Орой ажлаас тараад иртэл үүдэнд шаазан аяганд хэдэн чихэр хийчихсэн нэг жижигхэн номтой тавьчихсан байх юм. Анзаарч харвал манай тойргоос сонгогдсон гишүүний нэр харагдана. Зайлуул өнгөрчхөөд буяны зэд тавьсан юм биш байгаа даа гэсэн хар төрөөд лавлан харвал сонгогч надад шинэ жилийн мэнд дэвшүүлсэн юмсанж.
Ийнхүү өөрийгөө улстөрч хэмээн өргөмжилдөг улсуудын олон түмэн, сонгогчдод хайр зарладаг үе эхэлчхэж ээ.
Тэдний хайр янз янз... хамгийн бага нь өөрийн нь зурагтай шаазан аяганаас эхэлдэг бол дээшээ үзэг дэвтэр, данх, битон сав, арай бийлэгжүү нэгнийх нь хурдан удмын азарга байх жишээний... МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэлээн дээхэн Говь-Алтай аймгаар явж, “Хурдан удмын азарга бэлэглэнэ” хэмээн зар сурталчилгаа болж байсан.
Ажигласнаар энэ хүмүүс сонгогчдодоо шинэ жил, цагаан сар, улсын баяр наадмаар хайр зарлан өөрийгөө амьд сэрүүн гэдгийг мэдүүлэхээр бэлэг сэт илгээдэг юм шиг.
Цагаан сараар бол идээний боов, суурь еэвэнтэй аймаг сумд руу машин машинаар хөвөрнө. Архангай аймагт 2017 оны эцсээр 60-аас дээш насны 4021 хүн амьдарч байж. Үүнийг тус аймаг сонгуулийн гурван тойрогтой гэж үзвэл нэг тойрогт 60-аас дээш насны дунджаар 1300 орчим хүн амьдардаг гэсэн үг. Тэгэхээр тэр тойргоос нэр дэвшиж УИХ-д суугаа эрхэм түшээ өдий хэмжээний хэвийн боов түгээдэг байх нь.
15 ширхэг хэвийн боов, нэг еэвэнтэй нь дунджаар 40 орчим мянган төгрөг гэж бодоход зөвхөн Архангайн хэдэн сумын ахмадуудад боов түгээх биш, улс орноо хөгжүүлэхэд тустай хууль санаачилж, боловсруулж улс орныхоо төлөө оюун ухаанаа зарах ёстой тэр түшээ 52 сая төгрөгөөр сонгогчдыг хахуульддаг юм байна.
Хамгийн сонирхолтой нь 950 мянган төгрөгийн цалинтай, өөр бизнес, аж ахуй эрхлэх ёсгүй тэр түшээ энэ их мөнгийг хаанаас ямар замаар олж ийн баруун солгойгүй үрж зардаг юм бол.
Нөгөө нэг зүйл нь энэ хүмүүс улс төрд гарч ирээгүй байхдаа ч ардаа өчнөөн олон компани, аж ахуйн нэгжтэй байсан атлаа хэнд ч бэлэг сэлт өгдөггүй, гарынх нь хумс алганых нь араар гарчих шахаад явдаг байсныг хэн хүнгүй мэднэ.
Тэгэхээр энэ их хайр, бэлэг сэлт, УИХ-ын гишүүн гэдэг алба хоёр аль ч талаас нь бодсон шууд хамааралтай болох нь харагдаж байна. Мөнгө нь багтаж ядсан юм бол, олон түмэнд тийм хайртай юм бол УИХ-ын гишүүн болоогүй байхдаа ч бас л нутгийнхандаа, амьдарч байгаа дүүргийнхэндээ бэлэг түгээж байхгүй яасан юм.
Энэ талаас нь харвал яахын аргагүй сонгогчдын саналыг худалдан авах гэсэн санаархал гэж хэлж болох нь. Цааш нь ургуулан бодоод байвал энэ нь төрийн түшээ, УИХ-ын гишүүний ёсзүй гэдэгтэй холбогдоно.
Соёлжсон улс орны ёс зүйтэй, ичих нүүртэй улстөрч бол өөр байдаг юмсанж. Энэ оны аравдугаар сард Японы Эдийн засаг худалдаа, аж үйлдвэрийн сайд Иссю Сугавара албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан. Тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийн тойрог нийслэлийн иргэдэд оршуулгын ёслолд хэрэглэдэг жижиг эд зүйл тараасан гэж долоо хоног тутмын “Сюкан Бунсюн” хэвлэлд бичсэний улмаас ийн албан тушаалаа өгсөн байна.
Үүнээс хойш нэг их удаагүй байхад мөн Хууль зүйн сайд Кацуюки Каваи парламентын дээд танхимд суудаг эхнэр нь хууль зөрчсөн, өөрөө бас гэр бүлийнх нь гишүүн талийгаач болсон айлд мөнгөн дэмжлэг үзүүлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон.
Үүний төлөө Ерөнхий сайд Шинзо Абэ нь бас “Би энэ хүнийг энэ албанд томилсныхоо төлөө Японы ард түмнээс уучлал хүсч байна” гэж мэдэгдэж байх жишээтэй.
Харин манайд бэлэг сэлт тарааж байгаагаа өөрийг нь магтан дуулдаг телевиз, сониныхныг байлцуулж байгаад зураг хөргөө татуулж, үүнийгээ ил цагаан сурталчилна. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон хатагтай М.Билэгт сонгогчдодоо ажлын гутал, өөрийнхөө зурагтай данх, хивс тарааж байгаагаа ид бах болгон хэвлэлээр зарлаж, олон нийтийн сүлжээгээр түгээн гайхуулж байсан.
