Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үзэсгэлэнт алматы хотоор аялсан тэмдэглэл

1950-иад онд ЗХУ-ын олон хотоор айлчилсан АНУ-ын нэрт зохиолч, Нобелийн шагналт Эрнест Хемингуэйгээс Москвагийн төв хэвлэлийн сурвалжлагч “Танд манай аль хот таалагдав?” хэмээн асуужээ. Сурвалжлагч Москва, Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын аль нэгийг хэлэх байх бодож байж. Гэвч цуут зохиолч “Надад Алматы хот хамгийн их таалагдлаа. Алматы бол үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай хот юм байна” хэмээн уулга алдсан гэдэг. Өнгөрсөн наймдугаар сард эхнэр бид хоёрт үзэсгэлэнт Алматы хотоор аялах завшаан тохиолоо.

Баян-Өлгий аймгийн төвөөс Казахстаны нийслэл Нур-Султан, хуучин нийслэл Алматы хот руу өдөр бүр чиглэлийн унаа явдаг юм байна. Наймдугаар сарын 13-ны өглөө 07:30 цагт урьд өдөр нь тохирсон “Мерседес Бенц Спринтер” загварын 16 хүний суудалтай бага оврын автобусанд сууж Казахстаны Алматы хотын аялалд гарав. 

Өлгийгөөс гараад Цагааннуур сум өнгөртөл засмал замтай. Тэрнээс цаашаа Оросын хилийн зурвас хүртэл дэржигнүүртэй шороон замтай. Энэхүү 30-аад км-т засмал зам тавигдахгүй олон жилийн нүүр үзжээ. Өлгий хотоос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинтын боомт хүртэл 100 км-ын зайтай аж. 09:30 цагт Монгол Улсын дархан хил дээр очив. Монголын хилээр гарахад ямар нэгэн асуудал байхгүй, машинд яваа хүмүүсийн тоог аваад, гадаад паспортыг нь шалгаад цааш нэвтрүүлнэ. Харин Монголын хилээс цаашаа 10-аад км яваад Оросын хилийн Ташанта боомт ороход автомашин доторх бүх ачааг буулгаж, нэгжиж нэвтрүүлдэг аж. Хоёр улсын хилээр нэвтрэх гэсээр 13:00 цаг болсон юм.

Оросын хилээр гараад 50 км-ын зайд ОХУ-ын Алтай улсын хязгаарт орших Коч-Агаш районы төвд ирж “Юлдуз” зоогийн газарт хооллож аваад, цаашаа хөдөллөө. Коч-Агашаас цааш 20-иод км яваад Алтайн нуруу дагасан үзэсгэлэнт байгаль, ой модтой сүрлэг өндөр уулс эхэлнэ.

Алтайн улсын зам дагуу байгалийн сайхныг биширч явсаар Горно-Алтайск, Бийск, Барнаул хотын хажуугаар нь өнгөрч наймдугаар сарын 14-ний өглөө ОХУ, Казахстаны хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтрээд цагийн дараа Дорнод Казахстан мужийн Шемонаиха районы төвд ирэв. Түүнээсээ цаашаа Семей хотоор дайраад наймдугаар сарын 15-ны өглөө Алматы мужийн төв Талдыкорган хотод, 15:00 цагийн орчимд Алматыд очлоо. Семей хотоос Талдыкорган хүртэлх 800-гаад км засмал зам хуучирч муудсан байна. Түр зам гаргаж, шинэ зам тавьж байгаа аж. Харин Талдыкорган хотоос Алматы хүртэл 260 км олон улсын хурдны замтай. Өлгийгөөс Алматы хүртэл нийтдээ 2400 км-ыг замыг туулж очлоо.

Алматы хотын “Байбесик” хэмээх газарт унаанаасаа буугаад бид үүргэвчээ үүрээд хотын төв орохоор 80 дугаар чиглэлийн автобусанд суулаа. Нийтийн тээвэр картгүй бэлнээр төлбөл 150 тенге (манайхаар 1000 төгрөг орчим) юм байна. Харин “Онай” (амар) нэртэй карттай бол 80 тенге аж. Казахстаны нэг тенге Монголын долоон төгрөгтэй тэнцдэг. Хотын төвийн Абайн өргөн чөлөөнд буугаад үзэсгэлэнт Алматы хотоор танилцах аяллаа шууд эхлэв.

1927-1997 оны хооронд Казахстаны нийслэл байсан Алматы хот ой модоор бүрхэгдсэн урд талаараа Алатау уулаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан хот. Бидний эхний танилцсан газар бол Балуан Шолакын нэрэмжит спорт цогцолборт байрладаг жуулчдад зөвлөгөө өгдөг “Tourist Hub” төв байлаа. Уг төвийн ажилтан казах охин бидэнд Алматы хотын тухай товч танилцуулж, бидэнд маш чухал зөвлөгөө өгсөн юм.

