Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МИНИЙ МЭДЭХ ДОНДОГДОРЖИЙН ЗОЛЖАРГАЛ


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан 
САМБУУГИЙН ЛАМБАА

Эмээгийн
энгэрийн хүү

Ярих зуураа үе үе инээмсэглэж, заримдаа дотор хүнтэйгээ зөвлөлдөж байна уу гэмээр яриагаа таслан нүдээ онийлгон бодолхийлэх тогтуун яриатай энэ залууг Дондогдоржийн Золжаргал гэдэг. Малчны хотноос сэхээтэн болж дэвжин, хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлээр ташуур хийн өөрийн түүхийг бүтээж яваа мянга мянган залуусын нэг. Арын хангайн унаган хүү тэрбээр нутаг усандаа нэр хүндтэй нэгэн болох Доржготовын Дондогдоржийн гурав дахь хүү болон 1975 онд Архангай аймгийн Хотонт суманд мэндэлжээ. Сэхээтэн айлын хүүг малчны хотноос гэсэн нь учиртай. Д.Золжаргал эмээгийн энгэрийн хүү аж.
Дэрсхэн нялх хүүхэдтэй хүргэнийх нь ажил үүргийн томилолтоор ЗХУ-ыг зориход охиноо олон нялх хүүхэддээ түүртэх болов уу гэсэндээ малчин эмээ нь түүнийг авч үлдсэн юм байж.


Ингэж л гурван настай “том” ах Д.Золжаргал Жарантайн голын хөвөөнд эмээтэйгээ арын албыг хариуцаж үлдсэн нь тэртээ 1978 он байжээ. Аав Доржготовын Дондогдорж нь ЗХУ-ын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Хөдөө аж ахуйн машин механизмын инженер мэргэжлээр төгссөн, төрөлх нутагтаа цөөхөн сэхээтний нэг байлаа. Харин ээж Даваацэрэнгийн Дэнсмаа нь насаараа ардын үр хүүхдүүдэд эрдэм ном заасан буянтай нэгэн бий. Аав нь Хотонт, Төвшрүүлэх суманд ерөнхий инженерээр ажиллаж байгаад сүүлд дээд газрын шийдвэрээр ЗХУ-ын Омск хотын Хөдөө аж ахуйн ТМС-д орчуулагч багш, Төв аймгийн Баянчандмань сумын Техник мэргэжлийн сургуульд инженер багшаар томилогдож, ээж нь тэндхийн Ерөнхий боловсролын сургуульд багшилж, насаараа ажилласан сурган хүмүүжүүлэгчид. Д.Золжаргал таван хүүтэй айлын дундах хүү нь.

Жарантайн голын тугалчин

Түүний бага нас Архангай аймгийн Хотонт сумын Жарантайн голын хөвөөнд өнгөрсөн. Сүү цагаа, үнээ малын ажил буцалсан малчны хотонд өссөн тэрбээр “Хөдөөгийн амьдрал цаанаа л дотно, дулаахан санагддаг юм” хэмээн эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насаа дурсан хуучлах нь сэтгэл татам сайхан. Тоодон дээл өмсч, малын захаар дэгдэж явсан хөдөөгийн бор жаал Д.Золжаргал өдгөө төрийн хүн болж Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга зэрэг төрийн томоохон албан тушаал эрхэлж яваа төрийн албан хаагч. Хэдийгээр тэр өдгөө гурван хүүхдийн аав, айл гэрийн ноён нуруу болсон ханагар эр ч гэлээ Жарантайн голынхоо хөвөөнд тугал хариулж, модон морины хурд үзэн эмээдээ давхин ирж, бүлээн хярам залгилан эрхэлж суусан тэртээх өдрүүдээ уяран дурсах дуртай. Түүний эмээ Сайн ноён хан аймгийн Жамьянсүрэн тайжийн газар дээрх ганц охин юм гэнэ лээ. Тийм ч учраас үлгэр домог мэт үүх түүхийг үргэлж хуучилж, зээ хүүгээ өсгөсөн нь эдүгээ түүхийн нууцад дурлахад хөтөлсөн биз ээ. Тэрбээр социализмын үеийн зохиомол түүхүүдийг үнэн бодит болгохын төлөө зорьж бүтээж яваа нэгэн.

