Дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл үзэл, чиг хандлагаас улс орны эдийн засгийн тогтвортой байдал нь хөрсний үржил шим, түүнийг хэр зэрэг хамгаалж оновчтой ашиглахаас улам бүр хамааралтай болох нь ажиглагдаж байна. Учир нь дэлхийн хэмжээнд нийт хуурай газар 13 тэрбум га байдгаас эдэлбэр газар 1.4 тэрбум га, бэлчээр 3.5 тэрбум га, ой 4.2 тэрбум га тус тус эзэлдэг бөгөөд нийт тариалангийн талбайн 11 хувь нь үржил шимтэй хөрс, 40 хувь нь элэгдэл, эвдрэлд өртсөн хөрс байдаг нь тогтоогдсон талаар өчигдөр болсон “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлын үеэр хөрс судлаачид танилцуулав.
Тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Г.Нямдаваа энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэхдээ “Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага, хөрс-уур амьсгалын чадавх хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж, хөрсний нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна. 1992 онд явуулсан Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт 1206.4 мянган га талбайг хамруулснаас 561.5 мянган га нь элэгдсэн, үүний дотор 12.9 хувь нь их хэмжээгээр элэгдсэн байсан бол, 2010 онд УГТСЭШ–ний хүрээлэнгээс нийт 579.3 мянган га газрыг 100 хувь элэгдсэн байсан бол 60.6 хувь нь их хэмжээгээр элэгдсэн гэсэн судлаачдын дүгнэлт гарснаас үзэхэд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байна” гэв.
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний 98 хувь нь хөрснөөс бий болдог бол хоёр хувь нь усны экосистемээс бүрддэг.Тиймээс Монгол Улс эрүүл хөрсгүй болбол хүнсний бүтээгдэхүүний 98 хувь нь үгүй болно. Манай улсад далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн байхгүй учраас хүнсний хувьд 100 хувь хөрснөөс хамааралтай байдаг гэдгийг судлаачид онцолж байна.
Хөрсийг хамгаалах, зөв зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой
Хөрсний үржил шим сайн, зөв ашиглаж байгаа, элэгдэл доройтолгүй хөрс эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Ийм хөрстэй улс орны эдийн засаг үсрэнгүй хөгжилтэй байдаг. Тухайлбал, тариалангийн талбай нь ургац ихтэй, бэлчээр сайн байх нь малын үржил шим, ашиг ихтэй байдаг. Ийм учраас хөрсийг хамгаалах, зөв зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай. Энэ асуудалд анхаарал хандуулах үүднээс дэлхийн хөрсний өдрийг тэмдэглэх хүрээнд ийнхүү жил бүр хөрс судлаачид, мэргэжилтнүүд тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог бол энэ онд батлагдсан Хөрс хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах түгээх, хөрсний элэгдэл эвдрэлийн түвшинг нарийвчлан тогтоосноороо онцлог болж байгаа гэдгийг оролцогчид хэлж байна. Өмнө нь монгол орон хоёр бүлгийн 32 хэв шинжийн 84 төрлийн хөрс байдаг гэх мэт ерөнхий байдлаар судалгаа шинжилгээ хийж байсан бол сүүлийн үеийн судалгаанууд түлхүү ашиглалт тал руугаа чиглэсэн байна. Тухайлбал, хил орчмоор, нуур орчмоор, тариалангийн бүс нутагт, уриншийн талбайд юу болж байна, усалсан бол яаж байна үгүй бол яаж байна гэх мэт...Энэ талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар хэлэхдээ "Хөрс эдийн засгийн маш чухал ач холбогдолтой зүйл. Хөрсний үржил шим сайтай, доройтол, бохирдолгүй нөхцөл тухайн улс орны эдийн засаг сайн байдаг. Тийм учраас хөрсийг хамгаалах, зөв зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ агуулгын хүрээнд жил бүр "Дэлхийн хөрс судлалын өдөр"-ийг тэмдэглэн, эрдэм шинжилгээний хурал хийж эрдэмтэн судлаачид чуулдаг. Сүүлийн үеийн судалгаанууд ашиглалт тал руу чиглэж, улам бүр нарийвчлалтай болсоор байна. Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, тариаланчид судалгааны дүнг ашиглахаас гадна иргэдийн хандлага нааштай болж байгаа. Иргэдийн зүгээс ногоо тарих гэж байгаа газраа ч юм уу сонгохдоо тухайн хөрсний шинж чанарыг асууж, судалдаг болсон.Орон нутгийн иргэд нуур орчмын хөрсний доройтлоо хэрхэн нөхөн сэргээх талаар зөвлөгөө авдаг гэх мэт эерэг хандлагууд гарсаар байна" хэмээн ярилаа.
