Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг юм. Тэгвэл Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцоор аюултай түүнийг эх үүсвэрээр нь анх ангилж өгчээ. Аюултай хог хаягдал гэхээр иргэд онцгойлон анхаарсан хог хаягдал мэтээр төсөөлдөг нь хамгийн том аюул дагуулж байна. Гэтэл гэрийн гадаа хүртэл асгарсан байдаг шатахуун, автомашины засварын газруудын орчим гоожсон тос, энгийн хэрэглээнд өдөр тутам хэрэглэдэг гар чийдэнгийн батерей, хуруу зайнууд, хог дээр хаягдсан компьютер, зурагт ,хөргөгчний шингэн, автомашин, мотоциклийн аккумлятор зэрэг нь аюултай хог хаягдлын тоонд багтдаг гэдгийг иргэд мэддэг ч тэр бүр анхаарч, ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай. Айл бүхэн доод тал нь нэг автомашинтай болсон өнөө цагт түүнээс гарах аккумляторын хог хаягдал ямар аюул дагуулдагийг мэддэг хүний тоо хэд бол? Тоо баримтаас харвал 2008 онд Улаанбаатар хотод 10 800 тонн аюултай хог хаягдал үүсчээ . Энэ нь нэг хүн жилд 20-30 кг аюултай хог хаядаг гэсэн үг аж. Харин Европын дунджаар бол жилд нэг хүн ойролцоогоор 40-60 кг аюултай хог гаргадаг байна. Улаанбаатар хотод бий болсон аюултай хог хаягдлын 8 000 тонн орчмыг нь шатааж, 1300 тонныг нь дахин боловсруулж, 1000 тонныг газарт булж, 500 тонн хог хаягдлыг физик, химийн боловсруулалтад оруулдаг.
Эдгээр тоо баримт дээр үндэслэн улсын хэмжээнд жилд дунджаар 27-54 мянган тонн аюултай хог хаягдал үүсч байгаа гэж тооцож болно хэмээн БОАЖЯ-ны 2015-2016 оны Байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ. 2017 онд Улсын Техникийн үзлэгт 536 мянга гаруй автомашин хамрагджээ. Энэ тоо баримтаас харахад жилд нэг удаа аккумлятороо сольдог гэж үзвэл 536 мянга, хоёр жилд нэг удаа гэж тооцвол 268 мянган гаруй аккумлятор ашиглалтаас гарч хогийн цэг дээр очдог гэдгийг баримжаалж болох нь. Үүн дээр нэмээд гадаадаас орж ирж байгаа бүх тээврийн хэрэгсэлүүд хуучин аккумлятортой байгаа гэж бодохоор дээрх хаягдал аккумляторын тоо нилээд нэмэгдэх нь.
Тэгэхээр аюултай хог хаягдал тэр дундаа автомашины аккумляторт тавих хяналт, зохицуулалт өнөөдөр ямар байна вэ гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс тодруулсан юм. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд хаягдал аккумлаторыг дахин боловсруулах дөрвөн үйлдвэр бүртгэлтэй байсан. Холбогдох бичиг баримт байхгүй, байгаль орчнийг их хэмжээгээр бохирдуулсан гэдэг үндэслэлээр гурав компанийн үйл ажиллагааг зогсоосон. Хаягдал аккумлатороос гардаг хүхрийн хүчлийг саармагжуулдаг технологи одоогоор байхгүй. Гэвч хүхрийн хүчлийг үйлдвэрийн аргаар боловсруулан өөр зүйлд ашиглах боломжтой. Гэтэл дээрх гурван компани хүхрийн хүчлийг манай улсад нийлүүлэх газар байхгүйн улмаас хөрсөн дээр асган булж, байгальд их хэмжээний хохирол учруулсан. Хүхэр ундны усанд орох магадлал өндөртэйгээс гадна хөрсийг их хэмжээгээр идэж устгадаг. Хэрэв хүн амын ундны усанд ямар нэг байдлаар орсон тохиолдолд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал болж, тагнуулын байгууллагын хяналтад ордог. Тэгэхээр одоогоор нэг л үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байгаа гэсэн үг. 2018 онд БОАЖЯ-ны сайдын гаргасан журмын дагуу хаягдал аккумляторыг дахин боловсруулдаг, худалдаж авдаг газруудыг тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байхаар хуульчилсан. Тэгэхээр энэ үйлдвэрт тусгай зөвшөөрөл байхгүй учраас үйл ажиллагаагаагааг нь түр зогсоох шаардлага. Тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэх юм” гэв. Тэгэхээр ямартай ч аккумляторыг дахин боловсруулах нэг үйлдвэр байгаа боловч одоогоор тусгай зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэг нь нэг ёсондоо манай улсад энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах талаар ямар ч ажил одоогоор хийгээгүй байгаа нь илэрхий болов. Одоо бид яах билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аюултай хог хаягдлаа энгийн хог хагдалтайгаа хамт булсаар л байх уу. Нийт автомашины дийлэнхийг нь эзэлдэг приус автомашины батерэйнээс авахуулаад жижиг том хуруу зай хүртэл аюултай хог хаягдалд хамаарна. Тэгсэн мөртлөө эдгээрийг боловсруулдаг үйлдвэр манай улсад байхгүй. Энэ бүх төрлийн баттерэйнүүд ахуйн хог хаягдалтай хамт хаягдаад хогийн цэг дээр булагдаж байгаа нь маш том асуудал, аюул дагуулж байгаа юм.
