Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Р.Бурмаа: Яамдууд өөрсдөө төрийн бус байгууллага байгуулж маш өндөр үнийн дүнтэй гэрээ хийж байна

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаатай манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Манай улсад олон нийтийн байгууллага ямар журмаар ажиллаж байв. Өнөөдөр ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна вэ?
-1990 оноос өмнө олон нийтийн байгууллага нэртэй ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын намын дэргэд төрийн байгууллага шиг ажиллаж ирсэн. Харин Ардчилсан хувьсгал ялж олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш улс төрийн намуудын дэргэд тус байгууллагууд шинэчлэгдэн зохион байгуулагдаж ажиллаж байна. Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш ийм байгууллагууд улс төрийн намаас хараат бус, бие даан ажиллах боломж бүрдсэн юм. Тухайлбал, Үндсэн хуульд эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан байгуулахыг эрхэм зорилго болгоно гээд тусгасан. Ингээд Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10-т “Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...хуулийг дээдлэн биелүүлнэ, эвлэлдэн нэгдэсний төлөө болон гишүүний нь төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн байгаа. Мөн 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуультай болж хуулийн этгээдээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг болсон. Энэ хууль улс төрийн нам, Үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамааралтай юм.
-Тэгвэл одоогоор хэдэн төрийн бус байгууллага үйл явуулж байгаа юм бол?
-Түүх мөхвөл улсын бүртгэлд 1998 онд 1075 төрийн бус байгууллага бүртгүүлсэн байдаг. Тэгвэл үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2018 онд 18325 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж буй гэсэн судалгаа гарсан. Нийт төрийн бус байгууллагын 86 хувь нь нийгэмд үйлчилдэг бол 14 хувь нь гишүүддээ үйлчилж байна. Мөн төрийн бус байгууллагын 525 нь шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм. Үүнээс гадна олон улсын 90 төрийн бус байгууллага манай улсад салбар, төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Тухайлбал, хуульд заасны дагуу Хуульчдын холбоо, Улаан загалмайн нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллага байгаа юм.
-Төрийн бус байгуулагууд өнөөдөр тайлан гаргах болон татвар төлж байгаа юу?
-Улсын бүртгэлийг нь харвал төрийн байгууллага маш олон. Гэвч татвар төлдөг, холбогдох байгууллагад тайлангаа тавьдаг нь цөөн. Жишээ нь 2009 онд 112, 2010 онд 185, 2016 онд 1000 төрийн бус байгууллага тайлангаа холбогдох байгууллагуудад гаргаж өгсөн байгаа юм. Нөгөө талаар төрийн бус байгууллага байгуулах хууль эрх зүйн нь байгаа ч санхүүжилтийн асуудал хамгийн том бэрхшээл хэвээр байна. Энэ талаас 60-70 хувь нь гадаадын, хоёр хувь нь төрийн байгууллагын санхүүжилт авдаг. Мөн гишүүдийн татвараар дөрөв, хандиваар 20 орчим хувь нь санхүүжилтээ бүрдүүлж буй юм.
-Төрийн бус байгууллаг­ууд цаашид хэрхэн ажиллах ёстой юм бол?
-Иргэд нийгмийн болон өөрсдийнхөө ашиг сонирхол, үзэл бодлынхоо үүднээс сайн дурын үндсэн дээр байгууллагддаг. Иймд үйл ажиллагаа нь төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар ашгийн төлөө бус ажиллах ёстой. Иргэдтэй ойр ажилладаг учраас нийгэмд тулгамдсан асуудлыг ил гарган тавьж төрийн бодлогод нөлөөлөх, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, зөвлөх зэрэг чухал үүрэг хүлээдэг субьект л дээ. Өөрөөр хэлбэл төрийн болон улс төрийн намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх нь нийгэмд их чухал байдаг. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэг, хүний эрхийг хамгаалах чиглэлд үйлчилгээ, туслалцаа үзүүлэх нь нийгмийн амьдрал, оюун санааны шинэчлэлд чухал нөлөө үзүүлдэг юм.
-Төрийн бус байгууллага төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлэх хууль эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн байгаа вэ?
-2012-2016 оны УИХ-ын үед иргэний нийгмийн байгууллагууд төр, орон нутгийн удирдах байгууллаг­ууд шийдвэр гаргах явцад оролцох, хяналт тавих боломж олгосон олон хууль баталсан. Тухайлбал, Шилэн дансны тухай хууль байна. энэ хууль төсвийн орлого, зарлагад иргэд олон нийт хяналт тавих боломж бүрдүүлсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид энэ хуулийг төдийлөн сайн хэрэгжүүлэхгүй байна. Мөн Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төр шийдвэр гаргахаас өмнө олон талаас нь хэлэлцүүлэх, гаргасан шийдвэр нь хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих боломж олгосон. Мөн төрийн өндөр, хариуцлагатай албанд томилох нэр дэвшигчийг уг ажилд тэнцэж байна уу үгүй юү гэж олон нийтийг хамарсан нээлттэй сонсгол хийхийг хуульчилсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт бас л хангалтгүй байна. Уг хуулийг хэрэгжүүлэх талаар иргэдэд таниулах, мэдээлэх ч үгүй байгаа юм. Эдгээрээс гадна УИХ-ын Өргөдлийн байнгын хороог анх байгуулсан. УИХ бол иргэдээ төлөөлж, хууль баталж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага. Иймд иргэдийн гомдол, санал, мэдээллээр хуулийн төсөлд санал авах, хууль хоорондын зөрчлийг арилгах, Засгийн газрын үйл ажиллагааны алдааг засахад Өргөдлийн байнгын хороо чухал үүрэг гүйцэтгэх тогтолцоо болсон. Тэгээд 300 иргэн дэмжвэл тухайн асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос газар дээр нь очиж ажиллана. Мөн 900 хүн тодорхой асуудлаар санал нэгдэж хүсэлт гаргавал Өргөдлийн байнгын хороо авч хэлэлцдэг болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоол 2016 онд гарсан. Энэ дагуу төрийн бус байгууллагуудыг магадлан итгэмжилж байгаа.
-Тэгэхээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах хууль эрх зүйн орчин хангалттай бий гэж үзэж болох нь ээ дээ?
-Эрх зүйн шинэчлэлтийн асуудал өнөөдөр тулгамдаж байна. 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Хууль зүйн хувьд төрийн бус байгууллагын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүйгээс улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөө байгууллагууд төрийн бус байгууллага гэх нэрийг хавтгайруулан хэрэглэж байна. Ингэснээр төрийн байгууллагын нэр хүнд унах эрсдэл дагуулж байгаа юм. Мөн төрийн бус байгууллагын санхүүжилтийн асуудал хүнд хэвээр байна. Доноруудаас өгөх санхүүжилт хумигдаж байгаа. Төрөөс өгөх санхүүжилт дэмжлэг байхгүй болсон. Нөгөө талдаа төрийн бус байгууллагын хүний нөөцийн асуудал маш хүнд болсон. Яамдууд өөрсдөө төрийн бус байгууллага байгуулж маш өндөр үнийн дүнтэй гэрээ хийж эхэлсэн. Уул уурхайн компаниудын төрийн бус байгууллага ч олноор төрөн гарч байна. Нутгийн захиргааны байгууллагууд хандив авахын тулд маш олон төрийн бус байгууллагатай болсон. Ийнхүү улс төр, шашны, ашгийн төлөөх төрийн бус байгууллага маш олноор бий болж эхэллээ. Ийм учраас эдгээр асуудлыг эрх зүйн бодлогын хүрээнд шинэчлэн зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com