/Хөндөх сэдэв: Ядуурал/
Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ард иргэдийг хөл хорионы онцгой нөхцөлд иргэний үүргээ биелүүлж амьдрахыг шаардаж байгаа билээ. Гэвч ажилгүй, орлогогүй иргэд, хичээл сургууль нь тасалдсан хүүхдүүд тэр дундаа эмзэг бүлгийнхний амьдрал ямар байгааг манай сонин “Хөндөх сэдэв” цуврал сурвалжлагаараа хүргэж байна. Энэ долоо хоногийн сэдэв “Ядуурал”.
Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр байна
Манай улс “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-д нэгдээд тав дахь жилтэйгээ золгож байна. Уг хөтөлбөр 17 зорилго, 196 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй бөгөөд үүний нэгдүгээрт “Ядуурлыг устгах” багтдаг. Тэгвэл энэхүү зорилго өнөөдөр ямар сорилт бэрхшээлтэй нүүр тулсан хийгээд үүнийг яаж даван туулах талаар бид сурвалжиллаа.
Юуны өмнө манай улсад буй ядуурал буурахгүй, ужгарсан хэвээр байгаа нь нүдний өмнө илт. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь ядуу, нийт хүн амын 1.6 хувь нь олон хүчин зүйлсээс шалтгаалсан ядуу, шилжилт хөдөлгөөн өндөр хэвээр, гэр хороололд ядуурал их, ажилтай боловч ядуу хүмүүс байсаар байгаа нь бодит үнэн. Засгийн газрын зүгээс ядууралтай тэмцэж буй бодлого туйлын ойлгомжгүй, ядуурлыг бууруулах сангийн зарцуулалт ил тод биш байсаар. Уг нь дэлхийн улс орнууд биднийг ядуурлаа устгаач гээд хандив, тусламж, зээл бишгүй өгдөг. Гэсэн ч түүгээр ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хичнээн хүнийг ажилтай орлоготой болгосон талаарх мэдээлэл мөн л хомс. Хамгийн тодорхой, барьцтайхан ганц хэрэгжүүлж буй хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжиж эхэлсэн “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” юм. Энгийнээр хэлбэл, 2009 оноос хэрэгжиж эхэлсэн хүнсний талон олгох журмын хэрэгжилт.
Халамжийн сан 100 хувь улсын төсвөөс санхүүждэг болсон гэв
Тэгвэл, нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Энэ талаар бид ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас тодрууллаа. Тэрбээр, “Тодорхой зорилтот бүлэг болон ядуу өрхүүдэд чиглэсэн үйлчилгээний нэг төрөл нь хүнсний талон байгаа. 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгждэг хүүхэд болон том хүнийг хүнс тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлдэг энэхүү үйлчилгээнд 2019 онд 42 тэрбум төгрөг төсөвлөж хүргэсэн. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг байсныг 8000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 13000 төгрөг байсныг 16000 төгрөг болгон нэмэгдүүлээд байна. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг” гэсэн юм.
Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон ээж Маралгуа хүнсний талон зэрэг халамжийн бүх төрлийн үйлчилгээг авч чадахгүй байгаа талаар хөндөж бичсэн. Ийм иргэн нийслэлд хичнээн байдаг талаар тоон мэдээлэл байгаа эсэхийг Б.Ундрал даргаас лавлахад, “Тийм иргэн байх ёсгүй. Орон нутгийн харьяалалтай байж байгаад нийслэлийн аль нэг дүүрэгт түр оршин сууж байсан ч түр хаяг дээр нь судалгаа авч, халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Үнэхээр тийм кейс байгаад төрийн ажил цалгардаж, иргэдийг чирэгдүүлсэн бол манай яаманд хандах хэрэгтэй. Уг нь халамжийн үйлчилгээ маань жилээс жилд цахимжаад их л аятайхан болоод байгаа шүү дээ. Мөн 2019 оноос эхлээд халамжийн санг улсын төсөвтэй холбосон. Тийм болохоор одоо тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө дууссан гэдэг асуудал ахиж гарахааргүй болсон” гэлээ.
