Сүүлийн үед Рио тино компанийн хөрөнгө оруулалттай Оюу толгой компанийг шүүмжлэх үйл ажиллагаа нэмэгдэж байна. Өмнө нь зарим улстөрчид, иргэний хөдөлгөөнүүд Оюу толгойн ордын ашиглалтын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан бол өнөөдөр мэргэжлийн, төрийн бус байгууллагууд шүүмжлэх нь ихэслээ. Тэдний нэг нь Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо юм. Яагаад тус холбоо Оюу толгой компанийг шүүмжлэх болсон талаар холбооны Гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн багш С.Арслантай ярилцлаа. Тэрээр машин, төмөрлөгийн инженер бөгөөд эрдэс баялгийн салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан нэгэн аж.
-Та хэзээнээс Оюу толгой компанийн гэрээ, үйл ажиллагааг судалж эхэлсэн бэ?
-Дөрвөн жилийн өмнөөс. Олон хүмүүс гэрээнд алдаа байна гэж шүүмжилсээр ирсэн.
Гэтэл Оюу толгой компани учир байдлыг тайлбарлахын оронд ихэмсэг мэдэгдлүүд гаргадаг. Тийм учраас гэрээг сонирхож эхэлсэн. Гэтэл тухайн компаниас лавлах маш олон зүйл байдаг юм байна. Харин энэ компани иргэн, иргэний байгууллагуудтай харьцах нь бүү хэл төрд олигтой тайлбар өгдөггүй. Шууд мэдэгдэл гаргаж томордог юм байна.
-Та Оюу толгойн компанийн үйл ажиллагааг судлаад юу олж мэдэв?
-Оюу толгой компани олон нийт болон төр, засгийг хэрхэн хууран, мэхэлж байгааг олж мэдсэн. Хууль зөрчсөн.
-Хууль зөрчсөн гэдэг нь...
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод, нөөцөө тогтоогоогүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Техник эдийн засгийн үндэслэлийг гаргаагүй байхад гэрээ байгуулсан. Энэ нь Монголын хуулиудыг зөрчиж байгаа юм. Дээр нь олборлолт дээр бас багагүй асуудал байна. Олборлож байгаа эрдэст ямар хэмжээний баялаг байгааг тооцох арга байхгүй.
-Манай лабораториуд шинжилдэг гэдэг нь худлаа юу?
-Худлаа. Манайд шалгах лаборатори ч байхгүй. Энэ компани гаргаж байгаа зүйлээ хянуулдаггүй. Английн нэг компани орцыг тодорхойлдог юм байна.. Гэхдээ үүнийг Английн тэр компани, Оюу толгой, зэсийн баяжмал хүлээн авдаг Хятадын компани гурав л мэддэг бололтой юм.
-Монголын тал мэдэхгүй гэж үү?
-Мэддэггүй. Оюу толгойн амаар л манай төр юу гарсныг багцаалж байгаа юм.
-Таны үзэж байгаагаар хятад руу гаргаж байгаа зэсийн баяжмалд өөр ямар үнэт металл байгаа вэ?
-Ховор металлууд байгаа. Тэр ховор металлууд сураггүй. Хоёр мянган тонн алт байгаа гэсэн багцаа тоо л бий. Гэхдээ анх яригдаж байсан алт, зэсийн нөөц багасаад, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд байна. Ингэхээр чинь манай орох юм нь буураад, монголчууд эзэмшдэг 34 хувь нь өр болж томроод байгаа юм. Бас нэг ноцтой асуудал нь хувь эзэмшигч компаниудын мэдээлж байгаа тоонууд их зөрөөтэй.
-Гүйлгээгээ Монголын банкуудаар хийсэнгүй гэсэн шүүмж байдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Монголд бүртгэлтэй компани Монголын банкуудаар гүйлгээ хийх ёстой.
-Гадуур хэр хэмжээний гүйлгээ хийгээд байгаа тухай мэдээлэл байна уу?
-Үнэхээр багцаалах арга байхгүй. Монголоос гарч байгаа албан мэдээ нь Оюу толгойн амаар л гарна.
-Хил, гаалиар гарсан, орсон хэмжээг хянаж чадахгүй юу?
-Тэр нь ч бас Оюу толгойн мэдээ.
