Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Нүүрсийг орлох эдийн засгийн дараагийн хөшүүрэг УРАН байх уу?
- НҮҮРС “МОДАНООС” ГАРНА-

Нүүрс  монголчуудыг мөн ч олон жил гэдэс цатгалан, мөр бүтэн явууллаа. Зөвхөн нүүрснээс улсын төсвийнхөө 50 орчим хувийг бүрдүүлж, аж ахуйн нэгж, компаниуд нь ар араасаа нүүрсний уурхай нээж, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд цуврах болсон. Өнөөдөр Монголын нүүрсний компаниудын эзэд дэлхийн баячуудын эгнээнд орсон. Харин эгэл борчууд нь нүүрсний уурхайд ажиллаж, амьдралаа болгож байна. Хэдэн мянган жолооч урд хөрш рүү экспортолж байгаа нүүрсийг автомашинаар өдөр шөнөгүй зөөж, ажилтай, орлоготой явна. Ингээд бодохоор нүүрс Монголын эдийн засгийг тэлж чадсан байгаа юм. Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрч, дүүрсээр өдийг хүрсэний нэг жишээ нь энэ. Цаашдаа ч манай эдийн засаг уул уурхайн салбараас хараат байх нь тодорхой. Ирэх жилийн төсвийн орлогоо ч нүүрсний экспортоор бүрдүүлэхээр том төсөөлөлтэй тоон судалгаа гаргачихсан суугаа.

Түүнчлэн уул уурхайн ашигт малтмалаас Оюутолгойн гүний уурхай хамгийн сүүлд ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдэж  байгаа ч үр өгөөжөө өгөх хугацаа нь хараахан болоогүй. Харин алтны хувьд сүүлийн жилүүдэд шинэ орд нээх геологийн хайгуул хийгээгүйн дээр нөөц нь хомс болсон. Хэрэв алтны нөөцөө нэмэгдүүлье гэвэл Тусгай хамгаалалтай газруудад олборлолт хийхээс өөр боломжгүй болсон. Шуудхан хэлэхэд, онгон байгаль, дэлхийд нэн ховордоод байгаа амьтдын эх өлгий нутгаа орвонгоор нь эргүүлээд алтыг нь авах сонголт үлдсэн гэсэн үг. Тухайлбал, Говийн Их Дархан цаазат газар гэгдэх Алтайн Өвөр Говьд алтны томоохон коридор тогтоогдсон ч тэндэхийг ухаж, сандайчихгүй нь  тодорхой юм. Мөн алтны өөр нөөц нь хилийн бүсэд бий. Хилийн бүсийн тухай хуулиа өөрчилж байж олборлох хэрэг болно. Ингээд зогсохгүй тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Ингэхээр Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана нь яалт ч үгүй нүүрсний экспорт болоод байна.

Гэтэл аж үйлдвэрийн зах зээл дэх дэлхийн томоохон улсууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, нүүрсний хэрэглээгээ хязгаарлахад гол бодлогоо чиглүүлж эхэлсэн. Тэр байтугай манай гол экспортлогч болох БНХАУ нүүрсний хэрэглээгнн багасгаж, 2049 он буюу улсынхаа 100 жилийн ойгоор нүүрсхүчлийн хий ялгаруулдаг үйлдвэрүүдээ бүрэн зогсоох том амбиц тээж яваа. Өөрөөр хэлбэл, Хятад Улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэжлэх ч импортын хэмжээг 2030 оноос хязгаарлаж эхлэх төлөвтэй гэх судалгааг олон улсын эдийн засгийн байгууллагууд гаргаж эхэлсэн. Ингэснээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн дэлхийн зах зээлээс шахагдаж, цагийн аясаар бид нүүрсээс орлого олох боломжгүй болох нь.