Хүнсний талоноор өл залгуулдаг иргэдийн тоо хоёр дахин өсчээ
Манай улсад өнгөрсөн жилийн байдлаар 242 мянган иргэн хүнсний талоноор хоол тэжээлээ залгуулжээ. Энэ нь таван жилийн өмнөх тоон үзүүлэлттэй харьцуулж үзвэл даруй хоёр дахин ихэссэн үзүүлэлт юм. Харин нийслэлд 14 мянган өрхийн 80 мянган иргэн хүнсний талоноор үйлчлүүлсэн байна. Ингээд харвал төр засгаас иргэдийг ядуу байлгах, ерээд оны эхэн үе шиг хүнсний талоноор амь зуулгаж амьдруулах бодлого хэрэгжүүлээд байна уу гэх хардлага төрнө. Уг нь УИХ, Засгийн газар иргэддээ загас барьж өгөх биш загасчлах аргыг зааж өгмөөр. Ингээд бид Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд хүнсний талоноор үйлчилгээ үзүүлдэг “Энхмэнд” хүнсний дэлгүүрийг зорьлоо. Гэр хорооллын дунд байрлах тус дэлгүүр 2017 оноос иргэдэд хүнсний талоноор үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Тус дэлгүүрийн захирал З.Оюунтуяа ярихдаа “Манай дэлгүүр 71 өрхийн 405 иргэнд 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд гурил будаа, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, сүү тараг, боов боорцог, жимс жимсгэнэ багтана. Үйлчлүүлэгчид маань хамгийн ихдээ 120 мянга, хамгийн багадаа 32 мянган төгрөгөөр сарын хүнсээ базаадаг. Сар бүрийн хорьдоор эдгээр айлуудын төрийн банкны картанд мөнгө нь ордог гэсэн. Манай дэлгүүр гэрт нь ойрхон болохоор гурил будаагаа усны тэргэнд ачаад баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлээд явдаг. Гэхдээ хүнсний талоноор импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хориглосон байдаг. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой.Мөн иргэдийн зүгээс хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөр гэдгийн учрыг бүрэн таниагүйдээ ч юмуу хааяа архи, тамхи, хүнсний бус ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авахыг хүсэх тохиолдол бий. Тэр бүрт нь бид тайлбарлаж өгдөг” гэлээ.
Б.Ундрал: “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлж
ядуурлыг бууруулахыг зорьж байна
Өнөөдрийн тухайд нүдээ олсон мэт харагдах энэхүү хөтөлбөрөөр Засгийн газар ядууралтай тэмцэх тэмцлээ зогсоож болохгүй билээ. Тэгвэл иргэдийг ядуурлаас гаргахад чиглэсэн өөр ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар Б.Ундрал дарга ийн ярив. “Энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдсэнээр иргэдийн бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээ даамжирч, ажил хийх хүсэлгүй, хөдөлмөр эрхлэхээс татгалзах сөрөг үр дагавар гарахаас сэргийлж бид “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” рүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнсний талонд хамрагдах өрхүүдэд тавигдах шаардлагаа өндөр болгосон гэсэн үг. Хэрэв хүнсний талон үйлчилгээнд хамрагдая гэвэл хөдөлмөрийн насны иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан байх, сургуулийн насны хүүхдүүдээ сургуульд бүрэн хамруулсан байх нөхцлийг тавьсан. Ингэснээр хүнсний дэмжлэгт хамрагддаг 52 мянган өрхийн хөдөлмөрийн насны гишүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан. Ядуурлаас гарах хамгийн том гарц бол хөдөлмөр эрхлэлт. Тийм болохоор энэ хөтөлбөрийн үр дүн удахгүй гарч эхлэх болов уу гэж бид харж байна” гэлээ.
ӨМНӨХ, БОЛОН ДАРААХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.
ЦУВРАЛ №1: http://atime.mn/view/article/?page=show&id=4032
ЦУВРАЛ №4: http://atime.mn/view/article/?page=show&id=4096
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН