ГУРАВДУГААР БҮЛЭГ
Коммунист тогтолцоо ганхаж эхэлсэн ч бат бөх хэвээрээ байв. Байдал төвөгтэй байсан ч МАХН бүхнийг хянахаар чармайсаар л байлаа. Нам төвтэй улс төрийн тогтолцооны хүч чадал нь төр, захиргааг удирдаж байсанд оршино. Төр захиргаа, арми цэрэг, цагдаа, тагнуул, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, нэгдлүүд гээд бүхнийг МАХНын гишүүд даргалж, тэр бүх сүлжээг намын байгууллага удирдаж байв. Намын хараа хяналтаас гадуур нэг ч байгууллага гэр бүл, хувь хүн байгаагүй. Тэгэхээр бүхэлдээ намын үг, харцаар хөдөлдөг гэсэн үг. Хувьсгал чухамдаа улстөрийн энэ, “аварга” гэж хэлж болохоор тогтолцоог хөндөж, бүр эвдэхээс өөр гарцгүй байжээ.
Улс төрийн өлсгөлөн
МАХН-ын доторх шинэчлэх хөдөлгөөн ардчилсан хувьсгалын нэг хэсэг болохоо харуулав. Эрх баригчдын хориглосон, бүхнийг залж чиглүүлэх гэсэн байр суурийг ихэнхдээ намаас цалинждаг, албан тушаал эрх мэдэл авсан хэсэг илт дэмжиж, намд үнэнчээ харуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Эрх баригчид МоАХ-ын удаа дараагийн шаардлагад албан ёсны, дорвитой нэг ч хариу өгсөнгүй. Энэ нь үл тоосон, эсвэл эсэргүүцсэн, арга аашиндаа багтааж, залж зааварлах гэсэн байр суурийн илрэл байлаа. Ийм эгзэгтэй цаг үед шинээр төрсөн нам, эвсэл, хөдөлгөөнүүд хүчээ нэгтгэж, тэмцлийн эрс зоримог хэлбэрт шилжихээс аргагүй гэсэн шийдэлд хүрэв. Энэ нь сүрт жагсаалаар эхэлсэн улстөрийн өлсгөлөн байлаа. Гуравдугаар сарын 4-нд “Ялалтын” талбайд эхэлсэн жагсагчид Засгийн газрын ордныг нар зөв гороолон тойроод Сүхбаатарын талбайд цуглаанаа үргэлжлүүлэв.
Ялалтын талбай цуглааныг урьдынх шиг МоАХ эхлүүлсэн ч дангаараа биш, дөрвөн хүчин хамтарсан байлаа. Цуварч явсан бараас, цуглаж суусан шаазгай дээр гэдэг ардын зүйр үг үнэн байжээ. Ардчилсан хүчин ч “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэдгийг ойлгосон, өөрөөр хэлбэл бойжиж төлжиж байсан хэрэг. Дөрвөн хүчин цуглаанаа яаж хийх талаар урьдчилан нягт нямбай бэлтгэжээ. Цуглаанд оролцож, бухимдсан олныг хяналтаас алдах магадлал маш өндөр, энэ нь сөрөг хүчиндээ шалтаг гаргаж өгөх эрсдэлтэй. Гарч болзошгүй сөргөлдөөнийг зохицуулах явдал цуглааны чухал бэлтгэлд хамаарч байсан бөгөөд үүнд “Тайван хувьсгал”-ын чухал шинж агуулагдаж байв. Шалтаг гаргаж хэрхэвч болохгүй, тэгвэл анаж байсан хүчирхэг хүчнийхэнд ашиглагдах нөхцөл үүсээд байв. Цуглааныг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй үймээнээс сэргийлэх зорилгоор МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлөөс 30, УГЗЗ-өөс 20, нийтдээ 50 хүнтэй хэсэг байгуулагдав. Энэ цуглаан их шуурга нижигнэн хөдөлснийг зарлан тунхаглав. “Шуурга хөдөлбөл хөдлөг, бүр нижигнэн хөдөлтүгэй” гэж урьд болсон нэг том хувьсгалын үеэр удирдагч нь хэлсэн гэдэг. МоАХ-ын Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн С.Амарсанаа: Жагсагчид Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай руу хөдлөх агшинд
“Тогтсон ёсоороо жагсаалын өмнө Ш.Төмөрбаатар төрийн далбаа барьж явах ба түүний араас МоАХ-ыг төлөөлж Ц.Энхтүвшин, Шинэ дэвшилт холбоог С.Батсүх, Монголын Оюутны Холбоог С.Баясгалан, Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг Р.Гончигдорж, А.Хатанбаатар нар төлөөлөн нэг эгнээнд орж алхана. Араас нь Дарь.Сүхбаатар болон ЕЗЗ-ийн гишүүд, бусад гишүүд явах юм. Тэдний хажууханд Б.Жаргалсайхан хар “Волга-24”-тэйгээ явах ба дотор нь Ц.Элбэгдорж том цагаан хоолойгоо аваад сууж явна” хэмээн дурсчээ. Нэг мэдэхэд машины дотор суух Ц.Элбэгдорж хамар дээр нь гарчихсан цагаан хоолойгоороо уриалсан үгээ цуурайтуулж, Ш.Төмөрбаатарын барих далбааг Дарь.Сүхбаатар, дараа нь Жамц барьчихсан талбайд орж ирсэн гэнэ.
