Хүн ам, орон сууцны ээлжит тооллого маргааш болох гэж байгаатай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүн амын тооллого 10 жил тутамд нэг удаа явуулдаг. Энэ удаагийн тооллогын онцлог нь юу байх бол?
-Маргааш өглөө 09:00 цагт албан ёсоор эхлэх Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ерөнхийдөө эхэлсэн гэж үзэж болно. Учир нь Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн сан болон бусад төрийн мэдээллийн сантай тулгалт, баяжилт хийх ажил явуулж байна. Маргааш эхлэх тооллого долоо хоногийн турш үргэлжилнэ.
-Энэ удаагийн тооллогод ямар арга ашиглах вэ. Тооллогын үр дүн хэзээ гарах вэ?
-Нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 00:00 цагаар Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн санг хуулбарлан хадгалж бусад төрийн мэдээллийн сангуудтай уялдуулснаар тооллогын мэдээллийн санг бүрдүүлнэ. Улмаар маргааш өглөөнийх нь 08:00 цагаас эхлэн урьдчилан бэлтгэсэн тоологчид нийт хүн амын 10 хувийг тоолохын тулд энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон айлаар орж цаасаар мэдээлэл цуглуулна.Мэдээлэл боловсруулалтын хугацаа таваас зургаан cap үргэлжилдэг. Энэхүү хүн амын тооллого нийгэм, эдийн засгийн цогц судалгаа болдог. Төрөөс хэрэгжүүлсэн бодлого иргэдэд хэр зэрэг хүрсэн бэ гэдгийг ч харж болдог. Тухайлбал, монгол хүн амьдралын ямар хэв маягтай, ам бүл хэдүүлээ, ямар сууцанд сууж байгаа, цахилгаантай, ундны усны ариун цэвэр нь хангагдаж байгаа юу, боловсролын түвшин, шашин шүтлэг нь юу болох зэрэг бүх мэдээллийг цогцоор нь гаргаж ирдэг. Энэ ч утгаараа өнөөдөр дэлхий нийтэд мэдэгдэж байгаа хамгийн цогц судалгаа юм.
-Гадаадад байгаа монголчуудаа хэрхэн тоолох вэ?
-Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаа гэдгийг дээр дурдсан. Тиймээс гадаадад суугаа иргэдийг суурь бүртгэл болон Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолно. Дээрээс нь айлуудаар орохдоо ч гадаадад амьдарч буй хүмүүсийнх нь мэдээллийг авах юм.
-2010 оны тооллогоор ямархуу дүр зураг гарч байв?
-2010 онд Монгол Улс хоёр сая 756 мянга 685 хүн тоолсон. Тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 4.7 хувь нь гадаадад амьдарч байсан. Улаанбаатар дахь хашаа, сууцанд суудаг амьдардаг иргэдийн тоо өсч, 320 гаруй мянган өрх нийслэлд бий болчихсон байсан. Эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч, цахилгаанд холбогдсон байдал нь нэмэгдсэн байв. Өрхийн сууцны нөхцөл байдал сайжрах магадлалтай байсан. Энэ удаагийн тооллого дээр бүр илүү сайжирсан байх болов уу. Учир нь сүүлийн 10 жилд 40 мянган айлын орон сууц гэх мэтээр орон сууцтай холбоотой томоохон төслүүд хэрэгжлээ шүү дээ. Аймгийн төвүүд дээр ч орон сууцууд барьж эхэлсэн. Өмнө нь 90 орчим хувь нь буддын шашинтай байсан бол 2010 онд Христийн шашны урсгал өргөн тархсан нь ажиглагдаж байлаа. Мөн өмнөх тооллогоор 1969 оноос хойш хийгээгүй байшин орон сууцны фондын тооллогыг хийсэн. Одоо энэхүү хоёр тооллогын дүнг нийлүүлээд Монгол Улсын нийт хүн ам хэчнээн ам метр орон сууцанд суудаг болох, цаашид хэчнээн хэмжээний орон сууц хаана хэрэгцээтэй вэ гэдгийг гаргах ёстой.Хүн амын тооллого хийж дараагийн 30 жилд Монгол Улсын хүн ам хэд болох вэ гэдгийг ч нягталдаг. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогод үндэслэн хэтийн тооцоогоор Монгол улсын хүн ам 2031, 2032 онд дөрвөн сая, төрөлтийн чиг хандлага хэвээр хадгалагдсан тохиолдолд 2045 онд таван сая хүн амтай болох тооцоо гарсан.
-Хүн амын тооллогод иргэдийн зүгээс ямар оролцоотой байх вэ?
-Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд нэгдүгээр сарын 9-ний 8:00 цагаас эхлээд долоо хоногийн хугацаанд уламжлалт арга буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулна. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, үнэн зөв мэдээллээ өгөхөд л тооллогод оруулж буй томоохон хувь нэмэр болно.
-Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хэр хэмжээний зардал гарахаар байгаа вэ?
-Бүртгэл, уламжлалт тооллого хоёрыг хослуулсан нь Монгол Улсын бүртгэлийн систем харьцангуй сайжирсныг илтгэж байгаа. Тиймдээ ч бид нүсэр зардал гаргахгүйгээр бүртгэл, уламжлалтаа хослуулан тооллогоо явуулна. Шаардагдаж байсан төсвөөс дөрөв дахин бага төсөв зарцуулах тооцоо гарсан. Дэлхий нийтийн чиг хандлага нь бүртгэлд суурилсан цахим хэлбэрт шилжиж байна. Бидний хувьд ч энэ чиглэл рүү зорьж байгаа. Энэ удаагийн хосолмол тооллогын нэг хэсэг болох уламжлалт буюу цаасаар асуух хэлбэр нь сүүлийн удаа ч байж мэднэ.