УИХ-ын гишүүн Ж.Баярмаа АН-аас жагсаалтаар сонгогдож ногоон гэрлээр гишүүн болсон нэгэн. 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн гол зураглалыг бичсэн С.Баярцогт олонд танигдаагүй Ж.Баярмаа гэх эмэгтэйг АН-ын жагсаалтад дээгүүр оруулсан гэх жиг жуг улстөрийн хүрээнийхэн дунд өрнөж байв. Тухайн үед намын гишүүд нь “Баярмаа гэж хэн юм”, “Намын гишүүд ч танихгүй шахам хүнийг гэнэтхэн яагаад оруулаад ирэв” гэх мэтээр ундууцаж байлаа. Ж.Баярмааг сонгуулийн өмнөхөн АН-ын дэд даргаар томилогдоход ч С.Баярцогтын нөлөө байсан гэдэг.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын эхлүүлээд буй төсөв тойрсон улстөрийг зурж, чиглүүлэгч эрхмүүдийн нэг нь мөн л С.Баярцогт гэх хов жив төрийн ордоны тамхины цэг хавьцаа өрнөж эхэллээ. Төсөв батлагдах хууль журмын дагуу хэд хэдэн шатны хэлэлцүүлэг хэдийнэ хийгдээд дуусч байхад, гэнэтхэн л Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын гишүүд олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийж “попорсон”-ы цаана улстөрөөс өөр юу ч байхгүй нь хэтэрхий ойлгомжтой хэрэг.
Хэрэв төсвийн төсөл үнэхээр асуудалтай байсан бол яг хэлэлцүүлгийн үеэр гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд үгээ хэлэх эрх тэдэнд бий. Ийм боломж байсаар атал таг чимээгүй сууж байснаа гэнэтхэн л олныг төөрөгдүүлсэн аар саар популизм ярьж гарч ирнэ гэдэг хардаж сэрдэх маш том өнцөг.
Ерөнхий сайд эднийг “Шанхайн хэлэлцээр”-ийн эсрэг акцийнхан гээд ил шулуухан хэлчихсэн. Шанхайн хэлэлцээрийн хүрээнд хийх гол бүтээн байгуулалт бол Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр. Энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэгчид Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарыг өмнөө бариад улайрч байна л даа, ер нь. Ерөнхий сайдыг Шанхайн хэлэлцээрт явсан эзгүй үеэр тэд акцаа эхлүүлснийг энэ дашрамд тодотгоё.
Эндээс “С.Баярцогттой ойр гэгддэг Ж.Баярмаа MCS-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин нар яагаад хөтөлцчихөв” гэсэн асуулт гарч ирнэ. С.Баярцогтыг нэгэн цагт УИХ дахь “MCS”-ийн ил далд төлөөлөл гэж цоллодог байсныг санах нэг нь санана. Олны үг ортой гэдэг. Магадгүй л юм.
Тэгэхээр гурван үсэгтэй том компанийн зүгээс олигархи нарыг дэмждэг нэр бүхий улстөрчтэй хуйвалдаж өөрсдийн эрх ашгийн төлөө Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын популист улстөрчдийг турхираад эхэлчихсэн юм биш байгаа.