Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Эсэргүүцлийн хөдөлгөөний сар
“Улс орны эдийн засаг улам доройтож байгаад эгдүүцсэн ард иргэд Ливаны хотуудад хоёр долоо хоног үргэлжлэн жагссаны үр дүнд  Ерөнхий сайд Саад Харри албан тушаалаасаа огцорсон байна. Хотуудын гудамжинд гарч жагссан хэдэн арван мянган хүн үүнд сэтгэл ханахгүй,  өнөөгийн улс төрийн элитүүдийг зайлуулж сонгуулийн тухай шинэ хууль гаргахыг шаардаж байна.
ТАСС. Аравдугаар сарын 31. 

Өнгөрсөн зунаас л  дэлхий дахинаа эсэргүүцлийн хөдөлгөөн газар сайгүй өрнөж, улс орнуудын төр засагт ихээхэн шахалт үзүүлж тэвдүүлсэн өдөр хоногууд үргэлжилж эхэллээ. Төр засгийн явуулж байгаа нийгэм эдийн засгийн бодлогод дургүйцсэн олон нийт улс орнуудад гудамжинд гаран жагсч, зарим нь бүр эмх замбараагүй байдал болон хувирч байна.
Хамгийн их дуулиантай нь хятадын онцгой автономи Хонконгод болж байгаа жагсаал. Хонконгийн эрх баригчид өнгөрөгч зургадугаар сард сэжигтэн, гэмт хэрэгтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хууль хэлэлцэх гэснийг эсэргүүцэн олон нийтийн жагсаал өрнөж эхэлсэн. Эсэргүүцэгчдийнхээр бол энэ хуулийг баталбал хятадын бодлогод дургүй сөрөг хүчнийхнийг хоморголон Хятадын засгийн газарт шилжүүлэх болно гэнэ. Энэ жагсаалд Хонконгийн нийт иргэдийн гуравны хоёр нь нэгдэн гудамжинд баг өмсөн, шар шүхэр барин гарсан. Хонконгийн амбан захирагч Кэрри Лам энэ хуулийг эргүүлэн татаж, хэлэлцэхээ болилоо гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн, залуучууд хятадын нөлөөллийг багасгах шаардлага тавин жагссаар байна.

“Чилид энэ аравдугаар сарын 6-нд эрх баригчид метрогоор зорчих тасалбарыг 30 песогоор өсгөснийг эсэргүүцэн жагсч эхэллээ. Сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийнхан 1500 орчим хүнийг саатуулаад, онц байдал тогтоосон ч жагсаал цуглаан үргэлжилсээр эцэст нь ерөнхийлөгч Себастьян Пиньера засгийн газраа огцрууллаа” хэвлэлийн мэдээ
“Иракт авлига, ажилгүйдэл ихэссэн, улс орны эдийн засгийн нөхцөл байдал доройтож байгааг эсэргүүцсэн өргөн олны жагсаал эхлээд  байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Багдадын амбан захирагч Фаллах аль-Жазаири албан тушаалаасаа огцорлоо” хэвлэлийн мэдээ.
Дэлхийн улс гүрнүүд, ард түмэн сайн сайхан амьдралынхаа төлөө ингэж тэмцэж эрх баригчдадаа шахалт үзүүлж, шаардлага хүргэж зарим нь амжилтад хүрч байна.
Харин та бид эрх баригчид дарга удирдлагууд яаж ч байсан үл тоомсорлон өөрийгөө болгоод байхаар тийм сайхан амьдралтай бил үү. Эсвэл бид өвөг дээдсийн хэлдгээр “сүх далайтал үхэр амар” гэгчээр ийм амгалан тайван улс уу.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг харахаар  төр засгийн эрх баригчдад болж бүтэж байгаа, ард түмэн, улс орныхоо төлөө хийж байгаа зүйл бараг байхгүй ямар нэгэн аргаар ард түмнээ дарамталж, мөлжиж шулах, ард түмний хөрөнгөнөөс идэж завших гэсэн бодлого яваад байгаа тухай бөөн бичлэг гомдол.
Эрх баригчид, идээчин уугаачдын эсрэг тэмцье, босъё, зайлуулъя, бүр шоронд хатаая, дүүжилье гэсэн бичвэрүүд энд тэндгүй мөр алгасахгүй үргэлжилнэ.
Гудамжинд гараад жагсъя гэхээр ирдэг хүн байхгүй. Гэсэн атлаа нэг л их гомдол.

