Өглөөний 07:30 орчим үед Дарь-Эхийн Шинэ буудал дээр автобус хүлээх иргэд багширчээ. “Багшийн дээд, багшийн дээд мянгаар ганц хоёр хүн аваад хөдөллөө” гэх жижиг тэрэгний жолооч хэд хэд орилохтой зэрэгцэн зарим нэг хүмүүс байн байн бугуйн цагаа ширтэнэ. Зарим нь автобус хүлээж тэсгэл алдаж мянган төгрөгөөр жижиг тэргэнд суухаар шийдэв бололтой. Зам дагуу ганц нэгэн приус “Сансар 500” гэхэд зорчигчид булаалдан сууна. Удалгүй Тоосгоны үйлдвэр 3.4 дүгээр хороолол гэсэн автобус ирэхэд буудал дээр зогсч байсан хүмүүсийн тал нь автобусыг амдаж суух бэлтгэлээ базааж харагдлаа. Эхний хэдэн зорчигч сууж амжихтай зэрэгцэн автобус дүүрчхэв.
Хаалганаас зүүгдсэн хэвээр “Хойшоогоо яваад өгөөч ээ. Адилхан ажил сургуулиасаа хоцрох гээд байж. Өөрсдөө орсон бол боллоо гээд зогсчих юм” хэмээн нэг залуу бухимдан хэллээ. Жолооч арга ядахдаа дунд хаалгаа нээх мөчид орох хаалганы гадна хоцрогсод дунд хаалгаар сууж амжлаа. Энэ бол та бидний өдөр тутам харж дадсан амьдралын хэв маяг. Үүндээ бараг дасан зохицох дөхөөд буй. Гэтэл угтаа бид нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүртэхийн тулд татвар төлдөг.
Гэтэл нийтийн тээврийг тойрсон асуудлууд хэвээр үргэлжилсээр л байна. Тухайлбал,зорчигч бууж, суугаагүй байхад хөдлөх, буудал зарлахгүй байх, жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, тамхи татах, ёс бус үг хэллэг хэлэх, эргэлтийн цагаасаа 30-50 минутаар хоцрох, хурд хэтрүүлэн давхих, эгнээ байр сольж сүлжих, жирэмсэн болон хүүхэдтэй хүмүүсийн суудал зориулалтаараа ашиглагддаггүй, эд зүйлсээ алдах, хяналтын камер нь ажиллахгүй байх гэх мэт тоочоод байвал дуусахааргүй нөхцөлд иргэд зорчдог.
Хэн бүхний мэддэг ч чимээгүй эвлэрдэг зөрчлүүд нийтийн тээврийн өнөөдрийн өнгө, нүүр царай болжээ. Хэдийгээр нийслэлийн Нийтийн тээврийн газрын байцаагч нар шалгалт хийдэг ч зөрчил дутагдал цэгцрэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын шинэ менежмент хийх цаг болсныг харуулах шиг. Тухайлбал, харилцаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн бэлэн байдал, парк шинэчлэлт, цэвэрлэгээ ариутгал, эргэлтийн хугацаа, хүртээмж гэх мэтэд анхаарахад л асуудал цэгцэрнэ гэдгийг нийтийн тээврийн соёлын талаар саналаа хэлсэн иргэд хэлж байгаа юм.
20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн О.Хонгорзул:
-Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600-650 мянга орчим хүн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэнд өнөөдрийн байдлаар 93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Бид иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан. Ингээд судалгааны дүнг үндэслэж 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс хэд хэдэн чиглэлд судалгаа хийж ачаалалтай үеэр ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийслэл хотын хэмжээнд авто замын ачаалал хүндрэлтэй байгаа. Тухайлбал нэг чиглэлд дунджаар 15 тээврийн хэрэгсэл явж байна хэмээн тооцоход замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед нэг талдаа гарч бөөгнөрөх тохиолдол мэр сэр гардаг. Гэхдээ үүнийг зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах боломжтой. Хамгийн их ачаалалтай чиглэл гэвэл Таван шараас Офицер хүртэлх зам буюу Энх тайвны өргөн чөлөө мөн Долоон буудлаас 120 мянгат, Нисэх чиглэлийн босоо зам байна. Энэ хоёр үндсэн шугамд зорчигч урсгал ихээр төвлөрч байна. Яах ч аргагүй хотын гол нягтрал төвдөө байгаа учраас өглөөдөө хотын захаас төв рүү, оройдоо төвөөсөө хотын зах руу хөдөлгөөн ачаалалтай байна. Манай иргэд үйлчлүүлэхдээ хотын соёлыг чухалчилдаг байна. Ундааны сав, элдэв хоол хүнснийхээ уут савыг сууж байгаа газраа хаячихдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоочийн шаардлагыг биелүүлэхгүйгээр дайрч орж ирдэг, суудлын бүрээс бохирдуулдаг гэх мэт зөрчил байнга үүсгэдэг.Хэдийгээр шалгалт хийдэг ч зөрчил байсаар байна. Тэгэхээр иргэдэд анхааруулахад Зөрчлийн шинэ хуулиар нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсвэл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Тиймээс нийтийн соёлоос тээврийн үйлчилгээний чанар хамаарна.
Харин уг хууль тогтоомжийг иргэд мэддэг эсэх, нийтийн тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл хангалуун байдгийг иргэдийн төлөөллөөс тодрууллаа.
ХҮҮХЭД ХӨГШДИЙГ АВДАГГҮЙ
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Нэг үеэ бодвол ухаалаг картын системд шилжээд үйлчилгээ нь сайжирсан. Би Чингэлтэйн эцэс хүртэл явдаг. Манай чиглэлд хоёр компанийн автобус хоёрхон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Иргэд бид компанийнх нь нэрийг мэдэхгүй юм. Гэхдээ цэнхэр автобус нь арай дээр. Нөгөө чиглэлийнх нь автобус хүүхэд хөгшдийг ерөөсөө авдаггүй. Орхиод явчихдаг. Сая бас л орхигдчихоод дараагийн автобусыг хүлээж сууна. Өвлийн хүйтэнд чиглэлийнхээ автобусыг нэг хоёр цаг хүлээх тохиолдол гарч байлаа. Хотоос алслагдсан дүүргүүддээ автобусныхаа хүрэлцээг сайжруулаасай, аль болох хүмүүсээ бүрэн суулгадаг байгаасай. Иргэд бууж, суух хугацааг ядаж 40 секунд болгомоор байна. Зогсонгуут хүнээ дутуу хагас буулгаад л хөдөлчихдөг. Настай болон хүүхдүүд амжиж бууж, сууж чаддаггүй” гэв.
Камерын тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулаад байж болмоор санагддаг
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Пүрэвсүрэн хэлэхдээ “Аль ч чиглэлийн автобусны нийтлэг бэрхшээл нь буудал дээр бөөнөөрөө ирдэг. Ирэхгүй болохоороо 30-50 минут ч хүлээлгэдэг. Цагийн хуваарийн буруу төлөвлөгөөтэй байдаг шиг санагддаг. Нийслэлийн хүн ам цөөн байх үеийн хуваарь, загвараар эргэлтийн тооцооллоо хийчихсэн. Гэтэл өнөөдрийн Улаанбаатарт замын ачаалал тодорхой цагуудад хэтэрдэг. Үүнийг удирдлагууд нь мэдсээр байж иргэдийн ачаалалгүй цагуудад тээврийн хэрэгслүүдээ ойр ойрхон зам дээр гаргачихдаг шиг санагддаг. Өндөр ачаалалтай, ажил, цэцэрлэг, сургууль тарах үеэр бүх чиглэлийн автобус нэг талдаа гараад хэдэн километрийн урт цуваа үүсгээд түгжирчихдэг. Нэг үеэ бодвол авто замын ачааллыг камераар хянаад байж болдог болсон. Тэгэхээр камерынхаа тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулаад байж болмоор санагддаг. Үүнээс болж хүүхэд, хөгшид буудал дээр удаан хугацаанд даарах, ажил, хичээлээсээ хоцорч бухимдал үүсдэг. Тэгэхээр цагийн хуваарь, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах л хэрэгтэй байна.
ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАМААР САНАГДДАГ
Баянгол дүүргийн иргэн Х.Болд “Манай нийслэл сая гаруй хүн амтай том хот болсон. Гэтэл гол үйлчилгээний салбар болох нийтийн тээвэрт сэтгэл хангалуун байж чаддаггүй. Маш бохир, сандал суудал, танхим нь шороо тоос хир буртагтай. Би “Ривер гарден” чиглэлийн автобусаар үйлчлүүлдэг. Гэтэл энэ чиглэлийн тээврийн хэрэгсэл цөөн, их удаан хүлээлгэдэг. Төвийн чиглэлийн автобуснууд хэд хэд ирсний дараа арай гэж ганц ирдэг. Ирэхдээ маш их хүнтэй байдаг. Жолооч нарынх нь харилцаа тааруу. Нэг үеэ бодвол залуучууд настайчуудад суудал тавьж өгдөг болсон ч автобус үйлчилгээний компаниудаас хамаарсан соёл үйлчилгээ нь бухимдуулдаг. Өглөөд ажлаа эхлэхдээ цэвэрлэгээ хийснийг нь үйлчилгээнд гаргадаг баймаар байна” гэв.
