БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр “Монгол Улсаас Хятад улсад сургалтад оролцогчдын нөхөрсөг уулзалт 2025” нэртэй уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуань үг хэлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ “Энэ жил Монгол Улсын 20 гаруй салбарын 600 гаруй хүн Хятад улсад сургалтад хамрагдсан нь дэлхийн хэмжээнд ч тэргүүлэхүйц өндөр үзүүлэлт боллоо. Түүнчлэн Монгол Улсын 10 төрийн албан хаагч БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг авч, Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль гэх зэрэг нэр хүнд бүхий их сургуулиудад магистр докторын зэрэг горилон суралцаж байна. Энэ жил Монгол, Хятад хоёр улсын хувьд ч онцгой чухал жил болж байна. Хятадын Коммунист Нам 20 дахь удаагийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурлыг амжилттай хуралдуулж, "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний саналыг хянаж батлан, Хятад улсын ирэх таван жилийн хөгжлийн агуу их төлөвлөгөөг тодорхойлон, өндөр чанартай хөгжилд тулгуурлан, орчин үеийн хөгжлийг тэргүүлэх зэрэг болгон, хөрш орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцахыг онцолсон. Хятад улс нь Монгол Улсын хөгжлийн стратегитай нягт уялдсан хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, Монгол Улсын орчин үеийн хөгжлийг дэмжихэд илүү их дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын Засгийн газар нь гадаад тусламжийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад сургалтын боломжийг цаашид ч нэмэгдүүлэх бөгөөд дижитал эдийн засаг, ногоон хөгжил, орчин үеийн хөдөө аж ахуй, уул уурхайн менежмент, төрийн удирдлага, эрүүл мэнд, соёл боловсрол зэрэг салбаруудад илүү оновчтой, хэрэгцээ шаардлагад нийцсэн, баялаг агуулга бүхий чанартай сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах болно” гэв.
Хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагааг бататгасан энэхүү уулзалтын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д туршлага солилцож, сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирж, Хятад улсад суралцсан туршлагаасаа нээлттэй хуваалцсан юм.

Мөн ЗГХЭГ-ын Дэд дарга Ц.Одхүү хэлсэн үгэндээ “Юуны өмнө, энэхүү арга хэмжээг уламжлал болгон жил бүр зохион байгуулдагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань танд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг төлөөлж талархал илэрхийлье” хэмээгээд “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүмүүн капиталын үзүүлэх нөлөө үнэлж баршгүй юм. Энэхүү капиталд хөрөнгө оруулалт хийх буюу мэргэшүүлж, чадавхжуулах нь ажилтан, албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, бүтээмжийг дээшлүүлэх, инноваци, шинэ санал санаачилгыг дэлгэрүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулах, эрэлт хэрэгцээнд нийцсэн богино, дунд хугацааны сургалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд илүү эрчимтэй зохион байгуулж байгаад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран энэ 2025 онд нийт 6 төрлийн сургалтад 15 төрийн байгууллагын 30 албан хаагчийг БНХАУ-д богино хугацааны сургалтад хамруулсан байна. Ирж буй жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, сургалт, хөгжлийн арга хэмжээний бодит үр дүн дээшилж, сургалтын үр өгөөж нэмэгдэнэ гэдэгт туйлын итгэлтэй байна” гэв.
