Уншиж байна...
 
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ
Наймхан тэрбумыг хүүхдүүдээс харамладаг харамч төрөөс ичиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь одоо болтол очоогүй байна. Энэ нь нөгөө л сурах бичиг хэвлэх тендертэй холбоотой. Өнгөрсөн онд сурах бичгийн хангамж 50 хувьтай буюу хоёр хүүхэд тутмын нэг нь сурах бичиггүй хичээлийн жилээ өнгөрүүлсэн.

Харин энэ жил БСШУЯ-ны салбарынхны өгсөн мэдээллээр бүх зүйл сайхан болж хүүхэд бүхэн сурах бичигтэй, суралцах орчин нөхцөл нь сайжирсан байна гэсэн хүлээлттэй байснаа нуух юун. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш дөрвөн долоо хоног өнгөрчхөөд байхад ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдаа сурах бичгээр хангаж чадаагүй л байна.
Тиймээс өнгөрсөн жилийн түүх давтагдаж, түүнээс ч дор зүйл болох вий гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдийн дунд байна. Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын хуралдаанаар сурах бичгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед түрээслэх нь бүү хэл худалдаанд гаргах сурах бичгээ цаг тухайд нь бүрэн дүүрэн нийлүүлж чадахгүй байж бас юун түрээсийн сурах бичиг билээ гэж гайхсан, эргэлзсэн хүмүүс бишгүй байсан. Одоо ч энэ шийдвэрт хариу нэхсэн хэвээр. Бага ангийнхны сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй олгодог. Дээр нь дунд болон ахлах ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хүртэлх хувийг номоор хангадаг гэж эрх баригчид өнөөдрийг хүртэл сайрхаж ирсэн. Гэвч Боловсролын хүрээлэнгийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бага ангийнхны номыг төрөөс 100 хувь хангах зорилтынхоо 97-98 хувийг биелүүлж байгааг тогтоосон. Харин VI-IX ангийн зорилтот бүлгийнхний 30 гаруй, ахлах ангийн нийт сурагчийн 15-25 хувьд нь л үнэгүй ном олгож байж. Өөрөөр хэлбэл, төр, засаг олон нийтэд зарладаг шигээ 100, 40 хувийн хангалтаа хийж чаддаггүй гэсэн үг.


2010-2014 онд номын хүртээмж улсын хэмжээнд 84 хувьд хүрч байжээ

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамж, хүртээмжийн асуудлыг хөндөж Засгийн газрын хуралдаанд танилцуулж, түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх болсон нь одоогийн нөхцөлд хамгийн сайн шийдэл гэсэн. Учир нь өнгөрсөн хугацаанд манай төр, засаг, хэвлэлийн компаниудын аль аль нь хүүхдийн эрх ашгийг бодож байсангүй. Сонгон шалгаруулалтад ялсан хэвлэлийн компаниуд улсаас мөнгө авч, үнэгүй тараадаг номыг түрүүлээд хэвлэчихдэг. Дунд, ахлах ангийнхны номын 60 хувийг хэвлэж, зах зээлд борлуулах үүрэгтэй ч байнга хомсдол үүсгэдэг байв. Номын худалдаачид сурах бичгийн үнийг огцом өсгөж, дамлан худалдсаар ирсэн. Тиймээс сурах бичгийг түрээсэлснээр зохиомол хомсдол үүсгэж, дамлан худалдах замаар үнийг нь өсгөдөг сүлжээ үгүй болох сайн талтай гэж тэд тайлбарласан. Ийм үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ярьдаг шигээ ажиллаж үр дүнг нь харуулах хэрэгтэй байна. Угтаа 2010-2014 онд сурах бичиг түрээслэдэг байхад номын хүртээмж улсын хэмжээнд 84 хувьд хүрч байсан гэдэг. Гэвч энэ нь олон хүнд ашиггүй байсан нь мэдээж. Тиймээс л сурах бичгийг дахин худалдах болсон түүхтэй.


