Ихэс дээдсийн гоёл байгаад энэ цаг үед хүн бүрийн хэрэглээ болон тархсан торгоны түүхийг монголчууд сайн мэднэ. Манай урд хөршид МЭӨ 3000 орчим онд торго анх бий болж улмаар нэгэн цаг үед торгоор наймаа арилжаа хийдэг байсан түүхтэй. Харин одоо бол хүр хорхойн шүлсээр нэхсэн торгыг хамгийн чанартай, тансаг нь гэж үздэг. Японд аж ахуйн нэгэн том салбар болтлоо хөгжсөн хүр хорхойн торгоны тухай зарим сонирхолтой баримтыг хүргэе.
Эмэгчин эрвээхэй нэг удаа 400-600 өндөг гаргадаг
Хүр хорхой хэмээх амьтан нас бие гүйцэхээр цагаан өнгийн эрвээхэй болдог. Эмэгчин эрвээхэй нэг удаа 400-600 өндөг гаргадаг аж. Өндөгнөөс гарсан авгалдай гурван мм хэмжээтэй байдаг бол гурван долоо хоногийн дотор найман см хэмжээтэй болж томордог. Ийнхүү бие гүйцсэн хүр хорхойн биеийн 50 орчим хувьд нь тусгай шингэн байдаг ба түүнийгээ толгойгоо хоёр тийш хаялан наймын тоо хэлбэрийн дүрс үүсгэн амаараа гаргадаг нь бидний мэдэх хүр хорхойн торго нэхдэг утас юм. Хүр хорхойн шүлс агаарт гарангуутаа хатаж бэхэждэг. Хүр хорхой 24 цагийн дотор нэг кг орчим утсан бөмбөлөг үүсгэх чадвартай. Ингэж бөмбөлөг үүсгэж өөрөө дотор нь амьдарсаар 60 цагийн дараа гэхэд 0.01 мм-ийн өргөнтэй, 1100-1500 метрийн урттай нэг ч залгаагүй утас “үйлдвэрлэдэг”. Утсыг нэхмэл хийхэд бэлтгэхийн тулд буцалсан халуун усанд дэвтээж авдаг гэнэ.
Нэг торгон дээл хийхийн тулд 1500-2000 ширхэг утсан бөмбөлөг ашиглана
Хүр хорхойн шүлсээр торго нэхдэг арга Хятадад үүсч улмаар хил залгаа улсуудад нь тархсаар өдгөө Японы хүр хорхойн шүлсээр нэхсэн торгыг хамгийн чанартай нь хэмээн үзэх болжээ. Учир нь хүр хорхой хамгийн цэвэр цэнгэг ус, агаар, хөрстэй газар амьдардаг аж. Японы аль ч орон сууцны ямар ч өрөөний цоргоос ус авч шууд уух боломжтой байдаг учраас хүр хорхойн аж ахуйг хөгжүүлэх боломжтой байдаг гэнэ. Япончууд хүр хорхойг тэжээхийн тулд кавако нэртэй навчийг 5000 жилийн өмнөөс ургуулж байгаа аж.
Нэг хүнд торгон дээл хийхэд 1500-2000 ширхэг хүр хорхойн шүлсэн бөмбөлөг буюу хүүхэлдэй шаардлагатай.
SPF-тэй энгэсэг түрхэхгүй ч байсан болно
Бүсгүйчүүд нарны хэт ягаан туяанаас нүүр болон биеийн арьсаа хамгаалахын тулд SPF-тэй тос, энгэсэг түрхдэг. Харин японд хүр хорхойн шүлсээр нэхсэн тансаг шүхрийг барьж нарнаас хамгаалах моод дэлгэрээд байгаа гэнэ. Учир нь хүр хорхойн шүлс нарнаас 98 хувь хамгаалах чадалтай.