Гудамжны хуушуурчнаас эхэлсэн бизнес

Түүний амьдралд тодоор тэмдэглэгдэн үлдсэн үе бол оюутны он жилүүд. Арван жилийн сургуулиа дүүргээд Цагдаагийн дээд сургуулийн хуваарь авсан ч түүний ээж дунд хүүгээ өөрийнх нь мэргэжлийг өвлөх хүн мөн гэж хөвгүүдээсээ онцолсон учраас цагдаагийн сургуулиа орхин багшийн сургуульд элсэн оюутны амьдралд хөл тавьжээ. Д.Золжаргал картын барааны үеийн оюутан байлаа. Дөрвүүлээ амьдардаг оюутны өрөөнд хоёр хоноод нэг талх авах хязгаартай үед тэр сурч боловсорч, маргаашийн сайн сайхныг мөрөөдөж, тэмүүлж явсан. Хотод идээшээгүй ходоод дундхан хөдөөгийн оюутан ч гэлээ ийм л байх ёстой хэмээн цаг үетэйгээ эвлэрч, гараа хумхиж суугаагүй аж. Хуушуур хийдэг газрын мах машиндагчаас эхлээд бахиалан гутлын их гарын наймаачин явсан он жилүүд нь түүний оюутан үе. “Олны газар танихгүй хотод, ходоод дундуур явсан ч амьдралын минь хамгийн нандин үеүдийн нэг оюутны он жилүүд минь” хэмээн тэр их амьдралд хөл тавьж, буцалж, дүүлж явсан насаа дурсана. Хар багын өндөр нуруу махлаг биетэй байсан тэрбээр “Цагаан баавгай” хочтой байж. Бие томтой хүдэр баараг болохоор түүнд ажил олдохгүйн зовлонгүй. Үгүй ядахдаа л наймаачдын “гахайг” зөөгөөд хэдэн төгрөг салгачих нь энүүхэнд. Товчхондоо оюутны он жилүүд нь түүнийг амьдралд бэлтгэж, өмнө хүлээж буй мянга мянган гэрэлт өдрүүдийг бүтээх чиг шугам болжээ гэлтэй. Ингэж л тэр зорилготой байх, түүндээ хүрэх гэж хичээх, хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шим хэчнээн амттайг мэдэрч, амьдрал гэх өтгөн ойд Д.Золжаргал гэдэг нэгэн мод өдрөөс өдөрт ургасаар, үндэс суурь нь бэхэжсээр буй аж.

Солонгост ажиллаж байгаа монголчуудад буян үйлдэв

Их сургуулиа төгсөхдөө тэрбээр ажилд ч амьдралд ч, бэлтгэлээ хангасан байлаа. Түүний ажлын гараа Найрамдал зуслангийн удирдагч багшаар эхэлсэн байдаг. Хүүхдийн байгууллага, нийгмийн хамгааллын байгууллагад нийт 20 жил ажилласан төрийн хар хүн юм. Удирдаж, удирдуулж явсан энэ 20 жилд тэр Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хамтын ажиллагааны газрын орлогч даргаар ажиллаж байхдаа 2007 онд БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол иргэдийн тухайн улсынхаа нийгмийн даатгалд төлсөн 14 тэрбум төгрөгийг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн гарт буцаан олгож, тэнд ажилласан жилийг нь Монголд ажилласнаар тооцуулж чадсан билээ. Амьдрахын эрхэнд харийн орныг зорьсон элэг нэгтнүүддээ бусдад зүгээр өгсөн мөнгийг нь буцаан олгох ажлыг удирдан зохион байгуулсан нь Д.Золжаргалын хувьд үнэхээр буянтай ажил байсан юм. Тэдэнд мөнгийг нь буцаан олгож байх үед “Да хүрээ” зах “хоосорч” байсан гэдэг. Мөн тэрбээр Хятад, Монгол хоёр улсын хилийг шалган тогтоох хамтарсан комиссын бүрэлдэхүүнд ажиллаж, хилийг дахин нягталж, маргаантай газар нутгуудыг шийдвэрлэн, хилийн цементэн баганыг гантиг чулуун баганаар солих их ажилд мөн л тэргүүн эгнээнд оролцож явсан нэгэн.

