэв чи надтай сууна гэвэл миний саалийн гүүг авчир, эс авчирвал би чамтай суухгүй гэхэд
— Тэр гүү чинь хаана байдаг юм бэ? гэвэл сайх хүүхэн— Намайг авчирсан тэр хүү мэднэ гэжээ. Хаан Хараадай мэргэнийг дуудаж авчраад тушаавал. Би энэ хүүхний саалийн гүү хаана буйг мэдэхгүй гэвэл:
— Чи дандаа мэдэхгүй гээд л олоод ирдэг, заавал олж ир гэж тушаахад хүү мориндоо очиж арга асууж юмаа авч явсаар Ганга мөрнөөс орчлонгийн гоо хүүхний саалийн гүүг азаргатай нь тууж ирвэл мөнөөх хүүхэн саалийн хувингаа барьж угтан, гүүгээ сааж нэгэн их тогоонд сүүгээ хийж буцалгаад хаанд:
— Энэ сүүнд орвол би чамтай сууна, чамайг эс орвол би суухгүй гэсэнд хаан айж миний өмнөөс Хараадай мэргэн хүү минь ор гэжээ.
Хараадай мэргэн буцламгай сүүнд булхан ороод гарахдаа орчлонгийн гоо хархүү болоход хаан үзээд, нэг хүн орсны дараа тэр сүү хор болдгийг мэдэлгүй, давхин ороод хордож үхжээ.
Тэр улсад Хараадай мэргэнд хүрэх ухаалаг, гоо, идэр хүн үгүй болохоор Хараадай мэргэн хаан ор сууж орчлонгийн гоо хүнийг хатнаа болгож гэнэ. Тэгээд нэгэн шударга түшмэлд хаан ороо захин орхиод гоо гэргийгээ авч Хамбар хар морио унаад уугуул гэртээ ирж хаан эцэгтээ, очсон газар, үзсэн бүхнээ өгүүлбэл эцэг нь ихэд баясан, би сохроогүй билээ, харин гурван хүүгийнхээ ясыг үзье гэж хуурмаг сохорсон юм гээд отгон хүү Хараадай мэргэндээ хаан сууриа өгч хамаг бүгдээр жарган сууж амар сайхандаа жаргажээ.