Жендэрийн үндэсний хорооноос Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2024-2025 амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр (2025.12.02) төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Ина Марчюлёните, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи нар нээлтийн үгийг хэлж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш төслийн үр дүнг танилцууллаа.

Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцдаа жендэрийн үзэл баримтлалыг үр дүнтэй уялдуулах чадавхыг дээшлүүлэх зорилго бүхий уг төсөл нь 2024-2025 онд хэрэгжсэн юм.
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" төслийн үр дүнд олон нийтийн жендэрийн боловсролыг дэмжих үндэсний тогтолцоог хөгжүүлэх, жендэрийн мэргэжилтэн, сургагч багш нарын чадавхийг бэхжүүлэх хүрээнд сургагч багш бэлтгэх олон Улсын стандартад нийцсэн гурван үе шаттай сургалтын модуль, гарын авлагаар салбар бүрийн төлөөллийг хамруулан сургалт зохион байгуулж ажиллав.

Тухайлбал 2024 оны жилийн эцсийн байдлаар анхан шатны сургалтаар 453 сургагч багш, дунд шатны сургалтаар 36 сургагч багш, ахисан түвшний сургалтаар 30 сургагч багш, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах сургагч багш бэлтгэх сургалтын модулиар 26, нийт 545 жендэрийн сургагч багшийг тус тус бэлтгэлээ.
Түүнчлэн төслийн хүрээнд сургалт нөлөөллийн ажлын чанар, үр дүнг тогтмол үнэлэх, сургалтын хэрэгцээг салбар орон нутгийн түвшинд нарийн тодорхойлох, сургагч багш нарыг давтан сургах, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор жендэрийн сургагч багш, шинжээч мэргэжилтнүүдийн нэгдсэн цахим платформыг хөгжүүлэн ажиллаж байна.

Нэгдсэн платформыг хөгжүүлснээр харилцан үйл ажиллагаагаа уялдуулах, сурталчлах, нийтлэг шийдлийг тодорхойлох, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах замаар ЖЭТБХХууль, салбар, орон нутгийн жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.
Мөн төслийн үр дүнд нотолгоонд суурилсан зөвлөмж, стратегийн удирдамж, техникийн мэдлэгийг үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн мэргэжилтнүүдийг ажлын байранд дагалдуулан сургах, бүс нутагтаа жендэрийн мэдрэмжтэй стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлсэн юм.

Хоёр үе шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд Салбар бүрийн төлөөлөл босон 30 хүнийг жендэрийн үндэсний сургагч багшаар бэлтгэн жендэрийн шинжээч болгосон бөгөөд төслийн хаалтын үед үнэмлэхийг гардуулан өглөө.
Тус Менторшип хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнууд, хэлтэс албадын дарга нар болон мэргэжилтнүүдэд жендэрийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг голчлон хийсэн юм.
Мөн Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалт, иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тестийг тус тус нэвтрүүлж, сургалтын тогтолцоогоо бэхжүүлэн ажиллалаа.
Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалтын системийг шинээр хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн нийт удирдах ажилтан богино хугацаанд жендэрийн талаарх ойлголт, мэдлэгээ бататгах боломжийг бүрдүүллээ.

Програмыг нэвтрүүлснээс хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 7532 иргэн хандсанаас төр, хувийн хэвшлийн 2218 (1475 эрэгтэй, 743 эмэгтэй) удирдах ажилтан сургалтад бүрэн хамрагдаж гэрчилгээгээ авсан нь улсын хэмжээний нийт удирдах ажилтны 8 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд дийлэнх нь төрийн байгууллагын удирдах ажилтнууд байна.
Ийнхүү жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургалтын модуль, агуулгыг батлан, сургагч багш нарыг бэлтгэснээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-нд тусгагдсан 2026 он гэхэд төрийн албан хаагчдын 85 хувь, удирдах ажилтны 75 хувийг сургах бодлогын зорилтын хэрэгжилт бүрэн хангагдах нөхцлийг бүрдүүлсэн.

Иргэд олон нийтэд зориулсан цахим тест нь жендэрийн талаарх 40 хялбар асуултаас бүрдэх бөгөөд иргэд богино хугацаанд жендэрийн талаарх ойлголт, мэдлэгээ бататгах боломж бүрдэв.
2024 оны 10-р сараас эхлэн жилийн хугацаанд тус цахим системд нийслэл, аймаг дүүргийн нийт 24.136 иргэн хандаж гэрчилгээ авсан байна. Тэдний (54% эмэгтэй, 46% эрэгтэй), хүн бөглөж, ойлголт мэдлэгээ нэмэгдүүлснээс 34% нь Улаанбаатар хотоос, 66% нь орон нутгаас хамрагдсан. Хамгийн өндөр хандалттай сар буюу 11 дүгээр сард 9416 иргэн хандсан байна.
Ийнхүү "МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСӨЛ 2024-2025 оны үр дүнтэй, амжилттай хэрэгжиж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоонд ахиц дэвшлийг бий болголоо.