Тус салбарын судалгаа шинжилгээг ХАА-н хэдэн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд өөрсдийн санаачилгаар дотоодын болон олон улсын түвшинд төсөл бичиж, төсөв мөнгөө олж судалгаа явуулдаг байна. Тиймээс цаашид хөрсний судалгаа, шинжилгээний ажлыг төр засгаас бодлогоор дэмжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тэдний өмнө тулгарч байна. Сүүлийн үед иргэд судлаачдын гаргасан судалгаа нотолгоон дээр суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл дээр тулгуурлан газар тариалан эрхлэх, бизнес эрхлэгчид энэ салбарт хөрөнгө оруулах нь олширч байгаа нь сайшаалтай гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, хүнсний ногоо тариалах, тариа будаа тарих гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулж эхлэхээсээ өмнө хөрснийхөө үржил шимийг судлаачдаар тодорхойлуулдаг, бүс нутгийнхаа хөрсний онцлогийг судалж үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь тэднийг олон төрлийн эрсдэлээс хамгаалж байгаа гэдгийг хэлсэн юм. “Иргэдийн дунд өмнө нь газар бол газар. Бүх газар тариа, ногоо тариалж болох юм шиг боддог нийтлэг алдаа байсан. Гэтэл хүнсний ногоо тариалах талбайг 20-25 сантиметрын хооронд боловсруулдаг учраас энэ хэмжээнээс зузаан хөрс байх ёстой. Гэтэл 13 сантиметрын зузаантай хөрсийг хүнсний ногоо тариалах зориулалтаар олгочихсон байсан. Харин өнөөдөр иргэд судалдаг, асуудаг, бидний гаргасан судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлье гэдэг болсон” хэмээн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар хэллээ. Тэрээр цааш ярихдаа “Манай улсад хөрсний чиглэлээр тулгамдаж байгаа цааш авч хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил байна. Огт судлагдаагүй салбарууд ч байна. Хөрсний эрдэс, эрүүл ахуйн судалгааг огт хийдэггүй. Тиймээс хөрсний бүтцийг судлах нь энэ салбарын нэн тэргүүний зорилт. Хөрсний бохирдлоос үүдэж олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлгийн байгууллагад хандаад зовиур нь арилсан ч эргээд хөрсний бохирдол ихтэй газар очиход дахиад л өвдөнө. Тиймээс эх үүсвэрийг нь эрүүлжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн тулгамдсан асуудал бол доройтсон хөрсийг нөхөн сэргээх шаардлага байна. Хөрс доройтсон муудсан гэдгийг бараг судлах шаардлагаггүй хараад л мэдэж байна. Монгол орны хөрсний доройтолд тохирсон технологийг хэрэгжүүлэх мөн хөрс хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 150 гаруй хөрс судлаач байгаагаас ихэнх нь социализмын үед ОХУ-д суралцсан мэргэжилтнүүд байна. Одоогоор хөрс судлаач Агорхими гэсэн мэргэжлээр ХААИС-ийн Агроэкологийн сургуульд мэргэжилтэн бэлтгэж байгаа боловч сүүлийн жилүүдэд энэ мэргэжлийг сонгон суралцах оюутнуудын тоо буурсан. Тиймээс хөрс судлалын салбарыг мэдэх, сонирхох боловсон хүчин байхгүйгээс энэ салбар хоцрогдох, хөрсний үржил шим, үр ашгийн талаар судалгаа нотолгоогүй ашиглах, хөрсний асуудлыг орхигдуулах аюул тулгараад байна. Үүнээс болж улс даяараа, дэлхий даяараа том асуудал үүсч болзошгүй байна. Тиймээс энэ чиглэлийн боловсон хүчний асуудалд анхаарах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна” гэв.
