Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний гишүүн “Охидын түүх” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Цэцэгсайхантай ярилцлаа.
-“Гэртээ хамтдаа” контентыг эхлүүлсэн тухай дууллаа. Энэ агуулгаар дамжуулж, ямар мессеж хүмүүст өгөхийг хүсч байна вэ?
-“Ковид 19”-өөс болж ихэнх хүн гэртээ байгаа. Ялангуяа хүүхдүүд бүгд гэртээ байгаа энэ үед тэднийг хэрхэн хөгжүүлж, муу зүйлээс хамгаалах вэ гэсэн тэмүүллээр “Гэртээ хамтдаа” контентыг төлөвлөсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага нэмэгдэж, нийгэмд айдас хүйдэс давамгайлж байгаа энэ үед эерэг өнгө аясаар зөв чиглэлд уриалах санаатай юм. Тодруулбал эднийх хүүхдүүдтэйгээ ингэж сайхан харилцдаг юм байна, тэднийх ийм уриалга гаргажээ гээд нэгнээсээ үлгэрлэж, зөв зүйл хүлээн авбал сайхан. Өмнө нь хүмүүс бусдаар бахархдаг байсан бол одоо гэр бүлийнхээ үнэт зүйл, бахархлыг мэддэг болж, түүнийгээ ч олон нийтийн сүлжээнд илэрхийлэх нь нэмэгдсэн.
Манай аянд нэгдэж, “Гэртээ хамтдаа”-гийн тухай сонсоогүй байсан ч хүмүүс бие биеэ олон нийтийн сүлжээнд сайн сайхан руу уриалж байгаа таатай санагдаж байна. Заавал энэ бүхнийг хэн нэг нь өмчлөх албагүй ч бид ч гэсэн өөрсдийнхөөрөө оролцож олны танил хүмүүсээр төлөөлүүлэн челленж эхлүүлнэ. Зургадугаар сарын 1-нд хамгийн олон хандалт, хариу үйлдэл авсан “Гэртээ хамтдаа” агуулгынхаа шилдгийг тодруулж урамшуулна.
-Хүчирхийллээс сэргийлэхэд хатуу хууль туслах уу эсвэл эерэг хандлага нөлөөлөх үү?
-Эхлээд шалтгааныг олох нь чухал. Ажилгүйдэл, ядуурал, стресс, бухимдал төр засгийн буруу шийдвэр гээд нийгмийн ямар үзэгдэл тэднийг бухимдуулж, ийм байдалд хүргэснийг тодорхой болгоод эдгээр хүчин зүйлс дээр Засгийн газар, иргэд, ТББ, төрийн байгууллага ямар байдлаар хамтран ажиллах ёстойг харуулсан нэгдсэн төлөвлөгөө зураг байдаггүй нь харамсалтай. Хэрэв тийм зүйл байвал “Бид яг энэ зүйл дээр ажиллах юм байна” гээд иргэд, төрийн бус байгууллагуудад ажлын давхцал үүсгэхээ болино. Тэр зургаа хараад 10, 20 жилийн дараа хүрэх дүнгээ мэдэж, ямар нөлөөлөл үзүүлэхээ шийднэ.
Хүн болгон хүчирхийллийн тухай ярьж байгаа нь сайн хэдий ч цэгцтэй байх нь зөв. Хүүхдийг хүчирхийлсэн мэдээллийн хэдэн хувийг нийтэд цацах вэ, эерэг мессеж хэрхэн тараах вэ гээд хар хайрцагны бодлоготой байх хэрэгтэй юм.
Хүн бүр хүчирхийлэгч болж төрдөггүй. Тэгэхээр цаашдаа хүчирхийлэгч бий болгохгүйн тулд гэр бүлийн орчинд хүүхдийг амар тайван өсгөж хүмүүжүүлэх нь чухал. Өөрийгөө болон бусдыг хүчирхийллээс хамгаалж, хөгжиж, дэвждэг хүн болгож төлөвшихөд гэр бүл, сургууль, найз нөхдийн хүрээлэл чухал нөлөө үзүүлдэг. Гэтэл жирийн ерөнхий боловсролын сургуулиудад сурч байгаа хүүхдүүдэд хөгжих боломж хангалтгүй, тэгш бус гараанаас хөгжих гэж оролдож байгаа. Эцсийн дүндээ манай төр хүүхдээсээ мөнгөө харамлаж, гар татаж байгаа нь харагддаг. Хамгийн их анхаарах ёстой зүйлдээ бага мөнгө зориулж байгаа. Энэ нь магадгүй улс төрийн хүсэл, сонирхолтой нь холбоотой байх. Хүүхдүүд сонгогч биш учраас хойш тавьчихдаг. Тухайлбал өнгөрсөн жил охидын чуулган зохион байгуулах санаачилга гаргахад мөнгө байхгүй гээд татгалзсан. Хэрэв хүсэх юм бол Төрд боломж бий. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн эсрэг нөлөөллийн ажлууд ахицтай байгаа ч илүү боломж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд та олон улсын болон төрийн бус байгууллагад хүүхэд хамгаалал, ялангуяа охидын дуу хоолойг нийгэмд хүргэх чиглэлээр ажиллалаа. Эндээс харахад тухайн хүүхэд өөрийгөө илэрхийлж сурах нь хамгийн чухал уу?
-Чухал. Боловсролын байгууллагатай хамтран 19 аймаг, хоёр дүүрэг дээр 700 орчим клуб байгуулсан. Ингэхээр 8000 орчим хүүхэд охидын клубийн харьяалалтай болоод байна. Үүгээр дамжуулан асуудал тулгарвал хэрхэн, хаана хандахаа мэддэг болж, өөрийгөө илэрхийлдэг байлгахын төлөө ажиллана. Дан ганц ТББ үүнийг хийх боломжгүй. Олон улсын болон төрийн байгууллага, иргэд оролцох ёстой. Гэхдээ тэгж чадахгүй байна.
