Сагсан бөмбөгийн спортын дэлхийн бүх цаг үеийн домгуудын нэг Коби Брайант энэ сарын 26-нд 41 насандаа нисэх онгоцны ослоор амиа алдлаа. Тэрбээр NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд “Лос-Анжелес Лэйкерс” багийн төлөө 20 улирал зүтгэхдээ 18 удаа “Бүх одод”-ын тоглолтод сонгогдож, таван удаа аварга авч байсан, 2008 оны “Үнэ цэнтэй тоглогч”, Оскарын шагналт, НБA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээрт бичигддэг, олимпын хошой аварга домогт сагсан бөмбөгчин билээ.
Нисдэг тэргэнд өөр дөрвөн хүн явсан ба нэг ч хүн амьд үлдээгүй байна. Зорчигчдын дунд түүний хоёр дахь охин 13 настай Жианна Мариа Оноре Брайант байжээ. Жианна аавынхаа үргэлжлэл болон сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байв. Тэд “Sikorsky S-76 helicopter” гэх хувийн нисдэг тэргээр зорчиж явсан ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэрчүүдийн хэлж байгаагаар нисдэг тэрэг маш хурдтай нисч, толгод мөргөн сүйрч, шатсан гэнэ. Осол Калифорнийн Калабасас хотын ойролцоо болжээ.
Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон охид болох Жианна, Наталиа, Бианка мөн саяхан төрсөн Капри нарынхаа хамт амьдардаг байсан. Коби зодог тайлснаасаа хойш хувийн бизнес болон буяны үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байжээ.
Намтар ба тамирчны замнал
Коби Брайант 1978 онд Филадельфид гурван хүүхэдтэй айлын отгон хүү болон мэндэлсэн. Аав нь “Филадельфи-76” багт тоглодог байсан бөгөөд Кобиг зургаан настай байхад сагсчны карьераа үргэлжлүүлж Итали руу тэднийх нүүсэн. Коби Италид байхдаа хөлбөмбөг маш их сонирхдог, “Милан”-ы фэн хүүхэд байлаа. Бас тэр итали болон испани хэлийг сурав. Ер нь Коби шиг олон хэлтэй тамирчин ховор аж.
13 настайд нь тэднийх Филаделфиад буцан ирж, Коби Ловер Мэрион сургуулийн сагсны багт оров. Эхний улиралдаа тэр гавиагүй ч дараагийн гурван жилд нь үзүүлж өгсөн юм. Төгсдөг жил тэр байж болох бүх шагналыг хамав. Түүнд маш олон коллежоос санал ирсэн боловч 17 настай Коби Брайант шууд томчуудын лигийг сонголоо. Драфтын 13-аар нэрлэгдсэн түүнийг “Шарлотт Хорнетс” баг авах үед Коби насанд хүрээгүй тул эцэг эх нь төлөөлж гэрээн дээр гарын үсэг зурж байв. “Шарлотт” гэхдээ түүнийг Влад Дивацаар Лос-Анжелесийн баг руу сольж орхисон.
Ингээд Коби НБА-ийн түүхэнд хамгийн залуудаа лигт тоглосон тоглогч болов. “Лос-Анжелес Лэйкерз”-т тухайн үед Эдди Жоунс, Ник Ван Эксел нар байсан тул Коби сэлгээгээр л талбайд гардаг байлаа. Гэхдээ тэр “Бүх оддын тоглолт”-ын Слэм данкийн аварга болж чадсан. Дараагийн улиралд Коби талбайд илүү их гарах болов. Дунджаар нэг тоглолтод 15.4 оноо авч эхлэв. Өвөл нь “Бүх оддын тоглолт”-ын гарааны багт багтсан нь бас нэг рекорд болсон аж.
Гурав дахь жилдээ тэр жинхэнэ тэсрэлт хийсэн. 50 тоглолтын бүгдэд нь гараанд гарсан. Багтайгаа 70 сая долларын өртөгтэй зургаан жилийн гэрээг үзэглэв. Энэ мөчөөс эхлээд сэтгүүлчид түүнийг Майкл Жорданы түвшинд аваачиж ярьж эхлэв. Баг нь харин плэй-оффт “Спөрс”-ийг барсангүй.
