Тэр бол сахилга баттай, ухаалаг АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй.
Эцэг, хүү ерөнхийлөгчийн дотны шадар зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсын онгод сэргээм түүх.
“....Би гадаад ба дотоодын бүхий л дайснуудаас Америкийн Нэгдсэн улсын Үндсэн хуулийг хамгаалан, баримталж, түүнд чин үнэнч, итгэлтэй байж, энэхүү үүргээс зайлсхийлгүйгээр ямар нэгэн далд зорилго, санаархалгүйгээр сайн дураар хүлээн авч буйгаа мөн орж буй албан ажлынхаа үүргийг хамгийн сайн, хариуцлагатай хийнэ гэдгээ батлан тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай”.
Ийм үгийг дэлхий дээр маш цөөн хүн л хэлэх эрхтэй. Америк гүрний Үндсэн хуулийг дайснуудаас сахин хамгаалахаа тангараглана гэдэг аманд ч багтамгүй сүрдмээр үйл хэрэг. Энэ үгийг харин Кондолиза Райс хэмээх хар арьст эмэгтэй итгэл төгсөөр хэлж чаджээ.
Энэ бол хүмүүсийн амьдралд урам зориг, үлгэр дуурайлал болохуйц Конди хэмээх номонд өгүүлэгдэж буй түүх юм.
Арван настай байхдаа Вашингтонд хөл тавьж байсан жаахан охин Конди түүний шаргуу эцэг эх, тасралтгүй хичээн суралцсан цаг хугацааны тухай болон Америкийн засаг захиргааны үйл хэрэг, түүний ерөнхийлөгч эцэг, хүү Буштэй нөхөрлөсөн түүхийг энгийнээр өгүүлсэн энэхүү номыг шимтэн уншихад Кондолиза Райсын тухай гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдэнэ.
Пенсильваны өргөн чөлөөгөөр явж анх удаа Цагаан ордны барааг харж байсан Кондолиза 25 жилийн дараа ерөнхийлөгч эцэг Бушийн Зөвлөлтийн асуудал эрхэлсэн гол зөвлөхөөр ажиллаж байв. Харин 11 жилийн дараа тэр энэ ордонд бага Бушийн захиргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байлаа.
Эрчүүд голдуу ноёлсон улс төрийн өндөрлөгт хүрч, агуу гүрний амин судсыг атгаж чадсан энэ эмэгтэйн дэлхийн гадаад бодлогын дээд зиндаад хүрэх хүртэлх түүний суралцаж хөдөлмөрлөсөн замналыг уншсан хэний ч сэтгэл хөдөлнө. Хүн бүхэнд энэ хорвоод зүгээр нэг ирээгүй гэдгээ мэдрэх, түүнийгээ хийж гүйцэтгэх хүсэл зорилго байдаг шүү дээ.
Хүмүүжил, боловсрол, хөдөлмөр гэх гурван тулгуур нь түүнийг энэ өндөрлөгт хүргэсэн байна. Конди зүгээр нэг ажлын хэнээтэн, улс төрийн “машин” байгаагүй, мэргэжлийн түвшний төгөлдөр хуурч, хөл бөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч, урлагийн гайхалтай авьяастай нэгэн аж. Тэр хөлбөмбөгийн талаар үндэсний аюулгүй байдлаас ч илүү ихийг мэднэ.
Оюутан байхдаа Кондолиза Райс бусад оюутнуудын л адил найзуудтай өглөө болтол зугаалж, дуу, хөгжим, бүжиг сонирхож цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан ч гялалзсан амжилттайгаар суралцаж дэлхийн сайн гэгдэх боловсролыг олох тэтгэлгүүдийг төвөггүй авч чаддаг байжээ. Тэр зогсолтгүй суралцагч. Дараа нь улс төрийн олон цагийн ажлынхаа зэрэгцээ орос, чех хэл суралцаж, Орос судлалаар мэргэшиж, олон чиглэлээр судалгааны бүтээл туурвиж, их сургуулиудад хичээл заадаг байна.
Тэр 48 жилийн дотор авъяаслаг хөгжимчин, эрдэмтэн профессор, компанийн удирдах ажилтан, их сургуулиудын хүндэт илтгэгч, агуу бодлогыг гартаа атгасан улс төрч, Америкийн хоёр ерөнхийлөгчийн дотны найз, шилдэг хамтрагч, мэргэжлийн зөвлөх, сайн охин, үнэнч найз гээд өргөн хүрээнд хэн ч давтаж чадахааргүй өөрийгөө бүтээжээ.
Гэвч оргил руу мөч бүрээр ахисан түүний амьдралд сайн ээж, халамжтай эхнэр гэсэн дүр л бүрдсэнгүй. Магадгүй тэр сайн ээж, сайн эхнэрийг амьдралд гайхалтай бүтээж чадах байсан ч дэлхий хүчирхэг нэгэн улс төрчөөр дутах байсан биз. Түүний амьдрал үргэлжилж буй...
Эцэст нь “Америкийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн тэсвэр хатуужлын нууц одоо илэрхий болжээ. Үйл явдал асар хурдан өрнөж өнгөрдөг, улс төрийн тавцанд удаан оршин тогтнохыг хүсч буй хүн бүрийн унших ёстой ном” гэж бичсэн номын үгээр энэхүү тэмдэглэлийг төгсгөе.