Монгол нэг гэр бүл. Бидний гол асуудлыг шийддэг хүн уг нь, Ерөнхий сайд. Тэр бидний аавын дүрд тоглох дуртай. Гэтэл монголчууд айдас хүйдэст автаад байхад иргэддээ хандан мэдэгдэл хийсэнгүй. Дэлхийн хэмжээний асуудал болоод буй нь Монголыг минь тойрохгүй бололтой. Өндөр эрсдэлтэй орны тоонд албан ёсоор нэрлэгдлээ. Уг асуудал дан ганц Эрүүл мэндийн яамны асуудал биш.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний анхаарлын төвд хүссэн хүсээгүй орох асуудлын нэгд зүй ёсоор орох ёстой. Мэдээж засаг хуралдаж сайн муу ч арга хэмжээ авч байгаа. Аман яриа, албаны мэдээлэл зөрүүтэй байна. Өчигдрийн байдлаар Коронавирусээр халдвар авагсад 4474, нас барагсадын тоо 106 хүрлээ. Монголд албан ёсоор хараахан бүртгэгдээгүй байгаа ч хоёр хүн өөд болж, 11 хүн халдвар авсан байж болзошгүй байгаа. Бүх сургууль цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаалаа.
Одоо тээврийн зарим хэрэгслийг хаах шийдвэр гарна гэнэ. Хоёр ч аймагт түр хөл хорио тогтоогоод байна. Иргэдээ гараа сайн угаа, хувийн ариун цэврийг сахь, эм эмнэлгийн хэрэгсэл ашиг олох зорилгоор үнэ нэмж зарсан бол хариуцлага хүлээнэ гэх мэт зүйлс хөвөрч байна. Манайд албан ёсоор орж ирээгүй гэж мэдэгдэл хийсээр байгаа ч хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Өнөөдөр эмийн сан бүү хэл томоохонд тооцогдох эм эмнэлгийн хэрэгсэл борлуулах цэгт маск, спирт, гар ариутгагч бодис ховор барааны жагсаалтад орчихлоо. Уг нь айл бүрийн эмийн сангийн хайрцагт байдаг наад захын эд. Дайны хажуугаар дажин гэгчээр өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав.
Ард иргэд олноороо өвлийн идшээ бэлтгэж буй мэт гэртээ зах ажиллуулаад эхэллээ. Нөгөө том хэмээгдэх супермаркетууд чинь лангуу нь хоосорч, зах худалдааны төвүүдэд 1990 оны картын бараанд дугаарлаж буй мэт уртаас урт дараалал үүсэв. Ард түмэн чинь бужигнаад эхэллээ. Учраа олохоо байлаа. Ядаж байхад яр гэгчээр юу юугүй Монголчуудын гол баяр болох цагаан сар хаалга тогшлоо. Цагаан сараа нийтээрээ хийх үү яах вэ, Ерөнхий сайд аа. Азтай гэх юм уу зарим нэг нь энэ тахлын өмнөхөн амжиж цагаан сараа хэний ч гэнэ үү зурхайгаар хийж, шинэлээд зүг чигээ гаргасан байна лээ. Үлдсэн иргэд нь цагаан сар хийх эсэх нь тодорхой бус гэхдээ дэлгүүр хоршоонд хүнс дуусах эрсдэл бий боллоо. Яах вэ, Ерөнхий сайд аа? Онц байдал зарлаж сэлэм эргүүлээч гэхгүй ээ. Гэхдээ хүүхдүүд аавынхаа үгийг сонсоод тайвширдаг шиг та тэдэндээ нүүрээ харуулаад, мэдэгдэл хийчхээч. Та үе үе мэдэгдэл хийдэг. Хэн нэгэн албан тушаалтныг өмнөө суулгаж байгаад загнахдаа сайн. Сэтгүүлчид цуглуулж, хүүхдээ загнаж буй мэт аашлан, сүрийг үзүүлэхдээ гаргуун шүү дээ. Яг үүн шигээ холбогдох хүмүүсийг дуудаад нөхцөл байдлыг нь ил хэлүүлж сэлмээ сугалаач. Таныг энэ дүрээр нь бид дэндүү сайн мэддэг юм сан.
Гэтэл Ерөнхий сайдтан та бараагаа ч харуулсангүй. Ач холбогдол бага зүйлд хоосон популизм хийдэг юм биш биз. Яг одоо таны энэ дүр үгүйлэгдээд байх юм. Уг нь иргэд, эмийн сангууд самуурчихсан энэ цагт “амин тариа” хийж сэтгэлийн үгээ дэлгэцээр биш юм аа гэхэд твиттерээрээ ч шидсэнгүй өнөөдрийг хүрлээ. Та хэт айтаст автаж халдвар авахаас эмээн, нуувчинд орж хүнсээ базаагаагүй биз. Мэдээлэлд хамгийн ойр хүн бүхнээс түрүүнд хөдөлдөг. Эсвэл эргэн тойрны дэлгүүр зах, эмийн сан хоослоод байгаа иргэд танаас мэдээлэл аван асуудалд ингэж хандаж байна уу. Бид мэдээллээс хол байж бодит үнэнтэй нүүр тулчих юм биш биз. Та нээрээ популист биш биз дээ. Популистууд төрийг бүү самраасай гэж хүсч байна. Яагаад гэж үү. Саяхан ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл нэгэн сэтгүүлчийн Сэхээтний боловсрол, сэтгэлгээний боловсрол хоёрын хооронд ялгаа байх уу? гэдэг асуултад ийн хариулсан байсан. Тэгээд л би популизмаас айж байна. Тэрээр ярилцлагадаа XX зууны төгсгөлд нэг сонин зүйл болсон.
Дэлхий даяар түүний учрыг олох гэж ядаж байна гэх үү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр XIX зууны төгсгөлд бурхан үхлээ гэж зарлаж байсан. Гэтэл XX зууны төгсгөлд сэтгэлгээний хүрээнд оюун ухаан үхлээ гэж зарлагдсан байдаг. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр бид зөвхөн хэлээрээ тоглодог. Хэлээрээ бусдыгаа ховсоддог. Хэлээ хэн овсгоотой сайн ажиллуулж байгаа хүн нь ухаантай харагдаад байгаа юм, өнөөдөр. Түүнээс биш оюун ухаантайдаа, ухаантай харагдаад байгаа юм биш гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл популистуудын эрин үе эхэлж байна гэсэн үг. Тодруулбал, хэлээрээ тоглох урлагт эзэмшсэн хүмүүсийн эрин үе. Оюун ухааны чанд хүмүүжилтэй сэхээтнүүдийн эрин үе дууссан гэж тайлбар хийсэн хэмээн хариулсан. Тэгэхээр үүнийг онцолж буй минь өнөөдөр бид сэхээтний биш сэтгэлгээний доройтолд орсон нь үнэн юм биш байгаа гэсэн бодол төрж байна. Монгол хүн хөгжиж байгаа гэхдээ нөгөө талаараа сэтгэлгээний хувьд хөгжихгүй байгаа юм биш биз гэсэн бодол тээснээ нуух юун.
Монгол Улс хөгжмөөр байна. Гэхдээ яаж. Үзэл бодлын зөрүү өнгө мөнгөний шунал монгол хүнийг хаана авчрав. Сэтгэлгээний доройтолд аваачсан. Үүнийг өчигдөр, өнөөдөр бид харлаа. Сэтгэлгээ гэдгийг монгол хэлний их тайлбар тольд Сэтгэлгээний чадвар-сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ-үр ашигтай зүйлийг санаачлан дэлгэрүүлэх оюуны чадвар, онолын сэтгэлгээ-эш баримттай, эрэмбэ цэгцтэй, онолын түвшинд сэтгэх чадвар гэж тайлбарласан бол, үзэл бодол-төлөвшин тогтсон санаа, тогтсон үзэл-хэвшсэн баримтлал гэх зэргээр тайлбарласан байна. Тэгэхээр бидэнд тогтсон үзэл бодол, сэтгэн бодох чадвар хэр байгаа нь харагдаж байна. Энэ нь сэтгэлгээний онолтой миний таамаг дүйж байна гэсэн үг юм. Энэ үзлээ коронавирусийн эргэн тойронтой уялдуулж сэтгэлгээний доройтолд орсныг харуулах гэж үзэв. Уг асуудалд дэлхийн хүмүүс тайван замаар хандаж байна. Эхнээсээ халдвар авсан зарим өвчтөн эрүүл болж эмнэлгээсээ гарав. Харин монголчууд дэлхий сөнөж буй аятай аяглав. Гэвч монголд энэ вирусийг оношлох аппарат хэрэгсэл дутагдаж буй. Энд тэнд ганц нэг хүн халуурсан шинж тэмдэг илэрч бурхан болов. Оношилж чадахгүй болохоор өөр яалтай билээ.