Чилид ганцхан  метрогоор зорчих тасалбарын үнийг нэмсэний төлөө л бүхий л хотуудад хүмүүс гудамжинд гараад жагсч байна.
Гэтэл манайд МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө үлгэр шиг сайхан “Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” хэмээн амлаж байгаад засгийн эрх авмагцаа ганц хоёр сар бололгүй  найман төрлийн татвар нэмж халаасыг нь суйлаад эхлэхэд та бид таг чиг л гар утсаа маажин хөмсгөө зангидчихаад сууж л байсан.
Хонконгийн иргэд гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөхийг эсэргүүцэн нийтээрээ гудамжинд гарад жагсч л байна. Гэмт хэрэгтэн, сэжигтнүүдээ хятад шилжүүлэхгүй гээд шүү.
Гэтэл манайд эрх баригчид агаарын бохирдол утаа бууруулах нэрийн дор шахмал түлш шахаж ямар ч гэм зэмгүй найман хүн, тэдний дотор бага насны хүүхэд  нас барж 549 хүн угаартаж хордчихоод байхад та бид зүв зүгээр л олон нийтийн сүлжээгээр “хараагаад” сууж байна. Тэгэхэд гонконгчууд гэмт хэрэгтэн сэжигтнүүдээ хятадад шилжүүлэхгүй хэмээн бүх нийтээрээ жагсч байдаг.
2014 онд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг эсэргүүцэн Чингисийн талбайд МАН-ынхан жагсаал хийхэд эрх биш олон л хүн цугларсан байсан. Тухайлбал 2016 оны сонгуулийн дараа МАН-ын хоёр ч засгийн газарт сайд болсон Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ гээд “улаан хамгаалагчид” нь хуучин дээл давхарлан өмсч сүрийг үзүүлж байсныг тэр жагсаалд очсон хүмүүс өнөө мартаагүй л байгаа байх.

Гэтэл 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбат тэргүүтэй, “Шинэчлэлийн” гэсэн сүржин тодотголтой Засгийн газрын гишүүдийн талаас илүү хувь нь, түүнийг түлхэн унагаж эрх мэдэл булаан авсан У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн байхад бид мөн л таг чиг. Бүр өнөө давхар дээл өмсөөд хоолой цахиртуулан хашхирч байсан Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ хоёр нь энэ хоёр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болчихсон шударга царайлан гуагалж явахад мөн л үзээгүй хараагүй юм шиг дуугүй.
Мал махны зах зээлийг нь үндсэндээ хятадууд гартаа барьчихаад 80 сая малтай манайд кг мах 16 мянган төгрөгт хүрч байхад мөн л олон нийтийн сүлжээнд гаслахаас өөр яах ч үгүй. Үндсэн хуулиндаа “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” хэмэн заачихсан атлаа эрх баригичд өөрийн төрөл төрөгсдийн компани аж ахуйн нэгжээр дамжуулан урд зүг рүү амьдаар нь зөөж, ачааны тэрэг, галт тэргэнд чихэн амьдаар нь тарчлааж байхад бүгд малч удмынх атлаа та бид таг чиг л сууж байгаа.
Олон нийтийн сүлжээнд бичиж, иргэдийн мэдээлж байгаагаар эх орны өнцөг булан бүрт хятад иргэд түм түмээрээ суурьшин, нутаг оронд эзэн сууж, хүн ардыг  явуулахгүй, хил хязгаар тогтоодог боллоо гэнэ. “Бид хаана яаж амьдрах юм бэ” хэмээсэн уйлаг алдсан яриа бичлэг телевизээр гарсаар л байна. Ингэж байхад манай эрх баригчид “Чөлөөт бүсийн тухай” хуулиа шинэчлэн найруулж БНХАУ-ын иргэдийг 30 хоногоор визгүй зорчуулдаг болгохоор ярьж суухад манайхан “энэ хуулийг зөвшөөрөхгүй шүү” хэмээн фейсбүүктээ бичихээс хэтрэхгүй  ажин түжин сууна.
Тэгэхэд яг жилийн өмнө 2014-оны наймдугаар сард  Германы зүүн нутгийн иргэд дүрвэгсдийн талаар Берлиний явуулж байгаа бодлогоор сүүлийн жилүүдэд хэт олон дүрвэгч орж ирлээ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагсч байлаа. Дүрвэж ирсэн нэг нөхөр германы 35 иргэнийг хутгалж амийг хөнөөсний дараа Бундестагийн депутат  Маркус Фронмайер “Хэрвээ төр засаг өөрийн иргэдээ хамгаалахгүй юм бол, хүмүүс өөрсдөө гудамжинд гаран өөрсдийгөө хамгаална” гэж мэдэгдэж байлаа. 
Гэтэл хятадууд манай төрийн цагдааг зодсон хэрэг 2010, 2014, энэ жил ч гарлаа. Жирийн иргэдийг зодож дээрэлхэх явдал бол өдөр тутам. Манай төр засаг таг дуугүй, ард иргэд ч  олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулан харааж зүхээд, ганц нэг хэвлэлээр бичээд л бол оо.
УИХ-аар хятадуудыг визгүй зорчуулах тухай хуулиа хэлэлцэх гэж байхад эцэст нь нэг мянга шахам хятад дөрвөн зочид буудалд хуваагдаж тухлаад хамгийн өндөр үзүүлэлттэй 1000 компьютер, 10000 гар утас сим тавьчихсан сууж байхад манай төрийнхөн “ эдгээр хятадууд найман сараас эхлэн орж ирсэн, бид хэчнээн олон болж нэмэгдэхийг нь хараад ажиглаж байсан”, “сүлжээний бизнес хийхээр судалгаа хийж байж” гэсэн тайлбар өгөхөд бид таг чиг л сууж байна.

