Монголчууд ногоон бүсээс улаан бүс рүү
Монголчууд манартлаа баярлаж байна. Толгойтой бүхэн авсан шагналаа угааж дуусаагүй л байгаа бололтой. Бид зах зээлийн эдийн засагт шилжих 30 жилийн замналд барууныхнаас багагүй зүйл сурсан. Үүнээс баяр тэмдэглэхийг хамгийн сайн сурсан. Үнэн хэрэгтээ бидэнд баярлаад байх тийм орчин бүрдсэн үү. Японы нэг жуулчин “Монголчуудыг гаднаас харахад зах зээлийн эдийн засагтай. Үнэн хэрэгтээ муухан хуулбар төдий зүйл зах зээлийн эдийн засаг юм даа” гэж гайхашран хэлсэн байдаг. Үүнтэй цөөнгүй эдийн засагчид санал нийлж байна. Үндэсний статистикийн хорооноос хүн амын 30 хувь нь ядуу байгаа тухай зарласан. Ил тод байдлын хуулиар 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө илэрсэн. Нийслэлийн газраас төр жилийн төсвөөсөө их мөнгө хуримтлуулах боломж алдсаныг Дэлхийн банк зарласан. Дөрвөн зуугаадхан түшмэл хэдэн арван их наяд төгрөг хуссан ч нэг нь ч ял аваагүй байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ будаа. Том гүрнүүдтэй байгуулсан гэх стратегийн гэрээнээс бид юу ч олоогүй. Үүнээс хамгийн их алдагдлыг оросуудаас, хамгийн их ашгийг хятадуудаас хүлээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч, эрх баригч АН, БНН тарифын гэрээг дэмжиж байгаагаа чангаар мэдэгдэгдсэн ч саарал жагсаалтаас хойш өнөөг хүртэл чимээгүй. Манайхны зарим нь АНУ хууль батлахад хугацаа ордог хэмээн тайлбарласаар. Харин Хонконгийн залуусыг дэмжсэн хуулийг дөрөв хоногт баталж орхисон. Саарал жагсаалтад орох нь нэг их муу зүйл биш гэсэн ухуулга газар авч байгаа. Муу биш юм бол санхүүгийн зах зээлийн хамгийн том удирдагч болох Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг яагаад яаран огцруулав гэдэг асуулт гарна. Нэг жилийн дараа саарал жагсаалтаас гарах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ гэнэ. Гурван жилийн дотор бүрдүүлж чадаагүй орчинг нэг жилийн дотор бүрдүүлж чадаа юу гэсэн асуулт бас гарна. Уул уурхайн бүтээгдэхүүн өсөлттэй байсан ойрын жилүүдийг бид ашиглаж чадаагүй. Ноён доллар гараад явчихлаа. Сүүлийн арваад жил монголчууд юаны бүсээс гарч долларын бүсэд орж байсан. Харин өнөөдрөөс эргээд юаны бүс рүү орж байна. Ирэх жил манай улсад Оюу толгой, гадаадад амьдарч байгаа хүний тооноос хасагдсан монголчуудаас ирэх нийтдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтаас өөр гялтайх юм алга. Энэ мөнгөний хэмжээ оросуудаас авах нефтийн бүтээгдэхүүний төлбөрөөс бага. Одоо бидэнд БНХАУ-аас өөр зээл өгөх газар үлдээгүй. Бидэнд хамгийн хайртай баян япончууд “Мөнгө асуудал биш. Тэр саарал ч юм уу буурал ч юм уу нэг жагсаалтын асуудлаа шийдчих” гэсэн ацаггүй хариу өгсөн. Оросууд маань бидэнтэй мантай байна. Энэтхэгүүд нэг тэрбум доллар өгөх горьдлого төрүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудал шийдэгдээгүй. Түүхий эдээ шийдэж байж, түүндээ тохирсон технологиор үйлдвэрээ барьдаг гэнэ. Тэдний ганц бэлэн нь Далай лам. Үүнийг нэг эдийн засагч ”Ногоон долларын бүсээс улаан юаны бүс рүү орлоо” хэмээн хошигнож байна.