Алматы хот 1994 он хүртэл Алма-Ата нэртэй байжээ. Казахстаны хамгийн том хот мегаполис. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, түүх, эдийн засаг санхүү, банк болон тус улсын үйлдвэрлэл, худалдааны хамгийн том төв. Алматы гэдэг нь “Алимны эцэг” гэсэн утгатай. Алматы гэсэн нэртэйгээ ч таарсан хаа сайгүй алим ургаж байдаг юм билээ. Хотод гурван сая орчим хүн амьдардаг. Ой мод их өндөр ургасан болохоор хотын барилгууд нь харагдахгүй.

Хотын төвөөр танилцаж явсаар орой болж, бид хоёр Алматын төвд оршдог “Sky Almaty” хостелд буудаллахаар боллоо. Арванхоёр давхар барилгын оройд байдаг уг хостелийн террасаас Алматы их гоё харагддаг юм билээ. Маргааш өглөө нь Гадаадын иргэд, цагаачлалын албанд очиж бүртгүүлэв. Учир нь Казахстаны хилээр нэвтэрсэн гадаадын иргэд уг улсад тав хоногоос илүү байх юм бол заавал түр оршин сухаар бүртгүүлэх хуультай.

Бүртгүүлчихээд 99 дүгээр автобусанд суугаад Көктөбег зорилоо. Алатау уулын бэлд оршдог, Алматы хотыг бүхэлд тольдох Көктөбед цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн байгуулж, хүүхдийн төрөл бүрийн тоглоомуудыг байрлуулжээ. Хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, жуулчдын хөл тасардаггүй газрын нэг бол Көктөбе юм. Көктөбегээс “Казахстан” зочид буудал, Абайн хөшөөтэй талбай руу агаарын дүүжин замаар шууд ирнэ. Агаарын дүүжин замд суухад 1000 тенге. Бага байхдаа ах, эгч нарынхаа гэрэл зургаас харж бахархдаг байсан 25 давхар “Казахстан” зочид буудал, Казахын их яруу найрагч Абай Кунанбаевын хөшөөний дэргэд патиараа татуулчихаад Алматы хотын аяллаа цааш нь үргэлжлүүлэв.

“Казахстан” зочид буудал

Одоогийн Алматы хотын захиргааны төв байрладаг Тусгаар тогтнолын талбай, сүүлийн үед баригдсан “Нурлы Тау” худалдаа, үйлчилгээний цогцолбор, Олон улсын санхүүгийн төв, “Есентай Молл” төв гээд жуулчдын хөл тасардаггүй газруудаар явлаа. Казахстаны ууган их сургуулиудын нэг болох Аль-Фарабийн нэрэмжит их сургууль буюу КазГУ-тай танилцав.

“Нурлы тау” цогцолбор

Олон улсын санхүүгийн төв

 "Есентай молл"

КазГУ

Алматы хотын нэг онцлог нь бол ЗХУ-ын үед 1950-1980-аад онд баригдсан хуучны барилгуудаа хэвээр нь хадгалж орчин үеийн архитетурын шийдэлтэй их сайхан хослуулжээ. Алматы хотод хүн ам, автомашин ихтэй ч замын түгжрэл бараг байхгүй. Хэдэн жилийн өмнө гүүрэн, давхар замыг олноор барьж замын түгжрэлийг шийдвэрлэсэн гэж байна. Бас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь их соёлтой. Явган зорчигч гарцанд дөхлөө, их холоос зогсч зам тавьж өгдөг аж. Улаанбаатарын замд дассан бид гарцаар гүйх шахам гарна, эсвэл гарцан дээр автомашиныг хүлээж зогсчихоор яваач ээ гээд гар даллана.

 

КазГУ-гаас доошоо уруудаад голын эргээр алхсаар Мухтар Ауезовын нэрэмжит театр, цирк, цэцэрлэгт хүрээлэнд очив. Алматы хотод хүмүүсийн амрах орчныг маш сайхан шийдсэн нь таатай. Голыг долгионтуулан урсгаж, хоёр эргээр нь явган хүний болон дугуйн зам тавьж, алхам бүрт амлах сандал, хүүхдийн тоглоом байрлуулжээ. Жимс төрөл төрлөөрөө ургаж байна. Мухтар Ауезовын нэрэмжит театрын дэргэдээс метронд суув. Алматы хотын метро хэдэн жилийн өмнө ашиглалтад орсон. Метроны буудал нь шинэ болоод ч тэр үү их цэвэрхэн, яг музей шиг сайхан. Метроны буудлын ханыг казахын үндэсний хээ угалзаар чимэглэсэн байна.

