Баавгайн Насанбаяр
Ph.D /Боловсрол судлал/
Учир шалтгааныг ялгаж салгах чадвар нь хүнийг бусад амьд биетээс ялгаж байдаг. Амьтад учир шалтгаанд үл захирагдах учир зөвхөн өөрийг нь өдөөсөн зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Тэдэнд жинхэнэ бодол эсвэл эргэцүүлэл гэж байдаггүй. Харин хүмүүс, ялангуяа либерал аргаар боловсрол эзэмшсэн хүмүүс либериал байдлаар бодож, сэтгэж, ярьж зөвлөлдөх чадварт суралцсан байдаг. Зарим хүмүүс бодлогогүйгээр шууд хариу үйлдэл үзүүлдэг, энэ нь тэд оюун санаа, сэтгэх чадварыг сэргээж, учир шалтгааныг хайх, зөвлөлдөхийг сургадаг либерал сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаагүйтэй холбоотой. 2020 онтой золгох мөчид Монгол Улсын ерөнхийлөгчийн “тэтгэврийн зээл тэглэнэ” гэсэн дарстай хундага, УИХ-аар хууль болон батлагдаж “чимээгүй гамшгийн харанга” дэлдлээ.
1990 оны үеэс коммунист системийн орнууд үндсэн үзэл баримтлалаасаа татгалзан ихэнх нь либерал болоход, Монгол Улсын нийгэм, улстөр, эдийн засаг либералчлагдаж, 1992 оны либерал Үндсэн хуулиараа үүнийгээ хуульчилсан.
Сонгуулиас сонгуулийн хоорондох улс төрчдийн амлалт, асар их “үнэтэй” зүйлээ “үнэгүй” хэмээн бэлэн мөнгөөр худалддаг ард түмэн яагаад ийм байдалд орж буй учир шалтгааныг олж харах нь өнөөгийн бидний хариуцлага болоод байна. Үүний шалтгаан нь Монголын нийгэм, улстөр, эдийн засаг либералчлагдаад 30 жил болсон ч боловсролын салбарын бодлого, сургалтын хөтөлбөр нь либерал үзэлд суурилж жинхэнэ утгаараа хөгжөөгүйтэй шууд холбоотой юм.
ЛИБЕРАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Либерал боловсролын зорилго нь ардчилсан нийгмийн идэвхтэй оролцогч, хурдтай хөгжин өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, тодорхойгүй ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэнийг төлөвшүүлэх юм. Либерал боловсролын гол цөм нь либерал хөтөлбөр. Хэдийгээр оройтсон ч дахиад 30 жилийн дараа өнөөгийн түүхийг давтахгүй шийдэл бол либерал хөтөлбөрийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах нь шийдэл авчирна. Иймээс суралцагсадын оюун санааг чөлөөлөх либерал хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр мэдлэгийн олон салбарт үнэнийг хайж, асуудал бэрхшээлд шийдэл олж чөлөөтэй сэтгэдэг иргэдтэй болох суурь тавигдана.
Чөлөөт сэтгэлгээтэй байна гэдэг нь оюун ухаанаа ашиглаж бие даасан байдалтайгаар сэтгэхийн зэрэгцээ өөрийн шийдвэр, үйлдлийн үндэслэлийг сайтар бодож, боловсруулан бодит байдал болон зорилгодоо төвлөрсөн хандлага, төлөвшилтэй байна гэсэн үг. Либерал аргаар боловсрол эзэмшсэн иргэд өөрийн үнэлэмжийг учир шалтгаанд үндэслэж, хүсэл, туйлшралаас өөрсдийгөө ангижруулахад суралцсан байдаг. Энэ нь бусдын нөлөөнд шууд автах эсвэл зөвхөн материаллаг үзэлд хөтлөгдөхөөс сэргийлдэг гэсэн үг.
Жон Дьюгийн 1899 онд хэвлүүлсэн “Сургууль болон Нийгэм” номондоо Коперникийн (Copemican) хувьсгалтай зүйрлэн “хөтөлбөрийн төвд суралцагч байж, хичээл түүнд зориулагдах учиртай” гэдгийг онцолсон байдаг бол Чикагогийн Их Сургуулийн боловсрол болон байгалийн шинжлэх ухааны профессор Шваб өөрийн бүтээлдээ “хөтөлбөр бол онолын шинжлэх ухаан биш ёс суртахууны практик” гэж үзсэн байна.
Либерал хөтөлбөр нь тодорхой үзэл бодлыг тулган итгүүлж үнэмшүүлэхийн эсрэг юм. Либерал аргаар боловсрол эзэмшсэн хүмүүс бусдын үзэл бодлоор асуудалд ханддаггүй. Тэд асуудалд олон талаас нь алсын бодолтой хандаж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг. Тэд хувийн үзэл бодлоо сайтар боловсруулж, түүнийгээ учир шалтгаан нь тодорхой, итгэл үнэмшил, үндэслэлээр батлан харуулж чаддаг байна. Либерал хөтөлбөр нь хичээл агуулга сэдэвт анхаарахаас илүү суралцагчдад бие даасан байдал, эрх чөлөө хариуцлагыг олгож, суралцах арга барилд хөтлөх зарчим баримталснаар хүнлэг, ухаалаг эргэцүүлэл хийх, манлайлах чадвар эзэмших боломж олгодог.