Эндээс цаашид бид хэрхэх вэ гэх асуулт гарч байгаа юм. Манай улс эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй урдаа барьдаг ганц түүхий эд болох нүүрсээрээ л “бор ходоод”-оо борлуулж байна. Нүүрсний экспортоос бүрэн хамааралтай хэвээрээ 2030 онтой золгох уу гэдэг асуултын өмнө ирчихсэн гэсэн үг. Сайнаар бодоход 2030 он хүртэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байх боломжтой. Түүнээс хойш нүүрсний үнэ унана гэдгийг олон улсын хэвлэлүүд байнга мэдээлж байна.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДАРААГИЙН НӨӨЦ ЮУ БАЙХ ВЭ?

Дэлхий нийт нүүрснээс бүрэн татгалзахад бэлэн болсон цаг хугацаанд манай улс эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржсэн орон болох боломж бүрдэх үү гэвэл үгүй. Тэр байтугай дотоодын хэрэгцээгээ хангах, импортын барааг орлох үйлдвэр ч алга даа, бодит байдал дээр. Хөнжлийнөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг нүүрс борлогдохгүй болоод эхэлбэл өөр гарц гаргалгаа хайхаас өөр арга зам үгүй. Энийг төр засгийнхан эдийн засагч, улс төр судлаач нар мэдэхийн дээдээр мэдэж буй. Үүнийг жирийн иргэд ч мэддэг болчихоод байгаа. Ийм цаг хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат бус эдийн засгийг бүрдүүлэх нь юу л бол. Тиймээс нүүрсийг орлуулах дараагийн томоохон экспортын бүтээгдэхүүнийг олборлох цаг хугацаа хэдийнэ болсон гэсэн үг.

Тэгвэл манай улс нүүрснээс гадна газрын ховор элемэнт болон уран олборлоход анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний дараа Монгол Улсыг тэжээх дараагийн уул уурхайн бүтээгдэхүүн уран байх нь. Ураны олборлолтыг гуравдагч хөрш оронтой хамтран эхлүүлэх гэж байгаа нь Монгол Улсын хувьд эдийн засгийн шинэ боломж нээгдэх түүхэн үйл явдал болж байна гэсэн. Өнгөрсөн хугацаанд мөнхийн хоёр хөршөөсөө эдийн засгийн бүрэн хамраалтай байсан манай улсад эдийн засгийн цоо шинэ орчин бүрдэх нь.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд урьдчилан зөвшилцсөн ерөнхий нөхцлүүдийг тусгасан ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг хоёр талаас баталгаажуулж, гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр улс гэрээ байгуулах ажлыг нэг шат ахиулсан юм. Одоо Монгол Улсын Засгийн газраас Франц Улстай хамтран ажиллах хэлэлцээрийг боловсруулж эхэлсэн бөгөөд УИХ-аар уг асуудлыг хэлэлцүүлэн баталснаар хоёр улс уран олборлох хамтран ажиллах гэрээг байгуулах юм.

Уран олборлох энэ ажлыг хоёр улс 25 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг дурдах нь зүйн хэрэг биз. Өөрөөр хэлбэл, “Орано” группын эзэмшлийн “Арева Монгол” ХХК-ийн охин компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт геологийн хайгуул тасралтгүй хийж, 2007 онд Дулаан-Уул ордод 7.6 мян.тонн, 2010 онд Зөөвч-Овоо 93.2 мян.тонн ордыг нээсэн. Улмаар “Арева Монгол” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулаас олборлолтын үйл ажиллагаанд шилжих, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс 2011 онд “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулсан.  “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван  тусгай зөвшөөрлийг 2015 онд авч, 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газрын 34 хувийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” эзэмшиж буй. Хоёр улс хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр төслийг 47 жил хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын уг төслийг Монгол Улсад илүү ашигтай байх тал дээр талууд урьдач нөхцлөө тохирсон нь том алхам болсон гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй биз. Хэдийгээр монголчуудын дунд ураны талаар сөрөг ойлголт давамгай байдаг ч ирээдүйд Монголын эдийн засгийг нуруундаа авч явах уул уурхайн дараагийн бүтээгдэхүүн болох нь нэгэнт тодорхой болжээ. Бүр тодруулбал, ойрын 50 жилд монголчуудыг нүүрс биш, уран тэжээнэ.

Б.Баяр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]