Ц.ХАС
Технологийн хөгжил асар хурдтай урагшилж байгаа нь тун удахгүй хүмүүсийн бүхий л ажлын байрыг робот булаан авч магадгүй болоод байна гэж нийтлэлч Кевин Драм бичжээ. Үнэхээр робот өнөөдөр ямар ч мэргэжлийн ажлыг хийх чадвартай болоод байна. Ойрын 40 жилд роботууд үндсэндээ бидний ажлын байрыг бүгдийг булаах нь. Бид тэгээд яах вэ, шуудуу ухах уу, робот түүнийг хэнээс ч илүү сайн хийчихнэ. Сонин сэтгүүлд өгүүлэл бичих үү. Робот та биднээс хамаагүй илүү бичнэ. Та эмч бол робот клиникийн сая тохиолдлуудаас хайж байгаад хэнээс ч илүү онош тавиад эмчилчихэж чадна. Уран бүтээлчид арай нэг ажлаа булаалгачихгүй байх гэж бодож байна уу, тэгвэл эндүүрэл. Роботууд зурж, бичиж, хэнээс ч илүү баримал урлаж чадна.
Ийм байдлаар ойрын 20 жилд та бидний тал нь ажлын байраа роботуудад булаалгах нь. Дахиад 20 жил өнгөрөхөд бүх хүн ажилгүй болох юм биш үү. Дэлхийн дулаарал гэдэг том асуудлын хажуугаар шинжлэх ухаан техник, технологийн дэвшлээс үүдэлтэй ажилгүйдэл гэдэг том “асуудал” гарч ирэх нь. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хиймэл оюун ухаан бол зөвхөн Оросын ч төдий биш бүхий л хүн төрөлхтний ирээдүй. Энэ салбарт хэн тэргүүлэгч болно, тэр нь дэлхийг эзэгнэгч болно” гэж хэлсэн байдаг. Аюултай үг шүү.
Хиймэл оюун ухаан геометрийн прогрессоор хөгжиж байна
Робот техникийн хөгжлийн нэг дэвшил болох хиймэл оюун ухаан руу бид асар хурдтай дөхөж байна. Одоохондоо хиймэл оюун ухаан хүний оюун ухааны түвшинд хараахан хүрээгүй байгаа ч сүүлийн 20 жилийн хурдаас ажихад 10 жилийн дараа гэхэд хиймэл оюун ухаан хүний тархины аравны нэгийг орлож, дахиад арван жил өнгөрөхөд хиймэл оюун ухаан хүний түвшинд сэтгэж ажилладаг болно. Технологи олон жилийн туршид зогсонги байдалд байснаа гэнэт л робот шатар тоглоод бүр гроссмейстрээс ч илүү болохоо харууллаа. Робот өнөөдөр машин жолоодож, хүнийг таньж чадаж байна. Их Британийн робот цагдаа нүүр царай таних программын тусламжтайгаар саяхан гэмт хэрэгтнийг барилаа. “Google”-ийн яриа таних программын алдааны магадлал аравхан сарын дотор 8.5 хувиас 4.9 хувь болж буурав. Ингээд та бид хэзээ оюун ухаант робот зарцтай болох вэ, тэгээд. Юуны түрүүнд робот жолооч, газар ухагчдын ажлыг булаах нь, тэгээд дараа нь зохиолч, багш нар ажлаа өгнө.
“Их хэмжээний ажилгүйдэл зөвхөн мэргэжил шаардахгүй ажиллагсдад нүүрлэх юм биш. Хэчнээн сайхан өндөр боловсролтой байгаад ч нэмэргүй. Хиймэл оюун ухаант робот ямар ч ажлын байрыг булаана. Жинхэнэ бүтээлч сэтгэлгээний цөөхөн хүн л ажилтай үлдэнэ дээ” гэж “Роботуудын бослого” номын зохиолч Мартин Форд бичсэн байна.