ШИЙДЛИЙН ГАРЦ
Багш бэлтгэх хөтөлбөр, багшийн ажлын байран дээр хөгжих болон мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа либерал болж, суралцагчдын ялгаатай байдал, сэтгэл зүйн онцлогийг оношлох, итгэл үнэмшил, үнэ цэн, хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх, тасралтгүй боломж олгосноор либерал сургалтын хөтөлбөрийн үр дүн харагдана.
Их дээд сургуулиудын сургалтын стандарт, мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, заах хичээлийг яам зөвшөөрөл олгож байсныг өөрчилж, 2014 онд дээд боловсрол хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсан. Энэхүү шаардлагын дагуу хөтөлбөрөө боловсруулан тасралтгүй сайжруулж, сургуулийн захирал баталдаг болсон нь их дээд сургуулиудыг илүү бие даасан нээлттэй болгох буюу либералчлах зорилготой байсан. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын цөм хөтөлбөр, Зөв Монгол хүүхэд, Авьяас, Ном хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг, орон нутаг, хүүхэд бүрийн давуу талд суурилан бие даасан, өөрийн шийдвэр, үйлдлийн үндэслэлийг сайтар тунгаах чадвартай, бодит байдал болон зорилгодоо төвлөрсөн хандлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой хэрэгжүүлсэн. Гэвч улс төрийн явцуу хүрээнээс хамаараад хэрэгжилт нь үндсэндээ зогсонги байдалд хүрээд байна.
Платон “Бүгд Найрамдах” гэх бүтээлдээ учир шалтгааны хүчийг хамгийн сайнаар харуулж чадсан ба либерал хөтөлбөр бол хүүхэд, залуучуудад учир шалтгааныг ойлгох хувийн сахилга батыг бэхжүүлэх замаар “хүмүүсийн амьдрал дахь хамгийн хүчтэй зүйл нь аливаа зүйлийн учир шалтгааныг танин мэдэж, ухаарахад оршино” гэдгийг чухалчилсан байдаг.
Либерал хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхам бол аргазүйн хувьд суралцагч хүн үзэх хичээлийнхээ агуулгатай урьдчилан танилцсан байх нөхцөл юм. Багш нар хичээлийн хөтөлбөрийг суралцагчдад сэдэв бүрээр нь уншиж танилцах эх сурвалж, номзүйн хамт танилцуулж, тэдний гарт хүргэх учиртай. Суралцагч өөрийн санаа бодлоо илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт хийх баримжаатай болж, багш, суралцагчийн харилцан идэвхтэй ажиллах аргазүйг нэвтрүүлснээр багш “бүхнийг мэдэгч, шийдэгч” субьект байх бус чиглүүлэгч болсноор тэднийг задлан шинжлэх, сурах арга барилд суралцах боломж олгодог. Ингэснээр суралцагчид харилцан бие биенээсээ суралцах, хөгжих нөхцөл бүрдэж багш тэдний үзэл бодлыг шаардлагатай тохиолдолд залруулан, чиглүүлж хамтдаа хөгжиж, харилцан суралцдаг. Энэ либерал хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн нэг хэлбэрийг хэрэгжүүлэхэд л суралцагчдын идэвх, оролцоо, суралцах соёл, арга барилд маш олон талын эерэг дүр төрх бий болно. Гэвч энэхүү нэг арга зүйгээр бүхнийг шийдэхгүй нь мэдээж. Сургалтын хөтөлбөр бол зөвхөн агуулга сэдвийн хүрээ бус сургалтын зорилго, үйл явц, орчин, оролцогч талуудын үүрэг, хариуцлага, хүрэх үр дүнг тодорхойлсон, эрх зүйн орчин бүрдүүлсэн менежментийн тогтолцоо юм.
Бизнесийн байгууллагууд шинээр орох ажилтандаа дараах шалгуурыг тавьж байна. Economist intelligence unit survey (2014)
Боловсролын салбарын чанар, хөгжил бол нэг цэгт хүрэх тухай ойлголт бус, ямар нэг том аз, гайхамшиг тохиолдох, нэг үйлдлээр бүхнийг шийдэх боломжгүй, зөвхөн тууштай хичээл чармайлт, хамтын ажиллагаа мөн чанарын хувьд тасралтгүй үйл явц юм. Тиймээс олон нийт боловсролын салбараас богино хугацаанд үр дүн шаардах тусам улс төрчдийн шийдэл судалгаагүй, аргацаасан, түр зуурын үйлдэлд төвлөрсөөр өдийг хүрсэн.
Улс төрөөс хараат бусаар урт хугацааны, алсын хараатай тогтвортой либерал боловсролын бодлогын үр дүнд биширч даатгах лидер хайхаас илүүтэй, хүн бүр амьдралдаа эзэн болж, хийж бүтээх эрх чөлөөгөө хэрэгжүүлснээр нийгмийн бухимдал, орлогын ялгаа багасч, та бид амар тайван амьдрах боломжоо бүтээнэ. Үүнийг хийхийн тулд 2020 оны сонгуульд боловсролын чанарыг байшин барилга бус боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бусаар ажиллах, либерал хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бие даан хөгжих боломж олгоно гэсэн үзэл санаа бодит төлөвлөгөөтэй, чадвартай хүний нөөцийн багтай, судалгаатай улс төрийн намыг сонгох нь шийдлийн гарц болно.