Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өмгөөлөгч Б.Мэргэн ярихдаа, "Төв аймагт болсон зургаан өдрийн шүүх хурлаас энэхүү хэргийг тодорхой шалтгаануудын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй юм байна, дахиж шалгах шаардлагатай юмнууд байна гэж үзсэн учир прокурорт буцаасан. Гэтэл Прокурорын зүгээс “Санал нийлэхгүй” гэж үзсэн учир эсэргүүцэл бичсэн. Төв аймгийн Эрүү иргэний давж заалдах шатны шүүхээс “Прокурорын эсэргүүцэл нь зөв зүйтэй юм байна” гэж үзээд Анхан шатны шүүх рүү буцаагаад одоо байгаа хэргийнхээ хүрээнд хэргийг шийд гэх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. Тиймээс магадлалаа гардаж авсны дараа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэх байр суурьтай байгаа. Мэдээж уг хэрэг нь төрийн маш нууцын зэрэглэлтэй. Тиймээс бид хэргийн материалын талаар ярих ямар ч боломжгүй. Үүнийг та бүхэн зөв ойлгоосой.
Нэгэнт материалын талаар ярих боломжгүй учраас асуулт, хариултад хариулах боломжгүй. Ирсэн учир шалтгаан нь бид Монгол улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад “Төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт” гаргаж байгаа.
Улстөрчид төрийн нууцад байгаа хэргийг өөрт ашигтай байдлаар ил болгож, олон түмнийг төөрөгдүүлж байна
1998 оны аравдугаар сарын 02-нд үйлдэгдсэн гээд буй С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материал 104 хавтас материал бий. Үүнээс тодорхой хэсгүүдийг ил болгосон. Нэгдүгээрт тэр хэргийг, хоёрдугаарт эрүүдэн шүүсэн гэх 36 хавтастай хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх нь зүйтэй юм байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулаад, Засгийн газарт зөвлөмж өгөөд хэргийн материалаа ил болгооч гэсэн хүсэлт өгч байна. Өмгөөлөгчид бүгд гарын үсэг тамгаа дарсан байгаа.
Учир нь өмгөөлөгчдийн хувьд хэргийн материалтай очиж танилцаад, танилцах хугацаа маш бага байсан. 36 хуудас хавтаст хэргийг нүүрээр нь тооцож үзвэл 15600 орчим нүүр болно. Энэ бүрийг шүүх дээр очиж танилцаад, тэмдэглэл үйлдээд, үйлдсэн тэмдэглэлээ тэнд нь үлдээж байгаа. Авч гарах ямар ч эрхгүй. Бид 15600 хуудсыг хэдхэн хоногийн дотор уншаад, түүнийгээ тэмдэглэж авсан тэмдэглэлээ үлдээчхээд гардаг. Бид робот биш. Очоод түүнийгээ санаад шүүх хуралдаа бэлдэнэ гэдэг маш хязгаарлагдмал. Бид мөн төрийн нууцыг задруулахгүй, задруулах юм бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ гэх баталгаа гаргаж, гарын үсгээ зурдаг. Тиймээс хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломж огт байхгүй. Гэтэл бид Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэгчийнхээ эрхийг хангаж чаддаггүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээ өөрсдөдөө байлгаж болдоггүй, гадагшаа юм ярьж болохгүй, ийм хязгаарлагдмал нөхцөл байдалтай байхад нэр бүхий улс төрчид нөгөө маш нууц хэргээс мэдээллүүд задруулаад байдаг. Задруулахдаа яг өөрсдөдөө ашигтай байж болохоор олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдээллүүдийг сугалж гаргаж ирж задруулаад байна. Тэд хаанаас энэ мэдээллүүдийг аваад байгаа юм. УИХ-ын гишүүн ч, сайд байсан, ч төрийн өндөр албан тушаалтан байсан ч төрийн нууцтай танилцах эрх байхгүй. Танилцах юм бол ТЕГ-ын дүрэм журмын дагуу нууцын баталгаа гаргаж, зөвшөөрлөө аваад танилцах ёстой. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав л төрийн нууцтай, тэр дундаа Ерөнхийлөгч зэрэглэл харгалзахгүй танилцах эрхтэй. Бусад гишүүд болон улс төрчид танилцах эрхгүй. Гэтэл тодорхой гишүүд, улстөрчид танилцсан мэдээллээсээ өөрсдөө ашигтайгаар мэдээлээд эргээд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Бид тэр худлаа мэдээллүүдийг залруулъя гэхээр “Та нар төрийн нууцын баталгаа гаргуулсан шүү, ял өгнө шүү” гээд яриулдаггүй. Ингээд иргэдийн дунд эргэлзээ үүсээд байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах үүднээс энэ бүх мэдээллүүдийг ил болгож иргэдэд зөв зүйтэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг төрийн нууцаас гарах болж байгаа
Цаг хугацааны хувьд аваад үзсэн ч 1998 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 21 жил болсон тул төрийн нууцаас гарах болж байгаа юм биш үү, үүнийгээ тодорхой болгооч. Ямар ч төрийн нууц хугацаатай байдаг. Хугацаа дуусаад ил болдог. Ямар шалтгаанаар түүнийг нууц болгож байна гэхээр, гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан мэдээллүүдийг энэ гэмт хэргийг шалгах явцад саад учруулах вий, нөлөөлөх вий гэдэг учраас нууцалдаг. Энэ хэрэг илрээд, гурван шатны шүүхээр яваад, ялаа авчихсан, асуудал нь шийдэгдчихсэн, нотлогдчихсон хэрэг шүү дээ.