1999 оны зун алдарт Фил Жэксон “Лос-Анжелес Лэйкерз” багт ирлээ. Ийнхүү “Лэйкерз” 12 жилийн дараа НБА-ийн түрүүг дахин хүртэв. Дараа жил аваргаа хамгаалав. Энэ үед багийн хоёр том од болох Коби Брайант, Шакил О’Нил нарын хагарал эхэлсэн гэж үздэг. Гэхдээ л тэд гурав дахь жилдээ дараалан аваргалж чадсан. Коби анх удаа лигийн нэгдүгээр багт нэрлэгдэв.
Дараагийн гурван жил Кобигийн хувьд уналтын жилүүд байлаа. Баг нь Карл Мэлоун, Гэри Пэйтон зэрэг супер оддыг авчраад ч тусыг эс олов. Багийн удирдлага эцэст нь Шакилыг явуулж, Кобитой долоон жилийн гэрээг шинэчилсэн.
2005/2006 оны улирал түүний хувьд ер бусын улирал болж өнгөрсөн. Жэксон багт буцан ирж Коби түүний ард баттай зогсох болов. “Даллас”-ын эсрэг тоглолтод эхний гурван үед 62 оноо авсан. “Даллас” тэгэхэд бүтэн багаараа нийлээд 61 оноо авч байв. “Майами”-тай тоглох үеэр Шак тэр хоёр гар барин тэврэлдсэн нь тэдний зөрчил дууссаныг илтгэсэн гэсэн мессежийг сагсан бөмбөгийн ертөнцөд өгсөн байх.
“Торонто”-гийн эсрэг 81 оноо авсан нь багийн бүх үеийн, лигийн бүх үеийн хоёр дахь рекорд болсон. Улирал дуусахад тэр багийн бүх үеийн хоёр рекордыг эвдлээ. Нэг улиралд авсан оноо (2832) болон 40 оноо авсан хамгийн олон тоглолт (27). Харамсалтай нь плэй-оффын эхний шатанд 3-1-ээр хожиж яваад “Феникс Санс” багт хожигдчихсон.
Дараагийн улиралд Коби “Бүх оддын тоглолт”-д ес дэх удаагаа оролцож шилдэг тоглогч нь болов. Плэй-оффт тэд нөгөө “Феникс”-ээ дахиад барсангүй. Удаах жилд нь тэр лигийн улирлын шилдэг болов. Энэ олон жилийн дараа MVP авч байна гэхээр хачирхалтай. Нөгөө талаар ямархан ширүүн өрсөлдөөнтэй лиг вэ гэдэг нь харагдаж байна. Баг нь плэй-оффт бүсийн аварга болсон ч финалд “Бостон Селтикс”-ийг дийлсэнгүй. Тэр жил “Бостон”-ы их гурвал буюу Аллен-Гарнетт-Пирс нар ер бусын хүчтэй байв. Энэ ялагдал нь түүнийг илүүтэй хурцалсан гэж үздэг. Бусад тоглогчид нь зуны амралтаар аялж явахад тэр зөвхөн бэлтгэлээ л хийж өнгөрөөсөн. Угаасаа ч тэр тунчиг шаргуу нэгэн байв.
Дараагийн улирлыг маш амжилттай эхлүүллээ. 19 тоглолтын дараа Лэйкерз 17 ялалт авсан нь багийн бүх үеийн рекорд болов. 11 дэх улиралдаа дараалан “Бүх оддын тоглолт”-д багтаж эртний анд Шактай цуг шилдэг тоглогчийн шагналыг зэрэгцэн гардав. Плэй-оффын финалд “Орландо”-г хожин аваргалж Коби дөрөв дэх бөгжөө зүүлээ.