Наймдугаар сараас хойш хоёр сарын хугацаанд мэдээллийн технологийн хамгийн өндөр үзүүлэлттэй техник хэрэгслээр зэвсэглэсэн энэ хүмүүс хэний даалгавраар, хэний ивээлд, хэний туслалцаатайгаар орж ирээд  юу хийж амжуулж байсан байх вэ.
Ихэнх нь жуулчны 30 хоногийн визтэйгээр орж ирээд манай оронд байх хугацаа хэтрүүлэн сууж байхад Д.Мөрөн даргатай Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллага юугаа хийж суусан юм бол. Ердөө энэ аравдугаар сарын 2-нд эрхэм Д.Мөрөн хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл хийж “визийн хугацаа хэтрүүлэн ирсэн зорилгоосоо өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан Хятадын 143 иргэнийг албадан гаргалаа” гэж сүржин мэдээлж байхад энэ мянга шахам хятад хаагуур нь өнгөрсөн байж таарах вэ.
Төр засаг, та бидний төлөөлөл хэмээдэг төрийн түшээд, ажил алба хариуцсан төрийн байгууллагууд нь ийн та бидний эрх ашгийн эсрэг, харийн хүмүүсийг илүүд үзэн улаан цайм хятадуудын төлөө ажиллаж байхад  бид сүлжээний хэрүүлээс хэтрэхгүй л сууна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн зүтгүүлээд, бусдынх нь дэмжээд байгаа “Чөлөөт бүсийн тухай” хуульд “Чөлөөт бүстэй хил залгаа орны иргэд 30 хоногоор визгүй зорчино. Гадаадын тэр иргэдийг ажилд авсан аж ахуй нэгжийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн та биднээс харийн иргэдийг илүүд үзэн, дээдэлсэн заалт орчхоод байхад бид огт юу ч болоогүй юм шиг л сууж байгаа. Та биднээс авах татвараа нэмчхээд та биднийг ажилгүй, орлогогүй, ядуурлын ирмэгт түлхчихээд байгаа атлаа хятадуудад болохоор ажлын байр гаргаж, ажил хийлгэж цалин олгохыг илүүд үзэж байгаа эрх баригчдын эсрэг юу ч хийхгүй зүгээр суугааг энэ бүхнийг нь хүлээн зөвшөөрч байгаа л гэхээс өөр юу гэх вэ.

2016 онд МАН сонгуульд ялж, засгийн эрх авснаас хойш монголчууд нэг л удаа сайн жагссан. Энэ нь МАН-ын дотоод зөрчил, албан тушаал эрх мэдэл булаацалдах явдал савнаасаа хальж Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөхөд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар тэмцэж эхлэхэд монголчууд өвлийн дүн хүйтнээр хурайлан дэмжиж жагссан. Энэ тэмцэл ямар үр дүнд хүрч, монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлөв. Ердөө л нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгч болсон. Үнэхээр МАНАН бүлэглэлийн толгойлогч, газрын наймаачин байсан юм бол М.Энхболдыг шүүхэд шилжүүлж хариуцлага нэхэхгүй яасан юм. Энэ бол зүгээр л МАН-ын дотооддоо найруулсан жүжиг байгаад Л.Оюун-Эрдэнэ сайдын суудлаар шагнуулаад, М.Энхболд зүгээр л албан тушаалгүй болохоос биш мафийнхаа толгойлогчийн ажлыг үргэлжлүүлээд сууж байгаа.
Ингэхээр олон түмэн зүгээр л ёстой нөгөө “хүний мууд дурладаг” зөнгөөрөө М.Энхболдыг огцруулна гэхээр жагсаад байдаг атлаа өөрсдийн нь эрх ашиг хөндөгдөөд, амьдрал ахуй нь доройтоод юм уу, бүр байг гэхэд эрх баригч нам, түшээдийн бузар булай улаан цайм илрээд байхад үл тоон ажин түжин суудаг л хүлцэнгүй ард түмэн болчхож.
2008 онд Ерөнхийлөгч, Н.Энхбаяр, Ерөнхий сайд  С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарын цуст хядлагаас болоод ингэж хулхи нь буучихсан юм уу гэхэд М.Энхболдыг огцруулах гэхээр жагсаад байдаг.  Эрх баригчид халаасыг нь ухаад хамаг мөнгийг нь татвар хэмээн хуулийн дагуу цөлмөөд, хажуугаар нь Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зэрэг сангуудын хөрөнгийг сэмээрхэн хувааж идээд хоосолж байхад эвлэлдэн нэгдэж чаддаггүй ийм л ард түмэн дээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
11 цаг 22 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]