Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ

Эх орон, газар шорооны үнэ цэн, эх дэлхий, хүн хүнээ хайрлахын ухааныг мэдрүүлж, оршихуйгаараа түүх болон үлдсэн Монголын суут хөвгүүн О.Дашбалбарын “Хөх тэнгэр” сонинд 1997 онд нийтэлсэн “Газрын төлөө жинхэнэ тулаан эхэллээ” нийтлэлийг хүргэж байна.

-Нэгдүгээр хэсэг-

“Хөх тэнгэр” сонин 1997 он

О.Дашбалбар

 Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245.6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөргийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.
 Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модтой хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт юм. Модтой хамар нь хойт өргөргийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 119 градус 56 минутад оршдог билээ.
Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм. Энэ даваан дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөргийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын цэг билээ.
 Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөргийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.
 Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уудам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. “Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр” гэж үздэг омог бардам овог дээдэс минь бидэнд амь насаараа үлдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.
-Гадаадынхан юу хүсч байна вэ?
-Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж…
-Яагаад?
-Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
-Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
-Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж…
-Яагаад?
-Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно.
-Газаргүй болоод иргэд яах вэ?
-Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
-Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгэх газаргүй хөл” болно доо. Хүнээс аваагүй миний нутаг Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм. Газар гэдэг маань Эх орон юм. Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр. Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхэлнэ. Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж, үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй. /О.Д/
Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Боснийн серб, хорватууд хэдэн жил алалцаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож, Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, англи, ирланд хоёр муудалцаж, армен, азарбайжан хоёр ч үе үе энд тэндээ хүрч, фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Турк, Грек хоёр Эгейн арлаас болж золтой л байлдсангүй. Ирак, Кувейт хоёр дайсагнаж, Хятад Тайвань руу санаархаж, Курилын арлуудаас болж Орос, Япон хоёр муудалцаж, Тажик, Афган хоёр ч хилийн зөрчил буудалцаан тасрахгүй, Энэтхэг ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор… Мөн Синкаку арал зүүн өмнөд Азийн хэрүүлийн алим болж байна. 1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий 1990-ээд онд буюу гуч гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л… Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв. “Миний газар нутгийг бурхан гуйсан ч битгий өг” /Эх оронч Галдан Бошигт/ Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хувааж идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, “хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”? Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна. Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.
 Германы газар зүйч Ф.Ратсель: “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан. Е.Обст, К.Шмидт, А.Хетнер, Г.Гримм, А.Грабовски гээд хэдэн арваар нь дурдаж болно. Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ. Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Газаргүй курдууд яаж бусдын идэш болж буйг харагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлэхийг санаархаж байна. Ийм хуулийн төсөл ч бэлэн боллоо. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх оронд хүн шиг алхалж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь…
Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж, “би энд насаараа сууна” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган ирэгний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна. Чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, Эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй. Ганга нуурын маань хэн нэг хүн өмчилж бий тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтье гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал, Дарьгангынхан яах вэ? Завханыхан Отгонтэнгэрийнхээ рашаанд очдог. Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон Их газрынхаа чулуунд очдог, Америкийн нэг том хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог, өөдөөс нь Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог, эргэн тойронд нь тор тадаад, францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?…
 Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, Монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг. Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль. Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг… Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл…” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз. Хуулийг тэнэгүүд хэлэлцэж тэр нь батлагдвал ухаантан ч дагана. Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харьяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог… байв. Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харьяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяат ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицизи 1 боть, 16 дахь тал/ -Мөн гэргийгээ өг... гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг... гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг... гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун.
 Чингис хаан яах гэж дөрвөн зүг, сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав?... Газар нутгаа та бидэнд үлдээх гэж...
-Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж...
-Нацагдорж та бидэнд гэрээслэн үлдээв?.. “Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг, Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл, Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж...сануулжээ.
-“Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ. Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна. “Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна. Сэрэгтүн, залуус аа! Монгол үндэстнийг эрлийзжүүлэх, үндэстнийх нь хувьд устгах бодлого эхэллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
5 цаг 11 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]