Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Салхитын мөнгөний ордын эргэн тойронд юу болж байна

 Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт холбогдох хэрэг олны анхаарлын төвд ороод жил гаруй хугацаа өнгөрч байна. Яг нэг жилийн өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тус орд газарт тусгай ажиллагаа явуулсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч зургадугаар сард энэ хэрэгт холбогдуулж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Төр засгаас энэ хэрэгт ийн онцгой анхаарал хандуулж буй нь үүний цаана маш том авлигын сүлжээ буйг харуулж байгаа болов уу.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гараад байгаа аж. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг хоёр талд хуваан гартаа атгасан гэх. Улмаар тэд нэгнийгээ дийлэхийн тулд нөгөөхөөрөө хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг ч хэлмэгдүүлэн хөлдөө чирэх болсон гэнэ.
Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолдон шалгагдаж байсан. Тухайлбал, тус ордыг анх хамтран эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгасан удаатай.
Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид энэ хэргийг шалгах явцдаа 1.3 сая ам.доллар илрүүлсэн. Энэ их мөнгийг тус компанийг хамтран эзэмшигч Г.Жаргалан нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсныг тогтоосон гэдэг.
Улмаар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, улсын дээд шүүх Ш.Мөнгөншагайн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний ордыг хууль бус аргаар авсан байна гэх шүүхийн шийдвэр гаргажээ.
Дээрх шийдвэрээс улбаалаад өнөөдөр Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, АТГ зургаан шүүгчид холбогдох авлигын хэргийг прокурорт шилжүүлээд байгаа билээ. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар багтаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн эргэн тойронд ямар асуудлууд өрнөж буйг тоймлон хүргэе.

Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хятадуудын мөнгийг зөөсөн гэв үү

Дээр дурдсанчлан, хууль хүчний байгууллагын нэр нөлөө бүхий олон хүн энэ хэрэгт холбогдсон гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хуульч Н.Энхсайхан “энэхүү орд газарт шунах Хятадуудын мөнгийг хуулийн байгууллагынханд зөөсөн хүн бол цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир” хэмээн мэдэгджээ. Хурандаа Ц.Ням-Очир нь өнөөдөр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажилладаг бөгөөд хэрэв энэ мэдээлэл үнэн бол тэрбээр хуулийн байгууллагын өндөр дээд албан тушаалд тухлах эрхгүй болох биз ээ.

Шүүгч Ж.Оюунтунгалаг полиграфтай мэдүүлэг өгчээ

Салхитын мөнгөний орд газартай холбогдуулж эрх түдгэлзсэн шүүгч Ж.Оюунтунгалаг, Д.Цолмон нар өнөөдөр хэвлэлд янз бүрийн байдлаар хандаж, өөрсдийгөө өмгөөлсөөр байна. Тэд хоёулаа, "Шүүгч нарын эрхийг түдгэлзүүлсэн зарлигийг албан ёсоор хүлээж аваагүй. Хэвлэл мэдээллээс л харж байна” гэх утгатай зүйл ярьдаг. Мөн түүнчлэн тэдний гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, гэрчийн мэдүүлэг авсан” гэжээ.
Тэгвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Оюунтунгалагтай холбоотой нэгэн шинэ мэдээлэл гараад буй нь, өнгөрсөн сарын 19-ний өдөр түүнд полиграф ашиглан үнэн худал ярьж байгааг нь шалгажээ. Полиграф тест нь шалгуулагчийн биометрик үзүүлэлтийг ашиглан үнэн худлыг илрүүлэх зорилготой аргачлал юм байна. Ямартай ч уг тестийг ашигласан нь түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд холбогдсон эсэхийг нь шалгаж байгаа нэг хэлбэр аж. Хэрвээ энэхүү тестээр “Салхитын мөнгөний ордод хамааралгүй” хэмээн гарвал буцааж ажилд нь томилох асуудал яригдах гэнэ.

Шүүгч Д.Цолмон:
“Би хэний ч нөлөөнд автаагүй, хэнээс ч авлига аваагүй”

Харин Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон өнгөрөгч долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Энэ хэрэгт 10 гаруй хүн яллагдагчаар татагдсанаас шалгагдаж байгаа үндэслэлтэй, баримттай нь ч байна, үндэслэлгүй буюу гэмт хэрэг хийсэн гэснийг нотлох баримтгүй, таамгаар татагдсан нь ч байгаа гэж үзэж байна. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би хэний ч нөлөөнд автаагүй, хэнээс ч авлига аваагүй болохоор энэ талаар баримт байхгүй нь ойлгомжтой. Иймээс би надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийг эрс эсэргүүцэж, прокуроруудыг гагцхүү хуульд захирагдахаар төрд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллана гэдэгт итгэл алдраагүй байгаагаа дахин хэлмээр байна” гэжээ.

Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулсан эсэх нь тодорхойгүй байна

Салхитын мөнгөний орд газрын хэргээс болж өнгөрөгч хавар шүүгч Л.Бямбаа гэх эмэгтэй хорих ангид учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Тэгвэл түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлигаар эрхээ түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болоод байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан билээ. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдаж байв. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.
Тэгвэл саяхан “шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын цагдаа гэрээс нь баривчилсан. Удахгүй Монголд авч ирнэ” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Дээрх мэдээллийн мөрөөр эх сурвалжаас тодруулахад, шүүгч С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байна. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Манай улс АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй” гэсэн юм.
Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбатыг АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэрэг цаг хугацаа орсон ажлууд шат дараатай явагдаж, дуусах шатандаа ороод байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com