Нуугдаж ширтдэг хөөрхөн Энхжин

Халуун залуу насанд хайрлаж дурлах мэдээж олон. Гэвч насны хайраа олно гэдэг цор ганцхан хувь тохиол. Д.Золжаргал амьдралын хайраа ажлын байрнаасаа олсон адтай эр. Түүний эхнэр Б.Энхжин Д.Золжаргалыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байхад “цэрэг” нь байжээ. Удирдах албан тушаалтны хувьд үүрэг даалгавар өгч, чиглүүлж ажиллана уу гэхээс хайр зарлаж намба алдаж гүйх нь байж болохгүй мэт тухайн үедээ дурласан залууд санагдаж байж. Гэвч ажлын газрын хөөрхөн Энхжин бодлоос гарахаа больж, түүнийгээ нуугдаад ч болов ширтэх гэж ажилдаа учиргүй яарна. Амьдралд нь өнгө нэмж, нар тэвэрч ирээд зүрх сэтгэл гэгэлзүүлэх жаахан Энхжин өдгөө гурван хүүхдийнх нь ээж. Ийнхүү орчлон ертөнцөд Д.Золжаргалынх гэдэг айлын түүх бичигдсээр буй. Том хүү нь их сургуулийн нэгдүгээр курсын оюутан бол бага охин нь өдгөө нэгдүгээр анги гэнэ лээ.

Өнгөрсөн үеэ сайн мэддэг хүн ирээдүйд сайтар бэлтгэгддэг

Түүний яриа нэг л мэдэхэд түүх рүү хазайчихдаг. Бүр хайрлаж дурлаж явсан дурсамжаа ярихдаа хүртэл нэг мэдэхэд л түүхийн сэдэв рүү орчихдог зуршилтай. Түүний бага нас социализмын үед өнгөрсөн учраас үнэн бодит түүх гэхээс илүүтэй цаг төрийн байдалд тохируулж зохиосон түүхийг жинхэнэ мэтээр төсөөлж байсан цаг үед тэр хүмүүжиж байж. Тийм ч учраас өдгөө түүх соёл, түүний нууцад нэвтрэх нь түүний хамгийн дуртай ажил. Бас зорилго. Түүний үеийнхэн, түүнээс өмнөх үе тэр бүү хэл 1990-ээд оны залуус хүртэл цаг үеийн байдалд зориулсан зохиомол түүхийг сонсч, итгэж үнэмшиж өссөн. Чухам бодит түүх байгаагүйг судалж мэдэх нь мэдэж, мэдээгүй нь түүгээрээ л өнгөрч буй энэ цаг үед эх түүхээ мэдэх нь юу юунаас илүү чухлыг тэр үргэлж учирлах. Өнгөрсөн үеэ сайн мэддэг хүн ирээдүйд сайтар бэлтгэгддэг хэмээн Д.Золжаргал дүгнэдэг. Тийм ч учраас гадаад дотоодод явж хэл ус сурсан гэхээс илүү эхлээд эх түүхээ мэддэг жинхэнэ монгол хүн, боловсон хүчин бэлтгэдэг байх гэрэлт ирээдүйг тэр мөрөөдөн, түүнийхээ төлөө зорьж яваа нэгэн. Тэрбээр өөрийн сонирхлоор түүх соёлоо судлан, олон жилийн судалгаа шинжилгээний үндэслэлээр 2019 онд “Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан” номоо хэвлэн гаргасан билээ. “Миний төрсөн нутаг бол их хаадын өлгий. Наахна талд нь эртний нийслэл Хархорин байна. Хотонтын маань хойхно талд Өгөдэй хааны бунхан бий. Эртний төрт улсуудын нийслэл Орхоны хөндийгөөр л байсан” гээд л тэрүүхэндээ нутгаараа аархан үүх түүхээ ярих нь сонирхолтой бөгөөд сэтгэл хөдлөм. Түүний бүтээл туурвил ч үргэлжлэх болно.

Улс төрд хангалттай бэлтгэгдсэн нэгэн

Миний мэдэх Д.Золжаргал улс төрд орох бэлтгэлээ аль хэдийнэ хангасан. Учир нь тэр 2004 оноос УИХ-д нэр дэвшсэн нутгийн ах нараа дагаж арын сайхан хангай нутгийнхаа бүх сум багийг тойрч, ялалт бүрд нь баярлаж, хөөрч явсан нэгэн. Тэр энэ л үеэс улс төрд өөрийгөө бэлтгэсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тэр яараагүй. Харин ч намаасаа түдгэлзэж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Энэ цаг хугацаа бол түүнд төрийн хүний мөн чанарыг өөртөө шингээж, төрд ямар ч ажлыг хийж чадах хат суулгасан он жилүүд байсан. Д.Золжаргал УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албыг дөрвөн жил удирдсан нь түүнд улс төрийн болон хууль эрх зүйн мэдлэг чадвар эзэмших, улс төрд бэлтгэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймдээ ч Д.Золжаргал 45 насандаа АН-аас УИХ-ын 1 дүгээр тойрог буюу Архангайд нэр дэвшүүлэх саналыг хүлээн зөвшөөрсөн биз. Тэр үнэхээр улс төрд бэлтгэгдсэн нэгэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com