Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулаад цахим орчинд “Бие биедээ бэлэн мөнгө бэлэглэх” тухай уриалга хүчтэй өрнөж байгаа билээ. Тэгвэл монголчуудын Цагаан сарын бэлгээ голлон базаадаг “Нарантуул” захад нөхцөл байдал ямар байгаа талаар бид сурвалжиллаа. Баасан гарагт их үдийн алдад зорьсон газраа очиход түм түжигнэж, бум бужигнаж байдаг “Нарантуул” зах хөл хөдөлгөөн багатай байв.
Захын үүдэнд “приус” автомашины багажанд “Тод”, “Янмал”-ын оймс 1000-аар зарж байхтай таарлаа. Сонирхвол, худалдагч эмэгтэй “Үйлдвэрийн угаалга, индүүдлэгэнд ороогүй зузаан оймс 1000, урт түрийтэй эмэгтэйчүүдийн оймс 5000 төгрөг. Угаамагц зөөлхөн болчихно. Бас дээлийн өнгө дөрвөн метрээр нь ууталсан байгаа. Үнэ нь 16000 төгрөг” гэв.
Цааш явж байтал “Ноосон цамц таван ширхэгийг 20 мянгад аваарай” гэх хоёр гурван хүнтэй таарлаа. Тэд “Цагаан сар”-ын бэлэгний сезон энд аль хэдийнэ эхэлснийг илтгэж байх шиг.
Дөрвөн ес эхэлсэн, жавар тачигнасан өдөр “Нарантуул” захаас сурвалжилга бэлтгэх нь битгий хэл, худалдан авалт хийхэд хүндхэн байлаа. Харин монгол дээл хувцас тэргүүтэн зардаг түрээслэгчдийн хувьд ид ажлын өдрүүд нь эхэлжээ. Тэд хурган дотортой, торгон дээл, хүрэм, хантаазаар гоёж, сар шинийн гоёлоо бэлтгэхээр ирсэн хүмүүст урамтай гэгч нь үйлчилж байв.
Захаар үйлчлүүлэгчид цөм л жаахан ч гэсэн дулаацангаа, хүнс, бараа таваар сонирхох гэж “Баялаг Ундраа”-г зорих нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай улсад задгай захын эрэлт өдрөөс өдөрт хумигдах болсныг харуулна. Сар шинийн бэлэг “Баялаг Ундраа”-ийн өмнөх талбайд төвлөрч зарагддаг гэж сонссон тул бид ч мөн тийш зүглэв. Гэвч энд бэлгийн худалдаа хийж байгаа хүн тун цөөхөн байв. Хос аяга, зургаан ширхэгтэй шилэн сав, хундага гэх мэт хайрцаг савтай, хүнд бэлэглэхэд сүр бараа ихтэй бэлэг зарж буй н.Батсайхантай уулзлаа. Тэрбээр жилийн жилд цагаан сарын бэлэг оруулж ирдэг, улирлын чанартай бараа бүтээгдэхүүн зардаг нэгэн байв. Түүнээс сар шинээр бэлэн мөнгө бэлэглэх тухай уриалга явж буй талаар, түүнтэй санал нийлж байгаа эсэхийг нь сонирхоход, “Ахад нь фейсбүүк хаяг гэж байдаггүй болохоор тэр талаар мэдээлэл алга. Бэлэн мөнгө бэлэглэх сонирхолтой хүмүүс нь түүнийгээ бэлэглэнэ л биз. Энэ чинь тухайн хүн, айл өрхийн сонголт. Өвлийн хүйтэн, зуны халууныг сөрж энд зогсч наймаа хийдэг хүмүүсийн хувьд таван төгрөгийн ашгаа бодоод урдаас бараагаа татаж л байна. Миний хувьд энэ айхтар өвчнөөс урьтаад, хил хаахаас өмнө бараандаа яваад ирсэндээ баяртай байна. Монголчууд дээшээ харсан савыг их бэлгэддэг болохоор шил, шаазан аяга, таваг авчирч зардаг. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс голдуу бөөндөөд авчихдаг” гэсэн юм. Энд хос аяга 2500 төгрөг, давс, сахар, амтлагч хийдэг гурван хос 4000 төгрөг, зургаан хос аяга 6000 гэх мэтчилэн үнэтэй байв.
Цаашлаад монголчуудын хайртай аав, ах нартаа голдуу бэлэглэдэг хайрцагтай сорочка цамц бөөний үнээр 7000 мянган төгрөг, майк, футболка 3000-5000 төгрөг, багажны цуглуулга 6000 төгрөгийн ханштай байлаа. Харин охид эмэгтэйчүүдэд зориулагдсан нүд хужирлам сав баглаа боодолтой олон төрлийн бэлэг шинээр ирсэн байв. Тухайлбал, “Ялгуун” брэндийг дуурайсан эрхэмсэг бүсгүйн зурагтай алчуур, цүнхний хослол 15000 төгрөг, энгэрийн зүүлттэй, хүзүүний үслэг чамин ороолт 12000 төгрөг, ноосон тирко 6000 төгрөг, шилэн тирко 2000, дотуур хувцас хийдэг даавуун дөрвөлжин сав 4000 төгрөг, охидын үсний даруулга, боолтны хослол 5000 төгрөг, супер баатар, үлгэрийн гүнжийн зурагтай шинэ загварын хүүхдийн оймс 1500 төгрөг, цаасан эвлүүлдэг тоглоом 2500 төгрөгийн ханштай байв.
Биднийг сурвалжилга бэлтгэж явах үед Цагаан сарын бэлгээ зорьж авч буй иргэн таарсангүй. Харин дээл хувцас сонирхож явсан, дөч орчим настай иргэн н.Оюунхүүтэй таарч сар шинийн бэлгээ базааж эхэлсэн эсэх талаар сонирхоход, “Одоохондоо Цагаан сарын бэлэг манатай явна. Энэ айхтар өвчин гарсан болохоор сар шинээр золголт хийхэд хүртэл хэцүү болох шинжтэй байна. Юу ч гэсэн дээлийн өнгөө нэг сольчих санаатай. За тэгээд “Нарантуул”-аас таарах таарахгүй бэлэг цуглуулж байхаар бэлэн мөнгийг нь шууд өгчихвөл цэвэрхэн юм шиг санагдах боллоо. Цахим орчинд ч ийм аян өрнөөд байна. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ нийтээрээ бэлэн мөнгө бэлэглэдэг болно гэдэг чинь оюун санааны том өөрчлөлт. Тийм амархан бүтчих зүйл биш. Бага багаар энэ байдлаасаа салж эхэлж байгаа нь сайшаалтай” гэлээ.
“Нарантуул” захад Цагаан сар аль хэдийнэ айлчлан иржээ. Гэхдээ бие биедээ бэлэн мөнгө бэлэглэх тухай аян, коронавирус гэх энэ айхтар өвчнөөс болоод “Нарантуул”-ыг зорих иргэн хэр их байх нь одоогоор эргэлзээтэй байна.