МХЕГ-аас олон улсын хөтөлбөртэй хэмээн зарласан ерөнхий боловсролын зарим сургуулиудад хяналт, шалгалт явуулсан байна. Шалгалтад “Орхон Хасү”, “Сакүра”, “Жет”, “Орчлон”, “Сингапур скүүл оф Монголиа”, “Бритиш сургууль”, “Улаанбаатар-Элит” олон улсын сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, “Улаанбаатар дахь Америк”, “Тэрэлж боардинг” гэх арван сургуулийг хамруулсан байна.
Шалгалтаар олон улсын хөтөлбөртэй гэсэн боловч албан ёсны зөвшөөрөлгүй, ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулж байсан зөрчил ихэнх сургуулиудад илэрчээ.Тухайлбал, дээрх сургуулиудаас “Орчлон”, “British school”, “Орхон-Хасү” болон “Улаанбаатар-Элит” олон улсын сургууль л Кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байжээ. Харин үлдсэн зургаан сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Мөн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрсөн зөрчил, тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан зөрчил илэрчээ. Тухайлбал, Жэт сурууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф Монголиа сургуулиудад эдгээр зөрчил илэрсэн байна. Энэхүү зөрчил нь бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг МХЕГ-аас онцолж байна.
Нийт шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь зэрэгтэй байхаас 13,7 хувь, Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь, Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28,5 хувь, ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг тус тус зөрчсөн байна.Түүнчлэн ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургуулиа танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудсан дээрээ олон улсын хөтөлбөртэй эсвэл “International school” гэх мэтээр бичсэн байжээ.
Тухайлбал, ерөнхий боловсролын “Сакура” сургууль нь япон хүмүүжил, америк хөтөлбөртэй, “Сингапур скүүл оф монголиа” сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын “Жэт” сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, “Тэрэлж боардинг” сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч эдгээр сургалтыг явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байсан нь шалгалтаар илэрсэн байна.Мөн Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф Монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль, ерөнхий боловсролын Бритиш сургуулиудын бүтэц нь “бага, дунд, ахлах”, сургалт явуулах чиглэл нь “бага, суурь, бүрэн дунд” хэмээн заасан боловч цэцэрлэг буюу сургуулийн өмнөх бэлтгэл бүлэг хичээллэж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 зүйл заалтад заасан “Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай хүүхдийг элсүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.
Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан “Олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн заалтыг зөрчиж удирдах зөвлөлийн тэргүүн, сургуулийн захирал баталсан, зарим тохиолдолд баталгаажуулаагүй албажуулаагүй зөрчил илэрчээ. Сургалтын төлөвлөгөөнд заасан багш зохицуулах цагийг IPC, гадаад хэл, математик, IMYC, хятад хэл судлахаар төлөвлөдөг. Мөн хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд, sтеам сургалт, англи хэлний цагийг үндсэн цагт оруулсан, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх тухай тусгасан байжээ. Цаашид Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина” гэсэн заалтын дагуу олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хяналт тавих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, үнэн зөв болгох, статистик мэдээнд оруулах шаардлагатай байгааг МХЕГ-ын удирдлагууд хэлж байна. Шалгалтад хамрагдсан дээрх 10 сургуулийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежерүүдэд кабинетийн гэрчилгээ авах, сургуулийн дотоод хяналтыг хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс хамгаалахад чиглүүлж гадна орчин, дотоод орчин, анги танхимд хийх, технологийн хичээлийн багаж төхөөрөмжийг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандаж тоног төхөөрөмжийн гэрчилгээ авах, сурах бичиг дамжуулж ашиглаж байгаа тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд эмч, дотоод хяналтын ажилтан хяналт тавьж байх, Бритиш сургуульд усан бассейнд холбогдох газраар баталгаажуулалт хийлгэх тухай зөвлөгөө өгсөн байна. Олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиудад хийсэн хяналт, шалгалтын талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ “Эцэг эхчүүд хүүхдээ аль болох Кембриджийн хөтөлбөртэй сургуульд явуулахыг эрмэлздэг. Энэ хөтөлбөрөөр сургалт явуулахдаа тухайн улсаас нь зөвшөөрөл авсан байх ёстой бөгөөд сургалтын орчин нь зориулалтын байх шаардлагатай. Гэвч шалгалтаар зарим сургууль Кембриджийн хөтөлбөртэй гэж өндөр төлбөрөөр сургалтаа явуулдаг ч тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байна. Урьдчилан сэргийлэх шалгалтын үр дүнд “Орчлон”, “British school”, “Орхон-Хасү” сургууль болон “Улаанбаатар-Элит” олон улсын сургууль л Кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байлаа.