Өнөөдрийн өвөөс ирэх жилийн эдийн засагт үлдээсэн сүүдэр
Засгийн газар 1500 эрдэмтдээр урт хугацааны бодлого боловсруулсан. Гэхдээ ирэх жил эдийн засагт юу хийхээ зарласангүй. Мэдээж төрийн бодлого төсвөөр тодорхойлогдоно. Гэтэл төсөв нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай. 2020 он бол манай эдийн засагт үүлэн чөлөөний нар. Монголчууд:
2021 онд “Мазаалай” бонд 500 сая доллар 10.8 хувийн хүүтэй
2022 онд “Чингис” бонд нэг тэрбум доллар 5.1 хувийн хүүтэй
2023 онд “Гэрэгэ” бонд 800 сая доллар 5.6 хувийн хүүтэй
2024 онд “Хурилдай” бонд 600 сая доллар 8.7 хувийн хүүтэй өрийг дарах үүрэг хүлээсэн.
Үүнээс ч өөр олон өр бий. Манай улсын нийт гадаад өр 30 тэрбум доллар. Улсын төсөв маань 11 их наяд төгрөг. ДНБ 23 их наяд төгрөг. 23 их наяд төгрөг нь арван тэрбум доллар хүрэхгүй. ДНБ-ээс гурав дахин их, хүн амын 30 хувь нь ядуу манай улсад хөрөнгө оруулна гэдэг нь япончуудын харакира (дайсандаа бууж өгөхгүйгээр амиа хорлох)-тай төстэй үзэгдэл болно. 2021 онд төлөх 555 сая долларыг төлөхийн тулд дахиад л бонд гаргахаас өөр замгүй. Монголбанк түүхэндээ хоёр дахь удаагаа дөрвөн тэрбум доллартой болсон. Гэхдээ үнэхээр тэр их ногоон байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Монголбанкны ерөнхийлөгч Ж.Баяртсайхан, Сангийн сайд С.Чойжилсүрэн нар Монголбанкны валютын нөөц тэглэгдсэн тухай зарлаж байсан. Дэлхийн түүхэнд өөрийн орныг хоосорсон гэж зарласан анхны бөгөөд эцсийн тохиолдол болов уу. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ 2016 онд нэг тэрбум доллар байсан валютын нөөц дөрвөн тэрбум болсон тухай мэдээлж байх жишээтэй. Ирэх жил хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг нөхөх боломж байж болно. Харин 2021 оны том төлбөрийг яаж хийх тухай мэдээлэл алга. Ихэнх эдийн засагчид өрийг өрөөр дарахаас өөр замгүй тухай ярьдаг. Энэ тохиолдолд саарал жагсаалтыг далимдуулан дэлхийд байхгүй хүүтэй мөнгө зээлдүүлэх санал тавина. Багаар тооцоход бидний зээлсэн мөнгө Монголын хилийг давахдаа 15 хувийн хүүтэй болж хувирна. Өөр нэг зам нь валютын нөөцөө төнхөх. Гэтэл саарал жагсаалтад орсноос хойш тасралтгүй өсч байгаа долларын ханшийг улам хөөрөгдөнө. FATF биднийг өрөвдөөд саарал жагсаалтаасаа гаргахгүй. Тэдний шаардлагыг манайхан бараг биелүүлэх боломжгүй. Эхний ээлжид “Арилжааны банкуудын активыг нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээ тодорхойл” гэсэн шаардлага тавьсан. 