Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019"-ийг өчигдөр танилцууллаа. Уг судалгаагаар ижил түвшний 63 улсыг харьцуулдаг ба манай улс 2015 оноос хамрагдаж эхэлсэн байна. Тэгвэл энэ жил Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэль улсын өмнө жагсчээ.
Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг ярихдаа "Бид дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Өрсөлдөх чадварын судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн.
Харин өрсөлдөх чадвараараа дэлхийд Сингапур, Хонг Конг, АНУ, Швейцар улс тэргүүлж байгааг судалгаа харуулж байна. Нэгдүгээр байрт бичигдсэн Сингапур улстай харьцуулахад манай улсын өсөлт хэт удаашралтай буюу өрсөлдөх чадвараараа 45.1 хувьтай болж ухарчээ. Түүнчлэн эдгээр улс өрсөлдөх чадвараараа сайн байгаа нь ирээдүйдээ бэлэн байж, хувь хүний ур чадвар, дижитал технологи салбарууддаа хөрөнгө оруулж буй явдал юм. Нэмж хэлэхэд, БНХАУ 14, ОХУ 45 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Үүнээс харвал хөрш орнуудын хувьд өсөлттэй яваа ч манай улсын хувьд эсрэгээрээ буурч байна" гэв.
Өрсөлдөх чадварын оноо буурахад залуучуудын ажилгүйдэл нөлөөлжээ
Монгол Улсад гарсан өөрчлөлтийн талаар Судалгааны мэргэжилтэн Ч.Ганбат “Манай улсын хувьд эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үзүүлэлтээр өнгөрсөн жил 48 дугаарт орсон. Гэтэл энэ жил 58 дугаарт эрэмбэлэгдэж, 10 байраар ухарлаа.
Үүнд манай улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин бусад улстай харьцуулахад бага буюу залуучуудын ажилгүйдэл их байгаа нь нөлөөлсөн. Харин амьжиргааны өртөг бага, орон сууцны түрээсийн үнэ бага, хэрэглээний индекс сайн байгаа нь сайжирсан үзүүлэлт болж байна. Мөн манай улсын хувьд өнгөрөгч онтой харьцуулахад төсвийн алдагдлын хувь буурсан, ДНБ-ий өсөлт, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, аялал жуулчлалын орлогын дүн, валютын ханшийн тогтвортой байдал сайжирсан гэсэн эерэг үзүүлэлттэй гарсан" гэлээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, Хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байх юм.
Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлсөн байна.
Гадаад өрийн эргэн төлөлт эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй байна гэв
• Гадаад өрийн эргэн төлөлт нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй
• Удахгүй болох Улсын Их Хурлын сонгууль улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамж халаагүй байдлыг авчрах магадлалтай.
• Сонгуулийн улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч магадгүй.
• Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өснө.
• Хот, суурин газрын хөрсний болон агаарын бохирдол нийгэм, эдийн засагт хохирол учруулж байгаа нь улс орны хувьд нэлээд хүнд сорилт болж байна.