2019 оны Нийслэлийн төсөвт 114 тэрбум төгрөг баталсан
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат хэлэхдээ “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Үйлчилгээнд явж буй 900 гаруй нийтийн тээврийн автобусны 50 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусч, иргэдийн аюулгүй байдал эрсдэлтэй нөхцөл байдалд үүсчихээд байна.Гэвч Нийслэлийн удирдлагын зүгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах бодит санал санаачилга гаргасангүй.Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэх явцад НИТХ дахь АН-ын бүлгээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, үйлчилгээг сайжруулах талаар тодорхой санал гаргасан боловч олонх дэмжээгүй. 2012-2016 оны хооронд Нийслэлийн авто тээврийн салбарт зоримог шийдвэрүүд гаргаж авто замын ачааллыг бууруулах зорилгоор дугаарын зохицуулалт хийж, нэгдүгээр эгнээг дарга нарт биш Нийтийн тээвэрт зориулан гаргаж, энэ салбарт бүтцийн өөрчлөлт хийж, парк шинэчлэл, цахим төлбөр тооцооны систем зэрэг бодит ажлуудыг эхлүүлсэн. Өнөөдөр дэлхийн хотууд тээврийн салбартаа онцгой анхаарч, 1000 хүнд ногдох тээврийн хэрэгслүүдийн зохист харьцааг харгалзан Нийтийн тээврийн бодлогоо хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг өмнөд хөрш болох БНХАУ-д 1000 хүнд 154, Бразилд 64, Энэтхэгт зургаан тээврийн хэрэгсэл оногдож байхад Улаанбаатар хотод 1000 хүнд 254 орчим тээврийн хэрэгсэл ногдож байна. Гэтэл жилээс жилд нийтийн тээврийн тоо буурсаар байна. Үйлчилгээний чанар буурч, ая тухтай байдал алдагдаж байна. Автобус ирдэггүй жолооч нар нь харилцааны соёлгүй, осол аваар гаргадаг, цэвэрлэгээ үйлчилгээ нь тогтмол хийгдэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг орлого хөөцөлдөж биш иргэн бүртээ хүрч үйлчлэх, аюулгүй, ая тухтай байдалдаа түлхүү анхаарах учиртай. Үүний тулд тээврийн үйлчилгээнд тавих хөндлөнгийн хяналт, хариуцлагын тогтолцоо ойлгомжтой байх ёстой. Өнөөдөр нийтийн тээврийн автобуснууд цаг рейсээ бүрэн гүйцээж байгаа эсэх, хуваарийн дагуу үйлчилгээгээ үзүүлж байгаа эсэхэд тавих хяналтыг илүү тодорхой болгох шаардлага байна. НИТХ-ын Нийтээрээ хөлөглөх тээврийн үйл ажиллагааны зардалд шаардлагатай төсөв мөнгийг баталж ирсэн. 2018 оныхоос Нийтийн тээврийн зардлыг 19.09 хувиар өсгөж, 2019 оны Нийслэлийн төсөвт гэхэд 114 тэрбум төгрөг баталсан. Гэтэл Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй ажиллагаа, менежментийг сайжруулах санаачилга гаргахгүй байж дахин төсөв мөнгө нэмүүлж батлуулах санал оруулж ирж байгаа хариуцлагагүй үйлдэл гарсаар байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хотын захиргаа доорх зохион байгуулалттайгаар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгааг онцолжээ. Үүнд: Нэгдүгээрт, Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шинэчлэх, төсөвт суулгах. Хоёрдугаарт, Нийтийн тээврийн ААНБайгууллагатай хийх тээвэрлэлтийн гэрээг шинэчлэх: Гэрээнд нэмэлт заалтуудыг оруулах. (Нэмэлт халаагуур хоёр ширхэг нэмэх, техникийн хяналтын үзлэгт улирал бүр оруулах, стандартад заагдсан шаардлагуудыг шааррдах) Гуравдугаарт, Нийтийн тээврийн эхний болон дунд, эцсийн зогсоолуудын хяналтын цэгүүдийг бий болгох. Дөрөвдүгээрт, Нийтийн тээврийн жолооч нарыг Аюулгүй байдлын сургалт, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг жил бүр авхуулж, дүрэм, журмыг таниулах сургалт зөвлөгөөнийг хагас жил бүр зохион байгуулах. Тавдугаарт, Нийтийн тээврийн автобусны шугамын давхардлыг багасгах, бага тойрог, их тойруугийн өргөн чөлөөний чиглэлд үйлчилгээнд явж буй чиглэл бүр дээр цагийн зохицуулалт хийх: Зургадугаарт, Ерөнхий боловсролын сургуулийг сурагчийн автобустай болгох зэрэг саналууд багтаасан юм” гэв.