Монгол цэцэрлэгт багш хичээл заадаг
Цэцэрлэгт хүүхдээ оруулахад ямар үйл явдал өрнөж, юу давж туулдгийг хэн бүхэн мэднэ. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу гэдэг шалтгаанаар сугалаа сугална, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлана, төрж буй хүүхдэдээ цэцэрлэг захиалах шахам юм болно. эцэг эх хоёр цэцэрлэгийн гадаа портер машиныхаа тэвшин дээр хөнжил гудсаа дэвсэн хонож дугаарласан тохиолдол ч бий. Хүүхдээ арайхийж ар өврийн хаалгаар цэцэрлэгийн босго давуулах юм бол бэлтгэх зүйлс гэж бүтэн нүүр жагсаалт хүлээж авдаг. Жагсаалтаа бариад дэлгүүр, захуудаар харайлгаж гарна. Иймэрхүү дүр зураг намрын намарт л болдог. Өрөвдөлтэй ч юм шиг, гомдолтой ч юм шиг.
Дээрээс нь цалиндаа ханамжгүй, ажилдаа дургүй танихгүй эмэгтэйд хүүхдээ үлдээгээд явна. Улсын ихэнх цэцэрлэгүүд камергүй байдаг учраас учраа мэдэхгүй 30-40 нялх хүүхэд ууртай ширүүн (мэдээж бүгд багш тийм биш ч олонх нь ачааллын улмаас бухимдуу болсон байдаг) хоёр багштай юу болдгийг бараг бурхан л мэдэх байх. Тиймээс л хүүхдээ зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олныг цочирдуулж байсан удаатай. Цалин бага, ачаалал өндөр гэх хоёрхон үгээр бүгдийн амыг тагладаг учраас аав ээж нар хүүхдээ ад үзүүлэхгүйн тулд өөрсдөө буруутан мэт таг чиг байх үүрэгтэй. Зарим цэцэрлэгийн эрхлэгч дуугүй байхыг шаардаж байсан ч удаатай. Учир нь ажилдаа ойрхон тул харьяаллын биш цэцэрлэгт хүүхдээ оруулсан байв. Мэдээж “авсан” “өгсөндөө” өлзийтэй байхаас өөр яах ч билээ. Эцэг эхийн цуглуулж аваачсан хэрэглэгдэхүүнүүдийг нэг өрөөнд овоолчхоод захаас нь (аль муугаас нь) хэрэглүүлнэ. Мэдээж гуч дөчин хүүхдэд эцэг эхийн хүүхдэдээ тусгайлан зориулсан чанартай оо, сойз, саванг хольж солихгүйгээр хэрэглүүлэх боломжгүй. Монголд хүүхдээ цэцэрлэгт багтаасан л бол үүдээр нь алхуулаад бүх зүйл багшийн мэдэлд. Нус шүлсийг нь арчих, бие засуулахаас эхлээд бүх ачааг багш үүрдэг. Тиймээс хүүхдүүдээ чимээгүй байлгах үүднээс өдөржин хүүхэлдэй кино үзүүлчихдэг хүртэл цэцэрлэг байсан. Хүүхэд гэртээ ирээд дахиад л дэлгэц ширтдэг.
Цэцэрлэгийн багш маш хүнд хэрнээ өчүүхэн цалинтай ажил. Тиймээ, ойлгож байгаа тул дуугүй л байя. Гүйцээ. Ажил мэргэжлийн ачаалал, дутуу дулимаг нөхцөл байлдлаараа бамбай хийж “баатар” мэт аягладаг хандлага төрийн аль ч албанд ноёлсон цаг үе тул дуугүй байх “хуультай”. Уг нь хүний нийгмийн хууль нь хэн тэнцэж байна ажиллаж, хэн тэнцэхгүй байна халагдаж, хэн чадаж байна тэр цалингаа авах ёстой. Асуудлыг харах өнцөг түүнийгээ шийдэж гарах эр зоригийн оронд зүгээр л дуугүй байх, дуугарвал ялархах “хууль” үйлчилнэ. Цэцэрлэгийн багш хүн ямар байх ёстой, цэцэрлэгийн багш юу хийх ёстойг хэн ч ярьдаггүй, ярьж болохгүй. Яавал тэд ажилдаа дуртай, цалиндаа ханамжтай байх вэ гэдгийг ярих бас л “хориотой”. Гэхдээ цалин хангамж нэмэгдсэнээрээ хүний зан чанар, харилцаа хандлага өөрчлөгддөг үү гэвэл үгүй. ( Шүүгч нарыг хар!) Дуугүй байх нь ялзралын замыг нээж, ялархах нь даврахын хүчийг олгоно. Тэгвэл цэцэрлэгийн багш юу хийдэг вэ гэдгийг гаднын ганцхан улсын жишээнээс сонирхъё.
Австрали цэцэрлэгт багш соёлд сургадаг
Австралид хүүхдээ цэцэрлэгт оруулахад гадаад паспорт болон вакцины албан ёсны орчуулга байхад л хангалттай. Энэ бол Австралид хүүхдээ цэцэрлэгт оруулсан монгол эмэгтэйн жишээ шүү. Ийм амархан. Хөгжилтэй улс юм чинь гэж ядрангуй сул тал руугаа буруугаа чихэхээ одоо больцгооё. Эхлээд хандлагаа өөрчлөх тухай л энд ярья. Энд элдэв бэлдэх юмны урт жагсаалт эцэг эхэд өгөхгүй. Хүүхдийн биед тохирох эко бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрүүд нь өөрсдөө авчраад өгчихдөг. Манайд яагаад ингэж болохгүй гэж? Төсөв мөнгөний хүрэлцээгүй байдаг бол эцэг эхчүүдийн цаг мөнгийг хэмнээд ил тодоор мөнгийг нь авч болох л шүү дээ.
Энгийн цэцэрлэгүүд нь ихэнхдээ төлбөртэй байдаг бөгөөд манайхаар эмзэг бүлгийн болон шинээр суурьшигсад зэрэг хүмүүс цэцэрлэгийн төлбөртөө нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэр төлбөр өрхийн орлогоос хамаардаг. Цэцэрлэгийн төлбөрийг 7-14 хоногоор авдаг нь тун уян хатан нөхцөл.
Монголд хүүхдээ анх цэцэрлэгт явуулахад хаалганы цаана хүүхэд нь бархирч, хаалганы наана ээж нь уйлахад хүрч бөөн уйлаан майлаан болдог. Үүнийг Австралид эхний гурван өдөр хүүхэд аав ээжтэйгээ эсвэл аль нэгтэй нь хүссэн цагаараа хамт байх боломжийг олгодог. Монголд ангидаа хүүхдээ багтаахгүй байхад гэж тайлбар тавьж болох ч тодорхой хуваарь гаргаад зохицуулалт хийж болох л асуудал. Хүүхэд цэцэрлэгт явах дургүй болох, багшаасаа айх, бусад хүүхдээс гэрвэших бүх “асуудал” энэ хугацаанд арилах бөгөөд цэцэрлэгтэйгээ танилцаад амждаг.
Монголд хүүхдээ өглөө хоцроовол авахгүй эсвэл хүүхэд өглөөний цайгүй. Австралид хүүхдээ хэдэн цагт ч авчирч болно. Өглөөний цай, үдийн хоолны дараа авчирвал хоолыг нь авчирч багшаар нь шалгуулах учиртай. Багш хүүхдэд нийцэх хоол мөн эсэхийг шалгаад хооллохыг хариуцна. Австралид цэцэрлэгийн багш эцэг эх бүрт тусгай хэвлэмэл танилцуулга өгдөг. Түүн дээр багш нарын мэндчилгээний үгээс эхлээд баримтлах дүрэм журам, цагийн хуваарь, эрүүл ахуйн зөвлөгөө, авчрахыг хориглох тоглоом, хувцсыг тодорхой заасан байдаг. Манайд багш нар хүүхдийн ар гэрийн ялгаатай байдлыг зохицуулах нөр их стрестт дарагдах нь бий. Эрх хүүхдүүд өөрийн тоглоом, чихэр жимсээ авчирч хүүхдүүд булаацалдаж уйлаан майлаан болох нь энүүхэнд. Монгол эцэг эхчүүдийн дунд хүүхдээ хүний хүүхдээс илүү юмуу өөр гэдэг гажиг гэмээр сэтгэхүйтэй хүмүүс олон гэдгийг цэцэрлэгийн багш нар гэрчилнэ. Тийм эцэг эхчүүд магадгүй ийм сургалтаар сурч боловсрох гараагаа эхэлсэн байх.
Австралид цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийг өдөр унтуулдаггүй. Учир нь тэд дараа жил сургуульд орох учраас хичээл дээр нойрмоглохгүй сургахын тулд гадаа талбайд тоглуулдаг. Гэхдээ хүүхэд унтахыг хүсвэл унтах боломжоор хангасан байдаг. Бага настнуудыг хүчээр унтуулахыг хичээдэггүй ч хэвтэж хөл нуруугаа амраах бусдадаа саад болохгүй байхад сургана.
Монголд хүүхдүүдийг өдөр хүчээр унтуулдаг нь амраах гэсэндээ биш багш чихээ түр амраах боломжоо өөрсдөдөө гаргаж байгаа л хэлбэр. Үүнээс өөр аргагүй нөхцөл байдалд монгол багш нар ажиллаж байна.
Австрали цэцэрлэгүүд гадаа талбайдаа нэлээд хөрөнгө зарцуулдаг. Гадаа салхи бороо болоход хүүхдүүдийг хөөгөөд оруулах биш сүүдрэвч, борооны халхавч дор байгалийн үзэгдэлтэй танилцуулах боломжийг олгодог. Хүүхэд тоглодог элсний талбайгаа орой бүр бүтээж тагладаг нь хорхой шавж, хог орохоос хамгаалдаг. Мөн тоглоомын өнцөг булан, сандал ширээнд хамгаалалтын зөөлөвч жийргэвч хийдэг. Цэцэрлэгийн цэвэрлэгээг өндөр түвшинд хийдэг. Тоглоомуудыг өдөр бүр уурын аппаратаар утах жишээтэй. Монголд үүнийг химийн гаралтай элдэв цэвэрлэгээний бодисын оронд уурын даралтат цэвэрлэгээний аппаратаар шийдэх боломжтой. Энэ нь халдварт өвчин гарахаас бүрэн хамгаалдаг. Цаг, олон удаагийн зардал, хөдөлмөр хэмнэнэ. Монголд нэг удаа хүүхдэдээ үнэтэй сайн чанарын оо, сойз авч өгөөд багшид нь тусгайлан захиж билээ. Гэтэл хэдэн өдрийн дараа очиход хэнийх нь мэдэгдэхгүй сойзоор угааж, улаан өнгөтэй чихэрлэг оо идчихсэн зогсч байсан.
Австралид цэцэрлэгийн багш хүүхдийг хүний юм хэрэглэж болохгүй, хүний биед хүрч болохгүй, хэрвээ гомдоовол заавал уучлал гуйж эвлэрэх ёстойг үлгэрлэн үзүүлж хүүхдээр хийлгэж зүй зохист оруулах ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл хамгийн анхны хүн болох бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй, соёлтой хандах харилцааны соёлыг төлөвшүүлэх ажлыг хийнэ. Хүүхэд нөгөө хүүхдээ гомдоовол уучлал гуйх үгийг нь зааж өгөн уучлал гуйлгаж эвлэрүүлэх, эв найрамдалтайгаар тоглоомоо солилцон тоглох зэрэгт сургана. Хүүхдийн сойзноос элэгний С вирус, нүүр гарын алчуураас В вирус дамжин халдварладаг гэх зэрэг зөвлөгөөг цэцэрлэгт Эрүүл мэндийн байгууллагаас тусгайлан өгдөг тул багш нар энэ зөвлөгөөг ёсчлон дагаж, хүүхдүүдийг зөв дадал хэвшилд сургахад ихэнх цагаа зарцуулна. Мөн гар нүүрийн алчуур хэрэглүүлэхгүй нэг удаагийн цаасан алчуурыг хэрэглэдэг нь угаалга цэвэрлэгээний ажлыг хөнгөвчлөхөөс гадна халдвараас сэргийлдэг. Хүүхэд хогоо өөрөө хаяж сурдаг. Цэцэрлэгт тоглоомыг өдөр бүр сольж тавих хуваарьтай бөгөөд багш өдөр бүр ном уншиж өгөх цагтай. Ингэхдээ жүжигчилсэн тоглолт шиг дүрслэн үзүүлэх бөгөөд дараа нь хүүхдүүдтэй энэ тухайгаа чөлөөтэй ярилцдаг. Мөн цагийн хуваариас нөгөө хуваарь луу шилжихдээ “Одоо амтат сүүгээ уух цаг боллоо” гэх мэтээр дуулахад хүүхдүүд өөрсдөө хүрч ирэн ширээндээ сууцгаадаг.
Монголд задарсан бичлэг шиг хүүхдийг угзчиж дугтчиж хүчээр ширээнд суулгаж албадаж хоол идүүлэх хүчирхийллийн үндэс энд тавигдахгүй. Хүүхдийн сонирхлыг татаж өөрсдөөр нь хийлгэхэд багш хамаг анхаарлаа хандуулдаг. Мөн манайх шиг “Цагаан шугам-Ногоон гэрэл” гэх мэтээр хүүхэд, эцэг эхчүүдийг “дэглэхгүй”. Цэцэрлэг дээр нь галын машинтай гал сөнөөгч, цагдаа, амьтан сургагч хөөрхөн амьтадтайгаа ирж хүүхдүүдтэй хөгжилдөж ярилцангаа зохих мэдлэгийг олгодог.
Монгол цэцэрлэгийн багшид хичээлийн хөтөлбөрийн дагуу хүүхэд бүрт өгөгдсөн шүлгийг ягштал цээжлүүлэх, заагдсан дуу бүрийг алдаагүй дуулуулж сургах хүндхэн үүрэг оногддог. Түүнийхээ дагуу цэцэрлэг, дүүрэг, нийслэл, улсын элдэв уралдаан тэмцээнд өрсөлдөх эцэг эхчүүдээс хувцасны мөнгө төгрөг гаргуулах гэж бөөн зовлон тулгардаг бол Австралид тийм ажил үгүй. Эцэг эхчүүд нь ч “миний хүүхдэд юу ч заасангүй” гэж хэл ам болохгүй. Тэдний зарчим бол хүүхэд тоглож наадаж, эрүүл аз жаргалтай байх. Жилийн эцэст цэцэрлэг тарахын өмнө нэг концерт тоглож үзүүлнэ. Түүнийг Монгол цэцэрлэг шиг цэрэг шиг жигдэрч, мэргэжил шиг үзүүлэх гэж хэн хэнээ зовоохгүй ерөнхийдөө хүүхдийнхээ идэвх сонирхлыг хараад, алдаа оноог нь өхөөрдөөд л болгочихно.
Эцэст нь Монголоо доош нь хийх, цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Монголын боловсролын систем, сургалтын хөтөлбөр бүр эхнээсээ хүүхдүүдэд өрсөлдөөн тэмцлийг зааж багш, хүүхэд, эцэг эхчүүдийг хамтад нь “зовооход” чиглэгдсэн мэт. Харин Австралид найрсаг харилцаа, зөв дадал зуршил, амар тайван, аз жаргалтай амьдрахуйг заадаг мэт ялгаа харагдана. Бүхнийг төсөв мөнгө рүү чихэх биш эрүүл хандлага сэтгэхүйгээр өөрчилж болох олон зүйлс байна, бидэнд.