Амьд биетээс гаргаж авсан учраас хүр хорхойн шүлс хүний биед хамгийн сайн тохирдог. Энэ давуу талыг нь ашиглан эрт дээр үед хагалгаа хийхдээ энэ утсыг оёдол тавихад нь ашиглаж байжээ. Түүнчлэн амьд биеэс ялгарсан шүлс ноолуураас дутуугүй илчтэй байдаг юм байна. Нимгэн, гоёмсог харагдах торго 90 хувийн илчтэй байдаг гэвэл та итгэх үү. Харахад зуны гоёлтой мэт дэгжин, хүрэхэд дулаан мэдрүүлэх илчтэй гэхээр сайхан байгаа биз. Тиймдээ ч япончууд сансрын нисэгчийн дотуур хувцасыг хүр хорхойн шүлсээр нэхсэн байгаа юм. Мөн торгон утсаар нэхсэн оймсыг Токиогийн их сургуулийн эрдэмтэн багш гурав хоногийн турш тасралтгүй өмсөөд чийгийг маш сайн шингээдгийг нь нотолжээ. Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй түүнийгээ шөнийн цагаар хөлс хэлбэрээр биеэсээ ялгаруулдаг учраас эрдэмтэд хүр хорхойн шүлс болон энгийн даавуугаар хийсэн унтлагын хувцас өмсүүлээд хоёр хүнийг ижил орчинд унтуулжээ. Хүр хорхойн торгон хувцастай хүн шөнийн турш тав тухтай унтсан бол даавуун хувцастай хүн гурван цаг тутам эргэн хөрвөж байрлалаа өөрчилж байжээ. Мэдээж сэрснийх нь дараа үзсэн эрүүл мэндийн үзлэгийн дараа ч бие нь илүү сайн амарсныг нотолсон. Биед эвтэйхэн, өмсөхөд таатай, чийгийг сайн шингээж, маш хурдан хатдаг учраас өдгөө ч хүр хорхойн торго хамгийн үнэтэй, тансаг бүтээгдэхүүн хэвээр байгаа.
70 жилийн түүхтэй “Кашиваги” торго манай улсад ирлээ
Японы Окинава арлаас хамгийн хойд талын Хоккайдо арал хүртэл таван арлыг дамнан үйл ажиллагаагаа явуулдаг “Кашиваги” компани торгоо Монгол Улсад оруулж ирдэг болжээ. 70 жилийн турш хүр хорхойн шүлсээр торго нэхэж байгаа энэ компанийн албан ёсны салбар нь тун удахгүй манайд нээгдэх гэнэ.
Япончууд сүм хийдийнхээ хойморт хамгийн эрхэм эд, идээ ундаагаа дээжлэн өргөдөг ба түүний дотор нь хүр хорхойн утсан бөмбөлөг зүй ёсоор багтдаг аж.
Дорноос өрнийг чиглэсэн торгоны цуваа
Хятад, Япон, Тайланд, Вьетнам болон Бразиль зэрэг улсад торго үйлдвэрлэж Герман, Швейцарь, Англи, Австри, Франц, Голланд, Дани, Грек, Испани, Португальд торгыг таашаан хэрэглэгчид хамгийн ихээр оршин суудаг. Монголчууд торгоор дээл хийдэг л гэсэн ойлголттой байдаг бол одоо хүр хорхойн шүлсээр гаргаж авсан утсаар малгай, ороолт, бээлий, шүхэр, дотуур хувцас гээд бүгдийг хийдэг болжээ. Манай улсын хилийн өмнөд хэсгээр өнгөрдөг байсан торгоны замаар зөвхөн торго зөөдөггүй байсан ч хожим нь энэ замыг Германы шинжилгээний ангийн ахлагч Рихтхофен ийнхүү нэрлэсэн аж. Гэхдээ дорноос өрнийг зоригсод торго дурдан ачаалж жин тээж, эргэн ирэхдээ шилэн эдлэл, хоолны ногоо зэргийг ихэвчлэн тээвэрлэж байснаас энэ нэр бий болсон түүхтэй.
Бие жижиг ч бэлчээр том
Хүр хорхой маш жижигхэн биетэй ч биеэсээ 1500 метр утас гаргахын зэрэгцээ, эм болон хоол болдог шидтэй. Хүр хорхойн толгой бараан өнгөтэй болж байгаа нь эрвээхэй болох дөхсөнийг нь илтгэдэг. Эрвээхэй болох гэж байгаа хорхой үүрээ хэмлэн гарч ирдэг учраас утсыг нь тасдуулахгүй тулд үүнээс өмнө халуун усанд дэвтээн утсыг ороож авдаг аж. Эрвээхэй болсон ч хүр хорхой нисч чаддаггүй, үржлийн үе хүртлээ далавчаа дэвэн эргэлддэг. Үржилд орсныхоо дараа эрэгчин нь шууд үхдэг аж.
Хүр хорхойн биед уураг маш ихээр агуулагддаг тул солонгосчууд торгоны хүр хорхойг шарж боловсруулан хоол хүнсэнд хэрэглэдэг. Мөн хятадууд торгоны хүр хорхойг хатааж, дээр нь “Beauveria bassiana” хэмээх мөөгөнцөр ургуулан уламжлалт анагаах ухаандаа ашигладаг аж.