Оксфорд, Йелийн их сургуулийн судлаачид хиймэл оюун ухааны салбарын 352 шинжээчээс “робот, машин хэзээ хүнийг бүрэн орлож ажилладаг болох вэ” гэж асуусан байна.
Тэд хиймэл оюун ухаан хүнээс ч илүү болно гээд ийм үе шаттайгаар...
2022 он: Угаасан зүйлийг эвхдэг болно
2024 он: Харь хэлнээс орчуулга хийж чадна
2026 он: Дунд сургуулийн сурагчдад зориулсан эссе бичнэ
2027 он: Ачааны машин жолоодно
2049 он: Бестселлер зохиол туурвина
2053 он: Мэс засалч болно
2060 он: Ямар ч бодлого, зорилтыг шийдвэрлэж чаддаг болно гэж хариулсан байна.
Энэ шинжлэх ухаан дэвшлийн сайхан мэдээ мэт сонсогдож байгаа ч нөгөө талаас нь харвал их хэмжээний ажилгүйдлийн дүр зураг ард нь байна. Мэдлэг мэргэжил шаардахгүй ажлын байрууд 2030 он гэхэд алга болох гэнэ. Энэ чинь АНУ-ын ажиллах хүчний тал хувь шүү дээ. 2030 он гэхэд АНУ-ын бүхий л ажлын байрны 38 хувь нь “автоматжуулалтын” золиос болж үгүй болно гэсэн судалгааны дүнг “PricewaterhouseCoopers” нийтэлсэн байна.
Нийгмийн дэг журмаа өөрчилж нийгмийн аюулаас зайлсхийж болно
Хиймэл оюун ухааны хувьсгал нь хүн төрөлхтнийг хүнд хөдөлмөрөөс бүрэн чөлөөлнө. Ухаалаг машин хүн төрөлхтөнд шаардлагатай бүхий эрч хүчийг нь сэргээх болно. Хэрэв бид аж үйлдвэрийн хувьсгалын энэ үед юу хийхээ мэдэхгүй байх юм бол ойрын жилүүдэд робот эзэмшдэг баячууд баяжиж, бусад нь ядуурах нь ойлгомжтой болж байна. Капиталистууд хэнд бараагаа зарахаа мэддэг учраас мөнгө хийж чадна. Хиймэл оюун ухааны хувьсгалын үр дүнд их хэмжээний ажилгүйдэл нүүрлэхэд орлогыг дахин хуваарилах шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл “ажил” гэдэг ойлголтоос “орлого” гэдэг ойлголт руу шилжих гэсэн үг. Роботууд ийнхүү хүмүүсийн ажлын байрыг булааж, ажилгүйдэл газар аваад эхлэхэд бид яах ёстой юм бэ.
Төрөөс үзүүлэх халамжийг өргөтгөх хувилбар
Өнөөдөр хэрэгжиж байгаа ч үүнийг улам өргөжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар ч хязгаарлалтгүй өгөх хэрэгтэй. Үндэсний эрүүлийг хамгалаах тогтолцоо бүгдэд үнэ төлбөргүй байх. Ажилгүй хүн бүрд орон сууц, өргөн хэрэглээний зүйлсийн баталгаа өгөх. Энэ бүхэн удаан үргэлжилж чадахгүй болохоор сая сая хүн жилээс жилд улам л доошоо орно.
Болзолгүй үндсэн орлоготой байлгах. Нэгдүгээр хувилбар
Төрөөс хүн бүрийг тодорхой хэмжээний орлоготой байлгахыг баталгаажуулах. Өнөөгийн хүмүүнлэг нийгэм иргэдийнхээ хэвийн амьдралын баталгааг хангаж өгөх ёстой. Европын зарим орон одоо ч хүн бүрээ үндсэн орлоготой байлгах халамжийн бодлого баримталдаг болоод байна.
