Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулах тухай асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар яригдан, олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Учир нь, үүнд хамгийн их оролцоотой байж, саналаа тусгуулах ёстой бизнес эрхлэгчид мэдээлэл дутмаг байгаа нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас гаргасан мэдэгдлээс харж болох юм.
Тодруулбал, МҮХАҮТ-аас өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд Танхимын болон бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд давчуу хугацаанд яаран тулгалгүй, илүү нухацтай алгуур хандах нь чухал гэж үзэж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд экспортын санхүүжилтийн тогтолцоо байхгүй нөхцөлд Монгол Улс нь хоёр болон олон талт хэлэлцээрүүдийг ашиглаж буй байдал үр өгөөжгүй байна хэмээн дүгнэж байна" хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, уг мэдэгдэл нь бизнес эрхлэгчдийн нэгдэл МҮХАҮТ-ын байр суурийг илэрхийлсэн нь түр хэлэлцээрээ эргэн харах шаардлагатайг сануулсан хэрэг. Эдийн засгийн чөлөөт худалдааны энэ асуудал нь анх удаа яригдаж байгаа зүйл огт биш. Өмнө ч байсан асуудал. Тэгвэл бизнес эрхлэгчид ЕЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн талаар яагаад мэдээлэл дутмаг байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Өнгөрсөн сард МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль Т.Дүүрэнгийн баривчилгаагаас эхлүүлээд Танхимын санхүүг шамшигдуулсан, буруу зорилгоор ашигласан асуудлыг ил болгоно зэрэг өөрийн мөрийн хөтөлбөрөө тусгасан Л.Төр-Одыг "Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Уулзаарай" хэмээн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн заналхийлэл зэрэг сүр дуулиантайхан болж өндөрлөсөн.
Мөн МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшин долоодугаар сард ирсэн түр хэлэлцээрийн төслийг танхимын гишүүддээ танилцуулалгүйгээр Гүйцэтгэх удирдлагын явцуу хүрээнд санал авч яаманд хүргүүлсэн. Үүнээс үүдэж нийгэм талдаа ч, бизнес эрхлэгчид талдаа ч дутуу дулимаг явцын мэдээлэлтэй байсан гэх дүгнэлтэд хүрчээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зургаадугаар сарын 10-нд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөс чөлөлөгдөх хүсэлтээ өгсөн ч танхимын удирдлагаар арга хэмжээнд оролцоод явж байжээ. Тухайлбал, улс төрийн сонгуулийн үеэр хоёр ч удаа танхимын Ерөнхийлөгч статусаар гадаад арга хэмжээнд оролцсон байна. Мөн 11 дүгээр сарыг дуустал Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн хурлыг даргалсан байдаг. Танхимын дүрэмд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн бол танхимын Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг хориглодог байна. Гадаадад ч Ерөнхийлөгчийн хувиар арга хэмжээнд оролцоод явсан нь баримтаар нотлогдож байгаа аж.