Метроны буудал нь маш цэвэрхэн, музей шиг

Метрогоор таван буудал яваад “Жибек жолы”-д орших Арбатын гудамжинд ирж Алматы хотын шөнийн амьдралтай танилцлаа. Тэндээс таксинд суугаад “Байбесик”-т амьдардаг А.Индира эгчийн гэрийг зорив. Эгч маань биднийг тосч авч тэр орой эгчийндээ хонолоо. Тэднийх 2014 онд Баян-Өлгий аймгаас нүүж ирж Алматы хотод төвхнөсөн юм. Одоо тэндээ сайхан амьдарч байна. Хүү К.Ахназар нь тавилгын үйлдвэртэй. Эхнэр нь тавилгын их дэлгүүрт ажиллана. Тэндээ тавилгын захиалга авна. Захилагчдын тавилгыг хүссэн загвараар хийж, хүргэж, угсарч өгнө. Манай зээ К.Ахназар хоёр хүүхэдтэй. Том хүү Дарын дөрвөн настай, бага хүү Дастан нь ой хагастай. Эгч маань хоёр ач хүүгээ хардаг. Таван өрөөтэй их сайхан байшин барьж авчээ. Хашаандаа алим, чавганы модтой. Хашаагаар дүүрэн хөглөрсөн алим. Алматы хотынхон алимыг тоож идэхгүй нь гайхмаар.

Алматы гэдэг нь “Алимны эцэг” гэсэн утгатай. 

Алматы хотын аяллын гурав дахь өдөр зах, худалдааны төвүүдээр явлаа. “Апорт” хэмээх худалдаа, үйлчилгээ, энтертаймент төвийг сонрхов. Алматыд бараа бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хоттой харьцуулахад маш хямдхан аж. Ялангуяа жимс, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, шатахуун, хувцас хунар гээд ер нь ихэнх нь хямдхан. Нэг литр шатахуун манайхаар 1000 төгрөг, нэг талх 560 төгрөг, нэг кг улаан лооль 700 төгрөг гээд. Мөн энэ өдөр 2017 оны өвөл "Универсиад" наадам болсон "Алматы Арена" битүү мөсөн ордон болон тамирчдын хотхоноор танилцлаа.

Наймдугаар сарын 18-ны өглөө дэлхийд алдартай “Медеу” мөсөн гулгуур болон “Шымбулак” цанын бааз, амралтын газрыг зорилоо. “Медеу” мөсөн гулгуурын цогцолбор нь дэлхийд хамгийн өндөрт буюу далайн төвшнөөс 1691 метрт оршдог аж. Та Алматы хотоор айлчлахдаа дэлхийд алдартай “Медеу” мөсөн гулгуурын талбай, Швейцарын Альпийн нуруугаас дутахааргүй адал явдлыг өгөх “Шымбулак” цанын баазад заавал очиж үзэх хэрэгтэй юм шүү. Аялагчдын тав тухыг хангасан гэж жигтэйхэн. 

Алдарт “Медеу” мөсөн гулгуур

“Медеу” мөсөн гулгууртай танилцаад агаарын дүүжин замаар “Шымбулак” руу аяллаа. Нэг хүн дөрвөн мянган тенге төлөөд агаарын дүүжин замаар Алатау уулын оргилын наахан тал хүртэл явах боломжтой. Агаарын дүүжин замаар явахад яг нисдэг тэргээр нисч байгаа юм шиг. Бүхээгнээс байгалийн сайхныг биширч, Алатау уул, эргэн тойрноо тольдоно. Тэр дор цаст оргилоос эх авсан их бага Алматы гол урсана. Үнэн тансаг байгалийн гоо үзэсгэлэн төгс бүрдсэн. Биднийг аялсан өдөр “Шымбулак” амралт цогцолборын 65 жилийн ой тохиож байв. Ойн баярын хүрээнд янз бүрийн соёл урлагийн арга хэмжээ зохиогдож байгаатай таарсан нь ховор завшаан боллоо. “Шымбулак”-ын оройд гарч, Алатау уулын мөнх цаст оргилын хажууд очиход цэнгэг агаар үнэн тансаг.

Эгч А.Индира, зээ К.Ахназар, Дарын, Дастан нар биднийг “Медеу”, “Шымбулак”-аар аялуулав


“Медеу”, “Шымбулак”-ын аяллаа дуусгаад бид Алматы хотын “Сайран” автовокзалаас 16:00 цагт Казахстаны нийслэл Нур-Султан хотыг зорилоо. Маргааш өдөр 12:00 цагийн орчимд Нур-Султан хотод ирлээ. Замын урт 1260 км бөгөөд Караганды хотыг дайрдаг юм. Казахстаны нийслэлд нэг хоног саатаж, тэнд амьдардаг эгч, дүүгийндээ зочлов. Шөнийн Нур-Султан хотоор аялж, маргааш нь нутгийн зүг жолоогоо заллаа. Замдаа хоёр хоног явж, Өлгийд ирснээр аялал өндөрлөв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com