500-700 тэрбум төгрөгийн яриа бололтой юм. Гэтэл манай аваргууд нууцалсан хөрөнгөө албажуулах хууль батлахдаа эх үүсвэрийг нууцлах бөгөөд хулгайн хөрөнгөө хуулиар албажуулсан хэнийг ч хуулийн байгууллага шалгах эрхгүй гээд оруулчхаж. ДНБ-ээсээ гурав дахин их хулгай хуульчилсныг олон улсын санхүүгийн байгууллагууд өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ үйлдлийг төрийн мөнгө угаалт гэж харна. Дээр нь “мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай шаардлага тавьж байна. Манайд буруу гарын хэд хэдэн зэвсэгтэй холбогдсон асуудал байдаг аж. Энэ бүхнийг шийдсэн хойно л саарал жагсаалтаас гарна. Авлигатай тэмцэж байгаа хамгийн сүүлийн жишээ бол Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэг. Хэдхэн сарын өмнө Дарханы замыг диваажин болгох тухай үлгэр эхэлсэн. Тухайн компанийн дуулгахаар амласан өдрөөс долоо хоногийн өмнө сайд нь очсон. Замын компанийнхныг арай зодох нь холгүй бичлэгүүд зурагтаар олон дахин гарсан. Энэ жүжигт хэдэн хүн итгэсэн бол. Дараа нь газрын даргын өрөөнд хятадууд дайрч орж, мөнгө хаяад зугтсан тул шүүгчид суллажээ. Үүнийг л Монголын эдийн засгийн сүүдэр гэдэг аж.
Эдийн засгийн өндөр өсөлт иргэдэд юу өгсөн бэ?
Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүр орно. Маш их баялагтай. Ядуугийн түвшинд тооцогдоод байгаа иргэд ч шаггүй орлоготой. Гэхдээ өндөр орлоготой иргэдтэй харьцуулахад шар будааг хөл бөмбөгтэй зүйрлэсэн л гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилээр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаснаа зарлав. Сошиалаар бөөн хэрүүл. Зөв буруу гэдэгтээ биш бололтой юм. Зүгээр Ерөнхийлөгчийг дэмждэг нь зөвтгөөд, дэмждэггүй нь буруутгах маягтай. Нэг нөхөр дөрвөн сая төгрөгийн зээлтэй ч тэглүүлэх сонирхолгүй гэнэ. Ийм эх оронч хүмүүсээр монгол дутагдаж байгаа юм. Тэр өрөө тэглүүлэхгүй. Түүний оронд ядарсан нэгэн зээлтэй ахмадад шилжүүлнэ. Герман улс хамгийн их зовлон, жаргал, мандал, бууралтыг үзсэн гэдэг. Өнөөдөр тус улс Европын хамгийн хүчирхэг орон. Нэгэн философичийн хэлснээр тус улс туг барьж, тугал хариулж явахдаа хөгшид, хүүхдийн халамжийг эхний ээлжинд тавьсаар ирсэн аж. Хүүхдийн халамж ирээдүйн улс орны хөгжлийн баталгаа болдог бол хөгшдийн халамж хүн чанарын баталгааг авч үлддэг гэж бичжээ. Харин шинэ жилээр Эрдэнэтийн захирал Ц.Бадамсүрэн “Стандарт” банкны 120 сая ам.долларыг төлсөн тухай өөрийгөө рекламдсаар. “Эрдэнэт” тэр хүний хувийн өмч бол үнэндээ баяр хүргэхээс өөр аргагүй. Дээр нь хэн гуай нь шийдэж “Жаст” гэдэг хувийн компанийн өрийг төлүүлж байна гэдэг нь сонин. “Википедиа” ухсан чинь өнөөг хүртэл Ц.Бадамсүрэн захирал шиг өгөөмөр “санта клаус” дэлхий дээр төрөөгүй байх юм. Түүний оронд хөгшчүүлд өгөх хэдэн төгрөг ичмээр дамшиг гэнэ. Тэд чинь хийдэг юмаа хийсэн. Дээр нь тэднээс тэнгэрт хальсан бүхний 1072 хувьцаа төрд очиж байгаа шүү дээ. Тэр хувьцаа амилсан цагт өнөөгийн тэтгэврийн зээл гэдэг усан шөл л байхгүй юу даа.