Ингээд энэ сэдвийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс үргэлжлүүлэн тодруулсан юм.
-Аюултай хог хаягдлын хэмжээ их байхад, энэ түүнийг дахин боловсруулах үйлдвэр байхгүй байгаад асуудлын гол байгаа юм биш үү?
-Тийм учраас энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барьж, байгуулах асуудлыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Аюултай хог хаягдлыг ямар нэг байдлаар боловсруулж байгаа л бол аль болох дэмжих хэрэгтэй. Түүний үр дүнд аюултай хог хаягдалыг эмх замбараагүй хаяж, байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нь буурна.
-Манай улсад аюултай хог хаягдлыг булдаг цэг бий юу?
-Улаанбаатар хотод зөвхөн ахуйн хог хаягдалд зориулсан Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэр гэсэн гурван цэг бий. Тэгэхээр ахуйн буюу айл өрхөөс гарч буй хог хаягдалтай аюултай хог хаягдал хамт хаягдаж байна. Автомашинаас гарч байгаа хог хаягдлын ашиглаж болохуйц эд ангийг нь хоёрдогч түүхий эд борлуулах төвүүд авч хаягдлын хэмжээг бууруулсан. Аюултай хог хаягдал болон бүх төрлийн хоёрдогч түүхий эдийг худалдан авч борлуулдаг 117 цэг байсныг 27 болгож тоог нь цөөлсөн. Тухайлбал, аккумлятор авдаг байсан худалдаачид доторх хортой шингэнийг нь агуулах дотроо асгахгүйн тулд шууд ил задгай асгачихаас гадна, ойролцоо гуу жалганд асгах тохиолдол их байсан. Асгарсан хүчил нь үеийн усаар дамжин тархах асуудал бага ч болов цэгцэрсэн. Одоо энэ төрлийн хог хаягдлыг худалдан борлуулдаг газруудыг тусгай зөвшөөрөлтэй болгоно. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйлчилгээ явуулахад энэ төрлийн хог хаягдалтай холбоотой дүрэм, журам нь тушаа болоод байна. Үйл ажиллагаагаа явуулах эрх нь хэвээр байгаа ганц үйлдвэр нь хүртэл тусгай зөвшөөрөл авахгүй л бол үйл ажиллагаа явуулах эрхгүй болчихлоо. Бид хуулиа дагаж, мөрдөх ёстой учраас үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга байхгүй.
-Энэ хуулийг өөрчлөх тал дээр санал оруулах боломж та бүхэнд байгаа шүү дээ?
-Санал оруулах эрх нь бий л дээ. Гэхдээ энэ хуулийг өөрчлөгдөх хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга бидэнд байхгүй шүү дээ. Аль болох богино хугацаанд энэ төрлийн хог хаягдлаа хэрхэх тал дээр нэгдсэн тогтолцоотой болох нь чухал байна. Энэ ажлыг хуулийн дагуу Засгийн газар тогтоол гаргаж хаана байрлахыг нь зааж өгөх ёстой. Дараа нь чиглэл чиглэлийн дагуу яам тус бүр дээр аж үйлдвэрийн парк байгуулагдах ёстой. Хэрэв аюултай хог хаядлыг дахин боловсруулах, булж устгах цэг бий болчихвол тэндээ нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулах талаар шаардлага хүргүүлэх боломж бүрдэнэ. Гэтэл одоогоор тийм цэг байхгүй учраас аюултай хог хаягдал гудамжаар хөглөрөх аюул бий болчихоод байна. Аюултай хог хаягдлаа цуглуулъя гэхээр шаардлага хангасан газар байх ёстой. Түүнд нь зөвшөөрөл олгох ёстой. Зөвшөөрөл олгоогүй учраас мөн авч цуглуулахыг хориглоно. Нэгэнт гарч байгаа аюултай хог хаягдлыг хянах боломжгүй. Ийм л ацан шалаанд ороод байна.
