Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл өчигдөр /2025.05.26/ тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарласан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх есдүгээр сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.
Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй гэлээ.
Түүнчлэн НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах аж.
Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал, сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн таван жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарах юм.