Зөнч Ванга буюу Вангелия Пандева Гуштерова ч гэдэг зарим мэдээллээр Дмитрова гэдэг энэ хүн 1911 оны гуравдугаар сарын 31-нд өнөөгийн Македонийн бүгд найрамдах улсын нутаг Струмицед төрсөн гэдэг. Болгар заншлаар гудамжинд таарсан анхны хүнээс ямар нэр өгөхийг асуухад Анромаха гэсэнч тэр нь эцэг эхэд нь таалагдсангүй дараагийн таарсан охиноос асуухад Вангелия гэснээр нэрлэсэн гэнэ. Энэ нь грек хэлнээс орчуулбал “сайн мэдээ” гэсэн утгатай нэр юм санж.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд эцэг Панде нь болгарын армид татагдан, охиныг гурван настай байхад ээж нь нас баржээ.
Дайнаас эргэж ирсэн аав нь дахин гэрлэж 1923 онд газраа алдаж санхүүгийн хүндрэлд орсон тэднийх Македонийн Ново тосгонд шилжиж очсон байна. Ванга 12 насандаа хар салхины улмаас хэдэн зуун метр газар шидэгдэн хараагүй болжээ. Хөөрхий охиныг бүр орой болсон хойно сая олоход нүдээр нь дүүрэн шороо шигчихсэн байсан гэдэг. Гэхдээ зарим эх сурвалж 12 насанд нь түүнийг гэмт этгээдүүд хүчирхийлснээс болоод хараагүй болсон гэж бичдэг.
1925 онд Сербийн Земуне дэх хараагүйчүүдийн асрах газарт очиж гурван жил болохдоо өөрөө хоол ундаа идэж, юм нэхэж, Брайль үсгээр уншиж чаддаг болсон байна. Тэнд бас боломжийн гэр бүлээс гаралтай хараагүй залуутай танилцаж ханилан байснаа гэр бүл нь хүнд байдалд орсноос эгч, дүү нартаа туслахаар Струмицед эргэн иржээ.
Улмаар дэлхийн хоёрдугаар дайны үеэс л Ванга олны анхааралд өртөж эхэлж.Ойр орчмынхон түүнийг далдыг хардаг, үзмэрч, ер бусын авьяас чадвартай, дайнд явсан хүмүүсийн байгаа газар, сураггүй бологсдын тухай, амьд эсэх, нас барсан бол оршуулсан газрыг нь хэлдэг гэж ярих болсон байна.
1939 он гарахын өмнөхөн Ванга гэнэт ядууст туслахын тулд цементэн шалан дээр удаан хугацаагаар хөл нүцгэн зогсоож шийтгэж байна хэмээн зүүдэлжээ. 1941 онд дахиад л түүнтэй “үл мэдэгдэх морьтой хүн” уулзаж ер бусын чадвар хайрласан гэнэ.
Ванга 1942 оны тавдугаар сард армийн дайчин Димитра Гуштеровтай уулзан гэрлэж Петричид ирсэн байна. Нөхөр нь архинд нэвтэрч 1962 онд элэгний өвчнөөр өөд болжээ.
Ванга өөрөө 1996 оны наймдугаар сарын 11-нд Софи хотын “Лозинец” эмнэлэгт хөхний хавдрын улмаас мэс засал хийлгэснийхээ дараа нас нөгчсөн юм.
Үзмэрчийн үйл ажиллагаа
Ванга хүмүүсийн өвчнийг тун нарийвчлалтай тодорхойлж, цаашдын хувь заяаг нь хэлж өгдөг чадвартай нэгэн байлаа. Тэгээд хүмүүсийг эмч, домч руу явуулахдаа танихгүй ч гэсэн тийм хотод, тийм хүн байгаа гэж хэлдэг байсан гэдэг.
Вангаг бас өөрийн чадварын ачаар юу болохыг нь өөрөө ч мэдэхгүй тийм үл үзэгдэх биеттэй ярилцаж чаддаг байсан гэдэг. Вангагийн удмын бүсгүй Красимира Стояновагийн хэлснээр бол Ванга талийгаач нарын сүнстэй ярьдаг, нас барсан хүн хариу өгөхгүй бол ер бусын хүмүүн биш хоолойгоор харилцдаг байсан гэнэ. Ийм үйлдэл бүрийнхээ дараа Ванга “Бие их муу байна, бүтэн өдөр нүдүүлчихсэн юм шиг л байна”, “би маш их эрч хүчээ алдлаа, маш муу байна” гэдэг байжээ.
Вангаг Болгарын удирдагч Тодор Живковын охин, коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Соёлын сайд Людмила Живковад их тус болдог байсан гэнэ. Тодор Живковт ч мөн тусалдаг байжээ. 1967 онд түүнийг төрийн албан хаагч хэмээн сарын 200 левээр цалинжуулдаг болсон байна. Улмаар социалист орнуудын иргэдийг үзэхэд 10 лев, барууны орнуудын иргэдийг “үзэхэд” 50 долларын ханш тогтоожээ. Энэ хүртэл Ванга хүмүүсийг үнэ төлбөргүй “үзэж” зүгээр л элдэв бэлэг авдаг байсан гэдэг.
Түүний таамгууд
1981 онд Ванга “Газар дэлхий маш муу одон дор байна. Дараа жилээс шинэ сэтгэлгээ бий болно. Ингэснээр сайн сайхан, итгэл найдвар авчирна” гэж мэдээлсэн байна. Бас нас нөгчихийнхөө өмнөхөн “Вамфим” гэдэг гаргаас ирсэн харийн хөлөг дэлхийд буулаа. Энэ нь “далхийгээс гурав дахь гараг”, өөр соёл иргэншил маш том үйл явдалд бэлтгэж байна. Манай дэлхийнхэн энэ соёл иргэншлийнхэнтэй 200 жилийн дараа уулзана” гэж мэдэгдсэн гэдэг.
Ванга зөвлөлтийн удирдагч Сталины үхэл, Чернобылийн атомын цахилгаан станцын осол, 1996 оны оросын ерөнхийлөгчийн сонгуульд Борис Ельцин ялах, Нью-Йоркийн 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага, дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Топаловын ялахыг урьдчилан хэлсэн гэж ярьдаг ч энэ талаар тодорхой баримт үлдээгүй байдаг. 1993 оны эхээр Ванга “Зөвлөлт холбоот улс ХХI зууны эхний 25 жилд сэргэж Болгар улс түүний бүрэлдэхүүнд орно. Орост дэлхийг өөрчлөх олон шинэ хүн төрнө” гэж хэлсэн байдаг.
1994 онд Ванга бас “XXI зууны эхээр хүн төрөлхтөн хорт хавдраас ангижирна. Хавдар төмөр гинжинд ”хүлэгдэх өдөр ирнэ” гэж хэлсэн байна. Үүнийгээ тэр “Хавдрын өвчний эсрэг эм нь их хэмжээний төмөр агуулдаг учраас” гэж тайлбарласан гэнэ.
Тэр бас хөгшрөлтөөс сэргийлэх эм бий болно, үүнийг адуу, нохой, яст мэлхийн даавраас гаргаж авна, учир нь “Адуу хүчтэй, нохой тэсвэртэй, яст мэлхий урт настай” гэсэн байна.
Ванга нас нөгчихийнхөө өмнө “ Гайхамшгийн эрин, материаллаг бус салбарт асар их нээлт хийх тийм цаг ирнэ. Эртний үе, дэлхийн тухай бидний ойлголтыг эрс өөрчлөх археологийн агуу их нээлтүүд гарна” гээд “Фукусимо” атомын цахилгаан станцын сүйрлийн дараагаар “Комсомольская правда” сонинд цөмийн сүйрлийн талаар бичихдээ Вангагийн “цацраг идэвхит тунадас унасны улмаас Дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт амьд амьтан үлдэхгүй, ургамал ч үлдэхгүй” гэж хэлснийг эш татсан байдаг.
Тэр үед нь ч гэсэн Вангаг мэддэг хүмүүс тэр усан доогуур шумбагч атомын “Курск” хөлгийн тухай хэлээгүй шүү дээ, тэгэхээр Вангагийн хэлдэг байсан нь ихэнх нь худал, зүгээр л домог гэж байсан гэдэг. Үнэхээр Вангагийн хэлсэн олон таамаг амьдрал дээр биелээгүй өнгөрсөн. Хөл бөмбөгийн 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тэмцээнд “Б”-гээр эхэлсэн хоёр баг өрсөлдөнө гэсэн ч шигшээд ганцхан “Б” буюу Бразил л шалгарч үлдсэн юм. Нөгөө нэг “Б” буюу Болгар нь хагас шигшээд Италид хожигдон дөрөвдүгээр байрт орж байлаа.
Вангаг бас Дэлхийн гуравдугаар дайн 2010 оны арваннэгдүгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна гэж хэлж байсан. Гэхдээ Вангагийн ойрынхон болохоор Ванга Дэлхийн гуравдугаар дайн эхлэх талаар хэзээ ч хэлж байгаагүй гэдэг. “Комсомольская правда” сонины сурвалжлагчаар 1985-1989 онд ажиллаж байсан Анатолий Строев нэгэн тохиолдлыг жишээ болгон бичсэн байдаг. Тэр нэгэн удаа нэг эмэгтэй сурвалжлагчтай хамт Вангад очиход үзмэрч, өнөөх бүсгүйг хэзээ ч нөхөрт гарахгүй, хүүхэд ч гаргахгүй гэсэн байна. Гэтэл нөгөө сурвалжлагч бүсгүй Москвад буцаж ирээд жилийн дараа нөхөрт гарч охин төрүүлсэн гэжээ.