Авах ч, түрээслэх ч сурах бичиг алга

Тэгвэл өнөөдөр худалдаад авах ч, түрээслээд хэрэглэх ч сурах бичиггүй байгаа нь хэний буруу вэ. Нийслэлийн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн номын санч П.Чанцалдулам хэлэхдээ “Манай сургууль 2800 орчим сурагчтай. 1-5 дугаар анги буюу бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүйгээр хангаж байна. Харин 6-12 дугаар ангийн сурагчдын 40 хувьд нь буюу нийгмийн зорилтот бүлгийн хүүхдэд сурах бичгийг үнэгүй тараагаад байна. Тэгэхээр дунд ангийн хүүхдүүдийн үлдсэн 60 хувь нь сурах бичгээ түрээсээр авч хэрэглэнэ. Гэхдээ одоогоор түрээсийн сурах бичиг ирээгүй байна. Энэ сарын сүүл гэхэд хэвлэгдэж компаниудаар нь дамжиж сургуульд ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Нэг хүүхдэд 13-17 төрлийн ном очно. Одоогоор худалдаанд сурах бичиг байхгүй учраас зарим хүүхдүүд ах, эгчийнхээ номыг дамжуулж хэрэглэх, БСШУЯ-ны цахим хаяг руу орж цахим ном ашиглах болон ангийнхаа номтой хүүхдээс хэвлэх, номын сангаас ном авч ашиглах зэргээр хичээлээ хийж байна. Сургууль болон багш нарын зүгээс заавал сурах бичиг авчирсан байх шаардлага тавихгүй байгаа” гэсэн юм. Долдугаар сард яамнаас сурах бичиг хэвлэх гурван тендерийг зарлаж улмаар наймдугаар сард үнэлгээ хийсэн байна. Ингээд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас БСШУСЯ-ны зохион байгуулсан тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой. Тиймээс санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж байгаа талаар БСШУСЯ-ны албан тушаалтнууд удаа дараа тайлбарласан. Үнэндээ хаа хаанаа шалгах шалгуулах тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ажлаа төлөвлөдөг, алсаа хардаг, тооцдог, тооцоолдог бодлого энд дутаад байх шиг. Жил бүрийн есдүгээр сарын нэгэн болдгоороо л болж хүүхдүүд сургуульдаа ордгоороо л ордог шүү дээ.

6,7 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн хэвлэлтийг гэрээгээр шийднэ

2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх, ахлах, дунд ангийн 181 мянга орчим хүүхэд байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжинням хэлсэн. Тэрбээр “Эдгээр хүүхэд өмнө нь захаас ном худалдаж авдаг байсан гэсэн үг. Гэхдээ бүгд биш. Учир нь зарим нь ах эгч, хамаатан саднаасаа нэг ангийн хичээлийн багц ном дамын наймаачдын гараар орж 50-60 мянган төгрөг болж нэмэгддэг байсан. Нөгөө талаас боломжтой хэд нь ном авах гэхээр олддоггүйн зовлон их. Өдий хүртэл сурах бичиг худалдах, борлуулах сүлжээ улс орон даяар бий болоогүй. Эдгээр шалтгаанаар номын хүртээмж муу байсан. Харин энэ жилээс хүүхдүүд сургуулийнхаа номын сангаас бүх сурах бичгээ түрээслэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 2.6 сая ширхэг сурах бичиг хэвлэх шаардлагатай. Хичээл тус бүрээр 100 орчим нэр, төрлийн ном хэвлүүлэхэд бэлэн болсон” гэж ярив. Дээрх тоогоор сурах бичиг хэвлүүлэхэд найм орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүжилтыг нь шийдсэн юм байна. Гэвч одоо болтол нэг ч сурах бичиг хэвлээгүй шалтгааныг Р.Балжинням ийнхүү тайлбарлав. “Түрээслэх сурах бичгүүдийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр хэвлүүлэхээр хөрөнгө мөнгийг нь шийдүүлчихсэн. Үүний дагуу тендерүүд зарлаад, үнэлгээ хийж дууссан. Одоо зөвхөн гэрээ байгуулах зөвшөөрлөө л АХБ-наас хүсчихээд байж байна. Санхүүжүүлэгч байгууллагаас бидний үйл ажиллагааг хянаж, шалгаж, өөрсдийн дүрэм, журмын дагуу явуулах эрхтэй. Сонгон шалгаруулалт явуулах баримт бичиг боловсруулаад АХБ-нд эхлээд танилцуулсан. Хянаж үзээд “Тендер зарла” гэсний дараа сонгон шалгаруулалт явууллаа. Үүнд бас нэлээд хугацаа зарцуулсан. Учир явдлаа хэлж, хоног хугацааг нь богиносгон, тендерт оролцох хүсэлт гаргасан хэвлэлийн компаниудын материалыг үнэлээд, АХБ-ныханд мөн илгээсэн. Гурван тендер зарласан. Эдгээр тендерүүдийн хариу түрүүчээсээ ирчихсэн байна. Энэ сарын 25-нд буюу маргааш тухайн байгууллагуудтай гэрээ хийж сурах бичгийг хэвлэх ажил эхэлнэ. Эхний ээлжинд 6,7 дугаар ангийн хүүхдүүдийн нэг сая 42 мянган сурах бичгийг хэвлэх компаниудтай гэрээ үзэглэнэ” гэв. Харин гэрээ үзэглэснээс хойш дээрх тооны сурах бичгийг хэвлэж дуусах хүртэл хэдий хугацаа шаардахыг бүү мэд.


Хүүхдүүд багц номоо 20-25 мянган төгрөгөөр түрээслэнэ

Дараа дараагийн гэрээний зөвшөөрөл хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа ч сурах бичиг хэвлэх зөвшөөрлийн түрүү ч АХБ-наас ирсэн гэх мэдээлэл чихэнд чимэгтэй байлаа. Цаашид сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд хэвлэсэн сурах бичгүүдээ нийслэлд бол сургууль тус бүрт нь, орон нутагт бол Боловсрол, соёл, урлагийн газарт нь хүргэж өгөхөөр гэрээнд тусгажээ. Тиймээс түгээх ажилд асуудал үүсэхгүй гэдгийг албаныхан хэлсэн. Хүүхдүүд номын сангаасаа багц номоо 20-25 мянган төгрөгөөр түрээслэх юм байна. 2010-2014 онд нэг ангийн багц ном ашиглах зардлыг 18000 төгрөгөөр тооцож, хүүхдүүдээс хураадаг байж. Шинэ сурах бичиг ашиглаж, актлах хугацаа дөрвөн жил тул дараагийн хэвлэлтийн зардлыг түрээсийн мөнгөнөөс ингэж босгох ёстой. Хэвлэх зардал, цаасны үнэ, инфляц зэрэг хүчин зүйлээс хамаарч түрээсийн үнийг тогтоодог аж. Мэдээж эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ сурах бичгийг бүгдийг нь худалдаж авснаас түрээслэсэн нь 2-3 дахин хямд тусах аж. Харин дунд, ахлах ангийн сурагчдаас хагас болон бүтэн өнчин, олон хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн сурагчид зорилтот бүлгийн 40 хувьд хамаарч үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдах юм.


Олон янзын шийдвэрийн үр дүнд хүүхэд хохирогч болоод хоцрох ёсгүй

“Манай ангид сурах бичигтэй хүүхдүүд олон бий. Миний хувьд найзуудынхаа номноос гэрийнхээ даалгаврын зургийг дарах байдлаар хичээлээ хийж байгаа. Зарим тохиолдолд цахим сайтад ханддаг. Гэхдээ заримдаа утасны дата эрх дууссан тохиолдолд ээж аавыгаа ирэхийг хүлээхээс өөр сонголт байдаггүй. Багш нарын хэлж байгаагаар бид энэ жил түрээсээр сурах бичиг авч хэрэглэнэ гэсэн. Тийм болохоор одоо түрээсийн сурах бичгээ хурдан хэвлэгдэж ирээсэй гэж бодож байна. Багшийнхаа заасан хичээлийг сурах бичгээ хараад сонсвол илүү ойлгомжтой байдаг. Одоо сурах бичиггүй байгаа болохоор тараах материал юм уу гар утаснаасаа л номоо үзэж байгаа. Энэ нь бидний анхаарлыг сарниулж, хичээлээ бүрэн ойлгоход сөргөөр нөлөөлж байгаа гэж бодож байна” хэмээн тус сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Эрхэм-Эрдэнэ ярьсан юм. Хот газрын хэрсүү хүүгийн яриа ийм байна. Харин хөдөө орон нутагт номоо хэвлэх, цахим номын сан руу нэвтрэх боломжгүй. Зураг дардаг ухаалаг утасгүй хүүхдүүд яажшуухан хичээлээ хийж байгаа бол доо. Хэдийгээр томчуудын бодлого шийдвэрийн талаар тэд төдийлөн сайн мэдэхгүй ч хүүхэд бүхэн ширээн дээрээ сурах бичгээ дэлгээд хичээлээ хийх эрхтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.


Тийм болохоор л ямар ч байсан хурдан хугацаанд сурах бичгээ авахыг л хүссэн нь энэ байх. Гол нь зөв ч бай, буруу ч бай олон янзын шийдвэрийн үр дүнд хүүхэд хохирогч болоод хоцрох ёсгүй. Хүүхэд бүхэн сурч боловсрох эрхтэй хэмээн Үндсэн хуульд заачихсан хэрнээ тэдний сурах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахгүй байгаа хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ. Хүүхэд залуусынхаа сурч, боловсрох эрхийг нь зөрчиж, сурах бичиг хэвлэх хөрөнгө санхүү байхгүй хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдын гарыг царайчлуулж суугаа монголын төрөөс ичиж байна. ЖДҮДС-аас хэдэн арван тэрбумаар нь хумсалдаг хэрнээ үр хойчийнхоо сурч боловсрох эрхийг нь уландаа гишгэж суугаа эрхэм гишүүдээс ичиж байна. Үнэндээ найман тэрбум төгрөг гэдэг тэдний идэж уусан мөнгөний хажууд тийм ч их хэмжээний мөнгө биш л юм сан. Угтаа манайх шиг боловсролын салбараа гуйлгачин болгоод гудамжинд гаргачихсан ийм дорой төр засаг энэ дэлхийн хаана байгаа бол. Хүүхэд залуусаа улс эх орны ирээдүй тул нүдний цөцгий мэт хайрлан хамгаална гэх мэт сайхан сайхан үгсийг амаараа чалчих биш ажил хэрэг болгох нь чухал байна. Нэмж сануулахад сурах бичгийн тендерийн маргаан өнгөрсөн жил нэлээд сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ жил хичээл эхлээд сар орчим болж байхад сурах бичиг хэзээ сурагчдын гарт бүрэн очих нь бүрхэг хэвээр л байна.
Ер нь цаашид салбар яамны зүгээс сурах бичгийн хүртээмж, олголтын талаар нэгдсэн бодлоготой болж жилийн жилд тендерийн маргаан, агуулгын алдаа, сурагчдыг хичээлийн хоцрогдолд оруулдаг энэ мэт хариуцлагагүй тогтолцооноосоо салах хэрэгтэй. Эндээс дүгнэхэд Монгол Улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг бодлогын түвшинд тодорхойлох чиг үүрэгтэй БСШУС яам ажлаа төлөвлөж чадахгүй байгааг дээрх жишээнээс харж болох нь.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com