Шинжлэх ухаан техникийн хөгжил дагаад олон ажил мэргэжлийг робот, техник орлох болоход үлдэх ажлын байрны нэгэнд реклам сурталчилгааны мэргэжилтний ажил гэж олон улсын эрдэмтэд тооцжээ.
Зах зээлийн өрсөлдөөний үед үнэхээр энэ мэргэжил чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн хэлбэрт шилжээд 30 хүрэхгүй жил болж байгаа манай орны хувьд энэ салбар, ажил мэргэжил хамгийн чухал атлаа хамгийн хөгжиж хөлөө олохгүй байгаа гэж болно. Чухамдаа худалдаа арилжааны бүхий л ажлыг улсын ганц байгууллага хариуцдаг ямар ч өрсөлдөөн байхгүй байсан болохоор дөнгөж бий болоод байгаа реклам, зар сурталчилгааны энэ салбар үнэхээр залуудаж, боловсон хүчнүүд нь ч туршлагагүйтэж байгаа хэрэг байх.
Реклам, зар, сурталчилгаагаа ялгадаггүй
Чухамдаа бизнесмэн бүрий л өөрийн ажил үйлчилгээ, бүтээгдхүүнээ зах зээлд ахиухан борлуулъя гэж мөрөөддөг нь ойлгомжтой. Ийм ч болохоор компани, аж ахуйн нэгждээ маркетингийн алба гэсэн том нэртэй бүтэц бий болгон хэдэн хүн цалинжуулдаг. Харамсалтай нь энэ албаны хэдэн хүн нь ч, захирал ерөнхийлөгч нь ч реклам, зар, сурталчилгаагаа ялгадаггүй манай ажлыг, бүтээгдэхүүнийг сурталчилж л байвал болоо хэмээн сэтгэж юу хамаагүй хийлгэн захын телевизээр цацуулж байгаагаас тэр нь хүнд хүрэхгүй, ёстой тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг мөнгө дэмий үрсэн ажил болж байгаа. “Манай ийм ийм бүтээгдэхүүн хямдарлаа” хэмээгээд хэдэн бараа бүтээгдэхүүний зураг харуулаад хэдэн хувь хямдарсныг нь хэлчих зүйлийг л реклам гэж ойлгоод 20-30 секундээр цацаад өнгөрдөг. Чухамдаа энэ бол дүрстэй зар л болохоос биш реклам огт биш.
Боссууд үүнийгээ ялгаж мэддэггүйгээс маркетингийн мэргэжилтнүүд нь хэд гурван телевизийн маркетингийн хүнтэй танил болчхоод “ийм ч реклам төчнөөн удаа явууллаа” хэмээн удирдлагаа хулхидаад мөнгө урсгаж, тухайн телевизээсээ рекламын хувь “цавчаад” л сууж байгаа нь нууц биш.
Реклам сурталчилгаа чинь уран бүтээл
“Дээд айл нь тоосоо соруулахад доод айлын тавилга нь тааз руугаа наалддаг” шиг реклам манай монголд байна уу....байхгүй...Тэгэхээр реклам захиалагчид нь ч , реклам хийдэг уран бүтээлчид нь ч манайд хөгжөөгүй л байна гэсэн үг.....\ Реклам гэдэг чинь бүтэн кинотой дүйцэхүйц уран бүтээл. Энэ чиглэлээр ажилладаг студи уран бүтээлчид ч мөнгийг нь авсан юм чинь болоо гээд дүрстэй зар хийж гурилддаг. Үндсэндээ л нэг бараа харуулаад, “ийм бараа манайд ирлээ, ийм давуу талтай, ийм үнэтэй” гэсэн зүгээр нэг дүрстэй зар л яваад байдаг. “манай дэлгүүр солонгос ориг хувцсаа төдөн сарын төднөөс төдий хүртэл төдөн хувь хямдрууллаа. Та яараарай” гээд хэдэн дотуур хувцас харуулснаа реклам хэмээн тухай компанийн маркетингийн албаны ажилтан, дарга боссыг хуураад л аргацааж байгаа нь нууц биш. Орчин үеийн телевизийн сайн программ график ашиглаад хийчихсэн, хэдхэн секундэд хүнийг алмайруулж, утсыг нь тэмдэглээд авъя гэж бодохоор хийсэн реклам манайд хэд байдаг юм бол.....
Ийм нэг сурталчилгаа явж байна аа......Эхлээд л олимпын цагираг, туг далбаа, олимпын наадмын нээлт, Н.Түвшинбаяр аварга гарав. Олимпын тухай л нэг юм гарах нь дээ гэж байтал жүжигчин Хасар Жаргалсайхан, Уранчимэг хоёр гарч ирээд Олимп хотхоны сайхныг магтаж байна. Тэгээд тэр “Олимп” хотхоны гадаад төрх харагдаад харилцах утас гарч байгааг ямар реклам гэх вэ.....Бодоход студийнхэн дураараа тэгж хийгээгүй цаад газар нь л тэгж захиалсан байх даа.....Тэр байгууллага студид, жүжигчдэд хэдий мөнгө төлөөд, телевизээр цацахад хэдий төгрөг зарцуулаа бол. харамсалтай нь түүнийг нь хүн ойлгох ч үгүй, ерөөсөө үзээ ч үгүй л дээ.
Уг нь телевизийн салбар бол харин ч хөгжөөд техник тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөг ашигладаг болсон, залуучууд ч үүндээ гаршиж сайн сэтгэж чадамгай хийдэг болсон л доо. Гээд “мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” жамтай юм болохоор тухайн компанийн босс, маркетингийн ажилтны сэтгэлд тааруулаад л ийм болхи юм хийж суудаг байх.
Судалгаа огт байхгүй
Маркетингийн албаны гол ажил бол зах зээлээ, аль хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн олон хэрэглэгчтэй, аль цагт реклам, сурталчилгаагаа явуулбал олон хүнд хүрэх, реклам зар сурталчилгаа явуулснаар ямар үр дүнд хүрэв гэдгийг судалж байх ёстой. Үнэнийг хэлэхэд энэ бүхнийг яг таг хийдэг маркетингийн алба, ингэхийг шаарддаг захирал, босс манайд байна уу.....Компани аж ахуйн нэгжийн удирдлагууд сайндаа л “хэр олон үзэгчтэй телевиз юм, аль цагт явуулах юм, ямар үнэтэй юм” гэсэн цөөн асуултаар удирдан чиглүүлэх ажлаа хязгаарлаж, бүхнийг тухайн ажилтны мэдэлд шилжүүлж байгаа. Тэр нь дундаас нь мөнгө саахаа л мэдэхээс биш, чанартай юм болгочихъё гэсэн сэтгэл гаргахгүй. Ихэнх маркетингийн ажилтан, удирдлага боссын толгойд тэртээ 30-40 жилийн өмнө Монголын үндэсний телевиз, мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг Монголын бүх хүн үздэг байсан гэсэн сэтгэлгээгээр “Аль телевизэд өгөх юм, мэдээллийн хөтөлбөрөөр нь гарах уу” гээд л болоо.
Гэтэл өнөөдөр 100 гаруй суваг гарч байгаа телевизээс тэр телевизийг үздэг хүн хэд вэ...Судалгаагаар Монголын телевизийн нэг сувгийг хоногт дунджаар 10-15 мянган айл өрх үздэг гэсэн баримт бий. Тэгээд ч төр улсын нэр хүнд ингэтлээ унаж байгаа өнөө цагт мэдээллийн хөтөлбөр үздэг хүний тоо улам л цөөрч байна. Хүмүүс ихэнх мэдээллээ олон нийтийн сүлжээ, сайтуудаас хүлээн авч байна. Маркетингийн менежер сайтай болоод ч тэр үү хамгийн их реклам цацдаг ТВ-5 телевизийн мэдээллийн хөтөлбөр нэг цаг үргэлжилдэг. Мэдээлийн энэ эрин зуунд мэдээллийн хөтөлбөр үзэх гээд нэг цаг тэвчээртэй суудаг хүн бий юү. Захирал нь, ивээн тэтгэгч нь болохоор Д.Сарангэрэл л үздэг байж мэднэ. Тэгээд ч өнөөдөр тэр рекламны хэсэг нь хэдэн арван минут үргэлжилдаг болохоор хүмүүс залхаад сувгаа сольчихдог...
Яг үнэхээр зар сурталчилгаа сонирхож ямар нэг хэрэгцээтэй хүмүүс нь тэр рекламууд нь хэзээ эхлэхийг хүлээж байгаад тэсэлгүй сувгаа солино.
Сонинд бол хуудсыг нь эргүүлж байгаад хэрэгтэй мэдээлэл, рекламаа хайгаад олж болдог бол телевиз, радиод яг л тодорхой цаг байхгүй бол олж өртөж харна, сонсоно гэж байхгүй. Манай телевизүүд бол “за танай рекламыг мэдээллийн хөтөлбөртөө орууллаа, уран сайхны киноны дундуур өгнө” гээд л нэмэгдэл өндөр үнэ авдаг ч тэр нь яг хэдийд гарах нь ойлгомжгүй, бүрхэг. Харъя гэж хүлээсэн хүн хүлээж залхаад нэг бол босоод явна, эсвэл сувгаа сольчихно.
