Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаснаар Саид Моллай Монгол Улсын харьяат болсон билээ. Моллай Саид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн -81 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин.
Саид Моллаи яагаад иргэншлээ сольсон бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Тэр ийм учиртай.
Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Саид Моллаи өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэгэхдээ хагас шигшээд Бельгийн бөх Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Албаар ялагдахаас өөр аргагүй байснаа, Иран улс түүнийг сүрдүүлснийг тэр сүүлд ярьсан. Учир нь хэрвээ ялбал нөгөө талаас Израилын Саги Муки гарч ирэх нь тодорхой байсан. Тиймээс түүнтэй барилдахгүйн тулд албаар дийлдсэн юм билээ.
Засгийн газрынхаа шийдвэрийг үл тоон, ДАШТ-д барилдсан гээд иранчууд түүнийг ихэд шүүмжилж, тэр ч бүү хэл заналхийлсэн. Тиймээс дэлхийн аваргын тэмцээний дараа Саид Моллаи аргагүйн эрхэнд Иран руу буцалгүй Германд үлдэн, улс төрийн орогнол хүссэн юм. Токиогийн олимпод түүнийг ОУОХ-ны далбаан дор оролцох болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байв.
ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно. Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.
Саид Моллаитай манай улсын жүдогийн шигшээ багийн бэлтгэлийн дараа уулзаж, цөөн асуултад хариулт авсныг уншигчдад хүргэж байна.
-Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхийн жүдо бөхийн их гэр бүл Таныг ямар шийдвэр гаргаж, аль улсын иргэн болох бол гэж харж байсан. Таньд Монгол Улсын иргэн болох шийдвэрийг гаргах ямар байв?
-Тийм ээ. ДАШТ-ий үеэр Иран болон надад үүссэн асуудлын талаар олон хүн сонирхож байсан. Тухайн үед IJF (Олон улсын жүдогийн холбоо) надад тохиолдсон асуудал дээр бүх талаараа тусалсан. Улмаар намайг Германд байх үед Осака Гранд Слам тэмцээнд IJF өөрийн нэрийн өмнөөс барилдах боломжийг олгосон. Харин Осакад болсон тэмцээний үеэр IJF-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хэлэлцэж ярилцсан. Түүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч намайг хүлээн авч иргэншил олгосонд миний бие маш их баяртай байна. Би Монголын жүдогийн холбоо, бүх монголчуудад БАЯРЛАЛАА гэж чин сэтгэлээсээ хэлье. Монголд ирмэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан. Ерөнхийлөгч надад “Монголд тавтай морил” гээд шинэ эх орныхоо олимпын шигшээ багт амжилттай барилдахыг хүссэн. Тиймээс би Та бүхний итгэл найдварыг амжилтаар хариулах болно гэж хэлье. Би Монгол Улсын нэрийн өмнөөс энэ сараас барилдаж эхэлнэ. Миний эхний тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болох “Мастерс” тэмцээн байна.
-Та Монголд байнга амьдарч бэлтгэл сургуулилтаа хийх үү. Эсвэл европт бэлтгэлээ хийх төлөвлөгөөтэй байна уу?
-Миний 2019 оны оролцох тэмцээн “Чиндаод Мастерс”-аар дуусч байна. Миний амьдралын нэг гол зүйл олимпод оролцох. Тиймээс олимпод оролцохын тулд IJF-ийн дэлхийн цуврал Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд оролцож, олимпын эрхийн оноогоо ахиулах нь чухал байна.Миний чансаа одоогоор гуравдугаарт бичигдэж байна. Хэрвээ Мастерс тэмцээнд амжилттай оролцвол дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болно.
-Шинэ он гармагц манай улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох уу?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Парист болох “Гранд Слам”-д оролцоно гэж бодож байгаа. Би тэнд бас бэлтгэлээ хийнэ гэж төлөвлөсөн. Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд амжилттай оролцож аль болох чансаагаа ахиулах зорилготой байгаа. Би чансаагаа илүү ахиулсан тохиолдолд сайн амжилт гаргах боломж бололцоо нэмэгдэнэ.
-Манай орны цаг агаар танд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монгол бол гайхалтай улс юм. Гадаа хэдий хүйтэн байгаа боловч энэ нь миний бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхгүй. Би өглөө, өдөр, орой хаана ч бэлтгэлээ тааруулаад хийнэ ээ.