Болзолгүй үндсэн орлоготой байлгах. Хоёрдугаар хувилбар
Үндсэн орлого нь хүн бүрд хүрэхийн зэрэгцээ орлогын хэмжээ нь амьжиргааны ая тухтай түвшинг хангаж чаддаг байх. Их хэмжээний ажилгүйдэл гэдэг нь хүмүүсийн залхуу хойрго байдлаас юм уу, нийгмийн шалтгаанаар биш харин технологийн хөгжлийн зайлшгүй үр дүн гэдгийг бид хүлээн зөвшөөрвөл бид үүнийг хэрэгжүүлж болно. Ажилгүйдэл нь хүмүүсийг өөрөөсөө боллоо хэмээн гутаан доромжлох зүйл биш болж хиймэл оюун ухааны үр шимийг баячууд ганцаараа хүртэх боломж олгох ямар ч шалтгаан байхгүй болно. Ингэснээр ямар ч болзолгүй орлогыг бага түвшинд байлгаж чадна. Ер нь хүмүүүнлэг нийгэм хүмүүсийг ажлаас нь халахыг нэг их эрмэлздэггүй шүү дээ.
Роботод татвар ногдуулах
Ийм саналыг Европын парламентын илгэлийн төсөлд тусгаж байна. Үүнийг тэрбумтан Билл Гейтс дэмжиж, роботод татвар ногдуулахын зэрэгцээ хүмүүс шиг ашгийн татвар авдаг болъё гэж байна. Энэ нь хүмүүсийг илүүтэй өрсөлдөх чадвартай болгоно. Харамсалтай нь энэ санал бас учир дутагдалтай. Улс орон бүр роботод ижил татвар ногдуулахгүй бол роботууд татвар бага өөр улс оронд ажиллаад байх жишээтэй.
Роботуудыг үндэсний болгох хувилбар
Хиймэл оюун ухаант роботыг хувьдаа эзэмшихийг хориглох. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаант роботуудыг Засгийн газар эзэмшиж тэдний бүтээл, ажил үйлчилгээг хувийн хэвшилд зарах хувилбар байна. Эндээс бий болох орлогыг бүгдэд тэгш хуваах. Энэ хувилбарыг хэрэгжүүлэхэд тухайн улс орны улс төрийн уур амьсгалыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй л дээ.
Их хэмжээний татвар ногдуулах
Робот өөртөө ажил олж хөдөлмөрлөвөл ашгийн 90 хувийн татвар ногдуулах. Баячууд биенесээ эрхлэн баялаг бүтээж их хэмжээний мөнгө олдог ч хөдөлмөр нь дэд бүтэц шиг нийгмийн баялаг байх ёстой.
Баялагт ногдуулах татвар
Хиймэл оюун ухаант роботууд материаллаг баялаг бүтээж, хямд үйлчилгээ үзүүлсээр байх ч хомсдол байсаар байх болно. Танд хэдэн робот байх нь гол биш, харин хэчнээн үл хөдлөх хөрөнгө байгаа нь чухал. Баячуудын ганц л хүсдэг зүйл чинь тансаг харш, үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Үнэхээр тэр л үлдэнэ. Роботууд баячуудаас илүүг хийж ийм тансаг үл хөдлөх хөрөнгө ихсээд ирвэл үүнд өндөр татвар ногдуулж болно.
Юутай ч хүн төрөлхтөн техник технологийн их хувьсгалын шуурганд хүссэн хүсээгүй орчихлоо. Хүн төрөлхтний өөрсдийнх нь бүтээл эргээд өөрсдөд нь аюул занал учруулна гэдгийг анх удаа ч мэдэрч байгаа нь энэ биш. Альберт Энштейн “Дэлхийн дөрөвдүгээр дайн гарвал хүмүүс бороохой, чулуун зэвсгээр тулалдана” гээд зүгээр ч нэг хэлчихсэн биш бололтой.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН