Б.ОДМАА
-Гадаад хоёр ч багш хар тамхины хэрэгт орж, бас нэг багш нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан төдийгүй садар самууныг сурталчилсан кино сурагчдад үзүүлжээ-
Хувийн дунд сургуулиудаас өндөр төлбөртэй сургуулийн нэг болох “The English School of Mongolia” сургуультай холбоо дуулиан дэгдээд байгаа билээ. Сүүлийн үед тус сургуулийн гадаад багш нарын зүй зохисгүй үйлдэл хэрээс хэтэрч ерөнхий боловсролын сурагчдад “The Handmaids tale 1990” 18 наснаас дээш үзүүлдэг киног сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд гаргасан нь эцэг, эхчүүдийн санааг ихэд зовоож байна. Уг кинонд эр, эмийн харилцааны хэсэг удаа дараа гардаг, сүмийн охидыг биеийг нь үнэлүүлж, жирэмсэн болгож, төрүүлсэн хүүхдийг нь хүчээр өөр хүмүүст үрчлүүлдэг, хэрвээ эсэргүүцвэл олны өмнө дүүжилж буй гэх мэт гаж үйлдлүүд олонтоо давтагдсан үйл явдал гардаг. Энэ кионогоо “Монгол Кувейт”-ийн төвд эцэг, эхээс нь тусдаа вакумжсан сургалт явуулах үеэрээ сурагчдад үзүүлсэн ба эцэг, эхчүүдийн төлөөллөөс хуулийн байгууллагад албан ёсны гомдлыг гаргах тухай одоо ярьж байна. Тус сургуулийн гадаад багш нар нь манай улсын хууль журмыг сахих нь битгий хэл Монгол Улсад, боловсролын байгууллагад юу ч хийсэн бидний дур гэсэн байдлаар хуулийг үл тоомсорлон хандаж иржээ.
И ЭС ЭМ буюу “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байсан Стивен Ричфиелд (Stephen Richfield) Англи улсын иргэн хар тамхины хэргээр баривчлагдсан байгаа. Тухайн үед ажиллаж байх хугацаанд Стивен Ричфиелдийн тухай захирал Грэм Хиллд (Graham Hill) сургуулийн ажилчид, багш нар болон сурагчдаас олон шүүмжлэл, мэдээлэл дуулгасан боловч сургуулийн захиргаа арга хэмжээ авдаггүй байжээ. Тэрээр сургуулийн анги танхимд насанд хүрэгчдийн кино үзэж байгаад баригдаж байсан, шөнийн цэнгээний газар шөнөжингөө ажилладаг тул сургууль дээрээ ангид унтаад өгдөг, харин сурагчид нь унтаж буй зургийг нь гар утсаар авч хоорондоо инээлдэж байсан гэх мэт олон бараан зүйлс олонтоо тохиолдож байжээ. Тэр бүү хэл хар тамхи татдаг гэдгийг нь мэдсээр байсан мөртлөө халсан багшийгаа 2019 оны хичээлийн жилд захирал Грэм Хиллд (Graham Hill) түүнийг дахин урьж сургуульдаа авчран сургалтын албаны даргаар томилж ажиллуулж байсан аж. Тус сургуулийн хар тамхичин багш дан ганц үүгээр дуусахгүй. Тус сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгч Филипп Стюарт (Philip Stewart) өөрийн амьдран суудаг байсан байрандаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ. Түүнтэй хамт хар тамхи хэрэглэсэн монголчууд хуулийн байгууллагаар шийтгүүлсэн. Тэрээр харин Монгол Улсын хууль шүүхээр оролгүй, маш хурдан хил давж зугтаажээ. Тус сургуулийн хэргийг аргалж өгдөг хуулийн хүн хүртэл бий болсон бололтой. Дараагийн нэгэн багшийн тухай бичье. Тус сургуулийн ахлах ангийн менежерийн албан тушаалд томилогдсон Жак Мэйдовс (Jack Meadows) нь өнгөрсөн зун насанд хүрээгүй эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт учруулах гэж байгаад баригдсан байна. Одоо энэ хэрэг цагдаа дээр шалгагдаж байгаа. Сургуулийн багш хүн насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон гэхээр тус сургууль дээр хүчингийн хэрэг гарахад маш ойрхон байгааг харуулна. Магадгүй анхнаасаа сургуульд багшилсан зорилго нь бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэх сонирхолтой нь ч холбоотой байх магадлалтай. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг оролдсон Жак Мэйдовс нь 2019 оны зун ахлах ангийн сурагчдыг Куба улс руу оюутан солилцоо нэрээр удирдан авч явах гэж байжээ. Хэрэв Куба улс руу хүүхдээ өгөөд явуулсан бол хүчирхийлэгч багш яах байсныг таашгүй.
Тус сургуулийн багш нар сурагчдын нүдэн дээр архидан согтуурах бол хэвийн үзэгдэл. “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн дэд захирал Майкл Блэйк (Michael Blake) нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Halloween-ий арга хэмжээг боловсролын яамнаас хориглосон байтал сургууль дээр зохион байгуулж, ноцтой нь тухайн шөнө дэд захирал Майкл Блэйк, багш Тимоти Хикс, багш Байрон Фискэ Харрисон болон ахлах ангийн эрхлэгч Жак Мэйдовс, математикийн ахлах багш Константинос Лэмонидис багш нар архидан согтуурч улмаар ууж байсан архи дарсаа барин Halloween арга хэмжээ зохиогдож байсан зааланд хүүхдүүдийн дэргэж ууж эхэлсэн байна. Үүнийг харсан сургуулийн харуулууд дэд захирал Майкл Блэйк дээр ирж “Багш нар ингэж болохгүй. Хүүхдүүд хараад байна” гэж сануулахад үл тоож хөөж явуулсан байна. Аргаа барсан харуулууд дотоод үйл ажиллагааны менежер С.Мөнхжаргал руу утасдан хэлсэн боловч тэрээр бас л загнаж утсаа салгасан гэнэ. Монгол эцэг, эхчүүдээс маш өндөр сургалтын төлбөр авдаг хэрнээ тус сургуулийн гадаад багш нар Монгол Улсын хууль журмыг зөрчиж үл тоомсорлодог жишээ энэ. Гэтэл манай монгол багш нарт хариуцлагыг дор нь тооцдог. Багш нарын баяраар виноны зурагтай нэгэндээ баяр хүргэсэн зураг сошиалд дэлгэх төдийд тухайн багш нарт арга хэмжээ тооцож, ажлаас нь халсан явдал болж байсан. Яам ингэж ажил хийдэг шигээ гадаад багш нарт хариуцлага тооцох ёстой баймаар. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгийн яамныхан хар тамхи, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэхийг завдсан, сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлдэг гадаад багш нарт хариуцлага тооцож чадахгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Боловсролын газар төдийгүй манай улсын хууль хяналтын байгууллага ч үүнд зохих арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Манай Монгол Улс хуультай улс. Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт учруулж насанд хүрэгчдийн видео кино үзүүлэх нь хууль зөрчинө. 1990 онд бүтээгдсэн “ The Handmaid’s Tale “ хэмээх насанд хүрэгчдийн кино (+18) сурагчдад үзүүлсэн асуудлыг тухайн сургууль нуун дарагдуулахаасаа илүүтэй болсон бодит үнэнг тогтоож хариуцлагыг тооцох ёстой. Ийм мэдээлэл гарсан даруйд тус сургуулиас мэдэгдэл хийж, мөн бодит үнэн явдлыг мэдээлсэн хэвлэлийнхэн, иргэд, эцэг эхчүүд рүү хандан дарамталж, цагдаа хуулийн байгууллагаар айлган сүрдүүлэхийг оролджээ. Тухайлбал, Бага сургуулийн захирал Заяа Манарбек гэгч нь сэтгүүлч, иргэд рүү цагдаа хуулийн байгууллагын нэрийг барин утсаар ярьж айлган дарамталсан нь сургуулийн нэр хүндийг гутааж буй юм. Хар тамхичин, хүчирхийлэгч, насанд хүрэгчдийн кино үзүүлдэг гадаад багш нартаа хариуцлага тооцохгүй хэрнээ бодит үнэнг хэвлэн нийтэлж буй сэтгүүлчдийн эрхэнд халдаж байгаа нь бас нэгэн гэмт хэрэгт тооцогдох биз ээ. Манай Монгол Улс хэрвээ хуультай улс л юм бол монголын өсвөр насны хүүхдүүдийн амьдралаар тоглож буй хар тамхичин, гаж донтон гадаад багш нарт хариуцлагыг оногдуулж, сургуулийн захиргаанд хатуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Хэрвээ хууль хүчний байгууллагад тус сургуулийн гэмт хэргийг нуун дарагдуулдаг бүлэглэл бий байгаа бол удахгүй энэ бүхэн ил болно. Учир нь тус сургуультай холбоотой мэдээлэл гарсан даруйд Эрүүгийн цагдаагийн кибер халдлагатай тэмцэх газраас ярьж байна, сайтынхаа мэдээллийг устга хэмээн дарамталсан тухай эх сурвалж хэлж байна. ЭЦГ-ын Кибер халдлагатай тэмцэх албаныхан бодит мэдээлэл бичсэн хэвлэлийнхнийг дарамтлахаасаа илүүтэй харин ч энэхүү мэдээллийн мөрөөр тус сургууль дээр болж буй гэмт хэргийн шинжтэй, хууль зөрчсөн, гаж донтон, хар тамхичин, садар самуун сурталчлагч багш нарыг шалгаж Монголын өсвөр үе залуусыг аврах ёстой. Иймд Монголын Боловсролын салбар, Монголын хууль хяналтын байгууллагуудаас гадаад багш нарын эрээ цээргүй үйлдлийг шалган тогтоож дараагийн гэмт хэрэг гарахгүй байх баталгааг хангахыг шаардаж байна.