Та бүхэн гараа сайн угааж, маск зүү гэх жишээтэй. Энэ нь өвчнөөс өөрийгөө хамгаалах арга гэж ойлгуулахаас өөрцгүй. Өнөөдөр дарга нар асуудлыг ийм аргаар шийдсээр бужигнасан өдрүүд өнгөрч, ирж байна. Ашгүй өчигдөр Япон улсаас коронавирусийг оношлох 200 ширхэг аппрат хэрэгсэл ирлээ. Япон улс энэ тахлын вирусийг дарах эм гаргаж авснаа мэдэгдэж шаардлагатай газрууд руу дайх гэнэ. Буян нь дэлгэрсэн эрдэмтэд юм гэхээс өөр яалтай. Хүний ертөнцөд өнөөдрийг хүртэл хамгийн их дэгдэлттэй тахлын нэгээр энэ вирус зүй ёсоор, зургаа дахь удаагийн тахлын тоонд орж бүртгэгдлээ. Энэ бүгд өнөөдөр монголчуудад юуг өгсөн бэ. Монголыг энэ бүх дүр зургаас дүгнэж болохыг жаахан ч гэсэн харуулсан. Чадлынхаа хэрээр хүнс цуглуулж, хоорондоо талцаж цэц булаацалдана. Муухай монгол сэтгэлгээ. Бид уг нь дэлхийн талыг дайлаар мордож сүрийг үзүүлж бусад улс гүрнүүдийг дагжин чичрүүлж явсан аатай, адтай улс. Харин өнөөдөр зэрэгцээ оршин суугаа улсуудынхаа сайн зүйлээс нь суралцмаар байна. Тэд голомтын бүсэд оршиж байгаа ч сүр дуулиангүйгээр аливаа асуудлыг шийдэж чадаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл холбогдох байгууллагууд нь ул суурьтай хандсаар.
Иргэд нь тайван дэлгүүр зах хэвийн байгааг тэнд амьдардаг монгол иргэн өөрийн нүүр хуудсаараа жиргэж байх жишээтэй. Гэтэл манайд эсрэгээрээ маргааш дэлхий сөнөнө гэсэн шиг авирлах. 2012 онд дэлхий сүйрнэ гэх аман ярианд итгэн хүмүүс юмыг яаж мэдэх вэ гэсээр дэлгүүр зах мөн хүнс, лаа, шүдэнзгүй болсон түүхтэй. Ердөө найман жилийн өмнө. Гэтэл өнөөдөр амьдрал үргэлжилж байна. Бид аливаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүй шууд хүлээн авч сураг, таамгаар асуудалд ханддаг нь эндээс харагдаж буй.
Гол нь бид сэтгэлгээгээ өөрчилж, аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй байгаа юм. Сошиал энэ цагийн урсгал хэдий ч хүмүүний дотоод мөн чанарыг дэндүү шуналтайгаар эзэлж байна. Бид сөрөг мэдээллийн давлагаанд автах боллоо. Өнөөдөр монгол хүн сөрж, дэлхийн талыг эзэлдэг байсан бол сөгдөж амьдарч байна гэхэд хилсдэхгүй болов уу. Аливаа зүйлд болгоомж илүүдэхгүй ч бодит мэдээлэлд тулгуурлан асуудалд хандаж суръя. Дарга цэрэггүй сэтгэлгээний доройтолд орсон Монголоо өөрчилье. У.Хүрэлсүх сайд аа, айдас хүйдэст автсан монголчууддаа үгээ хэлж ажаамуу.