2009/2010 оны улиралд тэр карьерынхаа 25.000 дахь оноогоо авч хамгийн залуудаа авсан тоглогчоор лигийн түүхэнд нэрээ бичүүлэв. Улирлын дундуур тэр 87 сая долларын гурван жилийн гэрээг байгуулсан. Гуч гарсан тоглогч гэхэд мундаг гэрээ шүү. Плэй-оффт “Бостон”-ыг ялж хариугаа авсан. Ингээд аваргын таван бөгж зүүх болов. 2012 оны Лондоны олимпод АНУ-ын шигшээ багийн хамт аваргалав. Өмнө нь 2008 онд Бээжинд бас олимпын алтан медаль авч байлаа. Дараагийн жилүүдэд удаа дараа бэртэл авч байсан байсан ч талбайд гарсан үедээ оноогоо түүсээр л байлаа. Домогт Майкл Жорданыг гүйцэж бүх үеийн хамгийн их оноо авсан жагсаалтын гуравдугаарт бичигддэг болов. 2016 оны дөрөвдүгээр сард замналынхаа төгсгөлийн тоглолтыг “Юта”-гийн эсрэг хийхдээ 60 оноо авч өндөрлүүлсэн.
Коби Брайанд НБА-д 20 жилийг өнгөрөөсөн. Түүний тамирчны замнал дардан байгаагүй. Унахдаа унаж, босохдоо босч явсан үе олон бий. Хувийн амьдрал нь ч бас төгс байсангүй. Латин Америк гаралтай эхнэр авлаа гэж аав нь холбоогоо тасалж байлаа. Эхнэрээсээ хол амьдарч үзсэн. Гэхдээ тэр эцэст нь гэр бүл гэдэг хамгийн эрхэм гэдгийг өөрөө ухаарч бас бусдад ухааруулж чадсан. Дөрвөн охины эцэг болж сайн аав гэдгээ удаа дараагийн үйлдлээрээ байнга батлан харуулж байлаа. Коби Брайант мөн 2018 онд “Dear Basketball” богино хэмжээний энимэйшн бүтээлээр “Оскар”-ын шагнал хүртэж байжээ.
Спортын бараг бүх төрлийн домогт одод түүнд эмгэнэлээ илэрхийлжээ. Лэброн, Уэид, Риверс нар уйлж буй бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ. Лос-Анжелес хотод фэнүүд нь хэдэн мянгаараа цуглан гашуудав. Домогт Коби Брайантын араас дэлхий даяараа гашуудаж байна. “Даллас”-ын эзэн Марк Кубан түүний дугаарыг мөнхөлж байгаагаа зарласан нь гайхамшигтай хүндлэл. Өмнө нь зөвхөн домогт Жордангийн 23 дугаарыг Майами хит баг ордондоо мөнхөлж байлаа.
Лос-Анжелес хотын “Степлс центр”-т зохион байгуулж буй 62 дахь удаагийн “Грэмми” наадмын үеэр дуучин Алиса Кэйс тайзан дээр гарч цугларсан олонд Коби Брайантыг таалал төгссөнийг зарлаж, түүнд хүндэтгэл үзүүлэн үг хэлжээ.
Алиса Кэйс “Өнөөдөр энд цугласан уран бүтээлчдэдээ нэгэн таагүй мэдээгээ дуулгах гэж байгаадаа харамсч байна. Учир нь өнөө өглөө Лос-Анжелес хот, Америк улс, өргөн уудам дэлхий баатраа алдлаа. Бид Коби Брайантын байгуулсан ордон дотор байна. Коби Брайант түүний охин Жианна болон аймшигт ослоор амиа алдсан тэр бүх хүмүүсийн төлөө энд байгаа хүмүүсийг, тэдний төлөө залбирч буй хүмүүсийг дотроо сайхан зүйлсийг бодон хайртай дотны хүмүүсээ алдсан тэдний зовлонг хуваалцаасай гэж хүсч байна. Бид өмнө нь хэзээ ч энэ арга хэмжээг ингэж эхэлнэ гэж төсөөлж байсангүй. Бид одоо өөрсдийн дотроо мэдэрч буй тэр маш жижиг зүйлийг илэрхийлэх гэж байна” хэмээн дуугаа эхлүүлжээ. Тэрбээр Boyz II Men хамтлагийн дуучидтай хамтран гашуудлын дуу дуулжээ.