Өөрөөр хэлбэл, зарим сургууль өөрийн сургалтын үйл ажиллагааг Кембриджийн хөтөлбөртэй гэж зарлан өндөр төлбөртэй байдаг ч зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байсан зөрчил түгээмэл илэрсэн” гэлээ.Мөн шинээр байгуулагдаж байгаа олон улсын хөтөлбөртэй гэх сургуулиуд сургалт явуулах зөвшөөрлөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас авсан байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Боловсролын яам зөвшөөрлийг өгөхдөө хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр эсвэл Кембриджийн хөтөлбөртэй адилаар тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх нь нээгдсэн сургуульд л олгодог байна. Гэтэл Япон, Америк, Сингапур хөтөлбөртэй гэх мөртлөө өөрийн гэсэн байргүй, багшлах нөөц хүрэлцээгүй, албан ёсны эрхгүй сургуулиуд байгаа аж.Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ “Тухайн сургуулиудын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцсэн эрх бүхий багшийн тоо хүрэлцээгүй байгаа зөрчил байгаа нь сургалтын чанарт муу нөлөө үзүүлж байна. Жил бүр БСШУСЯ-наас гаргадаг ЕБС-ийн статистикт олон улсын хөтөлбөрт сургуулиудын талаар мэдээлэл байдаггүй. Тийм учраас энэ талаарх мэдээлэл иргэд, олон нийтийн дунд хаалттай байдаг. БСШУС яамнаас олон улсын хөтөлбөртэй сургуулийн мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй байлгах хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн тэдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд “олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн” гэх батламж авдаг. Гэвч тэр нь Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаагүй, албан ёсны бус байдаг учраас дараагийн шатны сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг гэдгийг онцолсон юм.Одоогоор зөрчил илэрсэн сургуулиудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөөд байгаа аж.
Махны үйлдвэрүүдийн 59 хувь нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй
Улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх 96 үйлдвэр цех, мах махан бүтээгдэхүүний 144 аж ахуйн нэгж буюу нийт 240 обьектыг хамруулан МХЕГ хяналт шалгалт хийсэн байна. 18 аймгийн 23 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт үйлдвэрийн аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэрийн хүчин чадлыг авч үзвэл жилд 9.712.560 бог, 1.900.800 бод, нийт 11.613.360 мал төхөөрөх боломжтой байна.
Мал төхөөрөх үйлдвэрүүдийн барилга байгууламжийн 40-50 хувь нь 20-30 жилийн өмнө мал төхөөрөх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжийг засварлаж, тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа бол сүүлийн жилүүдэд байгуулагдсан үйлдвэрүүдийн ихэнх нь сэндвичин барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн, 306 буюу 61.3 хувийг арилгуулах арга хэмжээ авсан байна. Илэрсэн зөрчлийн дийлэнх буюу 67.6-89 хувийг бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйтгэх ваннгүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй, мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчлүүд эзэлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй ч хөргөлтийн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэггүй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 73 аж ахуй нэгж буюу 48 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй, өргөтгөж шинэчлээгүй, аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө аж ахуйн аргаар барьж байгуулсан нь технологийн үйл ажиллагаа дамжин бохирдох нөхцөлийг бүрдүүлжээ.
Шалгагдсан үйлдвэр, цехүүдээс 13 аж ахуй нэгж, тухайлбал БГД-ийн “Номт монгол”, ЧД-ийн “Цэнгэг айс”, Баян-Өлгий аймгийн Айбарлы арыстан, Достых, Дорнод аймгийн “Энх” хиамын, Говь-Алтайн “Баярт-Олон” зэрэг 11.6 хувь нь мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг тус тусдаа хадгалах агуулахгүй байсан бол технологийн урсгал зөрчигдсөн, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, БГД-ийн “Жэй Экс Си Эс”, “Хэлти фүүдс”, Булган аймгийн “Баяндөш хайрхан” зэрэг 16 аж ахуй нэгж буюу 10.5 хувь нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус зэврэлттэй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэж байсан байна.
Шалгагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн (бууз, банш, хиам, ангилсан мах г.м) 65 буюу 43 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаггүй, хаана нийлүүлдэг нь тодорхойгүй, бүртгэл тэмдэглэлгүй, гэрээгүй зэрэг зөрчил илэрчээ.
Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдийн 36 буюу 23.8 хувь нь бүтээгдэхүүний шошгонд цувралын дугаар, гаж нөлөө, Е тэмдэглэгээ, хориглох заалт зэрэг хаяг шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.
Монгол улс БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр одоогоор экспорт хийхгүй байна. Улсын хэмжээнд 11 аймгийн 14 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт мал төхөөрөх, мах экспортлох 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж жилд 4 сая 128 мянган бог, 902 мянга гаруй бод, нийт таван сая гаруй мал төхөөрөх хүчин чадалтай байна.
Мал төхөөрөх үйлдвэрүүд улирлын чанартай ажилладгаас зөвхөн экспортын зориулалтаар гаргах махыг мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэдэг, хүн амын дотоодын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа мах, түүхий эд, бүтээгдэхүүн нь дулааны улиралд нийслэл, аймгуудын дэргэдэх уламжлалт аргаар мал төхөөрөх цехүүдэд, хүйтний улиралд хээрийн нядалгаа буюу малчны хотонд эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй орчинд төхөөрч, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн нийлүүлэгдэж байгаа нь хүн амын хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүссэн байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгож байгаа махны квотын хэмжээг махны үйлдвэргүй аж ахуй нэгжид өгөх эсвэл мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадалд тохируулан олгоогүйгээс үүдэж экспортлох эрхгүй аж ахуйн нэгжүүдээр махаа бэлтгүүлэх, урьдчилан махаа чанаж их хэмжээгээр боловсруулж, нөөцлөх зэрэг сөрөг үр дагаврууд нь улс хооронд мах экспортлохоор байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколд тусгагдсан заалтууд зөрчигдөх, махны экспорт зогсох улмаар Нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлэгдэх махны хэмжээ буурч, махны хомстол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлд хүрч байгаа гэдгийг МХЕГ-аас онцолж байна.