-“Уул уурхайн салбараас их хэмжээний орлого олоод, татвар бага төлж байна” гэж та ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Би есхөн төрлийн баялаг дээр тооцоо хийсэн. Миний тоо бол Татварын ерөнхий газар, гаалийн байгуулагаас албан ёсоор авсан тоо. Энэ байгууллагын албан тушаалтнуудын гарын үсэг, тамгаар баталгаажин манай холбоонд ирсэн албан хариу. Эндээс харахад 2008-2018 онд төмрийн хүдэр, кэс, цайрын баяжмал, гянтболдын хүдэр, молибиден, жонш, алт, нүүрс, алтны экспортоос улсын төсөвт орсон татварын хэмжээ байна. Дээрх баялгаас компаниуд 81. 4 их наяд төгрөгийн орлого олсон байгаа юм. Эндээс татвар 12 их наяд төгрөг л өгсөн байгаа юм. Төмрийн хүдрээс нийт орлогоос нь тавхан хувь нь төсөвт ордог. Зэсийн баяжмалаас 22 гаруй хувь нь, цайрын баяжмалаас 14 гаруйхан хувь, гянтболдоос гурван хувь, молибиденээс 0.3 хувь нь л улсын төсөвт орж байна. Гэхдээ энэ зөвхөн Оюу толгой биш: Манай нийт уул уурхайн салбарын есхөн төрлийн экспортоор авсан жишээ.
-Алт, нүүрс, түүхий нефть хэр татвар төлдөг вэ?
-Алт 7.5, нүүрс 13 шахам, газрын тос 22 хувийн татвартай.
-Энэ есөн баялгаас нийдтээ дунджаар 15 хувийг л авч байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Монголчууд баялгаасаа 15 гаруйхан хувийг л хүртэж байна гэсэн үг шүү дээ.
-Түүхий нефтийг стратегийн бүтээгдэхүүн гэж үзчихээд 22 хувийг л авах уу?
-Энэ нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ингээд байгаа юм. Уг нь 50:50 хувийн харьцаатай байх ёстой. Нийт бүтээгдэхүүний 40 хувийг хөрөнгө оруулагчид аваад, үлдсэн 60 хувийн 22 хувийг манайх авч байгаа юм. Бид үлэгдлээс ядахнаа 30 авах ёстой байхад 20 гаруйхан хувийг л авч байна.
-Уул уурхайн компаниуд татвар өндөр байна гэж гомдоллодог шүү дээ.
-29 төрлийн татвар нийлээд л дунджаар 15 болж байна. Үүнийг өндөр гэх үү.
-Яагаад молибиденээс 0.3-хан хувийн татвар авдаг юм бол?
-Ерөөсөө татварын хуульдаа ингээд суулгачихдаг юм байна.
-Та Оюу толгойн гэрээнд яг юунд нь шүүмжлэлтэй хандаж байна?
-Рио тинто бол үндэстэн дамнасан том компани. УИХ Оюу толгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг ярих ёстой байтал шууд алгасаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яриад эхэлсэн. Энэ компанийн гар хөл болсон этгээдүүд УИХ-д сууж байна. Би нэрээр нь хэлсэн ч чадна. Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан гээд...
-Яагаад тэднийг Рио тинтогийн гар хөл гэж үзэж байна?
-Ч.Хүрэлбаатар бол Оюу толгойн гэрээг байгуулахад Монглын талын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүн. Л.Энх-Амгалангийн тухай би дараа ярина. Ч.Хүрэлбаатарын нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажилласан. Тэр уг нь нэлээд шударга залуу байгаа юм. Саяхан нэг хууль батлахад Г.Тэмүүлэн гишүүн “Би энэ хуулийг батлахыг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл доторх нарийн ширийн юмыг мэднэ” гэж байсан. Оюу толгойн хувьд сүүлийн найман жилийн турш яригдаж байгаа татвартай холбоотой 20-иод асуудал байдаг юм байна. Эднээс арваад асуудал нь сая баталсан хуульд орсон байгааг гишүүн Г.Тэмүүлэн хэлж байсан. Энэ залуу уул уурхайн том компанийн удирдлагаас өөрөө татгалзаж байсан.
-Тэгээд яагаад дуугүй болчхов?
-Нам нь Эрдэнэтийн захирал байсан ааваар нь барьцаалсан болов уу. Татварын хуулийг батлахдаа түүнийг УИХ-ын танхимаас гарсан үед баталсан. Гэхдээ энэ хүүхэд тэгээд чимээгүй болчхоогүй шүү дээ. Олон нийтэд хандаж баримт байгаа учраас Ерөнхийлөгчид хандаж хориг тавиулах тухайгаа мэдэгдсэн.