Хоёр дахь тохиолдол нь 1980-аад оны сүүлчээр Волгоградад хэд хэдэн хүүхэд алга болсон хэрэг гарсан байна. Нэртэй сэтгүүлийн хоёр сурвалжлагч Вангад очиж асуухад хүүхдүүдийг тун удахгүй олно гэсэн ч хэзээ ч олоогүй гэдэг.
Вангад очиход нь Зөвлөлт холбоот улс тарах тухай хэлсэн гэдэг яриаг ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев няцаасан байдаг.
ЗХУ болон Болгарын тусгай албадтай харилцаатай байсан уу
Зөвлөлт холбоот улсын Улсыг Аюулаас хамгаалах газрын чөлөөнд байгаа дэслэгч генерал Олег Леонов Вангаг судлуулахаар Болгар луу зөвлөлтийн зөн билэгч Владимир Сафоновыг хэд хэдэн удаа “ өөрийн чадвараар болгарын үзмэрчийг гайхуул” хэмээн явуулсан байдаг.
Улсын Аюулаас хамгаалах байгууллагын дэд хурандаа Евгений Сергиенко бас “Тэр ихэнхдээ алддаг, гэхдээ энэ талаар хүлээн авахгүй нь дээр”, “Ванга хүмүүсийг бүр итгүүлчихсэн” энэ нь ч чекистүүдэд “мэдээлэл олж авах арга болсон” гэж хэлсэн байдаг. “Вангаг Улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажилладаг байсан гэж хэлэхгүй, гэхдээ түүний туслахууд бидэнтэй хамтарч ажилладаг, тэдний ачаар манай ажилтнууд хэрэгтэй мэдээлэл цуглуулдаг байсан” гэж өнөөх Сергиенко хэлсэн байдаг. Үүнийхээ төлөө тусгай албууд “ер бусын гайхамшигтай эм, эмчилгээний тухай домог бүтээж олны дунд тараадаг” гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд Вангагийн талаар, түүний гайхамшгийн тухай мэддэг бичдэг болгарын сэтгүүлчдийг тусгай албад анхааралдаа аван, тэдний тэр домог үлгэр шиг зүйлийг нь тарааснаар энэ бүхэн Болгарын тусгай албанаас Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагад тус болж байсан юм гэж Сергиенко ярьжээ.
Вангагийн биелсэн таамгууд
Ванга: “Аймшиг, аймшиг. Ах дүү америкчууд, төмөр шувуунаас болж сүйрч байна. Чононууд бутан дундаас ульж, гэмгүйчүүдийн цус гол мэт урсана. 1989 он. 2001 он есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн террористуудын халдлагыг хэлсэн. Төмөр шувуу гэж террористуудын онгоц.
Ванга: Хувь заяаны том үйл явдлын гэр болно, бид. Дэлхийн хоёр том удирдагч гар барьж, олон жил өнгөрч, их ус урссаны хойно найм дахь нь гарч ирэн, энх тайван тогтоох гарын үсэг зурна. Горбачев, Рейгин хоёр стратегийн зэвсэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан...Найм дахь гэдэг нь Путин.
Ванга: Сансарт амьдрал байгаа нь олдож дэлхийд хэрхэн амьдрал бий болсон нууц тайлагдана” Энд Ангараг гаргийг хэлсэн байж магад. Гэхдээ Ванга хүн төрөлхтөн 200 жилийн дараа л харь гаргийнхантай уулзана гэж хэлснийг дээр өгүүлсэн. Тэгэхээр 2179 оныг хүлээх хэрэгтэй болж байна.
Вангагийн биелээгүй таамаг
Л.Орлова: “Ванга. Оросын талаар хэлсэн нь” номоос
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн 2010 оны арваннэгдүгээр сард эхэлж 2014 оны аравдугаар сард дуусна. Эхлээд зүгээр мөргөлдөөнөөр эхэлж сүүлдээ цөмийн, тэгээд химийн зэвсгээр тулалдана.
2011 он. Цацраг идэвхит хур тунадасны улмаас дэлхийн бөмбөрцгийн хойд хагас амьтан ургамалгүй болно. Дараа нь лалынхан европт амьд үлдэгсдийн эсрэг хиймийн дайн эхлүүлнэ.
2014 он. Ихэнх хүн химийн дайны улмаас арьсны хорт хавдар, арьсны бусад өвчинд нэрвэгдэнэ.
2016 он. Европ бараг хүнгүй болно.