Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Эдийн засагч Л.Наранбаатар, МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс, Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар оролцлоо.
Б.Лакшми:
-Тэтгэврийн зээлийг тэглэснээр үзүүлэх хамгийн том нөлөө бол төгрөгийн ханшийн сулрал. Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр тийм их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэх нь төгрөгийн ханшийг сулруулна. Хэрэв энэ шийдвэр баталгаажсан тохиолдолд эдийн засагт бага багаар мөнгө оруулах хэрэгтэй. Огцом бөөнөөр оруулсан тохиолдолд төгрөгийн ханшны сулралд хүргэнэ. Орон сууцны зээл гэх мэтээр дараагийн зээлүүдийг тэглэх гинжин урвал үүсэхийг үгүйсгэхгүй.
Б.Отгонтөгс: Тэтгэврийн зээл тэглэх нь ёс суртахууны гажуудал үүсгэж байна
-Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Салхитын мөнгөний ордыг барьцаалаад, Хөгжлийн банк бонд гаргана. Тэр бондыг арилжааны банкууд худалдаж авах болно. Салхитын ордыг олборлоод, дэлхийн зах зээлд борлуулаад орж ирсэн мөнгөөр арилжааны банкуудад төлөх юм байна гэж судлаачид үзэж байна. Монголбанк дахин мөнгө хэвлэх нь дөнгөж сэргэж байгаа эдийн засагт сөрөг нөлөөтэй.
Нэг их наяд орчим бэлэн мөнгө эдийн засагт орох нь л дээ. Үр дүнд нь инфляц өснө. Энгийнээр хэлэхэд манай 100 төгрөгийн 79 нь импортод зарцуулагддаг. Ийм учраас юань, болон долларын эрэлтийг эрс нэмж, төгрөгийн ханш улам сулрах эрсдэлийг гэнэт эдийн засагт орж байгаа бэлэн мөнгөний урсгал бий болгож магадгүй.
Эдийн засагчид эдийн засагт гарч байгаа шууд нөлөөллийг ярихаас гадна ийм гэнэтийн шийдвэрүүдээс болоод, нийгэмд гарч ирдэг шууд бус нөлөөллүүдийг судалдаг. Иргэд хэлцэлд ороод, зээлийн гэрээгээ мөрдөж байхад гуравдагч этгээд төр оролцохоор зээлээ төлөхгүй байсан ч төр төлчихдөг юм чинь гэсэн сөрөг хандлага бий болгоно. Үүнийг эдийн засгийн онолд ёс суртахууны гажуудал гэдэг. Тэтгэврийн зээл төлсөн юм чинь одоо малчдын зээлийг хүчингүй болгох байлгүй гэсэн хүлээлт үүснэ. 2020 он сонгуулийн жил. Сонгуулиас өмнө байрны, цалингийн зээлтэй хүмүүсийн зээлийг хүчингүй болгох байх гэсэн хүлээлт бий болгоно гэсэн үг. Хүн бүр зээлээ гэрээнийхээ дагуу цагт нь төлөх тусам банкны сектор доголдолгүй ажиллана. Банкны сектор тогтвортой байх тусам зээлийн хүүг бууруулах боломжтой болдог. Тэтгэврийн зээлийг тэглэх нь ёс суртахууны гажуудлыг бий болгож байгаа. Би эдийн засгийн тэгш байдлын судалгаа хийдэг. Манай улсын орлогын тэгш бус хуваарилалтыг харуулдаг Женийн коэффициент эргээд өсч байгаа. Өөрөөр хэлбэл тэгш бус байдал ихэсч байна гэсэн үг. Төрөөс ахмад настнуудыг дэмжих зорилгоор зээлийг тэглэвэл нийгмийн бусад гишүүдийн тэгш байдал хангагдахаа больж байгаа гэсэн үг. Төрөөс явуулж байгаа бодлого орлогын тэгш бус байдлыг бууруулах, тэгш байдлыг хангахад үйлчлэх учиртай. Энэ шийдвэр тэтгэврийн насны хүмүүсийн дунд ч тэгш бус байдлыг үүсгэж байна.
