Энэ оныхоо алдаа оноог дүгнэж, ирэх жилийнхээ бодлого зорилтоо тодорхойлж, мөн аз ёндоогоо сорьсон баярт өдрүүд үргэлжилсээр. Энэ жилийн хувьд эзнийгээ ёндооруулж, ашиг орлогынх нь үүдийг нээж буй азын тоо бол 14 гэсэн шүү.
Арвандөрөв. Энэ бол монголчуудын төдийгүй Монгол Улсын хувьд ч хамгийн ээлтэй, бас азын тоо гэж болно. Тодотговол, энэ тоо Монгол Улсад ашиг орлого, амжилт бүтээл дагуулах нигууртай. Нигууртай ч гэж аль хэдийнээ дагуулаад эхэлчихсэн. Ер нь цаашид ч олон олон жил дагуулсаар байх том тоо буюу томоохон төсөл билээ.
Учир нь, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Эдийн засаг, Хүний эрхийг дээдэлсэн засаглал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд боловсруулсан. Ингэхдээ сүүлийн 30 жилийн хугацаанд гацсан, монголчуудын мөрөөдлийн жагсаалт болсон 14 мега төслийг багтааснаараа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр урьд урьдын жилүүдийнхээс илүү амьдралтай болж иргэд, олон нийтээс “эрхий хуруу” авч чадсан юм.
Тухайлбал, боомтуудыг хил дамнуулан төмөр замаар холбох, босоо тэнхлэгийн төмөр зам барих, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц, мөн ус дамжуулах хоолой барих төсөл. Мөн алт, ганга, зэс, газрын тос боловсруулах зэрэг хэд хэдэн цогцолбор байгуулах зэрэг эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, эдийн засгийг далайцтай тэлэх, томоохон хэмжээний төслүүд багтаж буй.
Эдгээрээс иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй бөгөөд хамгийн хурдтай хэрэгжиж буй нь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл юм. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шатахууны хэрэгцээний 50 хувийг хангана. Манай улс ийм байдлаар стратегийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болоход хоёрхон жил үлдэж байна.
Энэмэтчлэн тухайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг солонгорон тэлж, тэр хэрээр монголчууд бид ажил орлого арвин, амжилт бүтээл дүүрэн байх нь. Тодруулбал, нэгдүгээрт, Монгол Улсын ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэнэ. Хоёрдугаарт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам.долларт хүргэнэ. Гуравдугаарт, хүний хөгжил, эдийн засгийн эрх чөлөөний байдал, засаглал, дэлхийн инновацын, дэлхийн сайн орны болон авлигын үзүүлэлтэд эерэг өөрчлөлт, үр дүн бий болгох дүр зураг хүлээж байна.