Үүнийг нь хэвлэл, олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байхад ёстой юм ёсоороо болж байгаа мэт, намын дарга, УИХ-ын дарга спикер нь ч огт тоохгүй байх жишээний. Өөрсдөө бэлэг сэлт тарааж, түгээж энэ албанд хүрсэн болоод чимээгүй байж мэдэх.
Нөгөө талд нь иргэд сонгогчид ч УИХ-ын гишүүн, төр дэх өөрийнхөө төлөөллийг ирж төр засгийн бодлого, юу хийсэн, юу хийх гэж байгааг сонсч, цаашид юу хиймээр байгаа, ямар хууль хэрэгтэй, хуулийн ямар заалтуудыг хэрхэн яаж өөрчлөх тухай саналаа хэлж ярилцахын оронд, хэн хэзээ ирж ямар бэлэг тараах бол хэмээн хүлээдэг, юу хамаагүй бэлэг өгвөл түүнд нь сэтгэл ханаж “сайн хүн, ажлаа сайн хийж байгаа” гэж үнэлдэг, өгсөн бэлгийг нь хоймортоо залан дахин дахин сонгодог нь нууц биш болсон.
Японы Хууль зүйн сайд Кацуюки Каваи бол зовлон тохиосон айлд мөнгөн туслалцаа үзүүлж амьдралд нь нэмэр болсон бол манай түшээд өөрийнхөө зураг, аяга, таваг, бидон, данх бэлэглэж өөрийгөө байнга дурсуулж байхыг эрмэлздэг.
Энэ оны тавдугаар сард Нийгэм Улс төрийн Боловсролын Төв, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнуудын хамтран гаргасан “Улстөрчдийн гарын бэлэг” үзэсгэлэнд хамгийн олон байсан бэлэг улстөрчдийн өөрсдийнх нь зурагтай аяга байсан. Билгийн улирлын цагаан сараар аймгийнхаа төвд тусгай гэр барьж өөртэй нь золгосон хүн бүрт 20 мянган төгрөг бэлэглэдэг бийлэгжүү улстөрч бас байна.
Тэгэхээр манай төрийн түшээд өөрийгөө сайн хүн болгож харуулах гэж сонгогчдодоо шуудай шуудайгаар гурил, будаа “бэлэглэж” байгаа нь ухаж ойлговол “та нар минь өлсч зүдэрч л яваа байлгүй, шуудай гурил авчих мөнгөгүй байгаа биз дээ” гэсэн доромжлол, нөгөө талаар “бид та нарыг ийм царайтай амьдруулж байгаа шүү дээ” гэсэн үнэн байдлын сурталчилгаа болж байгаа хэрэг.
Угаасаа олон жилийн бодлогоороо тарчиг ядуу болгосон, нөгөө талаар ийм байдалд хүргэсэнд нь бухимдаад, өөрсдийгөө улс төрч, төрийн түшээ, УИХ-ын гишүүн хэмээн өргөмжилж яваа энэ нөхдөд итгэхээ больсон ард түмэн уулзалтанд ирэхээ больсон.
Хөдөөгийн нэг суманд “УИХ-ын гишүүн... өнөө орой ... цагаас уулзалттай тул иргэд идэвхтэй оролцоно уу... ирсэн хүн бүрт бэлэг тараана, өндөр шагналтай сугалаа явуулна” гэсэн зар явж л байсан. Ёстой нөгөө хошин шогийнхны жүжиг тоглолтынхоо тасалбарыг сугалаатай гэж сурталчлан зардагтай агаар нэгэн.
Энд нэг талаас нь харвал монгол төрийг иймхэн зүйлээр худалдан авч болно гэсэн нэг бодол байхад нөгөө талд нь УИХ-д гишүүнээр сонгогдож хуулиас гадуур байж ард түмний өмч хөрөнгөнөөс хулгай хийх боломжийг мөн ийм хямд зүйлээр худалдан авч болно гэсэн сэтгэлгээ харагдаад байна.
Өөрөөр хэлбэл монгол төрийн түшээгийн суудал ийм хямд, нөгөө талд нь худал хэлж хулгай хийх боломж нь ч бас ийм хямдхан.
“Би энэ ард түмнийг ядуу байлгая чи мунхаг байлга тэгж чадсан цагт энэ орныг хоёулаа насаараа удирдаж чадна” гэсэн нэг үгийг л манай энэ улстөрч гээд байгаа хүмүүс маш сайн мэддэг үүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг улс.
Хүнд “Загас өгөх биш, загас барих ухаан зааж өг” гэсэн бас нэг мэргэн үг бий. Манай эрх баригчид, төрийн түшээд ялангуяа энэ удаагийн УИХ-ын гишүүд олон түмний хөдөлмөр эрхэлж амьдралаа өөд татах боломж болсон хөнгөлөлттэй зээлийг нь өөрсдөө тэрбум тэрбумаар нь завшин идэж ард түмнээ ядууруулчихаад одоо олон аргаар хайр зарлаж буй нь “нүглийн нүдийг гурилаар хуурч” байгаа нь энэ. Аливаа бэлэг сэлт өгөхийн оронд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээлийг нь иргэддээ өгсөн бол хэдэн хүн тариа тарьж, хэчнээн хүн ажил хөдөлмөр эрхэлж, үүнийг дагаад бас хэдэн ажлын байр бий болох байсан бол...
Улстөрч, төрийн түшээдийн бэлгийн улирал эхэлчхэж ээ.