Салхит маш жижигхэн орд юм байна
Л.Наранбаатар:
-Би Уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтийн гишүүний хувьд ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй байдаг. Судлаач, мэргэжилтний хувьд ард иргэддээ үнэ зөв мэдээлэл хүргэх ёстой гэж бодсон. Тийм учраас хаалттай байгаа Салхитын ордын мэдээллийг өөрийн зүгээс эрэн сурвалжлаад олж үзсэн. Надаас гадна олон хүн энэ талаар мэдээлэлтэй байгаа. Яагаад чимээгүй байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Салхитын Техник эдийн засгийн үндэслэлийг олж үзэхэд энэ маш жижигхэн орд юм байна. Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. ТЭЗҮ-г нь үзэхээр ил уурхайгаас авах боломжтой нөөц нь 680 тонн мөнгө байгаа юм. Олборлолт хийхдээ мөнгө, алтыг нь цэврээр нь ялгаж авах бололцоогүй. Алттай баяжмал шороо хэлбэрээр ухаж аваад цааш нь зарах юм билээ. Эдийн засгийн үр ашгийг харахаар энэ төсөл бүхэлдээ 982 тэрбум төгрөгийн орлоготой байх нь ээ. Долоон жилийн хугацаанд олборлоно. Жилд 300 мянган тонн хүдэр олборлох юм байна. Өөрөөр хэлбэл жилийн олборлолт нь Эрдэнэс таван толгой компанийн өдрийн олборлолтоос бага гэсэн үг. Долоон жилийн хугацаанд 982 тэрбум төгрөгийн орлого олоод, 652 тэрбумын зардал гаргана. Татвар, шимтгэл, хураамжаа төлөөд 250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдэх юм билээ.
Үүнийг яг өнөөдрийн цаг хугацаанд шилжүүлээд, одоогийн үнэ цэнээр тооцоход 122 тэрбум төгрөгийн үнэлгээтэй төсөл байна. Өнөөдөр иймэрхүү хөрөнгө оруулалт хийсэн төслийг хоёр аж ахуйн нэгж үнэ тохиролцвол 10-15 сая доллароор зарах боломжтой төсөл.
Нөгөө талаас 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөлд банк зээл олгоно гэж байдаггүй. Банкны алтан дүрэм бий шүү дээ. 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлж, 70 хувьд нь банк санхүүжүүлнэ гэдэг. Банк “үсрээд” 20-22 тэрбум төгрөгийн зээл олгоно. Түүнээс дээш бол эрсдэлтэй гэж үзнэ.
Гэтэл одоо манайхан популист амлалт өгч, 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөл дээр Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргах гэж байна. Энэ бол гайхамшиг. Манай мэргэжлийн холбоод яагаад чимээгүй суугаад байгаа юм бэ.
Ц.Сүхбаатар: Зээлтэй ахмадуудын 90 гаруй хувь нь зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй
-Судалгаагаар тэтгэврийн зээл авсан хүмүүсийн 90 гаруй хувь нь зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй байгаа. 10 000 гаруй нь 15 сая орчим төгрөгийн зээлтэй, 4000 хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй гэсэн дүн байна. Ахмадын холбооноос нэг л тоо хэмжээгээр тэглээч, дийлэнх нь 5-6 сая төгрөгийн зээл авсан юм бол түүгээр нь баримжаалаад тэглэчих. Түүнээс их зээл авсан хүмүүс бол амьдралын бололцоотой, үр хүүхэд нь зээлийг нь төлнө гэсэн баталгаатай хүмүүсийн зээлийн зарим хэсэг үлдэнэ л биз. Тэтгэврийн зөрүүг арилгахыг өчнөөн жил хүлээсэн хүмүүсийнхээ тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн төгрөг зарцуулаач гэж хүсч байна.
-Ахмадууд маш их хүлээлттэй байна. Ахмадын дундаж тэтгэвэр 383,000 хувь тэнцүүлсэн тэтгэвэр 270,000
-Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 байгаа. Тэтгэврийн дээд хэмжээний талаар хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан 800 мянгаас дээш тэтгэвэртэй хүмүүс нийт тэтгэвэр авагчдын гурав орчим хувийг эзэлж байгаа.
Нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 310,000 төгрөгийн тэтгэвэртэй. Ийм хэмжээний тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцдэггүй учраас олон ахмад зээл авдаг.
Зээлийг төрөөс төлөх болсонтой холбоотой 233,000 ахмад баяртай байгаа ч 180,000 ахмад тэтгэврээ зээлдэг байж гэж сууна.
Бид тэтгэврийн зээл тэглэхийг буруу шийдвэр гэж хэлэхгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах талаар олон жил ярьж байгаа. Тэтгэврийн зээл гэдэг яг банкны зээл биш шүү дээ. Тэтгэврээ урьдчилж аваад, энэ дээр нь банкууд хүү авч байсан юм. Тэтгэврийн зээл тэглэх асуудлаа нарийн авч үзэхгүй бол ахмадуудаа ахиад молигодсон, улс төрийн шоу болгоод өнгөрөх харамсалтай явдал гаргуулмааргүй байна.
-Тэтгэврийн зээлгүй 180 мянган ахмад байна гэсэн. Зээл авах шаардлага хангахгүй үлддэг ахмадууд байдаг уу?
-Ихэнх нь зээл авч, үр хүүхдэдээ гай болохгүй гэж сарын тэтгэврээрээ амь зууж байгаа хүмүүс. Шинэ он гарахаас өмнө зээлээ төлье гээд нэлээд ахмадууд зээлээ төлсөн байдаг.
-Ахмадын холбооноос төр засагт хандаж ахмадуудын талаар авах арга хэмжээ, бодлого санал болгох уу?
-Монголын ахмадын холбоо ахмадуудын тэтгэврийн зээл олгож, олон жил мөнгө хүүлсэн банкуудын тэтгэврийн зээлийн үйлчилгээг хаах ёстой гэж үздэг. Оронд нь гурав, зургаан сарын хугацаатай тэтгэврээ хүүгүй урьдчилж авах бололцоо олгох учиртай. Тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг ахмадууд олон жилийн турш хүсч байгаа.
Б.Лакшми:
-Тэтгэврийн зээл тэглэх нь богино хугацааны шийдэл. Урт хугацаандаа ахмадуудынхаа амьдралын чанарыг сайжруулъя гэвэл тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлагатай. Тэтгэврийн шинэчлэл хийх талаар маш олон жил ярьж байгаа боловч хэрэгжихгүй байна. Тэтгэврийн тогтолцоог өөрчилснөөр тэтгэврийн санг хөрөнгө оруулалтад ашиглаж, арвижуулж өсгөдөг. Манай улсын хувьд тэтгэврийн сангийн мөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулдаг. Урт хугацааны шийдэл нь тэтгэврийн реформ хийж, сангийн мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэвэр нэмэгдэх боломж бий болгох ёстой.
-Тэтгэврийн зээл тэглэх гээд байгаа 800 орчим тэрбум төгрөгөөр эдийн засагт өгөөжтэй ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой вэ?
Л.Наранбаатар:
-Монгол Улс 27 тэрбум долларын өртэй гэдэг. Өрийг өрөөр дарах маягаар явж ирлээ. Архичин хүн шарталтаа дандаа архиар тайлдаг шиг ийм байдалтай улс болоод байна. Хэрвээ 800 тэрбум төгрөгний зарцуулалтыг шийдэх боломж надад байсан бол хамгийн түрүүнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгах байсан. Оюу толгойн цахилгаан станцыг барьж дуусгах байсан. Аж үйлдвэрээ хөгжүүлэх дэвжүүлэх төслүүдэд зарцуулах байсан. Эндээсээ тэтгэвэр нэмэх, боловсролыг сайжруулахад зарцуулах байсан. Тэтгэврийн зээл тэглэж байгааг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь тэгш бус байдал үүсгэж байгаад нь эгдүүцээд байгаа юм.