Засгийн газрын өчигдрийн хуралдаанд бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 12.2 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр хэвээр байна. Инфляц өндөр байхад сайжруулсан түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн дизель түлшний үнэ сүүлийн үед тогтвортой байгаа хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн нь инфляцад сөрөг нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар, сонгино, төмс зэрэг зарим хүнсний ногооны үнэ 30 орчим хувиар өссөн. Гурил, сүүний үнэ жилийн дүнгээр өссөн хэдий ч сүүлийн саруудад тогтворжиж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 2022 онд таван удаа нийт долоон нэгж хувиар нэмэгдүүлсэн. Мөнгөний бодлогын хороо 2023 оны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Цаашид инфляцыг бууруулах хүрээнд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Дэлхий нийтээрээ мөнгөний бодлогоор зохицуулах хандлага руу шилжээд орсон. Энэ бол хамгийн бодитой бөгөөд зөв арга. Тийм учраас инфляцийн түвшин бууна гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Монгол Улс мөнгөний бодлогын хүүгээ хэвээр байлгалаа. Инфляцийн эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлээд авна. Мөн төсвийн бодлогын арга хэмжээ орж ирдэг. Үндсэн тэнцэл байдаг. Энэ бол нэмэхтэй байгаа. Өөрөөр хэлбэл олж байгаа нь их, зарцуулж байгаа нь бага байгаа гэсэн үг. Энэ нь инфляцийг өдөөхгүй байна. МУ-ын валютын нөөц байна. Үүнийг барихад валютын нөөц 3.3 тэрбум ам.долларын буюу хангалттай хэмжээнд байна. Валютын зах зээл тогтворжсон байна. ЗГ-аас бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр янз бүрийн хориг саад хүнд суртлыг багасгах, эсвэл зарим салбарт хэтэрхий монопольжсон зүйлсийг багасгах чиглэлээр ЗГ арга хэмжээ авч байна. Эдийн засгийн өсөлт 4.8 байна. Өснө гэдэг нь хувийн хэвшлийн орлого нэмэгдэнэ" гэв.