Зарим төрийн бус байгууллага жишиг клуб байгуулаад сайн ажиллаж байна. Үнэхээр охидын асуудлыг чухалчилж үзэж байгаа бол клубүүдээ хөгжүүлэхийн төлөө Төр мөнгө гаргаад тэднийг сургаад, уулзалтыг нь хийгээд, гарын авлага материалаар хангаад өгөх хэрэгтэй. Бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудаа энэ клубуудтэй холбоод туслуулах ёстой. Гүнж төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян зэрэг төрийн бус байгууллагууд энэ бүхнийг үлгэр жишээ хийж байгаа ч тэдний хүчин мөхөстөх асуудал олон бий. Төрийн хийх том ажлыг дан ганц төрийн бус байгууллага хийх боломжгүй. Болдог бол бүгдийг нь нэгтгэж судлаад, симстемтэй оролцуулах менежмент хэрэгтэй байна.
-Тэр менежментийг хэн хийх вэ?
-Төр. Хэчнээн байгууллагад хэрхэн зөвшөөрөл олгож, ямар төлөвлөгөөтэй ажиллах нь тодорхой байх ёстой. Тухайлбал хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллагыг, хэдэн он хүртэл хэрхэн хөгжүүлж хамтран ажиллахаа хүртэл тодорхой болгосон байх ёстой. Тоондоо хүрэхгүй бол нэмж байгуулах, илүү гарвал байгаагаа илүү чадавхжуулах зэргээр ажиллаж болно. Ийм төлөвлөгөө байхгүй учраас асуудал нь маш чухал гэдгийг бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ алхам нь тодорхойгүй явсаар л байгаа. Хүн болгон ижил тоо яриад байгаа хэрнээ үүний эсрэг юу хийвэл бууруулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
-Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагад ажиллаж байх хугацаандаа дуу хоолойгоо хүргэж, нийгэмд нөлөөлж, Төрийн бодлого шийдвэрт тусгая гэхээр ямар бэрхшээл тохиолддог вэ?
-Би өмнө нь Хэнтийд Дэлхийн зөн Монгол ОУБ-д ажиллаж байсан. Тухайн үед надад бэрхшээл мэдрэгдээгүй. Том хэмжээний донор байгууллагад ажиллаж байсан учраас бодсон төлөвлөснөө хийчихдэг байсан.
Энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, одоо ч ажиллаж байгаа хүн өөр намын статустай байгаагийнхаа төлөө Засгийн газартай хамтарч чаддаггүй нь хамгийн том гажуудал.
Бид хүүхэд хөгжүүлэх чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын албан ёсны эрхийг аваад үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гээд 70 хуудастай аргачлал боловсруулаад жилийн өмнө яамандаа өгсөн ч өдий хүртэл ямар ч хариу алга. Хүүхдийн төлөө ажиллахдаа хүртэл хүнээр яриулж, танил талаа ашиглах ёстой гэж үү. Энэ нь маш том гажуудал. Өмнө нь сургуулиудад туршчихсан хүүхэд, хүүхэддээ нөлөөлдөг маш сайн аргачлалыг хэрэгжүүлэхийг хүссэн ч авч хэлэлцэхгүй юм.
Ийм гоё чөлөөт нийгэмд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ үзүүлээд, маш сайн санал бариад, нийгмийн сайн сайхны төлөө гээд очиход төрийн хаалга хаалттай байгаа нь харамсалтай.
Хүнтэй хэрхэн харилцахаа мэддэг, үзэл бодлоо илэрхийлдэг бидэн шиг хүмүүсийг ийм байдалд оруулж байхад хүүхдүүдийг ямар байлгах нь ойлгомжтой. Хүүхдийг чадавхжуулах, үзэл бодлоо илэрхийлэх түвшин манайд бүрхэг байгаа. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн, шалгарсан хүүхдүүд л үүнийг ярьж байгаагаас биш жирийн нэгэн хүүхэд хэлж чадахгүй, нийгэм ч хүлээж авахгүй байгаа.
Хүүхэд хамгааллыг сүүлийн хэдэн жил маш идэвхтэй ярьж, хамгаалах ёстойг тодорхой хэмжээнд ойлгодог болсон бол цаашлаад хүүхдийн оролцоог ярих цаг болжээ. Хүүхэд бол хөгжлийн асар том оролцогч тал. Хүүхэд үзэл бодлоо илэрхийлдэг байхгүй бол мянган шөнө хамгаалаад нэмэргүй. Хичээлээс гадуур клубээр үүнийг дамжуулан хийж, чадавхжуулна. Цаашид хүүхдийн оюун ухаан, ур чадварыг ахиулдаг клубтэй хамтран жендерийн тэгш байдлыг хангах талаар ажиллах ёстой юм байна. Өөрсдөө л юм байгууллаад тэрийгээ төлөөлөөд явах биш бусад байгууллагатайгаа уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хүүхдээ сонсох ёстой. Түүний төлөө хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулаад тэдний санаа бодлыг тусгаж ажил зохион байгуулбал үр дүн гарна.
Эцэст нь хэлэхэд, хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт маш чухал хэрнээ үр дүн нь нүдэнд харагддаггүй. Хүний хөгжил дадал хэвшил, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх нь асар их тэвчээр шаардсан, заримдаа хөлгүй далайд яваад байгаа юм шиг хэцүү ажил. Тэгэхээр хүн бүрийн оролцоо чухал юм шүү.
Өмнөх цуврал сурвалжлагуудаас уншихыг хүсвэл:
/цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3964
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"