Бидний хувьд С.Зоригийн гэх хэргийг бүтэн уншаагүй. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг өөрөө тэр хэрэгтэй холбоотой учир тэр хэргээс тодорхой мэдээллүүд байгаа. Мэдээлэл задруулаад буй улс төрчдийн хэлж буйгаар ч, хууль хүчнийхний хэлж буйгаар ч захиалагч нь тодорхой болчихсон, захиалагчийг нь зарлах гэж байх тэр үеүдэд нь тааруулаад энэ эрүүдэн шүүсэн гэх хэрэг гараад ирсэн. Магадгүй тэр хэргүүдийг уншаад явах явцад хэрэв ил болбол хэн нь ч хэн бэ гэдэг нь тодорхой болно. Магадгүй өнөөгийн улстөрийн байдал, хүмүүсийн байр суурь тэр чигтээ эргэнэ. Магадгүй ирээдүйн Монгол улсын хөгжил ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөж болохуйц юмнууд тэрэн дотор байх магадлалтай. Эрүүдэн шүүсэн хэрэг дээр зургаан хоногийн турш үйл явдал үргэлжилсэн гэх боловч 26 минутын бичлэгийг л ил гаргаж тавиад байгаа, бусад цаг хугацаанд нь юу болсон тэр юм нь огт байхгүй гэх мэт олон асуудал бий.
Олон улсын байгууллага ч, улстөрчид ч, сэтгүүлчид ч, иргэд ч уг хэргийг ил болгохыг хүсч байна
Хоёрдугаарт, Олон улсын парламентын холбооноос “Та нар энэ улстөрчдөө болиоч, үүнээс улстөрчид нь ашиг хонжоо олоод яваад байна шүү дээ, энэ чинь хэргээ илрүүлэхэд саад болоод байна” гэсэн шаардлагуудыг хүргүүлж байгаа. Үнэхээр л энэ хэргийг шалгасан нэртэй УИХ-ын гишүүн болсон, эсвэл уг хэрэгтэй холбоотойгоор эсрэг нам нь улс төрийн хэрэгсэл болгож, ашиг хонжоо хайсан байдлаар л энэ асуудал яваад байна.
Мөн уг хэргийг шалгахтай холбоотойгоор Улсын их хурлаас Түр хороо байгуулсан. Түр хороонд Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж гэх мэт УИХ-ын гишүүд орсон. Эдгээр гишүүд Төв аймаг дээр болсон Анхан шатны шүүх дээр болсон хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн. Бид шүүхэд эргэлзэж буй тул шүүх хуралд оролцмоор байна гэсэн. Мөн тэр хуралдаан болох зургаан өдрийн турш сэтгүүлчид сурвалжилсан. 10-аад иргэний нийгмийн хөдөлгөөнүүд жагссан. Энэ хөдөлгөөнүүд ч хэргийг ил болгох хүсэлтээ өгсөн. Үүнээс үзэхэд Олон улсын байгууллага ч, улстөрчид ч, сэтгүүлчид ч, иргэд ч уг хэргийг ил болгомоор байна гэдэг хүлээлт байна. Тиймээс байж болох бүх тал энэ хэргийг ил болгоод хэлэлцье гэж санал нэгдэж байгаа тул ил болгох нь зүйтэй юм. Далд байдлаар явахаар шүүхэд эргэлзэх эргэлзээ их болж байна” гэсэн юм.