-Аюултай хог хаягдлаа гадагшаа гаргахгүй, булшлах газаргүй, боловсруулах үйлдвэргүй гацаанд орчихоод байгаа юм байна тийм үү?
-Тийм л дээ. Тэгэхээр л энгийн хог хаягдалтай хамт л хогийн цэг дээр очихоос өөр сонголт алга. Энгийн хог хаягдлыг шууд хөрсөнд булдаг. Энгийн хог хаягдал цаг хугацаа өнгөрсөний дараа хөрсөндөө ялзраад боловсрох боломжтой учраас шууд булдаг. Гэтэл аюултай хог хаягдал хөрсөө идэж, бохирдуулдаг. Манай улсад орж ирж байгаа бүх машин хуучин аккумлятортой байгаа, түүн дээр шинэ аккумлятор жилд хэдэн мянгаараа нэмэгдэнэ. Нийслэл хотод 500-600 мянган автомашин бий. Эдгээр машинууд жилдээ нэгээс хоёр удаа аккумлятороо шинэчилж байгаа. Тэгэхээр жилд хичнээн мянган аккумлятор хаягдаж байгаа нь тодорхой. Хаана хаягдаж байгаа нь тодорхой бус. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг дэмжих бодлого төрөөс зайлшгүй барих хэрэгтэй.
-Аккумляторыг дахин боловсруулаад юунд ашиглах боломжтой вэ?
-Аккумляторыг дахин боловсруулахад хар тугалгын асар их нөөцтэй болдог. Хар тугалга бүх зүйлд хэрэгтэй. Гадна талын хуванцарыг нь хүртэл дахин боловсруулдаг. Ганц ашиглагддаггүй зүйл нь хүчил. Хүчилийг “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаандаа ашигладаг байснаа больсон. Өөр ашиглах ямар ч газар байдаггүй учраас нийлүүлэх боломж байхгүй. Тиймээс хүчилийг булах л газар хэрэгтэй. Одоогоор бид аккумлятор авч байгаа хоёрдогч түүхий эдийн худалдагч нарт өөрсддөө хүчилээ байлгахыг л санал болгож байгаа. Нэг тонны савнуудад хийж хураасан байгаа. Түүнийг асгасан тохиолдолд өндөр хэмжээний торгууль төлөхөөс гадна эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор нүдэнд харагдахуйц хөр хөнөөл гарч ирээгүй өнөө маргаашгүй шийдвэрлэх аюул биш учраас хойш суугаад байна.
Ийнхүү түүнтэй ярилцаж дуусаад хоёрдогч түүхий эд авч, худалдан борлуулдаг хэд хэдэн цэг байрладаг Баянбүрдийн тойрогоос Дэнжийн мянгийн хүнсний захыг чиглэсэн замыг зорьлоо. Тойргоос баруун гар тийш салаад холгүй газар хоёрдогч түүхий эд авна гэсэн самбрын хажууд 30 орчим насны залуу зогсоно. Түүнээс аккумлятор авч байгаа юу гэтэл “Авна. Ямар үзүүлэлттэй аккумлятор вэ” гэв. Намайг яг ч аккумлятор зарах гэж байгаа хүн биш гэдгийг мэдээд залуу ихэд дургүйцэв. Үнэн учраа хэлээд түүнээс ганц хоёр зүйл тодруулахад “Яг үнэндээ аккумлятор авдаг цэгүүдийн тоог цөөлж, заавал тусгай зөвшөөрөлтэй болгож, хаягдал шингэнийг нь султгадаг зориулалтын сав суулга бэлтгэх ёстой гэх мэтийн дарамтаа анхан шатанд нь хог хаягдал цуглуулж байгаа биднээс шаардах хэрэггүй. Харин биднээс аваад цааш нь бөөгнүүлж, зардаг санхүүгийн чадвартай хүмүүст энэ шаардлагаа тавьмаар байна. Бид нэг аккумлятороос 1000-2000 төгрөгийн ашиг хардаг. Одоо аккумлятор боловсруулдаг үйлдвэрүүдийг хаачихсан гээд авдаг хүмүүс нь цөөрсөн. Ер нь бодоод үз дээ. Анхан шатанд нь аккумляторыг авахуулахгүй байлаа гээд нэгэнт гарч байгаа тэр хаягдал чинь харин ч үнэгүй болж гудамж, талбайд хаа саагүй л хэвтэх болно шүү дээ. Ингэснээр харин жинхэнэ аюул болж бага насны хүүхдүүд тоглох, хаа хамаагүй хөрсөнд хүчил нэвчиж, түүгээр бохирдсон хөрсөнөөс учрах хор хөнөөл нь хэд дахин ихсэнэ биз дээ” гэв.
Цааш яваад хэд хэдэн түүхий эд авах цэг байх боловч аккумлятор авахгүй байгаа гэж хариулав. Өөрийгөө 10 гаруй жил хоёрдогч түүхий эд авах цэг дээр ажиллаж байна хэмээн танилцуулсан 40 гаруй насны эмэгтэй хэлэлхдээ “Өнгөрсөн жил энэ хавьд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдогч түүхий эд авдаг 10 гаруй газрыг сар гаруйн хугацаанд үйл ажиллагааг нь хаасан. Биднийг эргэн тойрныхоо газрыг цементэлж хөрсний бохирдол үүсэхээс сэргийлж, аюултай хог хаягдлыг жагсаалтад ордог бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хориглосон. Одоо аккумлятор авах юм бол үйл ажиллагааг минь хаана гэсэн. Тиймээс 500,1000 төгрөгийн ашиг олох гэж өдрийнхөө хоолноос салчихгүйн тулд аккумлятор авахгүй байгаа. Гэсэн ч хүмүүс байнга л аккумлятор авах уу гэж асуух юм. Энэ нь иргэдийн гар дээр хаягдал аккумлятор байгаа гэдгийг илчилж байна. Хэд хэдэн газраас асуугаад авахгүй бол хаа хамаагүй нэг газар аваачаад л хаяна биз дээ. Хэн ч 10, 20 мянган төгрөгийн төлөө хол яваад эрэл сурал болохгүй. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан дахин боловсруулах үйлдвэрийг хаачихсан учраас аккумлятор авах хүн байхгүй болсон. Бүгд л хаа нэгтээ үнэгүй хог болоод хэвтэж байгаа биз. Түүний оронд хог хаягдлаа бөөгнүүлээд, хэрхэн яаж, дахин боловсруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулмаар байх юм. Төр засгаас юу ч гуйлгүй өөрсддөө ажлын байр бий болгоод өдөр хоногоо өнгөрүүлж байгаа энгийн ард иргэдээ юм бол болохгүй, хориглоно, торгоно, шийтгэнэ, хорино, цагдана гэж дарамтлахаасаа өмнө тогтолцоогоо бий болгочих хэрэгтэй шүү дээ. Бидний авч байгаа хог хаягдал үнэгүй болохын хэрээр гудамжинд хөглөрч, байгаль экологи, ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг дээд сургуулийн боловсролгүй надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Гэтэл надаас дор сэтгэж байгаа энэ дээр байгаа хүмүүсийг үнэхээр гайхах юм. Аккумлятор авдаг газруудыг тусгай зөвшөөрөлтэй болгоно ч гэх шиг. Хамгийн гол нь нэгэнт эх орноосоо гаргах боломжгүй энэ хогоо харин ч анхан шатан дээр нь цуглуулж, ил задгай, хаа хамаагүй хаяхгүй байхад нь анхаармаар байна” гэв.
Ёстой л дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн жишигээр бодлого боловсруулагчид нь амьдралаас хол тасархай шийдвэр, дүрэм, журам гаргасаны харгайгаар олон хүнийг хөлдөө чирч байгааг эндээс харж болохоор байна. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн үлгэр болж, аюултай хог хаягдлыг нь анхан шатанд нь цуглуулдаг иргэдээсээ авахуулаад боловсруулж байгаа ганц үйлдвэрээ хүртэл төрийн данхгар бодлогоороо дарж авсан манай улс шиг орон дэлхийд байгаа болов уу. Аюултай хог хаягдал жилд хичнээн мянган тонноор хэмжигдэх хэмжээнд гарч байгаа боловч түүнийгээ дахин боловсруулах үйлдвэр, хаяж булах газар, худалдан авч цуглуулах иргэд ч байхгүй энэ цагт Монгол Улс удахгүй аюултай хог хаягдлын үүр уурхай болох нь тодорхой боллоо. Хосолмол хөдөлгүүрт автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж эко машин гэж нэрлэдэг хэдий ч жил бүр олон зуугаараа хэрэглээнээс гарсан баттерей, аккумляторууд аюултай хог хаягдлын тоог нэмэгдүүлж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсаар байна. Хар тугалгатай батеррей, аккумуляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батерейн хаягдал, аккумулятороос ялгаж авсан элекролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй байдгаас гадна батерей нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэх мөн хорт хавдрын эх үүсвэр болдог хүнд металлиудыг агуулдаг бөгөөд түүний хор хөнөөлийг багасгах, олон нийтэд таниулах, аюулгүйгээр дахин боловсруулах, үйлдвэрлэсэн улс руу нь буцаан илгээх гэх зэрэг зохион байгуулалттай бодлого, үйл ажиллагаа манай улсад дутмаг байна.