Гэтэл өнөөдөр зарим сайтад хоногт 100, 200 мянган хүн хандаж байхад аж ахуйн нэгжүүд тийшээ сурталчилгаагаа өгөхгүй л байна. Телевизийг хүн заавал сууж тухалж байж үздэг бол олон нийтийн сүлжээ, сайтыг хүн хаана ч явахдаа үзчихэж болно.
Тэгэхээр энэ бол маркетингийн алба, тухайн компанийн судалгаа муугийнх...Өдөр тутмын сонин ч гэсэн дээ, хамгийн олон захиалагчтай сонин 5000 захиалагчтай л байна шүү дээ. Ёстой хэвлэмэл юм даа, маргааш нь нөгөөдөр нь нэг хүн олоод харж магадгүй гэж л найддаг байх.
Тэгээд реклам, зар сурталчилгаа явуулсны үр дүнг судалдаг компани, аж ахуйн нэгж, маркетингийн алба, ийм захирал босс үндсэндээ байхгүй. “За ямар реклам, бүтээгдэхүүнээ мэдээллийн ямар хэрэгслээр хэдий давтамжтайгаар, хэдэн удаа, аль цагт явуулав, үр дүнд нь борлуулалт яаж нэмэгдэв” гэж асуучихдаг захирал босс хэд байдаг юм бол....
Хэл найруулга
Хэл яриа гэдэг харилцааны гол, үндсэн хэрэглүүр... Хэдийгээр дүрсийг нь харуулж байгаа боловч түүнийг үзэж байгаа хүмүүст “юу юм бол, хаана байгаа юм бол, ямар үнэтэй бол, хуучныхаас давуу тал нь юу юм бол, ямар нэгэн хөнгөлөлт байгаа болов уу...” гээд өчнөөн асуулт гарч ирнэ. Үүнийг текстээр л хэлэх болно. Гэтэл манай зар сурталчилгааны үг хэллэг гэж ёстой хүнийг татахаасаа бараг үргээмээр...
“Та сонголтоо хийгээрэй, Манай руу холбогд. Хүргэлт үнэгүй” гэсэн хэг яг хийсэн өгүүлбэрийг сонсоод хүн татагдах уу. Магадгүй өнөө цагийнхан бүгд тэгж ярьдаг болохоор бас өөдөөс нь хэг яг хийгээд гүйгээд очиж болох юм. Монгол хэлний яруу найруулгаар бол зөвхөн энэ өгүүлбэрийг “Та сонгоод ав. Бидэн рүү ярь, Бид үнэгүй хүргээд өгье” гэвэл арай л зөөлөн эерүү сонсогдмоор. Энэ бол харилцагчаа хүндэтгэн урьж байгаа л нэг хэлбэр. “Нүүлгэлт хямд” гэхийн оронд “бид таныг хямдхаан нүүлгээд өгье” гэвэл ямар сонсогдох вэ...”20 хувийн хямдралтай” гэснээс “Бид үнээ 20 хувь хямдрууллаа” гэх мэт.
Чухамдаа хэдэн дүрс харуулсан реклам ч биш, зар ч биш, сурталчилгаа ч биш юм хийлгэчхээд, тэгээд ийм үг хэллэгтэй цацахаар чинь бараа бүтээгдэхүүн нь сайн гүйж, ашиг орлого нь нэмэгдэх үү...
Манайд өнөөдөр реклам сурталчилгааны чиглэлээр компани, аж ахуйн нэгжийн удирдлага, маркетингийн мэргэжилтнүүдийн ерөнхий гол ойлголт нь “нэр цуутай алдартнуудыг оролцуулбал хүнд хүрнэ.....Телевизийг, ялангуяа мэдээллийн хөтөлбөрийг бүх ард түмэн үздэг” гэдэг л байх шив дээ...Тэгээд “реклам” зар сурталчилгааных нь үг хэллэг “Сонголт арвин”, “Хямдралтай”, “Хүргэлт үнэгүй”, “Хугацаа хязгаартай”, “Та яараарай” гэсэн хэдхэн үгэнд л эргэлдэж байна даа.
Ийм байдлаар бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлахаар ямар ахиц дэвшил, ашиг орлого олдог юм бол доо. Үгүй тэгээд үр дүнг нь судалдаггүй болохоор яаж ч мэдэх вэ дээ. Ёстой реклам сурталчилгаа явуулсан, бараа бүтээгдэхүүн борлож л байна аа..... Ёстой нөгөө “жингийн цуваа явж л байна” гэгч биз.