Цагаан сар дөхөж байгаа ч айдас хүйдэс нэмэгдэж байна. Энэ маягаараа цагаан сараар гэрээсээ хамраа цухуйлгаж зүрхлэх хүн ховордох бололтой. Коронавирус биднийг “гэрийн хорионд” оруулж дөнгөх ч холбоо харилцааг маань тасалж амжихгүй л дээ. Угаасаа л “амьд харилцаа” хомсдолтой болсон орчин үед цагаан сар маань ч дижитал хэлбэрт шилжих нь.
Эхнээсээ зарим нь баяраа шинэ маягаар тэмдэглэхээ мэдэгдсэн.
“Түмэн шувуут” компанийн зөвлөх Л.Эрхэмбаяр лав “Энэ жилийн цагаан сараар зөвхөн ээждээ золгоно.Тэгээд гэртээ сайхан амарна. Агаарт алхана. Ах дүү нар ойлгоорой. Манайд ч битгий ирээрэй. Хүүхэд, хөгшдөд мөнгө шилжүүлнэ. Өдөр тавирахаар цуглана аа” гэж нүүр номдоо мэдэгдэхэд олон хүн дэмжсэн харагдана. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй, зардал төсөв хэмнэнэ гэж баярласан хэсэг ч байна. Шанхайн гудамжинд гуйлгачид QR код уншуулж болж байгаа юм чинь цагаан сараар хүүхэд, хөгшдөд мөнгө шилжүүлж болж л таараа.
Цагаан сараас өмнө хийх, хэлэлцэх сэдэв мундахгүй нь.
Улсын онцгой комисс сургууль, цэцэрлэгийг хаахаас гадна хийх ажил их байна. Ядаж маскны хомсдол үүсгэмээргүй байх юм. Зарим хүний хүссэнчлэн үнэгүй маск тараадаггүй юм аа гэхэд олдоц ховордож, үнэ өсөхөд хүргэхээргүй зохицуулаач.
Нийтийн тээврийн автобуснуудад иргэд зорчиж л таарна. Цэвэрлэгээ, ариутгал хийлгэж, зорчигчдыг олноор нь бөөгнүүлэхгүйн тулд автобусныхаа тоог нэмж, сэлүүхэн зорчуулбал олон хүний аминд өлзийтэй юм сан. Автобуснууд зар сурталчилгааны дэлгэцтэй. Түүнийг нь ашиглаад, үе үе иргэдэд маск зөв хэрэглэх, ханиаж найтаахдаа амаа дарах, гудамжинд шүлсээ хаяхгүй байх, нус цэр ялгараад байгаа бол салфетка ашиглаад, хогийн саванд хаях тухай зөвлөвөл жинхэнэ зорилтот бүлэгтээ хүрэх вий.
Ханиаж найтаах, халуурч бүлээрсэн хүмүүс эмчийг зорих нь тодорхой. Өрхийн эмнэлэгт “асуудалтай” хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж байхаар цаг аваад, түргэн шуурхай үйлчлүүлэхээр зохион байгуулж болно шүү дээ.
Баяр дөхөхөөр томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетуудад урт дараалал үүсдэг. Одоо ч хүмүүс хүнсээ нөөцлөх гээд томоохон дэлгүүрүүд хөл ихтэй байгаа. Кассынхаа тоог хангалттай нэмэх нь хүмүүст түргэн шуурхай үйлчлэхээс гадна эрүүл мэндэд нь анхаарч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгааг илтгэнэ.
Өглөөхөн “Зах явна” гэж зарлах кондуктортой микро автобустай таарсан. Ууц өвчүү, мах, гарын бэлэг авахаар захыг зорих хэрэгцээ үүсдэг. Дүүрэг бүрт цагаан сарын ширээний гол “түүхий эд”-ийг борлуулах дэлгүүр байвал зүгээр. Супермаркетуудад ууц, махыг захын үнээр зарах хэсэг бий болговол захыг зорих хэрэгцээ багасна. Хүргэлтийн үйлчилгээ, интернэт дэлгүүрүүдийг дэмжвэл Нарантуул моодноос гарах вий.
Цагаан сарын гарын бэлгэнд Эрээний “хог” өгөхөөс татгалзъя. Тэгээд ч урд хөршийг зорих нь хүний, өөрийн аминд халтай. Дэлгүүр хэсч бэлэг цуглуулах гэж цагаа үрэхийн оронд хүүхдүүдэд мөнгөтэй дугтуй өгвөл баярлана даа.
Фэйсбүүкээр бараг л аймшгийн кино зохиол шиг ам дамжсан яриа, цуу үг, худал үнэн эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл түгж байна. Хүмүүсийг айдас хүйдэст автахаас сэргийлж, зурагтаар хөгжөөнт нэвтрүүлгүүд, кино гаргаж, зөв мэдээллээр хангах хэрэгтэй байна. Олон хүмүүстэй харьцдаг ажилтай хүмүүсээ ядаж томуугийн вакцинд хамруулцгаая. Автобусны жолооч нар маск ч зүүгээгүй явцгааж байна лээ.
Олныг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг цуцлагдсан нь сонгуулийн өмнө тодрох, гэрэлд гарах гэсэн нэр дэвшихийг горилогчдод халтай тусах нь лав. Гэлээ ч интернэт, сошиалын боломжийг зөв ашиглавал тэдэнд боломж бий. Нүүр номдоо хүний сонирхол татахаар нийтлэл бичиж, видео лекц уншин, цаг үеийн асуудлаар бусадтай яриа өрнүүлэх нь тус болно.
Ийнхүү бидний харилцаа улам бүр дижитал болж, цагаан сараар алсаас мэндчилгээ дэвшүүлж, үнсэлт, мөнгө илгээж, дүрсээ харан ярилцах нь айсуй цагаан сарын онцлог болох шинжтэй.
Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг дээ. Дараа дараагийн цагаан сараар “амьд харилцаа” дэлгэрэх болтугай.