Улс төрийн өлсгөлөнд оролцогчид Өлсгөлөн зарлаж байна. Монголын Ардчилсан Холбоо үүссэн цагаасаа нийгмийн амьдралын бүх хүрээнээс Сталинч, хүнд сурталт тогтолцоог таягдан хаяхын тулд Ардчилсан хувьсгалт шинэчлэлийг ард түмнийхээ хүсэл зоригийг дээдлэн амьдралд хэрэгжүүлэхийн төлөө түмэн олныхоо айдсыг үргээн иргэний зоригийг нь бадрааж тууштай тэмцэж байна. МоАХ-ын эсрэг өнөөгийн удирдлагын аппарат бүх чиглэлээр дайран довтолж байгааг хүн бүр андахгүй мэднэ. МоАХ-ыг данс, байр, хэвлэлгүй байлгах зорилгоо эрх мэдэл бүхий хүмүүс махран хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрэв.
Октябрийн баяр, Майн баяр, Наадмаар зохион байгуулдаг жагсаалд олон л хүн оролцдог байсан, гэтэл өнөөдрийнх шиг сүрт жагсаалыг Монголын түүх үл мэднэ. Урьд жагсахдаа баяр тэмдэглэн инээлдэж баясдаг байсан атал өнөөдөр түүнээс тэс өөр, түрхрэн шуугиж, системээ өөрчлөхөөр тэмүүлнэ. Иймээс түүнээс гарах мэдэгдэл ч хурсан олон нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болж нийтэд түгэв. Цугларагсад “Шаардаж байна” гэж уухайлан тэнгэр газар доргив. Цуглааны өмнөхөн “Дөрвөн хүчин”-ий хамтарсан “БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид, МАХН-ын Төв хороонд” хаяглан хамтарсан мэдэгдэл гаргав
Дөрвөн хүчний мэдэгдэл нийгмийг үндсээр нь өөрчлөх үйл явцыг хаанаас нь эхлээд яаж явуулах үзэл бодлын төлөвшлийг тод илтгэн харуулав.
Тэд МАХН-ыг дорвитой шинэчлэхийн ач холбогдлыг онцгойлон эрэмбэлжээ. Мөн үйл явцыг өрнүүлэхдээ эрх зүйн зохицуулалт хийх шаардлагыг иш үндэс болгон, Ардын түр хурал гэх 120 сонгодог хувилбарыг санал болгосон байна. Хувьсгалыг тайван замаар хийх Ардчилсан хүчний ухаалаг байр суурь шинэ Ардчилсан Үндсэн хууль батлах, сонгуулиар, бүр шударга ардчилсан сонгууль явуулах шаардлагад нь агуулагджээ. Тэд үнэхээр эрх зүйт нийгэм байгуулахыг зорьж байгаа нь тодорхой болов. Мөн өдөр дөрвөн хүчин НАХЯ-ны нийт бие бүрэлдэхүүнд хандан ардчилсан улстөрийн хүчнүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тайван замыг тууштай баримтлахаа илэрхийлээд ард түмнийхээ эсрэг зэвсэг хүч ямар ч үед хэрэглэхгүй байхыг уриалжээ. Ардчилсан хүчин тэмцлийн ерийн бус бөгөөд өргөн хүрээтэй алхам хийхийг зориглохдоо хориг ноцтой эсэргүүцэлтэй тулгарах байх гэдгээс ихээхэн эмээж байсан нь ажиглагддаг Эрх баригчид таг чиг хоёр хонов. Нөгөө л эргэлзэж тээнэгэлзсэн, үл тоосон байр суурь бахь байдгаараа. Гэтэл эрх баригч намын удирдлага дотор яахаа шийдэж ядсан хэцүүхэн цаг үе тулж ирсэн байжээ.
Үргэлжлэл бий