Т.ЭРДМАА
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН баг бүрдүүлэх нэрээр 20 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь хомроголон халсан. Тэдний оронд ажил, албан тушаал авсан МАН-ын хурган дарга нар орон нутагт өнөөг хүртэл оодорч дураар дургиж буй баримт, мэдээлэл ар араасаа ундарсаар байна. Үүний нэг жишээ нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг аж. Тэрбээр багш, ажилчдаа дарамталж авлига авдаг, мөнгө татдаг, албан тушаалаа ашиглаж тэтгэвэрт гарсан ээжийнхээ нэр дээр цалин авч завшдаг зэрэг хууль бус үйлдэл удаа дараа гаргажээ. Тэр ч бүү хэл албан тушаалын хэрэгтээ шүүхээс нэг жил тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн ч өнөөг хүртэл ажлаа хийж хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй гэнэ. Энэ талаар тус сумын сургуулийн сургалтын менежер Д.Нямдулам, химийн багш Ш.Батсуурь, монгол хэлний багш Х.Цэрэндулам нар мэдээллээ. Тэд “Төрийн албыг цэгцлэх цаг болсон гэж бид үзэж байгаа. Жирийн ард иргэдийн дуу хоолой төр засгийн удирдлага, дарга нарт хүрэхээ больжээ. Бид Архангай аймагт нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбатад хууль хэрэгжихгүй байгааг уламжилж хэрэгжүүлэх талаас нь туслах албан бичиг өгсөн. Гэвч бидэнд хариу өгөхгүй удлаа” хэмээв.
Сургалтын менежер Д.Нямдулам:
-Бид шударга ёс төрийн аль ч алба, шатанд байх ёстой гэж тэмцэж байна. Ялангуяа, улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв, шударга орчинд бэлтгэж төлөвшүүлэн хүмүүжүүлэх ёстой. Өнөөгийн төрд шударга ёс үнэхээр үгүйлэгдэж байна. Ш.Бадамцэцэг захирлын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн ч түүнийг нь хэлж ярьдаг, шүүмжлэх зориг, зүрхтэй хүн байгаагүй. Авлига авах, багш, ажилчдаа дарамтлах явдал бүр ил цагаандаа гарсан. Хүмүүс өөр хоорондоо түүний хууль бус үйлдлийг битүүхэндээ ярьдаг ч түүнээс айгаад чимээгүй байсан.
Ингээд би 2016 оны арванхоёрдугаар сард Авлигатай тэмцэх газарт Ш.Бадамцэцэг захирлыг шалгуулахаар хүсэлт гаргаж нотлох баримттай нь өгсөн. Мөн албан тушаалаа ашиглаж санхүү, эдийн засгийн ноцтой зөрчил гаргадаг. Тухайлбал, тэтгэвэрт суудаг ээжийнхээ нэр дээр тушаал гаргаж, цалин бичиж авдаг. Ээжийнхээ нэр дээр цалин бичиж 2.7 сая төгрөг завшсан. Энэ нь аудитын дүгнэлтээр нотлогдсон. Бусад зөрчил ч нэлээд бий. Түүний үйлдсэн хэрэг, зөрчил нь Мэргэжлийн хяналт, Аудитын шалгалт гээд хууль хяналтын байгууллагуудаар тогтоогдсон байгаа. Нэг багшид ажилтай нь холбогдуулан дарамталж хоёр сая төгрөг нэхсэн байдаг. Тэгээд тэр багш нэг сая төгрөг бэлнээр өгсөн гэдэг. Үлдсэн нэг сая төгрөгийг нь өгч чадахгүй нь гэсэн юм билээ. Үүнээс болж маргаан хурцдаад тэр багш Ш.Бадамцэцэг захирлын авлига авсныг илчилсэн байгаа. Иргэд сургуулийн захирлын авлига албан тушаалын хэрэг хэрээс хэтэрлээ.
Миний амь насанд заналхийлж сүрдүүлсэн. Над руу нэг хүн залгаж дарамталж эхэлсэн. Тэр хүн “Наад асуудлаа зогсоо тэгэхгүй бол амь насанд чинь аюултай шүү. Шуудхан хэлчихье. Захирлынхаа тухай асуудлыг зогсоохгүй бол үр хүүхдийг чинь үхүүлнэ, хүүхдээ амьд явуулмаар байвал дуугүй бол" гэж дарамталсан. Би гар утсан дээрээ энэ бичлэгийг хийж авсан. Аймгийн цагдаад өгч шалгуулсан. Гэтэл тэр утсаар ярьсан хүн нь бөө болж таарсан. Захиалагч нь манай захирал, нөхөртэйгээ байсан гэдгийг цагдаагаас тогтоосон. Энэ явдалд эрүүгийн хэрэг үүсч шалгагдсан ч элдэв шалтгаанаар хойшуулсаар ирсэн. Тэгээд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хаагдаад байна. Би үүнд маш их гомдолтой байдаг гэлээ.
Химийн багш Ш.Батсуурь:
-Бид БСШУСЯ, АТГ, Төрийн албаны зөвлөл гээд бүхий л газарт хандсан. Манай сургуулийн захирлын санхүү, эдийн засгийн хууль бус үйлдэл нь Аудитын дүгнэлтээр 10-аад хуудаст бичигдэж нотлогдсон. Ш.Бадамцэцэг захирлын хууль бус үйлдлүүд нотлогдсон ч ямар ч арга хэмжээ авалгүй сүүлийн гурван жилд хаацайлагдаад ажлаа хийж яваа. Энэ нь МАН-ын шугамаар өндөр хамгаалалтад байдагтай холбоотой гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргатай бид уулзах гээд очсон. Хүлээж авахгүй юм билээ. Аймгийн Засаг дарга манай суманд өвөлжилтийн бэлтгэл шалгах гэж ирэхдээ Ш.Бадамцэцэгтэй л уулздаг. Жирийн иргэдээ тоодоггүй. Ийм олон зөрчил дутагдал илэрч, ёс зүйгүй байдал нь нотлогдоод байхад ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Тэр ч бүү хэл 2017 онд аймгийн тэргүүний сургуулийн захирлаар шалгарсан. Үүнд үнэндээ гайхдаг. Архангай аймагт түүнээс өөр сургуулийн захирал байхгүй гэж үү. Бас 2019 онд төрийн одон медалиар шагнуулсан. Олон зөрчил дутагдал гаргасан, эрүүгийн хэрэгт холбогдсон хүн өнөөдөр ингээд явж байгаа нь хачирхалтай. Энэ төр, төрийн алба өнөөдөр ингэтлээ доройтсон нь гутамшигтай юм. Багш, ажилчдаас сургуулийн амралт эхэлсэн улирал тутамд хууль бусаар мөнгө хураадаг, зүй бусаар дарамталдаг гэх зэргээр сурган хүмүүжүүлэгч хүнд баймгүй олон алдаа гаргадаг. Үүнийг нь бид шат шатны байгууллагад мэдээлж хариуцлага тооцохыг хүсч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй, тэр хүн ажлаа хийсээр байгаад гомдолтой байна. Ш.Бадамцэцэг захирлын авлигын талаар манай сумын олон хүн гомдол гаргаж тэр ч байтугай сумын засаг дарга н.Алтангэрэлд хүртэл мэдээлэл өгч байсан. Жишээ нь, бага ангийн багш нараас л гэхэд 2019 оны нэг, хоёрдугаар улирлын амралтаар өдрийн 10 төгрөгөөр бодож 40-80 төгрөг хураасан. Тэр мөнгөөрөө хэмхэрхий ус буцалгагч, элдэв бараа материал авч шахсан. Энэ онд нэг хүнээс 12 мянган төгрөг хурааж авч байна гэсэн. Төрийн албаны зөвлөлд бид шударга бус энэ хүнээр удирдуулахгүй гэж 31 хүний гарын үсэгтэй бичиг илгээсэн. Төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийж энэ хүн ёс зүй зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан.
Гэтэл залуу багш нарыг өрөөндөө дуудаж та нар гарын үсэг зурсан байна гэж 1-2 цаг зогсоож загнаж дарамталсан байна лээ. Мөн БСШУСЯ-нд хандаж гомдлоо гаргахад дэд сайдын гарын үсэгтэй "Энэ асуудлыг судалж, арга хэмжээ ав" гэсэн бичиг ирсэн. Гэтэл манай аймгийн засаг дарга ийм бичиг ирээгүй гээд хав дарчихсан. Ингээд бид арга ядаад хэвлэлийнхэнд хандаж байна гэлээ.