"Олон малын хөлд доройтсон нуурын эргийн хөрс салхинд хийсч усанд ороод ундаргыг нь дарж байна"
ХААИС-ийн судлаачдын хийсэн "Нуур орчмын экосистемийн судалгааны ажил" нэлээд эерэг үр дүнг дагуулсан байна. 2018 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд орших Дөрөө нуур, 2019 онд Булган аймгийн Могод суманд орших Загаст нууранд хийсэн судалгааны ажлын үр дүнд, эдгээр нууруудын ширгэж буй шалтгааныг тогтоон, нөхөн сэргээх ажлыг нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулжээ.
Энэ талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, Хөрс судлалын тэнхимийн багш, доктор Н.Дамбадаржаа хэлэхдээ "Хоёр нуурын усны хэмжээ нь багассан, загас, усны шувуудын тоо цөөрсөн гэдгийг нутгийн иргэд хэлж байсан. Ингээд судлаачид очоод ажиллах явцад ажиглагдсан зүйл нь нуурыг тойроод малчин өрхүүд ихээр аж төрдөг, малын тоо хэт их, бэлчээрийн даац хэтэрсэн байгааг тогтоосон. Дөрөө нуурын орчимд л гэхэд гурван сумын малчид зусдаг учраас хөрсний бохирдол, доройтол бий болсон байсан. Олон малын хөлд доройтсон нуурын эргийн хөрс буюу хамгийн үржил шимтэй чухал хэсэг үндсэн бүтцээ алдаж хамрын тамхи шиг болоод салхинд хийсэн нуурын усанд орж, ёроол руу нь тунаад лаг шавар болчихсон.Тэр лаг шавар нь нуурын ундаргыг дарж, усны хэмжээг багасгасан байсан. Ингээд орон нутгийн иргэдэд үүссэн нөхцөл байдал, нуурын экосистем яагаад доройтож байгааг тайлбарлаад, нуурыг тойруулж мал оруулахгүйгээр хашихаар болсон юм. Малчид маш эергээр хүлээж аваад, нуурыг хаших ажилд тусалж малаа оруулахгүй нэг зун болоход нуурын усны түвшин нэмэгдэж, сэргээд ирсэн. Олон жил усгүй байсан хуурай сайрт хүртэл ус ундарсан. Нөхөн сэргээе гэвэл маш богино хугацаанд сэргэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа" хэмээн ярьсан юм.
Тус Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан бас нэг анхаарал татах судалгаа бол цас хайлуулахаар хэрэглэж буй давсны ногоон байгууламжид үзүүлж буй нөлөөний талаар байв. ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн хийсэн уг судалгааны хүрээнд давс хөрсний гадаргыг хатууруулж, доороос нь ургамал ургах боломжийг хязгаарлаж байгааг тогтоожээ. Судлаачдын лабораторид хийсэн судалгаанаас харвал хөрсний хэсэгт байгаа давсны хэмжээ нэмэгдэхийн хэрээр ургамлын гарц багасах, өнгөн хэсэг нь хагарч гарсан заагаар ургамал ургах гэх мэт үр дүнгүүд ажиглагдсан байна.Тиймээс цас хайлуулахаар хэрэглэж буй байгалийн давс болон бодисыг ногоон байгууламж руу хаяхгүй байх, ногоон байгууламжийг замаас тусгаарласан хашлага хийх гэдгийг судлаачид онцолсон юм.